Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Нямаажав: Туг барихаас илүү тугал хариулах хүн хэрэгтэй байна

Ж.ЖАМУХА

Монголын ардчилсан холбоо, Монголын үндэсний ардчилсан намын анхдагч, өндөр настан С.Нямаажав манай сонинд ярилцлага өгөхийг хүссэн юм. Өдгөө нас 80 дээр гарсан тэрээр 1990 оны гуравдугаар сарын 4-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Зориг, Да.Ганболд нарын хамт Говь-Алтай аймгийн төлөөлөл болж МҮАН-ыг байгуулж байсан нэгэн аж. Энэ тухай болоод Говь-Алтай аймгийн хөгжил цэцэглэлт, хүн ардын ахуй амьдралын тухай ярилцсанаа хүргэе.

-Таныг МҮАН-ыг байгуу­ла­хад гар, бие оролцосон гэж дуулсан. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Тийм, өвөө нь Монголын үндэсний ардчилсан намыг анхлан С.Зориг, халзан Ганболд, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хамт байгуулалцаж явлаа. Тэр үед Халзан Ганболдоороо дарга тавьж, Мягмаржав гэж хүнээр нарийн бичгийн дарга хийлгэж байв. Тэгэхэд намайг намдаа хамгийн их хандив өгсөн мөн хамгийн холоос буюу 1500 гаруй км газраас зорьж ирсэн гээд Ганболд дарга маань Бээжингийн залуучуудын фестивалиас авчирсан алтан цагаа бугуйнаасаа авч өгч байлаа. Тэр цаг одоо ч байдаг юм. Би ер нь энэ намд их түүхтэй хүн. Дөнгөж нам байгуулагдахад индэр дээр гарч үг хэлэхдээ 15 мянган төгрөг, дараа нь 30 мянган төгрөг хандивлаж байлаа. 1990 оны 45 мянган төгрөг гэдэг ямар мөнгө байсныг нэг бодоод үздээ. /инээв/

-Та тухайн үед хэдэн настай байсан бэ?
-Надтай хамт манай нутгийн Лоохууз гэж хүн байлцсан юм. Мөн Нямбуу, Сурмаажав гэх надтай нас ойролцоо хоёр хүн байсан. Бид дөрөв хамгийн ах­мад гишүүнд тооцогдож байлаа. Би тэгэхэд 57-той байж дээ.

-Таныг нам байгуулалцаж, ардчиллын үйл хэрэгт орол­цо­ход тань юу нөлөөлсөн юм бэ?
-Би өөрөө Шарын шашны гүн ухааны доктор, лам хүн л дээ. Хуучин цагт бурхан шашныг их хорьж цагддаг байлаа. Улмаар ардчилсан хувьсгал өрнөж эхлэхэд би юу гэж сэтгэсэн гэхээр мал, машин тэргийг ард түмэнд нь өгч, шарын шашнаа эргэн сэргээх, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тийм л хүсэл зорилготой байсан. Тиймдээ ч ардчиллын үйл хэрэгт оролцсон хүн. Гэхдээ сүүлийн үед хараад байх нь ээ нам маань багахан хагаралдаад, дарга цэрэг нь жаахан түнжин муутай байх шиг санагдсан. Ний нуугүй хэлэхэд хаа газраас ирсэн нь мэдэгдэхгүй хэсэг хүмүүс хагалан бутаргаж, ард түмний төлөө гэж ирээд жүжиг тоглоод байх шиг санагддаг. Ийм л эмх замбараагүй байдал үүсчихээд байгаа нь хэн хүнд ил тод байна. Гагцхүү эцэст нь юу болдог юм бол доо.

-Би бодохдоо таныг одоогийн нийгэм, улс төрийн байдалд жаахан түгшиж яваа юм болов уу гэж ойлголоо?
-Түгшиж явна, түгшихээр барах уу. Манайх шиг хүн ам цөөтэй улс оронд ёстой л зуун ямаанд жаран ухна гэдэг шиг хэт олон нам байна. Олон ургальч үзэлтэй, олон нам байх нь зөв ч гэлээ хоорондоо л тэрсэлдээд байна шүү дээ. Гэтэл өдийг хүртэл өөдөлж, дэвжсэн юм алга. Дээр нь энэ байдлыг өөрчлөх ёстой залуус, хүүхдүүд бэлэн юманд дэндүү дуртай болж. Биеэ зовоож, хөлсөө гаргаж хөдөлмөрлөж сураагүй байна. Бид нар сарлагийн үхэрт модон анжис хөллөчихөөд гараа цэврүүттэл газар хагалж явлаа шүү дээ. Тэгэж олж идсэн хоолны амттайг яана. Гэтэл одоо үгүй шүү, хэн хүнгүй төр засгаас бэлэн хоол идээд сурчихсан. Нөгөөдүүл нь ч элдэв халамж, хишиг хувь, тэтгэвэр тэтгэмж гээд нийгмийн бүхий л салбарыг бэлэн мөнгөөр бордож, толгойг нь илээд байна. Бэлэнчлээд сурчихсан хүн яах вэ, улам л залхуу болно биз.
Адилтгавал гахайг бордож бордож байгаад нэг л өдөр шараад идчихдэг. Үүнтэй л адил санагдаад байх юм. Нийгмийн халамжаар л биднийг бордоод байна даа.

-Тантай санал нэг байна.Гэхдээ залуус ажил олдохгүй гэх шалтаг хэлдэг?
-Яалаа гэж, цөөхөн монголчууд ажил хийе ээ гэвэл юу эс мундахав. “Ажил олдохгүй байна” гэдэг шиг худлаа үг хаана ч байхгүй. Монголын газар нутаг уудам, хүн нь цөөн. Ингэхээр хийе гэсэн сэтгэл дутаад байгаа биш үү. Миний хэлсэн шиг анжис дарж газар хагалаад, ногоо цагаа тариад амьдарсан ч болно. Угтаа хүсэхгүй л байгаа хэрэг.
Дээр нь залхуу залхагийн хажуугаар жаахан жаахан хүүхдүүд сандал ширээ, албан тушаал хөөцөлддөг болж. Үгүй ээ, ичдэггүй л юм байх даа. Амар хялбар аргаар мөнгө олох гэж амь тавьдаг болж. Тиймдээ ч бэлээхэн ажлын байрыг голж байгаа хэрэг. Гүйгээд очвол аль ч барилга дээр ажилд авна даа, монгол хүн хятад хүнээс л муу ажиллана гэж байхгүй. Шал сайхан арчаад сурсан ч тэр чинь эрдэм, ажил мэргэжил биз.

-Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг. Таны хэлж буйгаар туг барих нь их байхад тугал хариулах хүн олдохгүй байгаа юм аа даа?
-Тийм, яг үнэн. Туг руу биш тугал хариулдаг руу нь дайрмаар байх юм. Тэгэж байж Монгол Улс хөгжиж, ядуурлаас гарна. Түүнээс төрд гарсан 76-гийн баталсан хууль дүрмээр ядуурлаас ангижирна гэж үгүй. Сандал ширээ булаалдаж бие биесээ чичлээд сайхан болохгүй. Тугал хариулах хүн хэрэгтэй байна даа. Түүнээс бүгд туг бариад, бүгд дарга болчихвол хэн ажил хийх билээ.

-Танд мал аж ахуйн тухай ярих юм байгаа гэсэн?
-Байгаа байгаа. Гэхдээ өвөө нь олон юм нуршихгүй ээ. 80 гаруй жил мал дагаж яваа хүний хувьд нэг л зүйлд их сэтгэл гонсгор байх юм. Одоо үед таван хошуу малаа алийг нь ч ялгаагүй машин техникээр малладаг болж. Уламжлалт мал маллах арга ухаан, дэг ёс алдагдчихаж.
Буянт малаа машин тэрэг, дуу чимээтэй юмаар элдэн хөөж, тарга тэвээрэг авч буй үед нь цочоож болдоггүй гэж өвгөдийн сургаальд ч хэлсэн байгаа юм. Гэтэл хэдэн хонио туучихаад айл саахалтын хоньтой нийлэхээр болбол хятад мотоциклын бөөр рүү нэг өшиглөж асаагаад галзуу юм шиг давхиж очоод дундуур нь орчихно. Адуу, үхэр, хонь гээд аль нь ч ялгаагүй машинаар элдэж хөөгөөд байх юм. Хоёр дугуйтай техникээр хурга ишгээ хөөж хөөж гэртээ ирээд гэдсээ илээд хэвтчихнэ. Ингэж мал маллахгүй ээ. Энэ таван хошуу мал чинь бид байтугай биднээс өмнөхөд нь буян хишгээ өгч ирсэн юм. Өдий 50 гаруй сая малтай болчихоод машин, мотоцикл унасан залуус тал тал тийш элдээд байж болохгүй. Дээр нь мал малладаг хүүхэд залуус ч цөөрч. Харж байхад морь унаж уурга бариад явж байгаа хүн харагдахаа байж. Ганц сайхан бугуйл шидчихдэг залуугүй болж шүү дээ. Орчин үед юм хөгжөөд илүү амар хялбар болж байгаа ч уламжлалаа түүгээр сольж хэрхэвч болохгүй. Уламжлал гэдэг чинь бидний өв соёл, үнэт зүйл биз дээ.

-Говь-Алтай аймгаар сонин сайхан юу байна, хаваржилт сайхан уу. Хол газрын сонин дуулгаач?
-Сайхаан, сүрэг тарган сайхан хаваржиж байна. Манай аймаг Монгол орны баруун хязгаарт, байгалийн сайхан бүрдсэн, хулан хавтгай ихтэй, их говийн дархан газрыг хариуцаж хамгаалдаг говь, хангайн бэлчирт байдаг сайхан нутаг.
Аймгийн Засаг даргаар Амгаланбаатар гэдэг залуу ажиллаад хоёр жил болж байна. Энэ хүү манай аймагт ирсээр 70-80 жил хийгдээгүй ажил сүүлийн хоёрхон жилд хийгдлээ. Нэгдүгээрт, зам харгуй үнэхээр сайхан болж байна. Мөн манай аймаг хужир боржин ихтэй, ус муутай газар. Үүнээс болоод ард иргэдийн дунд элэг, ходоодны элдэв өвчлөл их байдаг. Харин шинэ засаг ноён маань олон жил ужгирсан энэ асуудлыг нэг тийш болгож шүүсэн цэвэр устай болголоо. Одоо бид арван литрийн баллонтой, дан цэвэршүүлсэн ус ердөө 500-хан төгрөгөөр авч хэрэглэж байна. Ер нь, аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт жигд сайхан хийгдэж, хөгжил дэвших нь ч хурдасч байна. Би ахмад хүний хувьд үүнд ихэд талархаж, таашааж буйгаа хэлмээр байна.

-Сумдад бүтээн байгуулалт хэр өрнөж байна. Одоо гэрэл цахилгаангүй сум бий юу?
-Байхгүй шүү, одоо сум бүр гэрэл цахилгаантай болсон. Дэн барьж суудаг цаг ард хоцорсон.

-Та хэдэн хүүхэд өсгөж хүмүүжүүлэв?
-Өвөө нь арван хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн хүн. Таван хүү, таван сайхан охинтой.

-Хүүхдүүдээс тань хэд нь нутагтаа ажиллаж, амьдарч байна?
-Цөмөөрөө нутагтаа байгаа шүү. Малаа маллах нь маллаад, аймгийн төв, сум сууриндаа ажиллах нь ажиллаад дор бүрнээ л болж байна. Хамгийн бага хүү маань Говь-Алтай аймгийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа бол том охин харин МСҮТ-д олон жил багшилж байна. Удаахууд нь ч аймгийн сургууль, цэцэрлэгт багшилж байна. Бүгд дор бүрнээ эрхэлсэн ажилтай, элэг бүтэн байна даа.

-Аймгийн залуучуудын ажил эрхлэлт хэр байна?
-Давгүй ээ, болж л байна. Идэж уудаг нь элбэг дэлбэг байхыг бодоход болоод л байгаа биз. Гудманд гуйлга гуйгаад яваа хүн харагдахгүй л юм, тэгээд бодохоор болоод л байгаа биз. Ямар ч байсан хоёр идэхгүй хоосон хонохгүй дор дороо л болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан