Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхсайхан сайдын суудал ганхаж эхэллээ

Т.ЦЭЛМЭГ

Таван толгойн гэрээг өнгөрсөн баасан гарагт эцсийн хувилбараар Засгийн газраас оруулж хэлэлцүүлнэ гэсэн хүлээлт үүссэн. УИХ-ын чуулганы хуралдаан ч үдээс хойш нэлээд оройтож эхэлсэн ч хуваарь ёсоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонсох байв. Татварын эрхзүйн орчны талаар мэдээлэл хийх байтал чөлөө авсан учир хойшлуулсан. Эх сурвалж Ерөнхий сайдыг эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө хүссэн гэв. Гэхдээ түүний мэдээлэл Таван толгойн гэрээний төсөлтэй холбоотой асуулга болж хувирах магадлал өндөр байсан болохоор хойш тавьж, танхим дотроо хараахан шийдэлд хүрээгүй байсан уг асуудлаа эцэслэх шаардлага гарсан хэмээх таамаг хэлэх нь ч байлаа. Яагаад гэвэл Таван толгойн гэрээтэй холбоотой маргаан гүйцэтгэх засаглалын тэргүүн, ЗГХЭГ-ын дарга нарын дунд үүссэн тухай мэдээлэл баасан гарагт гарсан. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гэрээг сайн боловсруулсны дараа УИХ-д өргөн барих санал гаргасан бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яаравчилж буй учир тэд маргалдсан гэх. Зарим эх сурвалж маргаан болоогүй хэмээх тайлбар хэлж буй ч Таван толгойн гэрээний төслийг хэзээ өргөн барих талаар албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Харин гэрээг хариуцаж буй М.Энхсайхан сайд “УИХ-ын Тамгын газар баримтын бүрдлийг шалгаж байна. Хуулиар 72 цаг шалгах эрхтэй гэнэ. Хагас бүтэн сайндаа сайхан амраарай, "Нүүрсчид ээ"” хэмээн твиттер хуудастаа бичсэн байлаа. Эндээс гэрээний төслийг өргөн барих нь хүлээгдэж гэж ойлгохоор. Түүний бичсэнээр 72 цагийн хугацаа нь өнөөдөр дуусна. Гэрээний төслийг хараахан өргөн бариагүй учраас УИХ-ын энэ долоо хоногийн хуваарьт ч бичигдээгүй. Гэхдээ яаралтай буюу 14 хоногийн дотор хэлэлцэж баталж өгөхийг Ерөнхий сайд хүссэн учраас төслийг УИХ-ын даргад өргөн баривал дараалал харгалзахгүйгээр авч үзэх нь мэдээж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаа өнөөдөр өргөн барина хэмээн тооцоолж, УИХ дахь нам, эвслийн бүлгээр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаажээ. Таван толгойн гэрээ хоёр ч хувилбараар ил болсон учир танилцаагүй гэх шалтгаан УИХ-ын гишүүдээс хүлээж гарахгүй нь бололтой.
Парламентад суудалгүй намууд ч мөн Таван толгойн гэрээний асуудлаар баасан гарагт байр сууриа илэрхийлсэн. Тэд УИХ-ын дэд дарга Л.Цогт хүргүүлсэн шаардлагадаа “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар түүний баялаг, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Гэтэл Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн Засгийн газар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх ёстой, төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, Монгол Улсын хөгжилд үнэмлэхүй байр суурь эзэлж байгаа Таван толгойн ордыг нэг хөрөнгө оруулагчийн мэдэлд, хязгааргүй давуу эрхтэйгээр өгөхөөр гэрээ боловсруулж, үзэглэх гэж байгааг эсэргүүцэж байна” гээд Таван толгойн гэрээг ард түмнээр хэлэлцүүлэхийг шаардаж, хариуцлагагүй хандаж муу гэрээ хийхээр УИХ болон Засгийн газрын хөтөлбөрүүдийг зөрчиж буй нэр бүхий албан тушаалтнуудыг огцруулахыг шаардсан байна.

Түүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн гэрээний төслийг хариуцаж буй М.Энхсайхан сайдыг огцруулах асуудал өргөн барих мэдээлэл бий. Хэрэв огцруулах асуудал оруулж ирвэл дэмжигдэх магадлал тун өндөр байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд “Ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулахыг санаачлах болно” гэж мэдэгдсэнийг сануулахад илүүдэхгүй болов уу.   

0 Сэтгэгдэл
маш зөв санаа байна, Энхсайхныг энэ үйлдлийнх нь төлөө хорьж шалгах хэрэгтэй, харин хэлмэгдсэн Я.Батсуурийг суллаж даруй ажилд нь оруулаа, тэр эх оронч байдлаар асуудалд хандсныхаа төлөө хоригдсон юм шүү.......
Хамгийн их уншсан