Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн нийт зардлын 75 хувь нь зөвхөн сурталчилгаанд зарцуулагддаг

Б.ШИРНЭН

Улс төрийн намууд 2004 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө нэг тэрбум, 2008 онд найман тэрбум, 2012 онд 35 орчим тэрбум төгрөг зарцуулсан тухай мэдээлэл Сонгуулийн ерөнхий хорооны тайланд тусгагджээ. Тэгвэл УИХ-ын 2012 оны сонгуульд АН  дээрх 35 тэрбум төгрөгийн 45.2 хувийг зарцуулж, УИХ-ын 47.9-д суудалтай буюу олонх болж чадсан бол МАН 38.9 хувийг зарцуулж, 35.6-д суудалтай болсон. Харин ИЗНН 2.62 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулж, 2.7 хувийн суудал авсан байгаа юм. Үүнээс үзвэл аль нам сонгуульд их мөнгө зарцуулж байна, тэр чинээгээрээ олонх болох боломжтой гэдгийг өнгөцхөн дүгнэж болох нь. Өчигдөр “Нээлттэй нийгэм форум”-аас зохион байгуулсан “Улс төрийн санхүүжилт тулгамдаж буй асуудал боловсруулах арга зам” хэлэлцүүлгийн үеэр ч дээр дурдагдсан асуудлыг хэлэлцлээ. Гэхдээ аль нам хэдэн төгрөг зарцуулсан бэ, гэдгээс илүүтэй хэн сонгуульд хэдэн төгрөг өгсөн бэ гэдэг нь илүү чухал асуудал болж яригдсан.

Учир нь улс төрд хэсэг бүлгийн мөнгөний нөлөө их байх тусам энэ нь иргэдэд муу дагавартай. Тиймээс сонгуулийн кампанит ажилд зарцуулагдаж байгаа мөнгөний эх үүсвэр ба зориулалтыг илүү тунгалаг, ил тод байдлаар зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Энэ хүрээнд 2012 оны сонгуулиар бүрдсэн УИХ Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль хэрэгтэй гэж үзсэн ч хуулийн төсөл боловсруулах ажилд аль нэг намын ашиг сонирхлыг түлхүү тусгахгүйн улмаас дээрх хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос УИХ-д өргөн барихаар болсон.
Мөн “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “Сант марал” судалгааны төв “Улс төрийн санхүүжилт” сэдвээр иргэдээс судалгаа авчээ. Судалгаанд Улаанбаатар, Говь-Алтай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд болон Хөвсгөл аймгийн 1200 хүн хамрагджээ. Ингээд тэдний 67 хувь нь улс төрийн санхүүжилт ил тод биш гэж дүгнэсэн бол улс төрийн санхүүжилт ил тод биш байгаа нь
• 52 хувь – Намууд санхүүжилтээ ил тод байлгах хүсэл зориггүй байгаа
• 53 хувь – хариуцлага тооцдоггүй, тооцсон ч ногдуулдаг хариуцлага нь үр нөлөөгүй
• 20 хувь – Хориг хязгаарлалтууд нь санхүүгийн тайланг худлаа гаргахад хүргэж байгаатай холбоотой гэж үзсэн байна.
Харин дээрх иргэдийн 55 хувь нь хандивлагчийн нэр ил тод байх ёстой гэж үзсэн бол 24 хувь нь зөвхөн хамгийн том хандивлагчдын нэрийг нь ил болгох шаардлагатай гэжээ. Тиймээс иргэдийн 86 хувь нь улс төрийн намуудын санхүүжилтийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж үзээд буй юм байна. Эс бөгөөс одоо байгаа улс төрийн санхүүжилтийн тогтолцоо нь тодорхой сонирхлын бүлэгт давуу байдал олгох, сонгуулийн өрсөлдөөнийг бууруулах, нийгмийн олон талын төлөөлөл сонгуульд нэр дэвших боломжийг хязгаарлах зэрэг сөрөг үр дагвартайг иргэдийн санал асуулгад тулгуурлан “Нээлттэй нийгэм форум” хэлэлцүүлгээрээ мэдээллээ.

УИХ-ын гишүүн С.Оюун: Сонгуулийн сурталчилгааг төлбөргүй явуулдаг улс орнууд бий

Сонгуульд зарцуулсан зардлын 50-75 хувь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулагдсан тухай судалгаа байдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн төлбөртэй сурталчилгааг зохицуулбал, хэмнэлт болно. Зүгээр ус, ундаа зарж байгаа биш улс орноо хэн удирдах вэ гэсэн чухал үйл ажиллагаа болж байгаа учраас бүх зүйл төлбөртэй байдаг. Төлбөр нь өндөр бол мэдээж хамгийн их мөнгө зарцуулсан нь л ялах магадлалтай. Сонгуульд хэд, хэдэн удаа өрсөлдсөний хувьд би ингэж үзэж байгаа. Бусад орнуудын энэ төрлийн хууль эрх зүйн зохицуулалтыг хараад байхад нилээн олон улс арилжааны ч бай, олон нийтийнх ч бай төлбөртэй сурталчилгааг хориглодог. Өөрөөр хэлбэл, сурталчилгааг үнэ төлбөргүй явуулдаг. Гэхдээ манайх шиг урт хугацаанд сурталчилгаа явуулахгүй. Бид 2007 оны Сонгуулийн хуулиар телевизийн нийт цагийн 10-аас дээшгүй хувийг сурталчилгаанд зарцуулахаар зохицуулсан. Гэсэн ч энэ өндөр тоо. Хуучин бол 24 цагийн труш л гардаг байсан.

Миний ойлгосноор ардчилал урагшилсан орнуудад цөөн хэдэн секунд нь төлбөртэй байж болно. Харин ярилцлага, мэдээ мэдээлэл, тойм, нийтлэл зэрэг нь төлбөртэй байж болдоггүй эрх зүйн зохицуулалттай. Мэдээ мэдээлэл нь хүртэл төлбөртэй байхаар хүн хараат бусаар сонгуульд саналаа өгөөд, сонголт хийх боломжгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэгийг рекламдахад нэг төгрөг төлсөн бол 10 удаа рекламдахад 10 төгрөг зарцуулна. Ингэхээр 10 төгрөг төлсөнд нь илүү их санал өгөх гээд байдаг. Тэгэхээр нийт сонгуулийн зардлын 75 хувь хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зардал яваад байгаа юм. Сонгууль дөхөөд ирэхээр нэг минут мэдээ нэг сая төгрөг, ярилцлага 5-10 сая төгрөг хүрдэг байх жишээтэй. Үүнээс болоод хэвлэл мэдээллийн хэрэгслийг улстөрчид өмчлөөд, буруу зам руу ордог. Ерөөсөө төлбөргүй явуулах ёстой, бага хэмжээнд ч хамаагүй гэхээр хэвлэлийнхэн дуртай хандахгүй байх. Тиймээс сонгуулийн мэдээ мэдээллийг үнэгүй болгох эсвэл төрөөс сонгуулийн санхүүжилтэд өгдөг мөнгөндөө хэвлэл мэдээллийн төлбөрийг тусгадаг байх боломжтой. Сонгууль биш мөнгөний өрсөлдөөн болох гээд байна. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг дээр намаа төлөөлөөд энэ заалтуудыг оруулахын төлөө явна л гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан