Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Пүрэвбаатарын эсрэг хаягласан хоёр ч албан тоот байна. Хамгийн гол нь хоёулаа жинхэнэ

Б.ШИРНЭН

Улаанбаатар төмөр зам (УБТЗ) Хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатарт Төрийн өмчийн хороо (ТӨХ)-ны дарга Ц.Нанзаддорж үүрэгт ажлаа өгөхөөсөө гурав хоногийн өмнө албан тоот хүргүүлэв. Үүний дараа буюу өнгөрсөн сарын 30-ны өдөр Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Эрдэнэ мэдэгдэл хүргүүлэх тухай хоёр хуудас албан тоот өгсөн байна.

Харин УБТЗ нийгэмлэгийн захирал ТӨХ-ны өөрийг нь буруушаасан албан тоотыг жинхэнэ эсэхэд эргэлзэж байсан төдийгүй, “Надад албан тоот ирээгүй. Шагнал цалин олгох боломжгүй гэсний улмаас үүдсэн хонзогнол” гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тэгвэл дээрх хоёр албан тоот нь ямар учиртайг дор сийрүүлэн хүргэе.

“ТӨХ албан тоот явуулсан нь үнэн”

УБТЗ нийгэмлэгийн захирал Л.Пүрэвбаатар эхлээд ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржид хандан “Зээл авах дэмжлэг хүсэх тухай” албан бичгийг гуравдугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн юм байна. Тэрхүү албан бичгийг Ц.Нанзаддорж дарга уншиж танилцсаныхаа дараа нь буюу энэ сарын 27-ны өдөр хариу хүргүүлэхдээ “…улс орон даяар хэмнэлтийн горимд шилжин, бүх шатанд тэвчиж болох зардлыг танасан бодлого явуулж байхад танай байгууллага нийгэмлэгийн даргадаа 200 сая төгрөгөөр лексус 570 маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр шинэ байр худалдан авч өгсөн байна. Энэ нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байна” гэж үзээд байр, автомашинаа зах зээлийн ханшаар худалдаж санхүүгийн асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж Л.Пүрэвбаатарт хариу хүргүүлсэн аж. Харин дараа нь УБТЗ-д тулгараад байгаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм гэж дурдсан байна. Гэхдээ Л.Пүрэвбаатар захиралд явуулсан албан бичиг өөрт нь очихоос өмнө задарчээ.

Учир нь дээрх албан бичгийг Л.Пүрэвбаатар захирал өөрөө аваагүй гэж байр сууриа илэрхийлсэн. Үүнээс гадна, албан бичигт “хувийг Зам тээврийн дэд сайд УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны дарга Х.Ержан танаа” гэж байсан юм. (Тэрээр УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны дарга бус орлогч даргын алба хашдаг) Энэ дагуу бид Зам тээврийн дэд сайд Х.Ержантай холбогдож Л.Пүрэвбаатар даргын гарын үсэгтэй албан бичгийн хуулбар хувь очсон эсэхийг тодруулахад тэрээр “Би өнөөдөр (өчигдөр) ТӨХ-ны орлогч дарга Ж.Төмөрбаатартай утсаар ярьсан. ТӨХ энэ яригдаад байгаа албан бичгийг шуудангаар явуулсан гэж байна. Гэхдээ надад өнөөдрийг хүртэл албан ёсны хуулбар хувь нь  ирээгүй. Ирвэл би уншиж, танилцаад тодорхой мэдээлэл өгнө” гэсэн юм. Тэгэхээр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарын үнэн худал нь мэдэгдэхгүй гэж байсан албан тоот жинхэнэ нь жинхэнэ болж таарч байгаа юм. Харин дээр нь бичигдсэн 1.5 тэрбум төгрөгийн орон сууц болоод 500 сая төгрөгийн үнэтэй автомашин авсан эсэхийг ТӨХ-ноос гадна хяналтын байгууллага шалгаж, үнэн зөвийг нь тогтоох үлдэж байгаа бололтой.

“Л.Пүрэвбаатар дарга эрх мэдлээ ашиглан дураараа авирласан”

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар ТӨХ-ны албан бичиг өөрт нь хүрэхээс өмнө задарсныг “хонзогнол” гэж тайлбарлаж байгаа. Харин ямар хонзогнол гэдгийг тэрээр өөрийнхөө өнгөрсөн сарын 26-ны өдөр бичсэн “168-б” тоот цахилгаантай холбон тайлбарласан. Тодруулбал, тэрээр төмөр зам даяар дамжуулсан цахилгаан бичигтээ төмөр замын нийт ажилчдад 2015 оны хоёр болон гуравдугаар сарын ажлын үр дүнгээр олгох шагналыг төлөвлөгөө биелээгүй учраас олгохгүй гэдгийг дурдсан юм. Тиймээс үүнд нь дургүйцсэн үйлдвэрчний эвлэлийнхэн ТӨХ-ны албан тоотыг олон нийтэд тараасан. Мөн удахгүй МТЗ-ын үйлдвэрчний эвлэлийн хурал болох гэж байгаатай холбоотой учраас албаар ийм зүйл гаргаж байгаа гэж үзээд буй юм. Харин үйлдвэрчний эвлэлийн хороо шагнал цалинг өгөхгүй бол шат дараалсан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.

Тухайлбал, Замын дарга нь нийт төмөр замчдын сарын үр дүнгийн шагналыг нийтэд нь хасах эрх зүйн үндэслэл байхгүй байхад шагнал цалин хасах тухай шийдвэр гаргасан нь түүхэнд тэмдэглэгдэхээр хар шийдвэр гэж үйлдвэрчний эвлэл үзлээ. Мөн сарын үр дүнгийн шагнал олгох үндсэн үзүүлэлт болох УБТЗ-ын нийт ашгийн төлөвлөгөөний биелэлтийг авч үзэлгүйгээр ачаа тээвэр, зорчигч эргэлт, хөдөлмөрийн бүтээмж зэрэг харгалзах үзүүлэлтүүдийн бууралтыг далимдуулан үндэслэлгүй хассан нь хэт өрөөсгөл шийдвэр болсон гэж Л.Пүрэвбаатарыг буруутгаж эхлэв.

Хамгийн гол нь, гуравдугаар сарын үйл ажиллагааны тээврийн үндсэн үзүүлэлт, санхүүгийн мэдээ эцэслэн гараагүй байхад Л.Пүрэвбаатар дарга төлөвлөгөө биелэгдээгүй гэж үзээд үр дүнгийн цалинг урьдчилан хассаныг хууль бус гэж үзээд байна. Тиймээс дээрх шийдвэрээ хүчингүй болгохгүй бол МТЗ-ын үйлдвэрчний эвлэл дараа, дараагийн арга хэмжээг авч, үүнээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай тал нь хүлээнэ гэсэн албан ёсны байр сууриа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан