Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрэл” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлнэ

Б.МЯГМАР

Барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байгаагаас жил бүр олон залуу амь насаа алдаж, тахир дутуу болж байна. 2014 оны эхний есөн сарын байдлаар энэ салбарт 205 осол  гарч, 222 хүн өртжээ. Эдгээрээс 23 иргэн амь насаа алдаж, 183 нь хөдөлмөрийн чадвараа алдсан аж. Ийм харамсалтай хэрэг шил дараалан гарч байгаа тул барилгын салбарын “сезон” эхэлж байгаа энэ үед сануулга сэрэмжлүүлэг болгох үүднээс МХЕГ-аас барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс хяналт шалгалт хийжээ.

Шалгалтыг гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд хийсэн аж. Шалгалтад улсын хэмжээнд 275 барилга байгууламж хамрагдсанаас төсвийн хөрөнгөөр баригдсан 39, төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан 27, осол гарсан 28 барилгын 94 аж ахуйн нэгж, 42 иргэн хамрагджээ. Хяналт шалгалтаар 2479 зөрчил илрүүлж, 27 хувийг нь газар дээр нь арилгуулжээ. Түүнчлэн эрсдэл ихтэй 53, дунд эрсдэлтэй 61, бага эрсдэлтэй 161 объект байгааг тогтоосон байна.
Харин барилга байгууламжийн чанар, техникийн аюулгүй байдалтай холбоотой 1844 зөрчил илэрснээс 31.4 хувь нь техникийн бичиг баримтын бүрдүүлэлтэд, 5.8 хувь нь зураг төслийн боловсруулалтад, 38.9 хувь нь барилга угсралтад, 9.5 хувь нь материалын чанарт илэрчээ. Осол аваар гарч байгаагийн  шалтгаан нь өргөх зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан, баталгаажилтгүй, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, аюулгүйн бүс шаардлага хангадаггүй, аюулгүй ажиллагааны дүрэм журамгүй, мэргэжлийн бус иргэдийг ажиллуулдаг зэргээс үүдэж байгааг илрүүлжээ. Мөн ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургаж, зааварчилгаа өгдөггүй, дотоод хяналт тогтмолжоогүй, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хөрөнгө төсөвлөдөггүйгээс зэрэг нь барилгын салбарт осол аваар гарах нөхцөл бүрдүүлээд байгаа аж. Хяналт шалгалтын дүнг үндэслэн удаа дараа осол гаргаж хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх саналыг холбогдох яаманд хүргүүлж байгаа юм. Үүнд, “Чандмань цамхаг”, “Их наяад хөгжил” ХХК, “Эрэл” ХХК, “Нийслэл өргөө”, “Бо Бэ” констракшн, “Тайгам Алтай”, “Есүй ордон”, “Суурь”, “Говь гурван сайхан” ХХК , “Назу констракшн” багтаж байна.

 Мөн Барилга, хот байгуулалт, Сангийн яам, Эрчим хүчний яам, Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ, худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг дарга болон хууль хяналтын байгууллагад хандан цаашид авах арга хэмжээний саналаа хүргүүлэхээр боллоо. Тухайлбал, тендерт шалгарч төсвөөс мөнгөө бүрэн авсан ч ажлаа гүйцэд хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг “Хар жагсаалт”-д бүртгэн дахиж тендерт оролцуулахгүй байх, хуулийн байгууллагад асуудлыг нь тавих, нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдийн барьж байгаа барилгыг эрчим хүчээр хангахгүй байх, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлөх тухай албан тоот илгээхээр шийдвэрлэлээ.  

Аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардлыг төсөвлөж зарцуулж байх, аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа барилгын ажлаа эхлүүлэх, дотоод хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд “МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаас гаргасан дээрх шийдвэр нь барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дарамталж, хааж боосон хэрэг биш. Гагцхүү хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй ослоос зайлсхийх зорилготой” гэдгийг хэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослоор 90 гаруй хүн амиа алдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан