Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Мянганцэцэг: Үзэсгэлэнд зориулан бичсэн шүлгүүд зүрхний гэмт хэргээс үүдэлтэй


“Зүрхний хэргүүд...” содон нэртэй үзэсгэлэн “Улаан гэр” арт галарейд нээлтээ хийгээд байна. Зураач, дархан Л.Мянганцэцэгтэй анхны бие даасан үзэсгэлэнгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Уран зургийн үзэсгэлэн гэхэд их содон нэртэй юм. Анхны үзэсгэлэнгээ яагаад ийн нэрлэх болов?
-Хүмүүс зүрх сэтгэлийг биетээр нь хараагүй хэрнээ нүдээр харж, гараараа тэмтэрсэн юм шиг ярьдаг. Зарим хүн сэтгэлийг эрхтэн гэдэг. Зүрх хүний тархинд захирагдахгүйгээр олон гэмт хэрэг үйлддэг. Өөрөөр хэлбэл, өөрийн эрхгүй хэн нэгнийг хайрлаж, үзэн ядаж байдаг зүйл бол зүрх сэтгэл. Сэтгэлдээ бид хэн нэгнийг гүүрнээс түлхээд унагасан байж ч болно. Энэ үйлдэлд нь зүрхэнд ял оноодог байсан бол олон хүн цаазын тавцанд зогсох байв. Тэргүүн эгнээнд нь би өөрөө явах байлаа. Үзэсгэлэнд зориулан бичсэн шүлгүүд миний зүрхний үйлдсэн гэмт хэргээс үүдэлтэй. Тиймээс шүлгэндээ зориулж зураг зурсан. Үзэсгэлэнгээрээ дамжуулан хүмүүст “Миний сэтгэл зүрх рүү өнгий. “Зүрхний хэргүүд”-ээ нуулгүй дэлгэе” гэсэн утгатай юм.

-Шүлэгтэй хосолсон уран зургийн үзэсгэлэн гаргана гэдэг чамгүй ажил. Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Сурагч байхаасаа. Оюутан болоод шүлгээ түр хойш тавьсан. Сургууль төгсөөд нийгэмд хөл тавихаар янз бүрийн зүйл бодогддог юм билээ. Тэр үед дахин шүлэг бичмээр санагдсан. Блог хөтлөөд, фэйсбүүктээ бичсэн шүлгүүдээ тавьсан болоод ч тэрүү намайг ном гаргах цаг болсныг олон хүн хэлсэн. Түүнийг сонсоод урам авч, тохироо нь бүрдэж үзэсгэлэнгийнхээ үеэр номын нээлтээ хийлээ. Яруу найргийн мэргэжилтнүүд хараад юу гэж дүгнэхийг бүү мэд. Олон шүүмж дагуулах байх. Яруу найрагч Б.Галсансүхийн шүлгүүдэд дуртай. Санаандгүй байхад тэр хүн миний шүлгийг тоосон нь намайг илүү хурцалсан хэрэг. Надтай холбогдоод “Шүлгүүд чинь таалагддаг. Номоо гаргах цаг болсон” гэсэн. Мөн тал бичээч Б.Жаргалсайхан ах надад урмын үг хайрласан. Яруу найрагч Б.Галсансүх миний шүлгийг хянаж, номын маань өмнөх үгийг бичсэн.

-Уран зураг, шүлэг гэж ярихаар өөрийн эрхгүй хайр дурлалын тухай бодогддог. Үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн зургуудаас нэгийг онцлооч гэвэл...?
-“Зүрхний хэргүүд” нэртэй бүтээл бий. Түүнд хайр дурлалаас эхлээд олон сэдвийг багтаасан. Мөн нэг бүтээл байгаа. Одоохондоо нэр өгч амжаагүй. Бүжинлхам бурхны зургийг шүлэгтэй хослуулан бүтээсэн юм. Зургийн доод талд эхийнхээ хэвлийд байгаа ургийг дүрсэлсэн. Үүний дэргэд “Тэргэл сар ээждээ ирээрэй” гээд үрээ алдсан эхийн тухай бичсэн эссэ бий. Эссэд “Үр минь саран дээр байдаг бүжинтэй тоглох гээд явчихсан” гээд сэтгэлээ тайтгаруулаад сууж байгаа эхийн сэтгэл ямар байдаг талаар бичсэн. Энэхүү эссэг холимог техник ашиглан Бүжинлхам бурхантай дүрсэлсэн юм.

-Таныг Дүрслэх урлагийн их сургуулийн уран дархны ангийг төгссөн цөөн эмэгтэйн нэг гэж сонссон. Энэ удаагийн үзэсгэлэнд дархны бүтээл харагдсангүй?
-Уламжлалт урлагийг орчин үеийнхтэй холимооргүй санагдсан учраас энэ удаад ямар нэг бүтээл хийгээгүй. Харин ирэх арваннэгдүгээр сард өөрийн нэрийн гоёл чимэглэлийн брэнд гаргахаар төлөвлөж байна. Бүтэмжтэй болбол монгол дархны ур хийцийг гаргасан анхны үзэсгэлэнгээ гаргана. Хүмүүс намайг Мянганцэцэг гэдгээс илүүтэй Одхан гэдэг нэрээр маань таньдаг. Энэ нэрээрээ брэнд гаргаж чадвал хилийн чинадад гаргая гэсэн зорилго тавьсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан