Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Даваасамбуу: “Эрдэнэт” үйлдвэрт мэргэшсэн хамт олон ажилладаг нь хамгийн том бахархал


Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуутай ярилцлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө өнгөрсөн онд хэрхэн биелсэн бэ?
-2014 он нэлээн хүндэвтэр жил байлаа. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хурдацтай унаж эхэлсэн. Гэлээ ч манай үйлдвэрийн хамт олон 2014 онд өндөр үр бүтээлтэй ажиллалаа. Өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэр  26,136,000 тонн хүдэр боловсруулсан нь “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн 36 жилийн хамгийн өндөр амжилт юм. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад төлөвлөгөөнөөс 4525 тонн цэвэр зэс, 635 тонн молибден илүү үйлдвэрлэсэн амжилтаар хуучин оноо үдсэн.
 
-“Эрдэнэт” үйлдвэрт сүүлийн жилүүдэд техник, технологийн шинэчлэл маш сайн хийгдсэн. Үйлдвэрийн техник, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Манай үйлдвэр сүүлийн 10 жилд техник, технологийн шинэчлэлийг нэлээн эрчимтэй хийсэн. Уул уурхайн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж нэвтрүүлээд ажиллаж байна. Мөн өргөтгөлийн ажлуудыг ч сайн хийлээ. Бид өнгөрсөн онд 82, 84, 85 дугаар селекцийн машиныг шинэчиллээ. Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Эргэлтийн усны тоног төхөөрөмжийг шинэчлэхээс бусад ажлын шинэчлэл тууштай хийгдсэн. Ялангуяа Хаягдлын аж ахуй дээр том насос суурилуулах, далангийн шинэчлэл гээд нэлээн томоохон ажлууд дэс дараатай хийгдэж байна. Цэвэр усны асуудлыг мөн дорвитой шийдэж, тэнд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай насосууд суурилуулж, худаг шинэчилсэн. Эдгээр нь технологийн хувьд доголдолгүй хэвийн ажиллаж байна. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил ч их байна. Манай үйлдвэр ер нь дэлхийн уул уурхайн үйлдвэрүүдтэй мөр зэрэгцэн техник, технологийн шинэчлэлээ хийсээр яваа. 

-Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил өнөөдөр хэдэн хувьтай байна вэ?
-Өөрөө нунтаглах хэсгийг барьж байгуулаад ашиглалтанд оруулснаар “Эрдэнэт” үйлдвэр жилд 6 сая тонн хүдэр нэмж боловсруулах юм. Өргөтгөл ашиглалтанд орсны дараахан буюу 2015 оны сүүлийн хагас жилд 1,8 сая тонн хүдэр нэмж боловсруулахаар төлөвлөгөөнд тусгасан. Тус өргөтгөлийн барилгын ажлын 95 хувь нь өнөөдөр хийгдээд байна. Харин тоног төхөөрөмж, конвейер, насосууд, тэжээгүүрийн  угсралтын ажил 30 хувьтай, SAG тээрмийн угсралтын ажил 60 орчим хувьтай байна. Дэлхийн уул уурхайн үйлдвэрүүдэд ашиглагдаж эхэлсэн хамгийн сүүлийн үеийн шинэ технологи бүхий тээрмийг энэ өргөтгөлд суурилуулж байгаа. Оны сүүлийн хагас жилд тоног төхөөрөмжийн тохируулгын ажлыг хийнэ. Ингээд өргөтгөлийн шинэ тоног төхөөрөмжийг туршиж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах хүртэл нэлээд хугацаа шаардагдана. Гэхдээ өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан, хүнд нөхцөл байдал үүссэнийг харгалзаад Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг 5-р сарын 20-30-ны хооронд ашиглалтанд оруулахаар хичээн ажиллаж байна.

-“Эрдэнэт” үйлдвэр энэ онд үндсэн үйлдвэрлэлийн зэрэгцээ Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Оношилгоо эмчилгээний төв гээд хоёр том бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулж байгаа. Оношилгоо, эмчилгээний төвийн ажил хэр ахицтай байна вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Орхон аймагт шинээр баригдсан, Монголын иргэдэд олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг энэ оны эхний хагас жилд мөн ашиглалтанд оруулахаар шамдаж байна. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа ч Өөрөө нунтаглах хэсгийг ашиглалтад оруулснаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэг­дэж, тэр хэмжээгээр орло­го орж ирнэ. Тиймээс эхлээд Өөрөө нунтаглах хэсгийг ашиг­лалтад оруулахын тулд  бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Үйлд­вэрийн Засвар механикийн завод, Засвар угсралтын цех, Барилга засварын цех, Баяжуулах фабрик зэрэг олон цех, хэсэг энэ ажилд гар бие оролцож байна. Гадны байгууллагууд ч өөр өөрийн ажил үүргийг гүйцэтгэж байна.

-Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөт­гөл ашиглалтанд орсноор “Эрдэнэт” үйлдвэр жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болно гэж тооцож байгаа. Өргөтгөл ашиглалтанд оронгуут энэ хүчин чадалд хүрэх үү, аль эсвэл аажуухандаа дээрх хүчин чадлыг эзэмших үү?
-Өргөтгөл ашиглалтанд оронгуут шууд 35 сая тонн хүдэр боловсруулна гэдэг амаргүй. Ирэх жил бид 32 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэнэ гэсэн зорилттой байгаа. Харин одоо ашиглаж байгаа нэгдүгээр шугамыг өөрчлөн шинэчилж илүү боловсронгуй болгосноор хэтдээ жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрнэ гэсэн тооцоо бий. Ямар нэг шинэ тоног төхөөрөмж ашиглаж эхлэхэд тохируулгыг жигдрүүлэх нь чухал байдаг. Дөнгөж ашиглалтанд орсон тоног төхөөрөмж эхний удаад бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй. Тиймээс 2015 оны төлөвлөгөөг нэлээн нухацтай хийх шаардлага бидний өмнө тулгарсан.

-Техник, технологи, тоног төхөөрөмж шинэчлэгдэх тусам тэнд ажиллах хүмүүсийн мэдлэг, ур чадвар нэн чухал асуудал болно. Үүнд хэр анхаарал хандуулж байна вэ?
-Манай үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд маш сайн боловсорсон, ямар ч ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх чадвартай хүмүүс. Шинэ өргөтгөлийн үйл ажиллагаа манайханд бол шинэ зүйл биш. Технологи нь шинэчлэгдэж, хүчин чадал нь бага зэрэг нэмэгдсэн л болохоос бидний өдөр тутам ажиллуулдаг тоног төхөөрөмж ажиллах юм. Өөрөө нунтаглах хэсэг ашиглалтанд орсноор нийт 30-40 хүний ажлын байр нэмэгдэнэ. Үйлдвэрт олон жил ажилласан туршлагатай, мэргэшсэн  хүмүүсээ тийшээ шилжүүлж ажиллуулаад явах учраас ажиллах хүчний хувьд хүндрэлтэй биш. Шинэ өргөтгөлийн угсралт, суурилуулалтын ажилд манайхан одоо ч оролцож байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайд туузан дамжуулгын систем буюу мөчлөгт урсгалт технологи нэвтрүүлж, хүдэр тээвэрлэж буй өнөөдрийн зардлыг багасгах зорилт бас тавьсан. Энэ ажил ямар түвшинд байна вэ?
-Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтанд оруулсны дараа бидний төлөвлөсөн хоёр том ажил хүлээгдэж байна. Үүний нэг нь Дулааны цахилгаан станцын өргөтгөл юм. Энэ ажлын тендерийг зарласан боловч зарим асуудал нь арай л шийдэгдээгүй байна. Ер нь 50 мг/ваттын эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Манай үйлдвэр цагт 90 гаруй мг/ватт цахилгаан эрчим хүч ашигладаг гээд бодохоор үүний 50 хувийг өөрсдөө үйлдвэрлэх боломж бий.
Ил уурхайд мөчлөгт урсгалт технологи нэвтрүүлэх нь бас нэг том ажил. Үүнтэй холбоотой өнгөрсөн жил бид тендер зарласан. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг хоёр үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн юм. Эхлээд зөвхөн техникийн талын тендер зарлахад 6 компани оролцсон. Хүмүүсээ явуулж судалгаа хийлгэсэн. Ил уурхайгаас хүдэр тээвэрлэх туузан дамжуулгыг ашиглалтанд оруулвал өнөөдөр хүдэр тээвэрлэж байгаа Белазуудын 50 хувийн зардлыг хэмнэх боломжтой болох юм. Эндээс эдийн засгийн томоохон хэмнэлт гарна. Эдгээр шинэчлэлийг бид цаг алдалгүй хийхийн төлөө байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэр хэр удаан ажиллах бол гэсэн “битүү” асуулт хүмүүст байх шиг байна. 2013 онд тантай ярилцлага хийхэд “Эрдэнэт” үйлдвэр 42 жил ажиллах нөөц байна гэсэн хариулт өгсөн. “Эрдэнэт” үйлдвэр геологи хайгуулын ажилд  аль хэр анхаарал хандуулж байна вэ?
-Өнөөдрийн судлагдсан байдлаас үзэхэд “Эрдэнэт” үйлдвэр цаашид 42 жил ажиллах боломж бий. Бид одоо хайгуул хийж байгаа. Энэ хайгуулаар нөөц нэлээн тодорхой болно. Ойр хавийн орд газруудыг хайгуул хийж, судалж үзсэн. Шандын орд гэхэд нэг сая гаруй тонн зэсийн нөөцтэй гэдгийг илрүүлсэн. Гэхдээ энэ ордын агуулга нь бага. Дэлхийн бусад оронд ийм бага агуулгатай ордыг ашигласан туршлага бий. Өөрөөр хэлбэл, яг тэр орд дээр нь жижиг фабрик байгуулаад тэнд нь боловсруулалт хийж болдог. Үүний зардал нь өндөр биш учраас ашигтай ажиллах боломжтой. Манай ойр хавьд судлагдаагүй ордууд бий. Тэдгээрийн лицензийг авах асуудалд манай үйлдвэрийн Геологи маркшейдрийн хэлтэс анхаарал хандуулж байгаа. Лиценз авбал тэдгээр ордыг бас судлана.
2015 онд 7,2 сая доллараар геологи хайгуулын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ оны 4-р сарын сүүлчээр хуралдах хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хурлаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх юм. “Эрдэнэт” үйлдвэр цаашид оршин тогтноход  Геологи  хайгуулын ажил их нөлөөтэй. Геологийн бодлого тодорхой байж гэмээн үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэл тодорхойлогдоно. Үйлдвэрийн үндсэн чиглэлийг тодорхойлох ажлын томоохон хэсэг ажиллаж байгаа.

-Уурхайчидтай уулзахад Монгол улсад зэсийн үйлдвэр барьж байгуулах цаг нь болсон гэж их ярих юм. Та мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Би 1981 онд их сургууль дүүргэж ирснээс хойш уул уурхайн салбарт тасралтгүй ажиллаж байна. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монголын уул уурхайн салбарт ажилладаг бүх инженерийн хүсэл мөрөөдөл байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд үүнд анхаарал хандуулсаар ирсэн. Манай үйлдвэрийн өнөөгийн удирдах баг энэ талаар нэлээн дорвитой ажил эхлүүлээд байна. Эх орондоо зэсийн үйлдвэр барьж байгуулах хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж яваа энэ цаг үед орон нутагт ирсэн төр, засгийн удирдлагуудад зэсийн үйлдвэр байгуулахын чухлыг тайлбарлан, харилцан ярилцсаар байгаа. Саяхан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Орхон аймагт ажиллах үеэр энэ асуудлаар бас л ярилцлаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн бид дэлхийд хүчин чадлаараа гуравт ордог Бор-Өндөрийн жоншны баяжуулах үйлдвэрт хамт ажиллаж байсан. Зэсийн үйлдвэр байгуулвал Монголын уурхайчид ажиллуулаад явах боломж бүрэн бий. Хамгийн гол нь зэсийн үйлдвэр Монголд байгуулахад хүхрийг хаана агуулах, хэрхэн ашиглах асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсаар өдий хүрч байна. Дэлхийн зах зээл дээр жоншны баяжмал борлуулалт муутай болсон. Жоншны баяжмалыг давсны давхар исэл, креолит, фтор соль болгоход хүхэр хэрэглэдэг. Тиймээс хүхрийн хүчлийг жоншны үйлдвэрт ашиглахын тулд зэсийн үйлдвэрийг Бор-Өндөрийн жоншны үйлдвэрийн ойролцоо барьж байгуулах нь илүү үр дүнтэй байж болох юм гэсэн саналыг бид дэвшүүлж байгаа. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрээс гадна Оюутолгой, МАК компани, Цагаансуваргын үйлдвэрүүд баяжмалаа гадагшаа ачаад байх биш, эх орондоо эцсийн бүтээгдэхүүн, цэвэр зэс үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Орхон аймагт “Эрдмин”, “Ачит Ихт” ХХК балансын бус хүдрийг ашиглаад цэвэр зэс үйлдвэрлэж байгааг бид харж байна. Тиймээс мэргэжлийн уурхайчид бид зэсийн үйлдвэр барьж байгуулах асуудлыг төр, засгийн хэмжээнд ойлгуулахыг хичээж байна.

-Орхон аймагт шинээр үүд хаалгаа нээсэн олон жи­жиг, дунд үйлдвэртэй “Эр­дэнэт” үйлдвэр хамтран ажил­­лах гэрээ байгуулан, бү­тээг­дэхүүнийг нь худалдан авах замаар дэмжин ажиллаж байна. Тэдгээр үйлдвэрийн бүтээг­дэхүүн сэтгэлд нийцэж, “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг­цээг хангаж чадаж байна уу?
-Орхон аймагт маскны, резиний, ширэмний гэх мэт олон үйлдвэр байгуулагдаж импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. Ялангуяа резиний үйлд­вэрийн бүтээгдэхүүний чанар маш сайн байгаа. Энэ үйлдвэрийн резинийг манай Засвар механикийн завод авч резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бэрэн групп гэхэд Орхон аймагт төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулж, эхний удаад ширэм үйлдвэрлээд эхэлсэн. Бэрэн групп энэ орон нутагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Манай үйлдвэрийн Засвар механикийн завод импорт орлох олон бүтээгдэхүүн хийж байна. Манай үйлдвэр өнгөрсөн улиралд 27 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүдээс авч хэрэглэсэн. Энэ мэтчилэн цаашид импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлнэ. Тиймээс бид Засвар механикийн заводад хөгжил хариуцсан орлогч даргын орон тоо гаргаж, түүнд туршлагатай хүн томилон ажиллуулж байна. Тэд краны эд анги үйлдвэрлэх Германы төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Монголын хэмжээнд краны үйлдвэрлэл хөгжүүлэх эхлэл энд тавигдаж байна гэсэн үг. Цаашид сэргээх эрчим хүч үйлдвэрлэх, өөрийн ороомогийн цехийг түшиглэн цахилгаан хөдөлгүүр засварлах гээд төлөвлөсөн ажил их байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн зорилтууд сайхнаар төсөөлөгдөж байна. Харин өнөөдөр үйлдвэрлэлийн хэмжээнд тулгамдсан асуудал хэр их байна вэ?
-Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн 10 жилд байгаагүй хэмжээнд хүрч уналаа. Бид хоёр жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар томилогдох үед нэг тонн зэсийн өөрийн өртөг 6620 ам. доллар байсан. Тиймээс бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үргүй зардлыг багасгах зорилгоор хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр өнөөдөр нэг тонн зэсийн баяжмалын өөрийн өртгийг 5430 ам.доллар болгон буулгаж чадлаа. Гэхдээ энэ оны эхээр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 1000 гаруй доллараар унасан. Бүр 5390 хүрч буурсан. Ойрын үед зэсийн үнэ дунджаар тонн нь 5800 ам.доллар орчим байна. Ингээд бодохоор мэдээж үйлдвэрийн эдийн засгийн байдал хүндхэн байна. Энэ оны эхний сард “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн үйлдвэрлэл алдагдалгүй ажилласан хэдий ч компанийн хэмжээнд 6,3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ нь зэсийн үнэ унасан, доллар төгрөгийн ханш өөрчлөгдсөнтэй холбоотой. Тиймээс Ерөнхий захирал тушаал гаргаж, үйлдвэрийн хэмжээнд 15 хүний бүрэлдэхүүнтэй “Онцгой комисс” байгуулан ажиллаж байна. Энэ комисс 7 хоног бүр өргөтгөсөн хурал хийж, үйлдвэрлэлийн зайлшгүй хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг хэрхэн худалдан авах тухай ярилцаж шийдвэрлэсээр байна. Барилгын засвар гэх мэт ажлын санхүүжилтийг өнөөдөр түр зогсоосон. Онцгой комисс байгуулагдахаас өмнө хямралын эсрэг төлөвлөгөө гаргасан. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр ямар байхаас шалтгаалан “Эрдэнэт” үйлдвэр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дээрх төлөвлөгөөгөөр зохицуулж байгаа. Энэ төлөвлөгөөг нарийн баримтлан ажиллаж байна. 

-Оны эхний сард “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө тасраагүй гэж та дээр хэллээ. Нэгдүгээр сард ямар үр дүнтэй ажиллав?
-Нэгдүгээр сард төлөвлөгөө­нөөс 770 тонн зэс илүү үйлдвэрлэж, тэндээс олсон ашгаар 2014 оны үр дүнгийн урамшууллыг ажилтнууддаа олгосон. Манай үйлдвэр хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүн өндөр гарсан. Бид 2013 онд 37 тэрбум төгрөг, 2014 онд 42 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан нь том амжилт байсан.

-“Эрдэнэт” үйлдвэр 2013 оноос “Хаалт хөгжлийн ме­неж­мент”-ийн тухай ярьж, бодлого боловсруулан хэрэг­жүүлж эхэлсэн. Энэ бодлого, үйл ажиллагааны гол ач холбогдол нь юу вэ?
-Уул уурхайн аливаа үйлдвэрийг ажиллуулж эхлэхтэй зэрэгцээд “Хаалт хөгжлийн менеж­мент”-ийн бодлого хэрэгжих ёстой гэж үздэг. Учир нь ашиг­­лагдаж байгаа байгалийн бая­лаг хэзээ нэгэн цагт дуусдаг. Тэр үед ашиглагдсан ордын эргэн тойрон балгас болж үлдэх ёсгүй. “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтанд орсон үеэс эхлээд Эрдэнэт хотын хөгжлийн асуудлыг хам­тад нь шийдвэрлэсээр өдий хүрсэн. Тиймээс “Эрдэнэт” үйлд­вэ­рийн өнөө­гийн удирдах баг ажил хүлээн авсан үеэс буюу хоёр жилийн өмнөөс “Хаалт хөгж­лийн менежмент”-ийн асууд­лыг онцгойлон үзэж, үүнтэй хол­боо­той олон асуудлыг бодло­гоор шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, дээр өгүүлсэн  “Эрдэ­нэт медикал” оношилгоо, эмчил­гээний төв ашиглалтанд орсноор зөвхөн монголчуудад төдийгүй, олон улсын хэмжээний үйлчилгээ үзүүлэх зорилт тавьж байна. Үүнтэй холбоотой олон улсын онгоцны буудал барьж бай­гуулах асуудал ч яригдаж байгаа.
Мөн үйлдвэрийн Засвар механикийн заводыг дотоодын төдийгүй олон орны уул уурхайд ашиглагдах тоног төхөөрөмжийн үйлдвэр болгон өөрчлөх зорилтыг ч бас дэвшүүлээд байна. 

-Одоогоос 17 жилийн өмнө Та “Эрдэнэт” үйлдвэрт Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор томилогдон ирж ажиллахад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан хүнд үе байсан гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр бас л зэсийн үнэ унасан үйлдвэр, хамт олноороо “бүсээ чангалсан” цаг үед та “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор ажиллаж байна. Саяхан та нэгэн хурал дээр “Манай хамт  олон өмнө нь эдийн засгийн хямралын маш хүнд үеийг амжилттай  даван туулж байсан, энэ удаад ч бас хамт олноороо энэ хямралыг давж чадна” гэх өөдрөг үг хэлсэн. “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хямралыг амжилттай даван туулна гэдэгт та бүрэн итгэлтэй байна уу?
-Би 1998 оны наймдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогчоор томилогдон ирж гурван жил гаруй ажиллаж байсан. Тэр үед зэсийн үнэ дэлхийн зах зээлийн түүхэнд байгаагүй доод хэмжээнд унаж байсан. Өөрөөр хэлбэл, 1999 оны хоёрдугаар сарын 15-нд зэсийн үнэ 1325 ам.доллар болтлоо унасан юм. Тэр үед зэсийн баяжмалын өөрийн өртөг 1750 ам.доллар байлаа. Тэгэхэд уурхайчид “Эрдэнэт үйлдвэр шиг диназавр нэг унавал босч ирэхгүй” гэж ярьдаг байв. Үнэхээр хүнд үе байсан. Эрдэнэт үйлдвэр түүхийн хугацаандаа 1998 онд л алдагдалтай ажилласан байдаг. Тиймээс бид хамт олноороо жинхэнэ “бүсээ чангалсан” даа. Тэр битгий хэл “Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө” гэдэг шиг тээрмийн ган бөмбөлөг тасалдахаа шахаад арга ядахдаа хоёр эксковатораа зогсоогоод, эксковаторын ард хүндрүүлэгчээр ашиглаж байсан ган бөмбөлгүүдийг ачиж аваачаад тээрэм рүү хийж үйлдвэрлэлээ явуулж байлаа. Бензин тосыг хүртэл зайлшгүй хөдлөхөөс аргагүй машин техниктээ хийдэг байсан. Ядаж байхад 1999 оны дөрөвдүгээр сарын 1-нд гурван агуулах шатаад гэнэтийн хүндрэл гараад ирсэн. Цахилгаан үргэлж тасалдана, баяжмалаа ачих вагон хүрэлцэхгүй гээд мөн ч их хүндрэл тохиолдож билээ. Тэр бүхнийг манай уурхайчин хамт олон туулаад л гарсан. Үүний зэрэгцээ зэсийн баяжмалын өөрийн өртгийг 1478 ам.доллар болгож буулгаж байлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон тулгамдсан сорилтыг давах “дархлаа” маш сайн тогтсон гэж би итгэдэг. Өнөөдөр ч гэсэн зэсийн үнэ ийм их унаад байхад бүтээгдэхүүний өөрийн өртгийг 1200 ам.доллараар буулгаж чадлаа. Энэ бага амжилт биш. Манай үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хүнд байдалд орсон уул уурхайн олон үйлдвэрийг удирдаж амжилтанд хүргэж байсан асар их туршлагатай хүн. Бид уул уурхайн үйлдвэрүүдэд гар нийлж хамтран ажилласаар ирсэн учраас “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны олон жилийн арвин туршлагад тулгуурлан энэ удаагийн хүндрэлийг мөн амжилттай даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бид тулгамдсан асуудлыг аль болох олуулаа хэлэлцэж шийдвэрлэдэг учраас алдаа гардаггүй. Манай “Эрдэнэт” үйлдвэрт мэргэшсэн хамт олон ажилладаг нь хамгийн том давуу тал, бас бахархал юм. Энэ үйлдвэр анх ашиглалтанд ороход үйлдвэрийн нийт ажиллагсдын 28 хувь нь монгол, 72 хувь нь оросын мэргэжилтэн ажиллаж байсан бол өнөөдөр 95 хувь нь монголчууд, таван хувь нь гадаадын мэргэжилтэн ажиллаж байна. Уул уурхайн үндэсний мэргэжилтэн хэрхэн чадваржиж, өсөж өндийсөн нь дээрх үзүүлэлтээс харагддаг.

-“Эрдэнэт” үйлдвэрийн анхны инженер техникийн ажилтнууд, анхны ажилчид гавьяаны амралтаа авч эхэлсэн. Тэдний халааг авч буй өнөөгийн залуу мэргэжилтнүүд хэр чадваржиж байна вэ?
-Бидний үетэй харьцуулахад хүнд үйлдвэрийн техник, технологи хурдацтай шинэчлэгдэж байна. XXI зуун мэдээллийн зуун болно гэхэд анх хүмүүс гайхаж байсан бол өнөөдөр түүнийг хүн бүхэн мэдэрч эхэлсэн. Ажлын өрөөнөөсөө интернэт ашиглан дэлхий ертөнцтэй харилцаж, дэлхийн технологитой танилцах өргөн боломж нээгдсэн орчин үед залуучууд мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй болсон байна. Өөрийгөө дайчилдаг хүнд өргөн боломж байна. Тиймээс англи, орос хэлэнд сайн суралцаарай  гэж хэлмээр санагддаг.

-“Эрдэнэт” үйлдвэрийн удирд­лагууд бүтээмж-иннова­цийн хөгжилд их санаа тавьж эхэлсэн. Үүнийг хөгжлийн нэг хө­­дөлгөгч хүч гэж үзэж байгаа юу?
-Инноваци бол үйлдвэрийг илүү өндөр үр ашигтай ажил­луулах гол хөшүүрэг байдаг. Инноваци руу орохын тулд өн­дөр бүтээмжтэй ажиллах зайлшгүй шаардлага тулгарна. Бүтээмж бол инновацийн суурь учраас манай үйлдвэр Бүтээмж-инновацийн хөгжилд илүү анхаарал хандуулж байна. Ерөнхий захирал Ц.Даваацэрэн энэ үйлдвэрийн удирдлагаар томилогдоод хамгийн түрүүнд “Инновацийн дүрэм, сан, комисс байгуулах тухай” тушаал гаргаж, энэ ажил руу үйлдвэрийн хамт олныг уриалан дуудсан. Бүтээмж-инноваци яах аргагүй хөгжлийн хөдөлгөгч хүч мөн. Санасан сэдсэн, хийсэн бүтээсэн зүйлс нь инноваци болох хэмжээнд байвал бид бодлогоор дэмжээд түүнийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлж, үр дүнг нь хамтдаа харахын төлөө ажиллана.

-“Нэн түрүүнд Хөдөлмө­рийн аюулгүй байдал” гэдэг үг “Эрдэнэт” үйлдвэрт ёстой л амны уншлага болж байна. ХАБЭА-н дүрэм, журам ч шинэчлэгдлээ. Та “Эрдэнэт” үйлдвэ­рийн ХАБЭА-н зөвлө­лийн даргын хувьд цаашид үйлдвэрлэлийн осол, эндэгдэл­гүй байлгахад хэрхэн анхаарч байна.
-Уул уурхайн салбар маш их эрсдэлтэй хөдөлмөр байдаг. Уул уурхайн мэргэжил эзэмшээд, энэ хүнд үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсээс их зориг тэвчээр шаарддаг. Тийм учраас “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” гэдэг уриаг дэвшүүлэн ажиллах нь бидний нэгдүгээрт анхаарах гол асуудал юм. Аюулгүй ажиллаж сурна гэдэг нь уул уурхайн ажиллагсдын үндсэн зарчим юм шүү дээ. Ээлжинд гарахдаа гэрээсээ инээгээд гарсан хүн ээлж тараад гэртээ эрүүл саруул эргэж очих ёстой. Тийм учраас “Эрдэнэт” үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг чухалчилдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмуудыг ч нэлээн шинэчиллээ. Энэ чиглэлээр үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулдаг “Safety first” тэмцээн жилээс жилд улам боловсронгуй, сонирхолтой болж байна. Өмнө нь энэ тэмцээнд огт оролцож байгаагүй Ерөнхий захиргааны баг 2014 оны тэмцээнд оролцож шагналт байр эзэлсэн нь бусад цехүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд уриалсан нэг алхам байлаа. Тэмцээнд оролцогчид болон үзэгчид хамтдаа хүнд үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өргөн мэдлэгтэй болдог учраас энэ тэмцээний ач холбогдол их өндөр. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг байсан энэ тэмцээнийг жил тутам зохион байгуулахаар өөрчилсөн.  

ХАБЭА-н зөвлөл жил бүр төлөвлөгөө гаргаж батлуулаад ажил­ладаг. Өнгөрсөн жил бид Хөдөлмөрийн аюулгүй бай­дал, эрүүл ахуйн улсын зөвлөл­гөөнийг амжилттай хийж өглөө. Энэ оны долдугаар са­раас Аутсорсинг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Ингэснээр хөдөлмөр хамгааллын хувцасны чанарыг сайжруулна гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийг цаашид босоо удирдлагатай болгосноор энэ ажлын чанарт бас ахиц гарна.

-Үйлдвэрийнхээ ажиллагс­дад хандаж хамгийн их чухалчилж хэлэх Таны үг...
-Хамт олон маань эрүүл саруул байж, хамтдаа ихийг хийж бүтээхийг л хүсдэг. Хамгийн гол нь аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд баримталж ажиллаарай л гэж дахин дахин захимаар санагддаг. Монгол эх оронд маш их хувь нэмэр оруулж яваа “Эрдэнэт” үйлдвэрээ улам амжилттай ажиллуулахын тулд хамтдаа “ЗӨВ” ажиллаж ирсэн амжилтаа улам бататгахын төлөө бүгдээрээ хичээе. “Эрүүл мэндийн зам”-аараа энх тунх алхацгаая. Ингээд уурхайчиддаа ундарсан өндөр амжилтыг хүсэн ерөөе дөө.

Сэтгүүлч Ж.ОЮУН

0 Сэтгэгдэл
САЙХАН ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛНОО МЭРГЭЖЛИЙН АСАР ИХ ТУРШЛАГАТАЙ БАГ УДИРДАЖ БАЙГААД БАХАРХАЖ БАЙНА. УЛАМ ИХ АМЖИЛТ ХУСЬЕ!!!
Хамгийн их уншсан