Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шууданчид: ТӨХ хариугаа пүрэв гарагт өгөхгүй бол орон даяар ажил хаяна

Б.МЯГМАРЖАВ

Шуудан гэдэг стратегийн ач холбогдлоороо Монгол Улсад эхний гуравт багтдаг онцгой обьект гэдэг. Шуудангийн сүлжээгээр төрийн бүхий л албан бичиг хүрэх ёстой газартаа хүрдэг. Энэ ч утгаараа мэргэжлийн хүн удирдах ёстой. Гэтэл энэ онцгой обьектод дур мэдэн эрх баригч намынхан халаа сэлгээ хийлээ хэмээн “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилтан албан хаагчид эсэрцүүцэж байгаагаа илэрхийллээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр хууль бусаар, улстөржин ажлаас нь халах тогтоол ТӨХ гаргасан хэмээн тус компанийн 1000 гаруй ажилтны төлөөлөл түр хороо байгуулан ТӨХ-нд шаардах бичиг хүргүүлсэн юм. Шууданчид өчигдөр өглөө 8:00 цагт хариугаа авахаар ТӨХ-ны гадаа жагссан боловч ТӨХ-ны дарга нар ажилдаа ирээгүй байсан учраас тэд шаардлагаа зохих ёстой хүнд нь гардуулж чадалгүй буцжээ.

Тэд өчигдөр ажлын байрандаа сануулах ажил хаялт хийж, хэрэв ТӨХ хууль бус шийдвэрээ эргэн харж, залруулахгүй бол пүрэв гарагт жагсаал хийж, албан ёсоор орон даяар ажил хаяхаа мэдэгдсэн юм. Шинээр томилогдсон дарга Т.Дуламдорж нь өмнө нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд  хуульч мэргэжилтэй, Монгол Улсын Шадар сайд асан Д.Тэрбишдагвын зөвлөхөөр ажиллаж байжээ. Одоогоор түр хорооны дарга Д.Ганболд, хуулийн зөвлөх Нямдаш нарыг цагдаагийнхан аваад явсан бөгөөд утас нь холбогдохгүй байгаа гэнэ. Аль дүүргийн, ямар цагдаа авч явсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй аж.  Гэсэн ч шинээр томилогдон очих гэж буй дарга болох Т.Дуламдорж нь энэ бүгдийг үл тоон “Монгол шуудан” ТӨХК-ийн байранд нэвтрэн орохыг санаархах болсон гэв. Хамгийн сүүлд өчигдөр өглөө дээврээр дамжин дотогш орох гэж байгаад баригдсан гэнэ. Энэ мэт даргын суудал, тамга тэмдгийн төлөө улайран зүтгэх нь өнөөгийн нийгэмд албан тушаалын үнэ цэнэ ямар байгааг харуулж буй хэрэг биз ээ.


А.Жаргал: Ажилчдынхаа цалинг шат дараатайгаар 40-60 хувиар нэмсэн

Дээрх асуудалтай холбогдуулан тус компанийн Харилцаа хамтын ажиллагааны газрын дарга А.Жаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шуудангийн ажилтан албан хаагчид ямар үндэслэлээр шинээр томилогдон ирж байгаа даргаа эсэргүүцээд байгаа юм бэ?
-Манай гүйцэтгэх захирал Ц.Батсайхан 2013 оноос “Монгол шуудан” ТӨХК-ийг удирдаж байгаа. Энэ хугацаанд олон шинэ ажил хийсэн. Тухайлбал, албан тушаалаа ашиглаж, авлига авах үндэс болж байна гэж харддаг байсан замын цагдаагийн торгуулийн хуудсыг бэлэн мөнгөөр жолооч нар төлдөггүй болгож, шуудангаар торгуулийн хуудсыг нь хүргэж байна. Мөн татварын тайлан, гадаад паспортыг хүртэл “Монгол шуудан” компани түргэн шуурхай хүргэж өгөх үйлчилгээ нэвтрүүлсэн. Ийм үйлчилгээ өмнө нь огт байгаагүй. Үүний үр дүнд өнгөрсөн жил компанийн ашиг гурав дахин нэмэгдсэн. Төр хамгийн муу менежер, төрийн компани дандаа ашиггүй, алдагдалтай ажилладаг гэсэн бодолтой явдаг хүмүүсийн сэтгэхүйг өөрчилсөн. Ц.Батсайхан 200 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан газрыг ганцхан жилийн дотор 800 сая төгрөгийн ашигтай болгосон. Улсдаа 2,5 тэрбум төгрөгийн татвар төллөө. Мөн энэ хоёр жилийн хугацаанд ажилчдынхаа цалинг шат дараатайгаар гурван удаа нэмсэн. Ингээд бодохоор нийт ажилчдын цалин 40-60 хувиар нэмэгдсэн гэсэн үг. 1000 гаруй хүн нэгдэн баг болж ажиллана гэдэг тийм амар биш. Ингээд бүх зүйл сайхан бүтэмжтэй, ажилчид өөдрөг бодолтой ажиллаж байтал ТӨХ-ноос гүйцэтгэх захирлыг солих тогтоол ирсэн. Гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлнө гэсэн. Бид үүнийг эсэргүүцэж байгаа.

-Шинээр томилогдож ирж байгаа даргынхаа тухай мэдээлэл авсан уу?
-Т.Дуламдорж гэдэг хүн байсан. Өмнө нь ОБЕГ-т даргаар ажиллаж байсан юм билээ. Ер нь нэр муутай хүн байсан.

-Т.Дуламдорж гурван ч удаа компанийн байр руу нэвтрэх гэж оролдсон гэсэн үнэн үү?
-Үнэн. Эхлээд баасан гарагийн орой 19.00-20.00 цагийн хооронд ажил тарсан хойно ТӨХ-ны хэдэн хүнтэй хамт ирээд, дотогш орох гэхэд нь зөвшөөрөөгүй тул манай хү­лээн авагч эмэгтэйг загнан, бүдүү­лэг авирласан байсан. Ажил 18.00 цагт тарсан тул энд хэн ч байгаагүй. Чоно борооноор гэдэг шиг хууль бус үйлдлээ баталгаажуулах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Үүнд нь, манай ажилчид илт дургүйцэж байгаа. Төрийн зүгээс ямар нэгэн халгаа сэлгээ хийж ажилтан албан хаагчдын эрх ашгийг хохироохгүй гэсэн. Гэтэл дунд шатны дарга нар хоорондоо хуйвалдан ийм үйлдэл гаргаж байгаа нь зохимжгүй юм. Хэрэв Ц.Батсайхан захирал ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргасан төрийн өмчийг шамшигдуулсан байх юм бол бид ингэж хамгаалахгүй. Ажил хийж байгаа хүнээ дэмжмээр байна.

-Одоо компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна уу. Орж ирэхэд нэлээд олон хүн  суулт хийж байгаа харагдлаа?
-Тийм ээ. Ажил хэвийн үргэлжилж байна. Шуудангийн ажил тасалдаагүй. Бид дотроо ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах түр хороо байгуулсан. Түр хороо гаднаас ирэх ямар нэгэн халдлагаас ажилчдаа хамгаална. Сая Сүхбаатар дүүргийн Засаг даргад жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ явуулаад зөвшөөрлөө авлаа. Хэрэв бидний тавьсан шаардлагыг даруй биелүүлэхгүй бол эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.  Жагсаалыг маань үл тоомсорлох юм бол бид өлсгөлөн зарлахад ч бэлэн.

-ТУЗ-ийн шийдвэр гишүүдийн­хээ оролцоогүйгээр гарсан гэж үзэж байгаа юу?
-Манай компанийн ТУЗ-ийн гишүүд гэж ямар хүмүүс байдгийг бид ч мэдэхээ болиод байна. Шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүд нь компани дээр ирж нэг ч удаа компанийн үйл ажиллагаатай танилцаагүй. Чухам ямар компанийн ТУЗ-ийн гишүүн болсноо мэдэхгүй явж байсан хүмүүс ч бий. Тэгэхэд гэв гэнэт хэзээ ч юм ТУЗ нь хуралдаад шийдвэр гаргалаа гээд тогтоолоо бариад ороод ирсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан