Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ханхүү Харри: Нэгэнт ханхүү болоод төрчихсөн учраас энэ хэргэм зэргийг хүмүүсийн төлөө зориулахыг хүсдэг


Ханхүү Харри. Их Британийн хатан хаан II Элизаветагийн ач. Домогт Диана гүнжийн хүү. Ханхүү Уильямын дүү.  Ханхүү Харриг өсвөр залуу насанд нь өөр хэн нэгэнд хамаатуулсан иймэрхүү тодотголоор илүүтэй танилцуулдаг байв. Харин одоо тэрээр зүгээр л ханхүү Харри гэдэг бие хүнийхээ хувьд олон улсад илүү танигдах болжээ. Ээжээсээ 13 насандаа өнчирч хоцорсон ханхүү өнөөдөр эрийн цээнд хүрч, угсаа залгамжлах хунтайжийн хувиар хатан хааны гэр бүлийн гишүүн ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ, тэр бүхнийгээ биелүүлж явна. Одоогоос хэдэн жилийн өмнө Челси хэмээх чинээлэйг айлын бүсгүйтэй дотносон хэвлэлүүдийн нүүрэнд өдөр өнжилгүй гарч байх үед нь түүнийг язгууртнуудын плэйбой гэж хүртэл нэрлэж байв. Гэвч олон жил үерхсэн найз бүсгүй нь хатан хааны гэр бүлийн гишүүний хүнд хэцүү үүргийг түүнтэй хамт үүрэлцэж явахаас татгалзсан дараа ханхүү цэргийн алба, хүмүүнлэгийн үйлсдээ илүү анхаарах болсон билээ. Тэрээр 19 насандаа анхны хүмүүнлэгийн сангаа нээж, хүн амын дөрөвний нэг хувь нь ДОХ/ХДХВ-ээр өвчилсөн Лесото хэмээх Африкийн ядуу буурай орны хүүхэд багачуудад туслаж эхэлсэн. Үгээгүй ядуу, өвчин зовлонтой хүүхдүүдэд хандивын мөнгө босгох амаргүй ажлынхаа хажуугаар тэрээр армид сурсан эрдмээ харуулж, Афганистанд нууцаар 77 хоног алба хаасан юм. Хэвлэлүүдийн урт чихнээс болж Афганд үлдэх нь аюултай болсон тул аргагүйн эрхэнд эх орондоо буцаж ирсэн ханхүү одоо өөрийн эмэг эх, Английн хатан хаан II Элизаветаг төлөөлөн олон улсаар аялан явж, олон нийтийн ажилд хүч тавих болжээ. Ингээд түүний Америкийн “CBS” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Ханхүү Харри баян чинээлэг улсуудаар айлчлахаас илүү Африкийн ядуу буурай орны захын бөглүү тосгонд очиж, хүүхэд багачуудыг нь баярлуулдаг. Тэр алс бөглүү газрын хүүхдүүдийн чухам юу нь таны сэтгэлийг тэгтэл татдаг юм бэ?
-Энэ бүхэн хэдэн жилийн өмнө Лесотод найзтайгаа хамт аялснаас эхэлсэн юм. Би нэг австрали найзтайгаа хамт тэр жижиг оронд очиж, найман долоо хоног Африкаар аялсан. Тэр хоёр сар шахам хугацаанд би Африкийн хүн ард, хүүхэд багагчуудын амьдралыг нүдээр харсан. Тэдэнд ямар зовлон бэрхшээл байгааг ч олж харсан. Тэгээд эргэж ирээд тэдний төлөө ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж шийдсэн. Ингээд “Sentebale” төрийн бус байгууллагаа санаачилсан юм. Түүнээс хойш байгууллагынхаа шугамаар ядуу буурай орнуудад очиж, хүүхдүүдтэй нь хамт байх болсон.
-Магадгүй ийм сайн санааны үйлс эхлүүлэхэд ээж тань нөлөөлсөн болов уу. Диана гүнж амьд сэрүүндээ олон зуун буяны үйл ажиллагааг эрхлэн, зохион байгуулж байсан?
-Үүнийг яг ч ээжтэй холбох шаардлагагүй л дээ. Тэр хүүхдүүдийн төлөө ямар нэгэн зүйл хийе гэсэн минь миний өөрийн хувийн бодол, хүсэл, зорилго юм. “Sentebale” гэдэг нь “намайг битгий мартаач” гэсэн үг л дээ. Үүгээрээ тэр хүүхдүүдийг битгий мартаач гэж хүмүүст хэлэх гэсэн санаа юм. Бас маш залуугаараа хорвоог орхисон ээжүүдийг минь битгий мартаач гэж хэлэхийг хүссэн. Миний найз, энэ санг хамтран байгуулсан Лесотогийн хунтайж Сийсогийн ээж ч бас залуудаа таалал төгссөн юм.
-Энэ санг байгуулснаар Лесотогийн хүүхдүүдэд ямар ашиг тус хүрч байгааг бид мэднэ. Харин таны хувьд энэ хүүхдүүдтэй хамт байснаар юу олж авдаг вэ?
-Асар их баяр хөөр. Гагцхүү Африкийн хүүхдүүд биш л дээ. Би ер нь л хүүхдүүдтэй байхдаа их аз жаргалтай, баяртай байдаг. Учир нь, би ч гэсэн өөрийгөө сэтгэлээрээ нэг жаахан хүүхэд л гэж боддог. Би хүүхдүүдтэй хамт байдаг тулдаа амьдралаас тасарчихдаггүй.

-Тэдэнтэй хамт байхдаа ханхүү гэдгээ ч мартаад, жирийн амьдралд илүү ойртдог байх тийм үү?
-Тийм ээ. Тэдний хувьд би хэн бэ гэдэг огтхон ч чухал биш. Тэд намайг зүгээр л нэг өндөр цагаан залуу байна гэж боддог. Тэгээд л надаас зүүгдээд л, би тэднийг ийш тийш нь өргөж шидээд цагийг зугаатай өнгөрүүлдэг дээ.  
-Жирийн хүмүүсийн нүдэнд хатан хааны гэр бүл, язгууртнуудын амьдрал огт өөр үлгэрийн ертөнц шиг л санагддаг. Тэнд амьдрах ямар байдаг бол, үлгэрт гардаг шиг үү?
-Үгүй ээ, юу гэж тийм байх вэ. “Өө бурхан минь, ханхүү явж байна” гэдэг охид үлгэрт л гардаг байх. Намайг хар л даа. Би одоо 27 настай. Надтай хамт хатан хааны гэр бүлийн гишүүний үүргийг гүйцэтгээд явах, зөв хүнээ хайгаад л явж байна. Гэхдээ мэдээж бидний амьдралд бага зэрэг ялгаатай зүйл би л дээ. Жишээлбэл, улс орнуудаар айлчилж явахад. Би саяхан эмээгээ төлөөлж, хэд хэдэн оронд айчилсан. Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Тэндэхийн хүмүүс хааны гэр бүлийнхэн, Дэвид Бекхэм гэхээр үнэхээр их сэтгэл хөөрлөөр ханддаг юм билээ.
-Та хэзээ нэгэн цагт өөрийгөө язгуур угсаагүй, эгэл жирийн залуу байсан болоосой гэж хүсч байсан уу?
-Тийм ээ, ганцхан би ч биш, ах бид хоёр дандаа л тэгж хүсдэг байсан. Зүгээр л эгэл жирийн гаралтай байсан бол гэж санаашрах үе зөндөө гардаг байсан. Гэхдээ одоо бид нэрнийхээ өмнө дуудагдах энэ цол хэргэм бусдын ахуй амьдрал, улс орны ирээдүйд ямар хүчтэйгээр нөлөөлж чадахыг ойлгодог болсон учраас хэн нэгний сайн сайхны төлөө зориулах юм сан гэж үүрэг хариуцлагаа ухамсарладаг болсон. Нэгэнт бид ханхүү болоод төрчихсөн учраас энэ хэргэм зэргийг хүмүүсийн төлөө, хүүхдүүдийн төлөө хэрэгтэй зүйлд нь зориулахыг хүсч байна.
-Танаас эмээгийн тань тухай асууж болох уу?
-Бололгүй яах вэ.
-Түүний хаан ширээнд заларсны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ойн хүрээнд ч та гадаад улс орнуудаар айлчилж байгаа. Гэхдээ танд ач хүүгийнх нь хувиар эмээгээ баярлуулах тусгай төлөвлөгөө бий юу?
-Одоохондоо бол хувьдаа төлөвлөсөн зүйл алга. Эмээтэй хамт байх боломжгүй, дандаа хилийн чанадад яваа болохоор. Харин гэртээ буцаж харид нэг зүйл бодож олно доо. Магадгүй ач гуч нар нийлээд эмээтэй оройн зоог барих юм уу, эсвэл хотоос гадагш авч гардаг ч юм уу нэг зүйл бодох байх.
-Хатан хааныг хотоос авч гарах аа?
-Сайн мэдэхгүй байна, тиймэрхүү төлөвлөгөө зохиож болох л юм. Та эмээгээ тэгж авч явж байсан уу. /инээв/ Мэдээж манай эмээ өөр л дөө. Ганцхан эмээгийн хувиар биш, хүн бүр мэддэг хатан хааны хувьд ч гайхалтай эмэгтэй. Түүний нэрийн өмнөөс улс орноо төлөөлөн, гадаад оронд айлчилна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Намайг ингэж хүндэтгэлтэйгээр, халуун дотноор хүлээн авна гэж би огт төсөөлөөгүй байсан. Ялангуяа зарим хамтын нөхөрлөлийн орнуудад хатан хаан ердөө хоёр гуравхан удаа л ирж байсан атал түүний нөлөө, сүр хүч асар их байгаа нь намайг үнэхээр бишрүүлсэн. Миний хувьд тэр зүгээр л эмээ. Харин тэр улс орнуудын хувьд хатан хаан нь. Хайр хүндэтгэл хүлээсэн хүн. Тийм ч учраас түүний нэрийн өмнөөс айлчлал хийхэд үнэхээр сэтгэл хөдлөм сайхан бас хөгжилтэй байсан.
-Тийм шүү. Ямайкад айлчлах үеэрээ Усайн Болттой уралдаанд “түрүүлсэн” тань олон хүнийг хөгжөөсөн. Тэнд очихдоо дэлхийн хамгийн хурдан хүнтэй уралдана гэж анхнаасаа төлөвлөж байсан уу?
-Үгүй ээ, Усайн Болттой уралдана гэдэг миний хийх ажил биш шүү дээ. Тийм учраас түүнтэй уралдаад үзье гэж бодоогүй. Гэхдээ тэр өөрөө надтай  уралдахыг хүснэ гэдгийг мэдэж байсан л даа. Тэнд цугласан хүмүүс ч тийм зүйл харахыг хүсч байсан. Тэгээд л уралдсан.  
-Хатан хааны гэр бүлийнхний хөдөлгөөн бүрийг камер, дуран дагаж байдаг. Энэ нь танд хэцүү байдаг уу?
-Тийм ээ, маш хэцүү. Нууцаар дагаж яваа камерууд ч байна. Магадгүй тэд олон хүнд халхлагдаад мэдэгдэхгүй байна гэж боддог байх л даа. Гэхдээ би цэргийн хүн учраас эргэн тойронд минь юу бол байна, хэн хаана байна гэдгийг сайн мэддэг. Би тэдний царайг хүртэл сайн танина.
-Та Афганистанд алба хааж байгаад хэвлэлийн шуугианаас болж гэнэт буцах ирэх болсондоо их бухимдаж байсан. Үнэндээ танд заавал тэгэх шаардлага байхгүй. Яагаад тийм дайн тулаантай газар очихыг хүссэн юм бэ. Энэ нь Афганы хүн ардад чухал учраас уу. Эсвэл хатан хаан, Их Британийн тусын тулд уу?
-Би тэнд очих гэж бэлтгэгдсэн хүн. Арми мөнгө гаргаж намайг сургаж, дадлагажуулсан. Хэрэв тэд намайг тийш нь илгээхгүй л байсан юм бол анхнаасаа нисгэгч болгон бэлтгэхгүй байсан юм. Өнөө үед арми илүү зарлага гаргаж, үүрэг гүйцэтгэхгүй хүнийг сургахаа больсон шүү дээ. Тийм ч учраас би армийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүссэн. Хэрэв би тэнд очоогүй бол хүмүүс “Тэр апашегийн нисгэгчээр бэлтгэгдсэн атлаа нэг ч удаа фронтод очиж үзсэнгүй” гэж ярих болно шүү дээ. Гэхдээ би тэнд очсон. Эх орныхоо нэрийн өмнөөс зүтгэсэн. Цаашид ч эх орныхоо төлөө зүтгэхийг хүсч байна.
-Та ер нь аз турших дуртай юу. Дайнд оролцож явсан цэргүүдтэй хамт  Хойд туйл руу аялсан нь бас л эрсдэлтэй алхам байсан. Тэр аяллынхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Энэ аяллыг “Шархдагсадтай хамт явах нь” гэдэг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм. Бид -25 хэмийн хүйтэнд тав хоног майханд хоноглож явсан. Надтай хамт нэг майханд хоноглож явсан залуу хамгийн эхний өдрөө “Та хурхирдаг уу” гэж маш ноцтой асууж билээ. /инээв/ Тэр өөрөө бага зэрэг хурхирдаг юм байж л дээ. Гэхдээ тийм ч чанга биш, нэгэн жигд хурхирахад нь бие харин ч бүүвэйлэгдээд хурдан унтаж байсан.  
-Таны ах ханхүү Уильям өнгөрсөн онд хуримаа хийснээр танай гэр бүл нэгэн бүсгүй хүнээр бүл нэмсэн. Одоо ч яригдсаар байгаа тэр гайхамшигтай хуримын гэрчийн хувьд тэр үеийг эргээд дурсахгүй юу?
-Тэр жирийн нэг хурим байгаагүй. Үнэхээр том хурим байсан. Хэдэн зуун сая хүн зөвхөн тэр хуримыг шууд хүлээн авч үзэх байсан болохоор бид маш их сандарч байлаа. Азаар тэр их анхаарлын төвд би байгаагүй л дээ. Хуримын хүлээн авалтын үеэр үг хэлэх үүрэг надад оногдсон. Уг нь, Уильямын тухай хүмүүсийг хөгжөөчихөөр хэд хэдэн онигоо надад байсан л даа. Гэхдээ эмээ тэнд байсан учраас бүгдийг нь ярих боломж олдоогүй. /инээв/
-Бэр эгчтэй болсноор амьдрал тань өөрчлөгдсөн үү?
-Юу гээч, дүүтэй болох тийм ч сайхан биш тийм ээ. Харин эгчтэй болох үнэхээр, үнэхээр сайхан. Кейт үнэхээр гайхалтай бүсгүй. Ах маань их азтай хүн шүү. Кейт ч бас ахыг маань олсон нь их аз. Тэр хоёр бие биедээ үнэхээр тохирсон, сонгодог хос. Үнэнийг хэлэхэд, бид Уильямыг хэзээ ч гэрлэхгүй нь гэж боддог байсан. Түүний хувьд Кейтийг гэр бүлдээ авчирна гэдэг маш том шийдвэр байсан.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
sonirxoltoi bas sain orchulsan saixan yariltslaga bn. Bayarlalaa.
Хамгийн их уншсан