Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол ДНБ-ий 10 хувьтай тэнцэх алдагдал үүрэх нь

Т.ЖАНЦАН

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар Дэлхийн банк ээлжит тоймоо гаргалаа. Энэ тоймд Монгол Улсын эдийн засгийн байдлын талаар хэрхэн тусгасныг сонирхъё.

Манай улсын ДНБ өнгөрсөн онд 7.8 хувиар өссөн. Монголбанкны эдийн засагчид  ДНБ-ий өсөлт энэ онд таван хувьтай гарна хэмээж буй. Харин Олон улсын валютын сан гурван хувьтай гарах төсөөлөл хийсэн.  Тэгвэл Дэлхийн банкнаас тооцож буйгаар энэ онд 4.4 хувьтай байх нь. Цаашид ч ДНБ-ий өсөлт буурсаар байх дүр зураг гараад байна. Тухайлбал, дэлхийн банкны эдийн засагчдын төсөөллөөр  ирэх хоёр жилд 3.9 хувь хүртэл уруудахаар байгаа юм. Дэлхийн банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Тэхюн Ли “Бид Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг тооцохдоо эдийн засгийн олон үзүүлэлтийг гол баримтаа болгодог. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн байдал, ашигт малтмалын олборлолт, экспортын хэмжээ, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтийг харгалзан үздэг юм. Бусад байгууллага, судлаачид өөрсдийн аргачлалаар ДНБ-ийн өсөлтийг тооцож байгаа. Ийм учраас ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээ өөр өөр гарна. Гэвч аль ч байгууллага, судлаачид Монгол Улсын ДНБ-ий өсөлт саарна гэдэгтэй санал нэгдэж байна.

Иймд бодлого боловсруулагчид эдийн засгаа сэргээх тодорхой арга хэмжээ авах ёстой гэдэг нь илт байна”  хэмээн хэллээ. Манай улсын эдийн засгийн өсөлт саарч буй нь гадаад орчны нөлөөлөл, түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалсан билээ. Өнөөдөр манайд орж ирэх хөрөнгө оруулалт  өсөхгүй, валютын нөөц багасч байгаа нь эдийн засгийн гадаад орчны эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байна. Иймд төр засаг эдийн засгаа сэргээх арга хэмжээ яаралтай авахыг  манай улстай хамтран ажилладаг олон улсын санхүүгийн байгууллагууд зөвлөж буй. Гэвч улсын төсөв болон эдийн засагт хямралын эсрэг тохиргоо хийхэд иргэдийн орлого, бизнесийн идэвхжил буурч ядуурал нэмэгдэх үзэгдэл ажиглагдаж буй юм.

Тэгвэл эдийн засгийн хүндрэлийн эсрэг ямар ямар арга хэмжээ авч эхэлснийг дор өгүүлье. Монголбанкнаас урсгал дансны алдагдал буурч буйг мэдэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн онд урсгал дансны алдагдал ДНБ-ий 8.2 хувьтай тэнцсэн юм. Урд жилүүдэд энэ харьцаа дунджаар 24.4 хувьтай гарч байсан билээ. Энэ бууралт нь зэсийн баяжмалын экспорт огцом өссөн, импорт буурсантай холбоотой. Төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд 427 сая ам.долларын алдагдалтай байв. Цаашид ч энэ алдагдал буурах төлөв бий. Дэлхийн банкны тооцоогоор манай улсад импортын гурван сарын хэрэглээг хангах нөөц бий хэмээж байна. Монголбанкны Хятадын Ардын банктай хийсэн төгрөг-юанийн своп хэлцэл төлбөрийн тэнцэл, улсын валютын нөөцийг хэмнэх боломж олгож буй аж.  
Төсвийн бодлого өнгөрсөн онд тэлсэн хэвээр үргэлжилсэн. Хөгжлийн банкны зарцуулалтыг улсын төсөвт нэгтгэн тооцох ёстой хэмээн Дэлхийн банкнаас зөвлөж байв. Энэ зардлыг өнгөрсөн оны улсын төсөвт нэгтгэн тооцвол төсөв ДНБ-ий 11 хувьд хүрсэн байна. Харин энэ жилээс уг зардлыг улсын төсөвт нэгтгэн тооцож эхэлсэн. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж төсвийн алдагдлыг 2018 онд ДНБ-ий хоёр хувьд хүргэх, өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувь хүртэл бууруулахаар төлөвлөсөн билээ.
Мөнгөний бодлого чангарч эхлэв. Монголбанк бодлогын хүүгээ хоёр удаа нэмж 13 хувьд хүргээд байна. Харин инфляц тогтвортой түвшинд байгаа тул бодлогын хүүгээ дахин нэмээгүй.

Дэлхийн банкны эдийн засагчид уул уурхайн бус салбарын өсөлт энэ онд саарна. Гэвч хөрөнгө оруулалтын томоохон төслүүд хөдөлж эхэлбэл ирэх жилээс гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг сэргэх төлөв бий хэмээн тодорхойлж буй юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн цаашдын төлөв төлбөрийн тэнцлийн байдал, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас шалтгаалах юм. Төсвийн орлогын өндөр төсөөлөл, Хөгжлийн банкны арилжааны зээлээс шалтгаалж энэ онд улсын алдагдал ДНБ-ий 10 хувьтай тэнцэх таамаглал гарлаа.

Ам.доллар зүүн азийн орнуудын эдийн засаг “цохилт” өгсөн нефтийн үнэ тэднийг “аварна”

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх Дэлхийн банкны  ээлжит  тоймд энэ бүс нутгийн эдийн засгийн өсөлт бага зэрэг саарна хэмээн дурджээ. Тухайлбал, өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарсан. Тэгвэл энэ онд 6.7 хувьтай гарах төлөв байгаа аж. Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт төдийгүй дэлхийн эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг улс бол Хятад. Үүнээс гадна тус улс манай улсын экспортын гол худалдан авагч билээ. Хятадын эдийн засгийн өсөлт буурсан хэвээр байх нь. Тэгэхдээ огцом бус  удаан хурдаар буурч буй. Дэлхийн банкны эдийн засагчдын тооцоолж буйгаар тус улсын эдийн засаг 2016 онд долоон хувьтай байх нь. Энэ нь өнгөрсөн оныхоос дөрвөн хувиар буурна гэсэн үг. Хятадын эдий засгийн бууралт ашигт малтмалын үнэд нөлөөлөх нь дамжиггүй. Ялангуяа манайх шиг ашигт малтмалын экспортоос гол орлогоо олдог улсуудын эдийн засгийн өсөлт буурах төсөөлөл гарч байна.

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тоймыг зургаан сар тутамд шинэчлэн гаргадаг уламжлалтай. Гэтэл урд нь тооцоолж байгаагүй хоёр хүчин зүйл тус бүс нутгийн эдийн засагт нөлөөлж буй аж. Энэ нь нефтийн үнийн уналт, ам.долларын ханшийн чангаралт юм.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх орон нефть, түүний бүтээгдэхүүнийг импортлогчид байдаг. Эдүгээ нефтийн ханш 50 хувиар унаад байгаа нь сүүлийн тавин жилд тохиогоогүй үзэгдэл аж. Нефтийн үнийн уналт удаан хугацаанд үргэлжлэх төлөв байгааг Дэлхийн банкны эдийн засагчид хэлж байна. Иймд нефть, түүний бүтээгдэхүүн импортлогч орнуудын эдийн засагт таатай нөлөө үзүүлэх юм. Ялангуяа Камбож, Лаос, Тайланд, Номхон далайн арлын орнуудад илүү их үр ашиг авч ирэх нь. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Аксел ван Троценберг “Нефтийн үнэ буурч байгаа нь бүс нутгийн дийлэнх оронд дотоодын эрэлт хэрэгцээг өсгөж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, дэд бүтэц болон бусад бүтээмжид ашиглах төсвийн зарлагыг эргэн харах нөхцөл байдал үүсгэж байна. Энэ нь төсвийн шинэчлэлийг урагшлуулах таатай боломж бодлого боловсруулагчдад олгох юм. Энэхүү шинэчлэл нь Зүүн Азийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж дэлхийн эдийн засгийн өсөлтийн зүтгүүр байх статусаа хадгалахад тусална” хэмээн мэдэгдлээ. Тэгвэл нефть экспортлогч Малайз, Папуа, Шинэ Гвиней зэрэг орны эдийн засгийн өсөлт удааширч, төсвийн орлого буурах нь тодорхой. Иймд Монгол болон нефть экспортлогч орнуудад төсвийн зузаатгал шаардлагатай хэмээн уг тайланд тэмдэглэжээ. Индонезын хувьд нүүрс, байгалийн хийн экспорт хэрхэн буурахаас эдийн засаг нь хамаарна.
Ам.долларын ханш чангарахад бусад орны мөнгөн тэмдэгт тэр хэмжээгээр суларна гэсэн үг. Манай улсад ч ам.долларын ханш чангарч төгрөг 13 хувиар суларсан билээ. Ханшийн энэ чангаралт бүс нутгийн зарим оронд инфляц өсөхөд нөлөөлсөн байна. Иймд бүс нутгийн зарим орон мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх болжээ. Нөгөө талаар хөгжингүй орнуудын мөнгөний бодлого харилцан адилгүй юм. Иймд ам.долларын ханш чангарснаар Зүүн Азийн орнуудад зээлийн өртгийг өсгөж санхүүгийн тогтворгүй байдал үүсгэж, тус бүс нутагт орох мөнгөний урсгалыг сааруулах эрсдэл өндөр байгаа аж. Тухайлбал, ам.доллараас хэт хамааралтай Камбож, Зүүн Тимор зэрэг оронд хүндээр тусч магадгүй нь.  Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг бол дэлхийн хөрөнгө оруулалт, худалдааны гол төв гэдэг. Тэгэхээр уг бүс нутгийн орнууд хөрөнгө оруулалт  чадах чинээгээрээ татах, өрсөлдөх чадвараа сайжруулах, өөрийн улсын онцлогт тохирсон төсөв, мөнгөний зөв бодлого хэрэгжүүлэхийг Дэлхийн банкны эдийн засагчид зөвлөж байгаа юм.

Гэвч ам.долларын ханшийн чангаралт дан ганц муу нөлөө үзүүлэхгүй. Экспортод гаргадаг бүтээгдэхүүний хэмжээ их, үйлдвэрлэгч орнуудад эерэг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, эх орондоо хямд өртгөөр үйлдвэрлээд бусад оронд өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан