Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байна уу, энэ Ерөнхийлөгч үү......


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин телевизийн шууд нэвтрүүлгээр өчигдөр иргэдийн асуултад хариуллаа. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө л гэхэд нэг сая гаруй асуулт ирээд байжээ.
Харин бусад орны ерөнхийлөгч, төрийн тэргүүнүүд иргэдтэйгээ хэрхэн ярьж тэднийг хэрхэн яаж сонсдог вэ.

Камин зуухны дэргэдэх яриа


Төрийн тэргүүн нь хэвлэл мэдээлийн хэрэгслээр дамжуулан иргэдтэйгээ ярьдаг уламжлалыг АНУ-ын ерөнхийлөгч асан Франклин Делан Рузвельт  анх санаачилсан гэж болно. Түүхэнд fireside chats буюу “камин зуухны дэргэдэх яриа” гэж нэрлэсэн энэ нэвтрүүлэг  1933 оноос 1944 оныг хүртэл 11 жилийн хугацаанд радиогоор явж байжээ. Рузвельт анх Нью-Йорк хотын амбан захирагчийн сонгуульд өрсөлдөхдөө үүнийг санаачилж. Дараа нь Рузвельт Цагаан ордонд очиход сурталчилгааны энэ машин ёстой жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэн гэдэг. Тэрээр энэ нэвтрүүлгээр бодлого зорилтоо ярихаас гадна элдэв цуу яриануудыг няцаан үнэнийг тайлбарлаж, хамгийн энгийн үгээр, заримдаа наргиж ярьдаг байсан нь хүмүүст их хүрдэг байжээ.
Рональд Рейган 1982 онд бямба гараг бүрт радиогоор ард түмэндээ хандаж үг хэлдэг байснаа сүүлд нь телевизээр ярьдаг болжээ. Энэ уламжлал өнөө ч үргэлжилсээр байгаа. Барак Обама харин энэ уламжлалыг орчин үеийн технологитой холбон бямба гараг бүрт Цагаан ордны албан ёсны сайтаар дамжуулан ард түмэндээ хандаж, үүнийгээ YouTube-т аудио болон дүрс бичлэгээр оруулдаг болсон байна.

Ерөнхийлөгчийн шоу

Өмнөд Америкийн Венесуэль улсын ерөнхийлөгч асан Уго Чавес “Alo Presidente” буюу “Байна уу, Ерөнхийлөгч өө” гэдэг шоу санаачилж энэ нь 1999 оны тавдугаар сарын 23-наас 2012 оны нэгдүгээр сарын 29 хүртэл эфирээр явсан байна. Энэ хугацаанд Чавес ням гараг бүрт 11,00 цагаас телевизээр ард түмэндээ ханддаг байжээ. Тэрээр өнөө л уламжлалт улаан цамцаа өмсөн ард иргэд, мужийн амбан захирагчдын асуултад хариулж улс орон ард түмнийг нь хөгжихөд садаа болж байгаа америкийн империалистуудыг шүүмжлэн ярьдаг байлаа.
Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреад бас El Presidente dialoga con el pueblo буюу “Ерөнхийлөгчийн ард түмэнтэйгээ ярих яриа”  гэсэн нэвтрүүлэг бий. Тэрээр энэ нэвтрүүлгээрээ үзэгчдээс твиттерээр ирсэн асуултад хариулдаг байна.
Сальвадорын ерөнхийлөгч Маурисио Фунес бас Уго Чавесын үлгэр дууриаллаар телевизийн Conversando con el Presidente буюу “Ерөнхийлөгчтэй ярих яриа” гэсэн телевизийн төсөл хэрэгжүүлдэг. Энэ нь ням гарагт өдрийн 11,00 цагаас эхлэн нэг цаг үргэлжилдэг  байна.
Бразилийн төрийн тэргүүн болохоор америкийн жишгийг дагаж даваа гарагт Café con el Presidente “Ерөнхийлөгчтэй кофе ууя” гэдэг нэвтрүүлэг хийдгийг Лула да Сильва санаачилж эхлүүлсэн гэдэг. Энэ цагаар  нэг долоо хоногт юу амжуулснаа ярихаас гадна ирж байгаа долоо хоногт юу хийхээ хэлдэг. Уругвайд бас “Ерөнхийлөгч ярьж байна” гэсэн хөтөлбөр бий.

Хамтдаа ярих яриа

Латин америкийн энэ жишээг Карибын тэнгисийн англи хэлтэй орнууд ч мөн дагадаг. Гэхдээ энэ нь ОХУ-ын ерөнхийлөгчийн шууд нэвтрүүлэгтэй төстэй. Сент-Винсент болон Гренадины ерөнхий сайд Ральф Гонсалвеш радиогийн “Ерөнхий сайдаас асуу” нэвтрүүлэг явуулдаг. Иргэд нэвтрүүлэг хөтлөгч рүү утасдаад, Гонсалвеш студид суун хариулдаг.
Ийм хөтөлбөр Сент-Киттсе болон  Невист бас явж ерөнхий сайд байсан Дензил Дуглас байнга ярьдаг байсан.
Оросын жишээг бас Сингапур дагаж 2014 оны есдүгээр сард Ерөнхий сайд Ли Сянь Лун “Ерөнхий сайдаас асуу” гэсэн хөтөлбөрөө телевизийн Channel NewsAsia Singapore сувгаар явуулсан.
Дэлхийн улс гүрнүүдийн төрийн тэргүүн нар ихэнх нь телевиз, эсвэл интернетээр ард түмэндээ хандаж санал бодлыг нь сонсдог. Ард иргэд нь ч асуултаа интернетээр дамжуулан тавьдаг болжээ.
Харин нэг л ижил зүйл байдаг нь таагүй асуултад аль нь ч хариулалгүй өнгөрөөдөг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан