Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван Толгойн Тамд Хүргэх Гэрээний Заалтуудаас...

Улс орны маань амин чухал асуудлуудын нэг болсон Таван Толгойн (ТТ) гэрээг тойрсон үйл явдлууд эрчимтэй, зарим талаар нууцлаг байдалд өрнөж байгаа нь санаа зовохгүй байхын аргагүй.

Улсын ИХ-аас, эрх баригчдаас, улс төрийн намуудаас Эх орны хишиг, Эрдэнийн хувь хэмээн ард түмэнд амласан иргэдийн 1072 ширхэг хувьцааны асуудал хөсөр хаягдсан, төмөр замыг Хятадын компанид урт хугацаагаар өмчлүүлэх гээд ТТ гэрээнд тавигдсан үндсэн нөхцлүүд ноцтойгоор зөрчигдсөн талаар бид олонтаа дурдсан.

Харин энэхүү бичлэгээрээ би саяхан олон нийтэд ил болсон Таван Толгойн гэрээнд тусгагдсан үндэсний эрх ашгийг хөсөрдүүлсэн бусад гол гол заалтыг олон нийтэд ил болгохыг зорив.

Үндэсний баялаг, ард түмний өмч болох ТТ ордыг үнэгүйдүүлэн хувийн нэг компанид өгөх, улмаар гадны корпорацын мэдэлд оруулах гэсэн хуйвалдааны гэрээг зогсоох, төслийн багийг шинэлчлэхийг шаардсан шаардлагуудын зөвийг гэрээнд хийсэн дараахь анализ баталж байна.

Монгол Улс "нөхөн олговрын төлбөр"-өөр барьцаалагдана

Хуудас 84-85. Хавсралт 5.ЗГ-аас хөрөнгө оруулагчдад төлөх нөхөн олговрын тооцоолол.
Гэрээнд гарын үсэг зурагдсан мөчөөс эхлээд Монголын ЗГ гэрээнд тусгагдсан "ЗГ-ын нөхөн олговор" заалтад барьцаалагдан гэрээг хүчингүй болгож чадахгүй байх нөхцөл үүснэ.Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдвал гэрээнд заагдсан нөхөн төлбөрийн тооцоолох аргачлалын өнцөг, цаг хугацаанаас хамаараад Монголын Засгийн газар хэдэн тэрбумаар хэмжигдэх ам.долларын өрөнд орно.

Гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний хугацаанд (30-60 жил) олохоор төлөвлөж байсан орлогын нөхөн олговор гээд тав, зургаан төрлийн төлбөрийг (нийт хөрөнгө оруулалтын зардал, банкны зээл, төлбөрийн үлдэгдлүүд, санхүүгийн бусад зардал, төслийн хугацаанд олох байсан орлогын алдагдал) Засгийн газраас төсөл хэрэгжүүлэгчид төлөхөөр тусгагдсан нь итгэхэд бэрх ч, цагаан дээр хараар бичигдсэн нь дурайн харагдаж байна.  Нөхөн төлбөрийн зөвхөн нэг хэсэг болох концессын гэрээ дуусах хугацаанд (30жил) олох байсан орлого/ашгийн нөхөн төлбөрийг өгөгдсөн томьёогоор нь тооцож үзвэл $7.5 тэрбумд хүрч буй нь энэ гэрээ Монгол Улсад чухам ямаршуухан хэмжээний хохирол учруулах нөхцөлтэй байна вэ гэдгийг харуулж буй хэрэг.

Гэрээний зарим заалтууд, нөхөн олговор, алдагдлыг тооцоолох томьёолол нь ойлгомж муутай, учир битүүлэг байгаа бөгөөд чухам ямар үндэслэлээр энэ томьёог хэрэглэхээр болсны тайлбар шаардагдаж байна. Нөгөө талаас томьёоны өгөгдлүүд, хувьсагч нар нь тайлбаргүй (NCA), эргэлзээ бүхий тодотгол дагуулсан (AWAII), задаргаа нь өгөгдөөгүй байгаа нь гажууд явдал бөгөөд мэргэжлийн эдийн засагч нар, санхүүч нарын хувьд ч ойлгомжгүй байдал үүсгээд байгаа нь орчуулгын алдаа юу, эсвэл зориудын эндүүрэл үү гэж асуухад хүргэж байна. Гэрээ ойлгомжгүй, тодорхой бус байна гэдэг үндэстэн дамнасан корпорацуудын хувьд жирийн үзэгдэл бөгөөд гэрээлэгч хоцронгуй хөгжилтэй, буурай улсуудын хувьд чухам ойлгомжгүй битүүлэг гэрээ, нэр томьёог хольж хутгасан тайлбар бүхий заалтуудын улмаас хохирол хүлээдэг нь зуршил болсон гэж хэлж болно.

Тогтворжуулсан татварт буй нугалаа буюу Монголд бүртгэлгүй компаниуд татвар төлөхгүй

Хуудас 26-27.  9.1 Татварын тогтворжуулалт үйлчлэх нь
Гаалийн татвар, НӨАТ, ААНОАТ, АМНАТ, агаарын бохирдлын төлбөр гээд таван төрлийн татвар, төлбөрийн хураамжийг тогтворжуулсан аж.Тогтворжуулсан татвараас гаднах, эсвэл сүүлд нэмэгдэх татварууд энд үйлчлэхгүй гэсэн үг.Энд тодорхой заалтаар оруулах шаардлагатай байсан гадаадад бүртгэлтэй компаниудаас авах 20 хувийн татварын заалт гээгдсэн нь бидний хэлж заншсанаар хуулин дахь нугалаа, цоорхой болж байгаа юм.
Монгол Улсын Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын тухай хууль: 17.2.9.-д Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар... гэсэн заалт бий.

Тогтворжуулсан гэх татваруудад ААНОАТ-ыг оруулсан боловч энэ нь зөвхөн дотоодод бүртгэлтэй компаниудад үйлчлэхээр тусгагдсан.Тиймээс гадаадад бүртгэлтэй компаниуд ТТ-д ажил үүрэг гүйцэтгэвэл тэднээс татвар авах боломжгүй гэсэн үг.Үндэстэн дамнасан компаниудын (ҮДК) хувьд энэ нь орлого, ашгаа оффшор шилжүүлэх сонгодог арга юм. Жишээ нь, ТТ төслийн компани $4 тэрбумын зардал гаргалаа гэж үзэхэд нийт ажлынхаа 96 хувийг гадаадад бүртгэлтэй компаниудтай гэрээлэн (ихэнх нь ҮДК-тай холбоотой оффшор бүртгэлтэй туслан гүйцэтгэгч нар байдаг) гүйцэтгүүлбэл эдгээр компани нь Монголд огт татвар төлөхгүй байх эрх зүйн орчин нь бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс $3.84 тэрбумд ногдох $768 сая долларын татвараа авч чадахгүй гэсэн үг.

Гадаадад бүртгэлтэй компаниудад Монголын татвараас зугтах боломж олгох нөхцлийг хаасан бас нэгэн заалт орхигдсон нь Монгол Улсаас Хятад улстай хийсэн давхар татварын гэрээ юм. Хятадад бүртгэлтэй боловч Монголд үйл ажиллагаа явуулж орлого олж буй компаниуд орлогын зохих хувиасаа Монголд татвар төлөх ёстой гэвч гэрээнд энэ заалт тусгагдаагүй.

Хамтын ажиллагааны төлбөр: Баялгийн эзэнд багахан долоолгоод буцааж шулсан нь

Хавсралт 3.73-р хуудас. Хамтын ажиллагааны төлбөр
Хамтын ажиллагааны төлбөр гэх нэгэн шинэ нэр бас томьёо гарч иржээ.Үүнд чухамдаа төслийг хэрэгжүүлэгч “Энержи Ресурс” ХХК, “Шэнхуа” компаниуд нь ТТ төслөөс олох бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг албан ёсоор Монголд тайлагнахгүй гэсэн утга агуулагдаж буй бөгөөд харин орлогоос зөвхөн тодорхой бус хувийг өөрсдийн зохиосон, сонгон авсан алин болох бүү мэд нэгэн томьёогоор тооцон Эрдэнэс ТТ-д татварын төлбөр хэлбэрээр олгох гэнэ. Энэ томьёонд нь төслийн компанийн төлөх ёстой тогтворжуулсан татварууд ямар нэг байдлаар шингэсэн аж. Гэвч өгөгдсөн томьёоллоор тооцвол нийт орлогын дөнгөж 4 хувь Эрдэнэс ТТ-д (Засгийн газарт) ногдох аж. Энэ нь жилд 30 сая тонн нүүрсийг $50 доллараар экспортлоно гэж үзвэл $1.5 тэрбум буюу ойролцоогоор 3 их наяд төгрөгийн борлуулалтын орлогын 96 хувь нь татварт хамрагдахгүй байх, гадны эзэмшилтэй компаниудад зардал хэлбэрээр ногдох боломжтой гэсэн үг.
Нөгөө талаас 9-р хуудасны 3.6-д "ЭТТ нь гэрээний дагуу төслийн компанийн төлсөн хамтын ажиллагааны төлбөрөөс (4 хувь) Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр явуулсан уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүхий л татвар, төлбөр, хураамж болон бусад төлбөрийн үүргийг хариуцна" хэмээн заасан нь төслийн компани болоод консорциумын төлөх ёстой бүхий л татвар, төлбөр, хураамжийг “Эрдэнэс ТТ” төлнө гэсэн үг бөгөөд энэ нь тун чиг хүлээн зөвшөөрч боломгүй, шударга бус тулган хүлээлгэлт гэж үзэж байна.Энэ нөхцлийг хүлээн зөвшөөрвөл ЭТТ өөрт ногдох өчүүхэн 4 хувийн татварын орлогын ашгаа буцаан шулуулсан хэрэг болно.

Эрдэнэс ТТ лицензээ алдана

76-р хуудас.Хавсралт 3.6.(б)
Гэрээний хугацаанд Цанхийн талбай дахь нүүрсийг байгалийн байдлаас нь олборлосноор тухайн нүүрсний өмчлөх эрх нь ЭТТ-оос төслийн компанид шилжинэ.
Энэ заалт нь үнэндээ ЭТТ лицензээ “Энержи Ресурс” ХХК, “Шэнхуа Энержи” гэсэн хоёр компанид шилжүүлэн өгөх бөгөөд бодит байдал дээрТаван Толгой маань гадны эзэмшил бүхий энэ хоёр компанийн мэдэлд очно гэсэн үг.

Таван Толгойд Монголын талын хувь эзэмшил үгүй

7-р хуудас. H.
[Энэхүү Гэрээ байгуулагдах үед] гадаадын хөрөнгө оруулагч болон дотоодын хөрөнгө оруулагч нар консорциумыг төлөөлж, төслийг хэрэгжүүлэх зорилгооор “Энержи Ресурс” ХХК гэсэн хамтарсан компани (“цаашид “төслийн компани” гэх)-ийг эзэмших гэрээ байгуулна. Дотоодын хөрөнгө оруулагч нь төслийн компанийн нийт гаргасан хувьцааны 51-ээс багагүй хувийг эзэмших талаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид харилцан тохиролцсон болно.
Энержи Ресурс ХХК-ийн толгой компаниуд нь Люксембүрг (МСС), Хонконгод(ММС) бүртгэлтэй гадаадын компаниуд байдаг.Энержи Ресурс ХХК ТТ төслийн компанийн 51 хувийг, Хятадын Шэнхуа компани үлдсэн 49 хувийг эзэмшвэл төслийн компани болоод ТТ орд 100 хувь гадны компаниудын мэдэлд очно. Нөгөө талаас Шэнхуа нь 49 хувийн эзэмшлээрээ дамжуулаад “Энержи Ресурс”-ыг 8 охин компаниудынх нь хамт хяналтандаа авах, улмаар бүрэн эзэмшилдээ байлгах боломж бүрдэнэ.

Зардлаа өсгөж, ашгаа бууруулж харагдуулах нугалаа

2-р хуудас. 2.2. d  Хайгуулын зардал
"Төслийн компанийн гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажилтай холбоотой зардлыг энэхүү гэрээний 9.2(I) хэсэгт заасны дагуу төслийн компанийн татвар ногдох орлогоос хасч тооцно"
Хайгуулын зардал нь хөрөнгө оруулалтын зардал атал татвар ногдох орлогоо багасгахын тулд үйл ажиллагааны зардалд оруулж тооцно гэдэг татвараас зугтах нэгэн арга юм. Үндэстэн дамнасан корпорацуудын хувьд энэ нь орлогоо багасгах, зардлаа өсгөн татвараас зайлсхийх сонгодог аргуудын нэг бөгөөд тэр ч байтугай жилээс жилд алдагдалтай ажилласан баланс гаргаж бодит орлогоо нуун далдлах боломж олгодог.

Алдагдлыг ирээдүйд шилжүүлснээр татвараас зугтана

Хуудас 29.9.2(I) татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлж, уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 (найман) жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
Энэ заалт нь ОТ-д орсон заалттай адил бөгөөд компани жил болгон алдагдалтай баланс гаргаснаар ирээдүйд олох орлогоос төлөх татвараас зайлсхийх боломжтой болно гэсэн үг. Тиймээс алдагдлыг ирээдүйд шилжүүлэх нь компаниудын хувьд санхүүгийн тайландаа алдагдалтай ажилласан баланс гаргах сонирхлыг бий болгодог.

Популизм ба зээл зуучлагч

7-р хуудас.3.3 (с) Урьдчилгаа төлбөрийг 4.125% хүүтэй зээлдүүлнэ.
Гадаад, "дотоодын," "ХО" нараас бүрдсэн гэх төслийн компани нь Эрдэнэс ТТ-н хувьд оператор компани ч биш, хамтрагч ч биш харин хүүтэй зээл зуучлагч компани аж.

Урьдчилгаа зээл зүгээр нэг олгогдохгүй бөгөөд ЭТТ нь ТТ-н газрыг төслийн компанийн эзэмшилд бүрэн шилжүүлсэн байх, төмөр замын концессын гэрээ батлагдсан байх зэрэг нөхцлүүд буй. Манай Засгийн газрын хувьд ТТ, ОТ-оос авсан урьдчилгаа зээлэндээ барьцаалагддаг асуудал энд давтагдаж буй аж.Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс урьдчилгаа төлбөрөө хүүтэй зээл болгож буй бол лицензийн эзэн ЭТТ ордоос авхаар төлөвлөсөн рояльти дээрээ мөн хүү бодож авахад болохгүй зүйл үгүй гэсэн үг.

Ерөнхий сайдын хувьд $200 сая долларын урьчилгаа төлбөр авах сонирхлоо илэрхийлээд энэ мөнгийг 100,000 төгрөг хэлбэрээр хувьцаа эзэмшигч иргэн бүрийн дансанд хийнэ гэсэн нь улсын хөрөнгөнд үрэлгэн хандсан, хуурамч амлалт бүхий популизмын жишээ юм. Бодлогогүй тараагдсан бэлэн мөнгө, худал амлалтын хор уршгийг бид мэднэ. ТТ төслийн хувьцаа эзэмшигч иргэдийн хувьд нийт хувьцааны үнэлгээний 7 хувьд ч хүрэхгүй цөөн хэдэн төгрөгөнд хууртахыг хүсэхгүй байна. Иргэд бэлэн мөнгө биш харин урт хугацааны хөрөнгө оруулалтыг дээдэлж ТТ ордын жинхэнэ эзэд нь байхыг хүсч байна.

Мөнгө нь хилийн чанадад байрлана

10-р хуудас. 3.7 (III, IV)
(iii)  Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, арилжаанаас Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна олсон бүх орлогоо гадаад улсад байршуулах, чөлөөтэй захиран зарцуулах;

(iv)  Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан бүх орлогоо (ногдол ашиг, эсвэл бусад хэлбэрээр хуваарилах зэрэг арга замаар) гадаад улсад саадгүй гаргах, чөлөөтэй захиран зарцуулах, бусад төлбөрийг гадаад улсад хийх;
Оюу Толгойн (ОТ) гэрээг уншсан болоод үйл ажиллагаатай нь танил хүмүүсийн хувьд энэ заалт мөн танил.Үйл ажиллагаагаа эхлээд  5 дахь жилдээ яваа ОТ уурхайн эдийн засгийн үр өгөөж тун чиг чамлалтай байгаа нь орлого нь гадаадад дансанд байрлаж байдаг асуудал нөлөөлсөн нь үнэн. Мэдээж төслийн орлого гадаадад байрлах нь хүлээлт үүсгэсэн гадаад валютын нөөц хэмжээндээ хүрэхгүй байх гээд эдийн засгийн бусад өгөөж замхрах эрсдэлтэй. Мөн бизнесийн орлого, зарцуулалт нь Монголын хяналтаас гадуур байх боломжтой болно.Тиймээс ТТ гэрээний энэ заалт яг л ийм орчин, нөхцөлийг бүрдүүлж буй юм.

Зээл олгогч банкууд, корпорацууд ТТ ордыг дангаараа 100% эзэмших боломжтой

Хуудас 26. 8.4 (d)
(vi) Санхүүжүүлэгч нь энэхүү Гэрээ болон тусгай зөвшөөрлийн дагуу төслийн компанийн хүлээсэн эрх, үүргийг өөрөө эсвэл төслийн компанитай хамтран гуравдагч этгээдээр дамжуулан хэрэгжүүлэх (цаашид “өөрөө хэрэгжүүлэх эрх” гэх), эсвэл төслийн компанийг өөр гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэн хэрэгжүүлэх эрхтэй;

Санхүүжүүлэгч гэдэг нь зээл олгогч банкууд, сангууд, корпорацууд.Төслийн компани зээлээ эргэн төлж чадахгүйд хүрвэл санхүүжүүлэгч нь ТТ ордыг бүрэн мэдэлдээ авах, захиран зарцуулах эрх мэдэлтэй болох бөгөөд, өөрийн хүссэн гуравдагч этгээдэд шилжүүлэх үед ЗГ ямар нэг байдлаар хориг тавих эрхгүй байх юм. Энэ заалтаар бол ТТ ордыг Хятадын Шэнхуа Энержи, Чалко эсвэл аль нэг гадны компани дангаараа 100 хувь эзэмших нөхцөл бүрэлдэнэ.

Үнэ шилжилтийн аргаар зах зээлийг гажуудуулах

Хуудас 60. Нэр томьёо
(a) “Хамааралтай этгээд” гэж аль нэг этгээдийн хувьд түүнийг шууд болон шууд бусаар хянаж байгаа, эсвэл түүний хяналтад буюу хамтын нийтлэг хяналтад байгаа этгээдийг хэлнэ. Гэхдээ компанийн хувьцаа эзэмшигч бус этгээд болон компанид зөвхөн хөрөнгө оруулах зорилгоор хувьцаа эзэмшигч этгээдийг тухайн компанийн хамааралтай  этгээд гэж үзэхгүй.

Бүлэг компаниуд болоод ҮДК- иудын дотоод үнэ шилжилтийн механизмын нөхцлийг хангасан заалт.ҮДК-иуд нь ашиг сонирхол нэгдмэл нэгжүүдтэй өөрөөр хэлбэл хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран зах зээлээс доод үнээр худалдан авалт хийдэг.Тиймээс ЗГ-ын зүгээс хамааралтай нэгжүүдийн дотоод үнийн тохиролцоог шалгах, хянах нөхцлөөр хангагдсан байх ёстой. Гэвч хамааралгүй этгээд гэсэн статус нь дотоод үнэ шилжилтийн механизмыг түшиглэн шаардлагатай бол зардлыг ихэсгэх, багасгах, үнийг өөрчлөх тоглолтуудыг хийх нөхцөлийг бүрдүүлнэ. ҮДК-иудын зах зээл дээр тоглолт хийх сонгодог аргуудын нэг  болох "transfer pricing" буюу үнэ шилжилт нь ядмаг засаглалтай улсад ихээхэн хохирол учруулдаг.

ТТ-г барьцаанд тавьж мөнгө босгоно

Хөрөнгө оруулагч хэмээн гоё нэр зүүсэн компаниуд нь бодит байдал дээр ТТ-д оруулах хөрөнгөгүй, харин ТТ ордыг барьцаанд тавьж хөрөнгө босгох бололтой.
Хуудас 24. 8.3 (а)

(a) Хөрөнгө оруулагчид болон төслийн компани нь төсөл  хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг олж авах зорилгоор... төслийн хөрөнгө, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлын хувьд барьцааны сонирхол үүсгэх эрхтэй.
Хөрөнгө мөнгө, эдийн засгийн чадавхийн асуудал ялангуяа “дотоодын хөрөнгө оруулагч” нэр зүүсэн “Энержи Ресурс” Корпорэйшн дээр анхаарал төвлөрүүлээд байгаа юм. Их хэмжээний өртэй санхүүгийн чадамжаа алдсан уг компанийн хувьд ямар ч үнээр хамаагүй ТТ ордыг мэдэлдээ авч ордоо барьцаанд тавин хөрөнгө босгох арга л чухам аврал нь болж байна уу гэлтэй.Гэвч энэ нь нэгд үндэсний эрх ашгийг хөсөрдүүлсэн, эдийн засгийн аюулгүй байдалд халтай шийдэл болох тул хүлээн зөвшөөрч болохгүй, хоёрт бизнесийн өнцгөөс харвал санхүүгийн дампууралд ороод буй компанид $250-300 тэрбум доллараар үнэлэгдэх ордоо өгнө гэдэг яав ч зөв шийдвэр биш.

Өмчөө барьцаалан зээл авах эрх зөвхөн өмчийн эзэнд л байдаг бус уу, гэтэл операторын үүрэг гүйцэтгэж буй гэгдээд байгаа “Энержи Ресурс”, “Шэнхуа” компаниуд ТТ-г барьцаалан зээл авна гээд байгааг юу гэж ойлгох вэ?ТТ-д эзэн сууж байгаа юмаа даа.

Монголын ЗГ, Энержи Ресурс хоёр Лондонд шүүхдэлцэнэ

Хуудас 54-55. (d) Арбитрын журмаар шийдвэрлэх
(ii) Талууд улс орнуудын болон бусад улс орнуудын иргэдийн хоорондын хөрөнгө оруулалттай холбоотой маргаан шийдвэрлэх конвенци (цаашид “ХОМШОУ-ийн конвенци” гэх)-ийн дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх ...
(iv) Арбитрын хурал англи хэл дээр явагдана;
(vi) Арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Лондон хотноо явуулна

Эрх зүйн үүднээс үзвэл одоо хийгдэж буй ТТ гэрээ нь улс хоорондын биш тул олон улсын гэрээ гэж үзэхүү үгүй юу гээд маргаж болох үндэслэл бий. Ямартай ч маргаан үүсвэл шууд Лондонд арбитрын хурлаар шийдэхээр заасан нь төслийг хэрэжүүлэгч “Энержи Ресурс” ХХК нь өөрөө (толгой компани ММС нь Хонконгод бүртгэлтэй) гадаад компани юм гэж үзэх үндэслэлийг тодотгож буй хэрэг.

Гэрээний англи хувилбар шаардлагатай

Гэрээний хэллэг нь модон, ойлгомжгүй, ашигласан томьёолол болоод тайлбарууд нь утга авцалдаа муутай зэргээс үзвэл гэрээг анхлан англи хэл дээр үйлдээд мэргэжлийн бус хүн Монгол хэл рүү орчуулсан байх магадлалтай харагдаж байна. Нөгөө талаас гэрээний зарим заалтуудыг зориудаар ойлгомжгүй, учир битүүүлэг яаж ч мушгин тайлбарлаж болохоор орхих нь ҮДК-иудын хувьд зуршил гэхэд хилсдэхгүй тул үүнд гайхах зүйлгүй мэт. Гэрээний нэлээд заалтууд утга битүүлэг, ойлгомжгүй, нууцлаг байгаа бөгөөд чухам эдгээр заалт, томьёо, нэршлийг нягтлан үзэхгүйгээр гэрээг энэ битүү хэвээр баталвал мунхаг хэрэг болно. Тухайлбал, 84-р хуудсан дахь ЗГ-аас хөрөнгө оруулагчдад төлөх нөхөн олговрын тооцоолол (iv), (vi) хэсгүүдэд зардал, алдагдлыг тооцоолох аргачлал нь томьёогоор өгөгдсөн боловч энэ томьёоны тооцооллын үзүүлэлтүүдийн (AWAII, NCA, AХ) тайлбар өгөгдөөгүй, өгөгдсөн тайлбар нь эргэлзээтэй, задаргаа байхгүй байгаа нь гэрээний стандартаас гажууд байна. Чухам тодорхой бус тайлбар, эргэлзээ бүхий заалтууд л луйвар хийх нугалаа, маргаан гарах эх үүсвэр болдог.
Гэрээг уншиж ойлгоход мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, зөвлөгөө гарцаагүй шаардлагатай, гэтэл далд, битүү байлгаж байгаад шууд УИХ-аар оруулан, эсвэл бүр оруулахгүйгээр батлуулна гэдэг тун хачирхалтай асуудал юм. Лондонгийн маргаан таслах Арбитрын шүүхэд англи хэл дээрхи хувилбарыг баримтална.Тиймээс гэрээний англи хэл дээрх хувилбаргүйгээр энэ гэрээг сайтар ойлгох, нарийн деталуудыг гаргах боломжгүй.

УИХ-ын эрхэм гишүүдэд

86 хуудас бүхий энэ гэрээний заалт бүрийг тайлбарлан энэ сонинд нийтлэх боломжгүй, тиймээс Монголд ноцтой хохирол учруулж болох гол гол нугалаа бүхий заалтуудаас дүгнэлт тайлбартайгаар оруулав. Энэ нийтлэлд асуудлын зөвхөн нэг хэсэг л яригдсан гэдгийг ахин санацгаая.

Нийтэд ил болсон гэрээний хувилбар эцсийн хувилбар мөн биш эсэх талаар маргаан дэгдсэн. Тэр бол онц ач холбогдолтой маргаан биш гэж үзэж байна. Магадгүй гэрээний он сар өөрчлөгдсөн байж болно, ганц нэг заалт, үг үсэг өөрчлөгдсөн байж болно, гэвч гол агуулгууд нь өөрчлөгдөнө гэжүү?
Ямартай ч эндээс нэг зүйл тодорхой, М.Энхсайхан тэргүүтэй төслийн баг чухам ямаршуухан гэрээг үзэглэхээр зэхэж байж вэ гэдэг ил болж судлаачид бид дэлгэрэнгүйгээр баримтжуулан танилцлаа. Хэдийгээр төслийг хэрэгжүүлэгч "Монголын тал" гэгдэж буй “Энержи Ресурс” ХХК нь үндэстэн дамнасан корпорац биш боловч гэрээнд тусгагдсан заалтуудаас харвал ҮДК-ын үйл ажиллагааг Монголд хэрэгжүүлхээр зүтгэж буй нь ил байна.

Гэрээг сайтар ойлгоход уг гэрээг үзэглэхэд зөвлөгөө өгсөн гэх, магадгүй гардан гүйцэтгэсэн байж болох KPMG, Deloitte компаниудын гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй бидний эксперт шинжээчид уулзаж ярилцвал илүүтэй ойлголцолд хүрэх буй за. Үүний тулд үндэсний эрх ашгийг хөсөрдүүлсэн энэ гэрээг үзэглэхээр завдсан М.Энхсайхан тэргүүтэй гэрээний төслийн багийг нэн даруй өөрчлөн шинэ баг бүрдүүлэх шаардлагатай. Ямартай ч гэрээг энэ хэлбэрээр явуулбал Монголын талд ашиггүй төдийгүй Монгол Улсад их хэмжээний хохирол учруулах нь тодорхой.

Эрхэм гишүүдээ салбар салбарын мэргэжилтнүүд, шинжээчид, ард түмэн тань та бүхнээс гурван зүйлийг хичээнгүйлэн хүсч байна:

1. Улсад ноцтой хохирол учруулах нөхцөлтэй Таван Толгойн гэрээг УИХ-аар батлахгүй байх

2. М.Энхсайхан тэргүүтэй Таван Толгойн гэрээний төслийн багийг өөрчилж, төслийн багийг мэргэшсэн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгуулах.

3. ТТ-г үндэсний эрх ашигт нийцтэй хэлбэрээр ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой экспертүүдээс бүрдсэн төслийн шинэ багт дэмжлэг үзүүлэх
Бид энэхүү хүсэлтээрээ шийдэл, гарц санал болгож буйг эрхэм гишүүд та бүхэн анзаарна уу. Таван Толгой урагшаа явах ёстой, гэхдээ зөвхөн үндэсний эрх ашигт нийцтэй нөхцлөөр.Бид Оюу Толгой, Чалкогийн гэрээ гээд өмнөх алдаануудаа давтах ёсгүй.Салбар, салбартаа танигдсан эдийн засагч, санхүүч, инженер, хуульчид бидний энэхүү тайлбар, дүгнэлттэй танилцаж баталгаажуулсан болно.

Х.Батсуурь

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан