Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Чимэгсанаа: Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэг ч газар хуваарилалт хийгээгүй

Б.ЦЭДЭВ

Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүс өнгөрсөн жил нээлтээ хийсэн билээ. Чөлөөт бүс байгуулахад цаг хугацаа, хөрөнгө их шаарддаг ч нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрчихвэл түүнээс илүү ашиг өгдөг олон улсын жишиг байдаг. Тиймээс Алтанбулагийн чөлөөт бүс хэрхэн үйл ажиллагаа явуулж, ажиллах эсэх нь олны хараанд байгаа. Түүний араас нээлтээ хийхээр Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс шил дарж байна. Дэд бүтэц, зам харилцааны асуудал нь энэ жилдээ багтаад дуусах учраас хөрөнгө оруулагчдаа татах дараагийн шатандаа шилжжээ. Тиймээс тун удахгүй Замын-Үүдэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох нь. Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэр бодлого, зохицуулалтын газрын Чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаатай ярилцлаа.

-Удахгүй Замын-Үүдэд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын уулзалт хийнэ гэсэн. Энэ уулзалтын талаар мэдээлэл өгөөч. Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд одоогоор хэр хэмжээний хөрөнгө оруу­лалт хийгдээд байна вэ?
-Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын чуулганыг энэ сарын 25-нд хийх гэж байна. Хөрөнгө оруулах сонирхолтой аж, ахуйн нэгжүүдийг уриалсан. Одоогоор Замын-Үүд чөлөөт бүсэд хоёр янзын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Улсын төсвөөс зургаан тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Сумынхаа дэд бүтцийг нь сайжруулах багц ажил хийгдэж буй юм. Нэгдүгээрт, дулаан хангамж сайжруулах, хоёрдугаарт, усан хангамж сайжруулах, гуравт цахилгаан хангамж сайжруулах, дөрөвт автозам холбооны чиглэлээр хөрөнгө оруулалт хийгдэж байна. Төслийн хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд эхнээсээ дууссан. Дулааны станц, автозамын ажил ирэх долдугаар сард дуусна. Олон улсын жишиг практикаас харахад эхлээд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг нь бий болгоод ингэх явцдаа хөрөнгө оруулалтаа татдаг юм билээ. Эхний ээлжийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учраас одоо бид хөрөнгө оруулагчаа татах ажлаа зохион байгуулах гэж байна.

-Хөрөнгө оруулагчдад ямар болом­жуудыг амлаж байгаа вэ?
-Бид Замын-Үүдийн хө­рөн­гө оруулагчдын чуулган дээр хоёр, гурван багц арга хэмжээний тухай мэдээлэл өгөх ёстой. Чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг хийнэ. УИХ-аас 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын давуу талуудын танилцуулгыг хийнэ. Мөн газрын харилцаа, хөрөнгө оруулалтын байдал, газартаа ямар зохицуулалт хийх талаар ярих юм.

-Алтан булагийн чөлөөт бүс дээр алдаа гаргасан нэг зүйл нь газраа түрүүлж олгосон явдал байсан. Одоо тэгвэл Замын-Үүдийн чөлөөт бүс дээр энэ алдааг засах нь ээ?
-Алтанбулагийн чөлөөт бүсийн хувьд 2006 онд Үйлдвэр худалдааны сайдын гаргасан тушаал байдаг. Энэ тушаалаар Алтанбулагийн чөлөөт бүсэд хэсэгчилсэн байдлаар хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ дагуу газраа хэсэгчлээд төсөл аваад хуваарилалтаа хийгээд гадаадын иргэнд ашиглуулж, дотоодын иргэнд эзэмшүүлж байсан юм билээ. Тухайн үеийн хүлээж авсан төслүүдийг нарийн шалгаруулалтаар шүүгээгүйн улмаас алдаа мадаг гарсан зүйл бий. Замын-Үүдийн чөлөөт бүс дээр нэг ч газар хуваарилалт хийгээгүй. Тийм учраас бид газрын харилцааны талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө. Нэгдүгээрт, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан газрын харилцааны тухай зохицуулалт бий. Мөн Газрын тухай хуулиа барина. Энэ дагуу чөлөөт бүс дээр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт сайдын тушаалаар батлах гээд төсөл нь бэлэн болсон байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээгээ хэрхэн хийх вэ, хөрөнгө оруулалтаа тогтсон хугацаандаа хийгээгүй бол газрыг нь хадгалах уу, хураах уу гээд бүх зүйлийг тодорхой заасан.

-Хөрөнгө оруулагч төслөө өгнө. Хэрэв шалгарч чадвал бас хариуцлага хүлээх нь байна...
-Яг тэр төсөл дээр маш тодорхой заасан байх ёстой. Графикийн дагуу хөрөнгө оруулалтаа хийгээгүй бол газраа чөлөөлж өгөх болзолтойгоор гэрээний төсөл боловсруулж байна.

-Долдугаар сарын сүүлээр Замын-Үүдийн чө­лөөт бүсийн дэд бүтцийн асуудал шийдэгдээд бү­рэн дуусчихаар бүтээн байгуулалт өрнөх ёстой. Тэр үед хөрөнгө оруулагчид тодорчихсон байх нь ээ?
-Хөрөнгө оруулагчид бүтээн байгуулалтаа хийнэ. Хууль эрхзүй нээлттэй боллоо. Дэд бүтэц ч шийдэгдлээ. Хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдсэн учраас хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаа хийх гэж байгаа юм.

-Энэ удаагийн Хөрөнгө оруулагчдын чуулга уулзал­тад одоогоор хэчнээн хүн, аж  ахуйн нэгж оролцохоор болж байна вэ?
-Хөрөнгө оруулагчид одоогоор бүртгүүлж байна. БНХАУ-ын талаас хөрөнгө оруулагчид ирнэ гэсэн мэдээллээ өгсөн. Одоогоор тэд гэж тоо хэлэх аргагүй. Бид энэ удаагийн чуулга уулзалтаа нээлттэй зохион байгуулж байгаа. Зөвхөн Хятад, Монгол, Орос гэж заагаагүй. Хаанаас хэн ч ирж хөрөнгө оруулагчаар оролцож болно гэсэн үг.

-Хөрөнгө оруулагчид төслөө бариад ирлээ гэхэд манайхаас төсөл хэрэгжиж дуусах хугацаа заах уу. Замын-Үүдийн чөлөөт бүс яг хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхлэх вэ?
-Одоо төслийн талаар ярих боломжгүй. Яг тэр хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар л нарийн мэдээллүүдээ өгнө.

-Казиногийн тухай хуулийг УИХ-аар хэлэл­цүүлж байна. Хэрэв энэ хууль батлагдвал Чөлөөт бүсийн ашиг нэмэгдэнэ. Энэ талаар?
-Чөлөөт бүсийн тухай хуульд “Хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөт бүсэд явуулж болно” гэж заасан. Үүнд нь төлбөрт таваар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулж болно гэсэн байдаг. Гэхдээ Казиногийн тухай хууль хэрхэн өөрчлөгдөж, батлагдах эсэхээс хамаарна. Одоогийн хэлэлцүүлж байгаа хуульд хоёр газар казино байгуулна гэсэн ч Засгийн газраас газрыг нь тогтооно гэсэн. Тэгэхээр чөлөөт бүсэд казино байгуулах эсэхийг Засгийн газраас шийдвэрлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан