Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баатар: Монголчууд өнөөдөр эрх, эрх чөлөөгөө эдЭЛж чадахгүй байна

Т.ЖАНЦАН

МоАХ-ын анхдагч гишүүн, Эрдэнэт хотын хүндэт иргэн,  циркийн хэмээн алдаршсан Д.Баатартай цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Эрдэнэт хот ардчилал анх гарсан нутгийн нэг. Та МоАХ үүсхээд хувь нэмрээ оруулж явсан хүн. Яагаад ардчиллыг дэлгэрүүлэхийн төлөө зүтгэв?
-Ардчиллын хамгийн анхны жагсаал 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд Эрдэнэт хотод болсон. Энэ жагсаалыг арваннэгдүгээр сарын 26-нд хийх гэсэн ч арай болоогүй юм. Тухайн үед ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга  М.С.Горбачёвын  “Пре­стройка”-“Өөрчлөн байгуу­лалт” “Ил тод байдал”-ын бодлого манайд нөлөөлсөн. Үүнийг хамгийн түрүүнд тусгаж авсан газар Эрдэнэт. Учир нь Эрдэнэтэд орос хэл мэдэхгүй хүн цөөхөн байсан. Монголчууд хатуу хяналтын дор амьдарч байсан нь ардчиллын салхи сэвэлзэхэд түүнийг хүлээн авч нийгмийн өөрчлөлтийг дэмжсэн гэж хэлж болно. Чи бод доо. Гуравдугаар ангийн хүүхдээс гурван үеийн түүхийг нь бичүүлж авдаг байлаа. Өөрөөр хэлбэл өвөө, аав, та гурав хэн бэ гэдгийг нь тодорхойлэ  байгаа явдал юм. Иймээс хүний эрх, эрх чөлөөгөө олж авахын тулд нийгмийг өөрчлөх үйлст нэгдсэн юм. МоАХ өнөөдөр 25 нас хүрлээ. Түүний түүхэн гавьяа нь нэгдүгээрт чанга хатуу, хяналттай байсан БНМАУ-ыг өөрчилж дэлхийд танигдсан ардчилсан нийгэмтэй Монгол Улс болгосон. Хоёрдугаарт хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуультай боллоо. Гэвч энэ хуулиар олгосон эрхээ ард түмэн эдэлж чадахгүй байна. Тухайлбал, хүн бүр тэгш эрхтэй гэсэн заалт бий. Үүний төлөө л МоАХ-ныхон зүтгэж ирсэн. УИХ-ын гишүүн, гудамжинд алхаж яваа иргэн хоёрт нэг л хууль тэгш үйлчилнэ. Гэтэл УИХ гишүүн нь хэмжээлшгүй эрхтэй юм шиг ойлгодог болж. Энэ нь хуулиа ойлгоогүйн шинж юм. Түүнээс биш нэг нь илүү эрх эдлэх ёсгүй. Монголчууд өнөөдөр эрх, эрх чөлөөгөө эдлэж чадахгүй байна.

-Ардчилал бол хэн нэг­ний өмч биш. Өнөөдөр минийх, манайх гэх нь хол­гүй л байна. Үүнийг цаашид яаж хөгжүүлэх ёстой гэж та бодож байна вэ?
-Өнөөдөр залуучууд нэг намд харьяалагдвал би цаашид албан тушаалтай, ажилтай байна гэсэн ойл­голт­той болж. Үүнийг л өөрчлөх ёстой. Ардчилал бол Монголчуудад эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн үнэт зүйл. Тухайлбал, Монголын их эзэнт гүрний үед нийслэл Хархорумд өнөөдөр хүн төрөлхтний шүтэн биширдэг бүх шашны сүм хийд байсан нь судалгаагаар нотлогдсон. Эндээс үзэхэд Монголын их эзэнт гүрэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмтэй байсан нь тодорхой юм. Африкийн нүүдэлчин овгууд шиг Монголчуудыг ойлгож болохгүй гэсэн үг бий. Учир нь Монголчуудын дуулдаг дуу их сонин. “Хорвоо ертөнц гэдэг бөөрөнхий” гэж дуулдаг. Гэтэл өнөөг хүртэл ертөнцийг хавтгай гэж ойлгодог хүмүүс олон байгаа. Тэгэхээр монгол хүнтэй дэлхий ертөнцийн тухай маргалдаж болохгүй гэдэг юм. Үүнээс гадна хувцсаа хорвоо ертөнцтэй холбон дуулдаг.
“Бөмбөрцөг дэлхий хэлбэртэй
Бүслүүр хавчаар нь тохирсон
Бөөрөнхий дугараг тоорцог
Толгой дээрээ дэгжин” гэж дуулдаг. Тэгэхээр монголчууд хорвоо ертөнцийн байдал, нийгэм журам, хүний амьдралыг дэндүү сайн мэддэг, мэдэрдэг юм. Иймд монгол хүн эрх, эрх чөлөөгөө дээдэлж орчин үеийн мэдлэг боловсрол эзэмшиж чадвал дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж сайн сайхан амьдрах бололцоо бий. Хамгийн гол нь, тэр нөхцөлийг нь зөв бүрдүүлж өгөх ёстой юм. Өнөөдөр бараг хүн бүр л “Эх орныхоо төлөө” гэдэг болж. Ингэж хэлснээрээ бид хөгжихгүй. Харин хүнээ дээдэлж, бусдаас дутахгүй боловсрол эзэмшиж байж л сайхан амьдрал, хөгжилд хүрнэ.

-Гуравдугаар ангийн хүүхдийг хүртэл хянаж гурван үеийн түүх бичүүлдэг байсан гэж та дээр хэллээ. Тэгэхээр та эсэргүүний хүүхэд гээд хэцүү л байсан байх даа?
-Миний эцэг Дашдорж Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. 1950-1960-аад оны сэхээтнүүд, МУИС төгссөн хүмүүс Дашдорж багш гээд сайн мэднэ. Монголын сор болсон сэхээтнүүд 1937 онд эхэлсэн хэлмэгдүүлэлтэд өртсөн. Тэдний нэг нь манай аав байсан. Аав минь ЗХУ-ын Бутырийн шоронд 11 жил зургаан сар хоригдсон. Тэгээд 1948 оны долдугаар сард суллагдсан юм билээ. Ингээд 1950-иад оноос МУИС-д багшилсан байдаг. Үүнээс хойш нэг их удалгүй намайг бага байхад өнгөрсөн юм. Миний аав болон манай үеийнхний амьдрал тийм ч дардан байгаагүй. Тухайлбал, сурагчид пионерийн гишүүнээр элсдэг байв. Тэгээд өөрийнхөө тухай, аавынхаа талаар, өвөөгийнхөө түүхийг үнэнээр нь бичиж өглөө. Ингэхээс ч өөр аргагүй. Гэтэл намайг пионерт элсүүлээгүй юм. Би уг нь сурлага сайн, хүмүүжлийн доголдолгүй пионерын гишүүнээр элсэх  болзлыг хангасан хүн.

Тэр үед хүүхэд л юм болохоор пионерт элсч чадаагүйдээ их гомдож, шаралхаж байлаа. Дараа нь долдугаар ангидаа эвлэлийн гишүүнээр элсэх болоход “Дашдоржийн Баата­рыг эвлэлийн гишүүнээр элсүүлж болохгүй” гэсэн шийдвэр гарсан. Ингэж л эсэргүүний хүүхэд учраас бүр багаасаа хэлмэгдэж явсан. Нэг ёсондоо миний эрх, эрх чөлөө хүүхэд байх үеэс минь эхлэн зөрчигдөж хатуу хяналт дунд амьдарч ирсэн гэж болно. Намайг бага байхад ээж маань амьдралын эрхээр өөр хүнтэй суусан. Тэгээд “Миний хүү овгоо өөрчилж энэ хүнээр овогло. Чамд л хэрэгтэй” гэж байсан. Гэхдээ би овгоо өөрчлөхийг хүсээгүй юм.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан