Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаан бурхан өвчин 5 жилийн дараа дахин дэгдлээ


Манай улсад ойрын өдрүүдэд улаан бурхан өвчин дэгдээд байна. Гуравдугаар сарын 18-нд эл өвчний  анхны сэжигтэй тохиолдол илэрсэн. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Дархан, Өмнөговь, Улаанбаатарт нийт 333 сэжигтэй тохиолдол илэрсний 95 нь лабораторын шинжилгээгээр энэ өвчин мөн болох нь батлагджээ. Монгол  улсад 2011 оноос хойш улаан бурхан өвчин гараагүй, Сүүлийн таван жил өвчний тохиолдол огт бүртгэгдээгүй гэнэ. Харин манай хөрш ОХУ, БНХАУ-д улаан бурхан өвчин гарсаныг  зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Иймээс ЭМСЯ-наас 0-5 насны хүүдүүдийн дархлаажуулалтыг сэргээх, вакцинжуулалтад хамруулах ажлыг хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Мөн улаан бурхан өвчний оношлуурыг нэн түрүүнд оруулж ирэхээр болжээ. Түүнчлэн оношлуураас гадна эмч мэргэжилтнүүдийн тууралтат халуурлын сургалтын асуудлаар ДЭМБ-д хүсэлт гаргасан. Энэ чиглэлээр сургалт зохион байгуулж мөн НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллах юм байна.
Улаан бурхан өвчний дэгдэлт үүсээд байгаа энэ үед хэрхэн ажиллах талаар ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Су “Өнгөрсөн жил яг энэ үед Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн бүсээс Австрали, Макао Өмнөд Солонгос, Монгол гэсэн дөрвөн орон албан ёсоор улаан бурхан өвчний вирусыг таслан зогсоосон гэсэн гэрчилгээ авч байсан. Гэсэн ч өнгөрсөн жилийн долоо наймдугаар сараас эхлэн улаан бурхан өвчлөл дэгдэж ирсэн. Үүний шалтгаан нь улаан бурхан өвчлөлтэй орноос зөөвөрлөгдөн орж ирсэн байсан. Монгол улсад дээрх гурван орноос харьцангуй хойно илэрч байна. Энд эргэлдэж байгаа улаан бурхан өвчний вирусын омог нь БНХАУ-тай ижил төстэй гэсэн судалгаа гарсан. Дараагийн судалгааг бид ДЭМБ-ын Хонг конгд байдаг лаборатори руу сорьцоо илгээж судалгаагаа баталгаажуулна. Хамгийн гол нь бид вирусын тархалтыг зогсоож чадсан гэж байгаа ч бусад улс оронд хөрш зэргэлдээ орнуудад бүрэн таслагдаагүй тохиолдолд зөөвөрлөгдөн орж ирсээр байх болно” гэдгийг хэлсэн юм.
Вирус зөөвөрлөгдөж орж ирж байгаа учир манай улс урьдчилан сэргийлж чадахгүй. Учир нь дэлхий нийтээрээ улаан бурхан өвчний вирусыг таслан зогсоож чадсан тохиодолд аюулгүй болно. Мөн манай бүсийн улс орнууд өвчлөлийг зогсоосон ч зэргэлдээ бусад хөрш бүсээс энэ өвчин орж ирнэ. Зөөвөрлөгдөн орж ирэхээс гол сэргийлэх арга бол нэмэлт дархлаажуулалтад хамруулах. Нэмэлт дархлаажуулат гэдэг нь товлын вакцинаасаа гадна нэмэлт вакцин аж. Одоогоор өвчлөлд өртсөн хүмүүсийг насны хувьд аваад үзвэл бага насны хүүхдүүд илүү өртсөн гэнэ. Тухайлбал, 4-5 сартай нярай хүүхдүүд өртсөн байна. Иймээс яаралтай вакцинд хамруулах хэрэгтэй гэж үзээд нярай хүүхдүүдийг зургаан сартайгаас нь вакцинд хамруулахаар болжээ.
Түүнчлэн улаан бурхан өвчин нь даамжирвал хатгалгаа болох магадлал өндөр байдаг талаар албанхын хэллээ. Мөн энэ долоо хоногт сургуулийн хүүхдүүд амарч ах дүү, хамаатан садныдаа очих тохиолдол их байдаг тул энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байгаа гэдгийг сануулж байна.

Д.Атармаа: Улаан бурхнаар анх нэг оюутан өвчилсөн

Улаан бурхан өвчин гарсантай  холбогдуулан ЭМС-ын дэд сайд Д.Атармаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаа дэгдээд байгаа корь омгийн хувьд БНХАУ-д гарсантай адил гэсэн. Өмнө нь манайд гардаг байсан кор айхтар хүнд байгаагүй байх гэж бодож байна. Одоогийнх ямар вирусээр халдварлаж байгаа вэ. Мөн хэр эрсдэлтэйд тооцогдож байна вэ?

-Улаан бурхан өвчин нь вирусын гаралтай өвчин үүсгэгч нэг л нян байдаг. Манайд гарсан өвчний генотек нь china H1 өвчин үүсгэгчтэй адил гэдэг нь лабораторын шинжилгээгээр илэрсэн. Энэ вирус нь агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчин. Хил хязгааргүй дамждаг. Энэ вирус орж ирэх магадлал өндөр байсан. Товлолт вакциныг ес болон хоёр настайд нь хийдэг. Вакцин нь тухайн цаг хугацаандаа хийгдэж  ирсэн. Монгол Улс харьцангуй сүүлийн 15 жилийн хугацаанд вакцинаар халдварт өвчнийг бууруулах үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч ирсэн. Вакцинаар хамгаалагдах бүх өвчлөл буурсан байсны нэг нь улаан бурхан өвчлөл байсан.
 
-Товлолт вакцин нь биднийг өнөөг хүртэл хамгаалчаад одоо болохоор яагаад хамгаалж чадахаа больчихсон юм бэ. Дээр нь вакцинаас болж Баянхонгор аймгийн нэг охин гараа тайруулсан. Тэр үеэр эцэг эхчүүд вакцин хийлгэх дэмий гэсэн яриа гарсан. Улаан бурхан дэгдээд байгаа нь үүнтэй холбоотой юу. Нас баралт бүртгэгдсэн үү?

-Улаан бурхан өвчлөл бүртгэгдснээс хойш буюу гуравдугаар сарын 18-ны өдрөөс хойш нас баралт бүртгэгдээгүй. Хүндрэл гарч байгаа. Нэг хоёр хүний хүүхдээ вакцинд хамруулаагүй үйлдэлтэй үүнийг холбож үзэхгүй байна. Учир нь хамгийн анх энэ өвчнөөр оюутан залуу өвдсөн байсан. Халдвар учраас цаашаа дамжсан байсан. Бид халдварын дэгдэлт дууссаны дараа юунаас болсон талаар судалгаа хийнэ. Одоо бол энэ өвчний халдварыг барьж зогсоох голомтод халдварын эсрэг арга хэмжээ авах мөн бусад хүмүүсийг өвчлүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах тэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулна.

-Энэ өвчнийг оношлох багаж хэрэгсэл, эмч мэргэжилтний хүрэлцээ тэдний мэдлэг боловсрол хэр байгаа вэ. Энэ талаар салбар хариуцсан яамны зүгээс юу хийхээр төлөвлөөд байна вэ?

-Улаан бурхан өвчний оношлуурыг нэн түрүүнд оруулж ирэхээр болсон. Мөн оношлуураас гадна эмч мэргэжилтнүүдийн тууралтат халуурлын сургалтын асуудлаар ДЭМБ-д хүсэлт гаргасан. Энэ чиглэлээр сургалт зохион байгуулж НҮБ-ын Хүүхдийн сан улсын хэмжээнд нийт зургаан сараас 5 насны хүүхдийг вакцинжуулахад хамтран ажиллаж  витаминаар хангана. Яамнаас ХӨСҮТ-дээр мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж эмнэлэгийн байгууллага эмч мэргэжилтнүүд, эцэг эхчүүдэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг өгч эхлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан