Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай зэсийн баяжмал нэг тонн нь 2100-2200 ам.долларын үнэтэй

Монголчууд ирээдүйд дэлхийн зэсийн хэрэглээний 10 гаруй хувийг хангана

Монголын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамаардаг болж тогтвортой өсөлт, хөг­жил, найдвартай байдалд хүрч амжаагүй. Энэ нь эрдэс баял­гаа бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэж чадахгүй буйтай хол­боотой. Өнөөдөр олборлосон баялгаа түүхий эд хэлбэрээр нь маш бага нэмүү өртөг шингээн экспортолж буй. Жишээлбэл, манай эдийн засгийн гол тулгуур “Эрдэнэт” үйлдвэр жилд дунджаар 500 мянган тонн зэсийн баяжмал экспортолдог. Үүний зах зээлийн үнэлгээг дунджаар 300 орчим сая ам.доллар хэмээн эдийн засагчид тооцдог билээ. Сүүлийн хэдэн жилд зэсийн үнэ огцом өссөн нь манай баяжмалыг үнэд хүрэх бололцоо гарсан билээ. Лондонгийн металлийн бирж дээр нэг тонн зэсийн үнэ 8000 ам.доллар хүрэхэд манай зэсийн баяжмал 2100-2200 ам.доллар болдог. Манай баяжмалд зэсээс гадна мөнгө, алтны агуулга бий. Гэхдээ хамгийн өндөр агуулгатай нь мөнгө. Мөнгөний үнийг өнөөдөр нэг тонн баяжмалд 70 ам.доллараар тооцон борлуулж буй ажээ.  Үүнийг боловсруулж чадвал  өнөөдөр олж буй мөнгөө хэд дахин нугалах нь тодорхой. Бяцхан тооцоо хийж үзье.

Манай нэг тонн баяжмалаас 23-25 хувь цэвэр зэс гарна. Иймд монголчууд экспортолж буй  баяжмалаасаа дунджаар 125 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломжтой. Энэ бүтээгдэхүүнээ зах зээлийн хамгийн бага үнээр борлуулна хэмээн тооцож үзье.  Нэг тонн цэвэр зэс  3000-3500 ам.доллар гэвэл  нийт 375-437 орчим сая ам.доллар болох нь. Цаашид Оюу толгой, Цагаан суваргын ордоо ашиглаад эхлэхээр манай зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Дэлхийн жилд хэрэглэх зэсийн 10 гаруй хувийг үйлдвэрлэнэ гэдэг. Өнөөдөр жилд үйлдвэрлэж буй баямжал нийт хэрэгцээний таван хувийг хангадаг ажээ.
 
Нэг тонн зэсээр 1.2 мм голчтой 44 км утас сувидаг
 
Өнөөдөр манай улсад “Эрдмин” үйлдвэр л цэвэр зэс хайлж буй.  Үйлдвэрийн технологийн хувьд гедрометаллургийн аргаар цэвэр зэс ялган авдаг аж. Эдүгээ дэлхийн хэмжээнд үйлдвэрлэж буй нийт зэсийн дөч гаруй хувийг энэ аргаар ялган авдаг байна. Тус үйлдвэр жилд 2500-2800 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн исэлдсэн хүдрийн овоолго ашиглаж байгаа. “Эрдмин” компани 1997 оноос хойш өнөөг хүртэл нийт 32550 тонн катодын зэс үйлдвэрлэсэн судалгаа бий. Бүтээгдэхүүнээ өнөөдөр Лондонгийн металлын бирж дээрх үнээр борлуулж чаддаг. Гэвч олон улсын зах зээлд гарахад хүндрэлтэй асуудал тулгардаг аж. Энэ талаар тус үйлдвэрийн мэргэжилтэн “Mining Mongolia-90” чуулган дээр тавьсан илтгэлдээ дурдсан билээ. Тэрээр “Зэсийн баяжмал борлуулахад амархан. Үйлдвэрлэгчид уралдаад л авна. Харин эцсийн бүтээгдэхүүн экспортлоход хүндрэлтэй асуудал олон гардаг.

Манай “Эрдмин” үйлдвэр катодын зэсээ БНСУ-д дэлхийн зах зээлийн ханшаар экспортолж үзсэн. Жишээлбэл, Солонгосын тал манай бүтээгдэхүүнд чамгүй өндөр татвар тавьсан. Тэгээд бүхий л зардлаа тооцоод бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулахад маркетинг, сурталчилгааны бодлого маш чухал хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр төр засаг  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ борлуулахад анхаарал тавих нь чухал байна” хэмээж байлаа.
“Эрдмин” үйлдвэрийг байгуулахад Японы “Марубени” корпорацаас долоон сая ам.долларын зээл авчээ. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч, 2005 он гэхэд дээрх өрөө дарж дуусгасан байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт өгөх мөнгөө ч төлж дуусгажээ. Үүгээр зогсохгүй таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зэс утас сувих тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ өргөжүүлжээ.  Өнөөдөр үйлдвэр цахилгааны  утас үйлдвэрлэж буй. Хүчин чадлын хувьд 30-40 төрлийн кабель үйлдвэрлэх бололцоотой. Уг үйлдвэрийнхэн ашигт ажиллагааны тухай нэгэн тооцоо хийсэн байдаг. Эндээс үзэхэд дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ 8000 ам.доллар байхад зэс утас үйлдвэрлэжээ. Ингээд нэг тонн зэсээ 12 мянган ам.долларын үнэд хүргэж чадсан аж. Учир нь, цахилгааны утсыг кг-аар нь бус метрлэж зардагт оршино. Нэг тонн зэсээр 1.2 мм голчтой зэс утас сувихад 44 км урт болдог байна. Ингээд тус үйлдвэр өвлийн цагт 100, барилгын ажил ид өрнөдөг дулааны улиралд 300-400 сая төгрөгийн  борлуулалт хийдэг ажээ. Үүнээс гадна бүр нарийн голчтой зөөлөн утас үйлдвэрлэхэд нэг тонн зэс 16 мянган ам.долларт хүрэх бололцоо ч бий гэнэ.

Хятадын зэсийн эрэлт 21 хувиар буурчээ


Дэлхийн зах зээлд зэсийн үнэ хямдрах магадлал тун өндөр байгааг олон шинжээч дүгнэв. Учир нь, Европын өрийн хямралын нөлөөгөөр үйлдвэрлэл буурах хандлагатай болж. Хэрэв зэсээ цэвэршүүлж чадвал үнэ нь хямдарсан ч манай эдийн засаг танагтай, тогтвортой өсөлтөө хадгалж чадах боломж бий.
Эдүгээ Европын 17 орны аж үйлдвэрлэл сүүлийн гурван жилийнхээ хамгийн доод төвшинд хүрсэн байна. Үүнд, эдийн засгийн өсөлтийн удаашралт эрэлт багасна гэсэн таамаглал, хүлээлт нөлөөлжээ. Мөн Хятадын зэсийн импорт дөрөвдүгээр сараас хойш 21 хувиар буураад буй аж. Тус улс дэлхийн хэмжээнд жилд үйлдвэрлэж буй зэсийн 40 хувийг ашигладаг билээ. Ийнхүү үйлдвэрлэл буурвал ганц зэс ч бус бусад металл, ашигт малтмалын үнэ дагаад хямдарч магадгүй аж. Хэрэв ийм зүйл болбол манай эдийн засгийн орлого багасч монголчууд бүсээ чангалах нь.

Учир нь, эдийн засагчид  манай ДНБ-ий 30 гаруй хувийг уул уурхайн олборлох салбар бүрдүүлж байгаа хэмээдэг.  Үүнээс гадна тус салбарын ханган нийлүүлэлт, ажил үйлчилгээ зэргийг оруулан тооцвол нийт эдийн засгийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг.Тэгэхээр ашигт малтмалын үнэ хямдарч, манай эдийн засаг 2008 оных шиг хямрах аюул бий. Тухайн үед нэг тонн зэсийн үнэ 3000 орчим ам.доллар болж, манай гадаад валютын данс улайх дээрээ тулсан. Ингээд төсвөө танаж, хөрөнгө оруулалтаа зогсоогоод Олон улсын валютын сангаас 250 сая ам.долларын зээл авсан удаатай. Зарим эдийн засагч 2008 оныг бодоход Монгол Улсын сан хөмрөгт чамгүй валют хуримтлагдсан. Тийм хямралд арай хүрэхгүй гэдэг.  Гэвч улсын орлого нэмэгдэхийн хэрээр манай зарлага өссөөр ирсэн. Улсын төсөв ч хэд дахин тэлсэн билээ. Иймд хямралаас айхгүй суух бололцоогүй ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан