Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Нарантуяа: Хот өөрөө санхүүгийн бие даасан төв байх боломжтой


Нийслэлд метро, дэд төвүүд, Туулын хурдны зам гээд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төслүүд хэрэгжих төлөвлөгөө бий. Энэ бүгдийг цогцоор нь шийдэхэд одоогоор 25,4 их наяд төгрөг шаардлагатай. Тэгвэл нийслэлийн удирдлагууд ийм их мөнгө шаардлагатай гэж хойш тавьж, зүрхшээлгүй энэ бүгдийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлнэ хэмээж буй. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяатай ярилцлаа.  

-Нийслэлд хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчдын санал болгож байгаа томоохон төслүүдэд ойролцоогоор хэдий хэмжээний хөрөнгө шаардах вэ. Эдгээр төслийн ач холбогдлынх нь тухай дурдвал?
-Одоогоор бэлэн болсон томоохон төслүүдэд ойролцоогоор 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Мөн үүнээс гадна урт хугацаанд хэрэгжих их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай 20 гаруй төсөл бий. Бидний эхний ээлжинд хэрэгжүүлэхээр боловсруулсан төслүүд нь, нэгдүгээрт гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд төвүүд, метро. Энэ бүгд хотын төвлөрлийг сааруулах авто замын түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Дээр нь хөрөнгө оруулалт татсанаар ажлын байр нэмэгдэж, нийслэлийн иргэд ажилтай орлоготой болно. Урт хугацаанд тогтвортой ажлын байр бий болно гэсэн үг. Дээрх төслүүд энэ олон шалгуурыг хангасан. Мөн нийгмийн шинж чанартай сургууль, цэцэрлэг, амралт зугаалгын болон аялал жуулчлалын бүс бий болгох шаардлагатай байгаа. Тэгэхээр бид энэ төрлийн төслүүд рүү ч анхаарч ажиллаж байна.

-Бизнес эрхлэгч бүрийн гол зорилго бол ашиг олох. Тэгэхээр нийслэлд хөрөнгө орууллаа гэхэд  энэ мөнгөө ямар хугацаанд эргүүлэн нөхөх вэ гэдэг нь тэдний анхаарлыг татаж байгаа байх?
-Мэдээж хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг тооцож, урт хугацаанд тогтвортой байлгах үндсэн шалгуурыг хангаж байж хөрөнгө оруулалт орж ирнэ. Нөгөө  талаас энэ том төслүүдийг гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүллээ гэхэд  төсвөөс нөхөгдөх үү эсвэл тухайн бизнесийг хийж байж гэмээнэ төслийнхөө үр ашгаас төлөгдөх үү гэдэгт олон хувилбар санал болгож байгаа. Тухайлбал, авто зам бол төслөөр төлөгдөж байхад аялал жуулчлалын бүс, Монгол наадам цогцолбор, авто цогцолбор гээд бизнесийн байгууллага бол өөрөө үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалтынхаа өртөг үр ашгийг олох төслүүд дээр төсвөөс бага мөнгө авна гэсэн үг. Ер нь маш олон төрлийн санал хөрөнгө оруулагчдад тавьж байгаа. Ингээд хөрөнгө оруулагчидтайгаа ярилцаад аль төслийг нь хэрэгжүүлэх вэ гэдгийг тооцож байгаад хамтран ажиллана.

-Одоогоор нийслэлтэй хамтран ажиллая гэж ямар байгууллагууд санал ирүүлээд байна вэ. Бизнес эрхлэгчид голдуу барилга, дэд бүтцийн чиглэлийн төслүүд санал болгож харагдсан?
-Маш олон компани санал ирүүлж байна. Тухайлбал, орон сууцны, дулааны, дахин төлөвлөж барилгажуулах, хот тохижилтын төсөл гэх мэт. Эндээс хот тохижилтын төсөл дээр зөвхөн ногоон байгууламж, тоглоомын талбай гэдгээр хязгаарлахгүй хэсэгчилж хөгжүүлэх юм. Ингэхдээ нэг хэсэгт нь амралт зугаалгын бүс нөгөө хэсэгт нь аялал жуулчлал, үйлчилгээ худалдаа эрхлэх бүс гээд ашиг олно. Ингээд ирэхээр тухайн объектод оруулсан хөрөнгө оруулалт нь эргэн төлөгдөх учраас оруулсан хөрөнгөө өсгөх бололцоо байгаа.

-Хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татаж байгаа барилга, дэд бүтцийн салбар нь эргээд богино хугацаанд үр ашгаа өгдөг болохоор хөрөнгө оруулагчид илүү сонирхож байна гэж ойлгож болох уу?
-Янз бүр байна л даа. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хувьд барьж шилжүүлэх төсөл бий. Барьж ашиглалтад оруулчихаад хүлээлгэж өгөөд мөнгөө авна гэсэн үг. Харин бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй төслүүд байна. Жишээ нь үйлдвэр технологийн парк. Энд хөрөнгө оруулагчид нийслэлээс дэд бүтэц тавьж өгч эрхзүйн орчныг нь сайжруулаад тодорхой зөв төлөвлөлт баталж өгөөд үйл ажиллагааг нь эхлүүлэх юм бол хөрөнгө оруулагч маань өөрөө өртөг, ашгаа олох боломжтой. Орж ирж байгаа төслүүдийг харахад манай бизнесийнхэн гадаадын хөрөнгө оруулагч нартай түншилж байна. Нийслэлийн зүгээс хөрөнгө оруулагчдад хууль эрхзүйн баталгааг гаргаж өгөх хэрэгтэй. Мөн хот төлөвлөлт болон бусад эрхзүйн актуудаа бид УИХ-аар батлуулж урт хугацааны хямд эх үүсвэрийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгох хамтран ажиллах шаардлагатай байна. Олон төслийг нэгтгээд багц болгоод олон улсын зах зээл дээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалт татаж санхүүгийнхнь төв болох хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдчих юм бол ямар ч хөрөнгө оруулагч эрсдэлгүйгээр хотын хөгжлийн том төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой.

-Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Тэд бидний талаар тийм ч таатай бус мэдээлэлтэй байгаа. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин таатай бус гэдэг ангилалд багтчихлаа гэж болно. Энэ нь хотод хөрөнгө оруулагчдыг татахад сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна. Энэ тухайд?
-Олон улсын туршлагаас харахад аливаа улсын Засгийн газарт хөрөнгө оруулахаас илүү хотуудад хөрөнгө оруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл, хот харьцангуй бие даасан сайн засаглалтай тогтвортой гэдэг. Мөн хот өөрөө эдийн засгийн маш том эргэлт байдаг. Нийслэл  гэхэд манай улсын ДНБ-ий 70 гаруй хувийг дангаар эзэлдэг. Түүнчлэн банк санхүүгийн томоохон эргэлт энд бий. Тэгэхээр хот өөрөө хөрөнгө оруулагчдын таатай нөхцөл байдаг. Тэгэхээр эрхзүйн актаа УИХ-аар батлуулах юм бол хот өөрөө санхүүгийн бие даасан төв болох боломжтой.

-Хотод хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлсэн амжилттай төслөөс та дурдаач?
-Бид 2010 онд хөгжлийн төлөө түншлэлээр Их тойруугийн 62 байршлыг тохижуулах төслийг анх хувийн хэвшлийнхэнд санал болгоод тэндээс долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт боссон. Энэ хөрөнгөөр Багшийн дээдээс ШУТИС хүртэлх авто зам болон явган замыг засч тохижуулсан. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар газар доорхи гарааш барьсан. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны оршин суугчидтай ярилцаж төлөвлөөд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийгээд газар доорхи гараашийг барьж иргэдэд түрээсэлсэн. Энэ бол хувийн хэвшлийнхэнд ашигтай төсөл.

-Хот энэ чиглэлд хөгжихдөө аль улсын туршлагыг хэрэгжүүлж байна вэ?
-Аливаа бизнесийн амжилттай болох үндэс нь шийдвэрийг уян хатан гаргахад оршдог. Хот захиргаадах хэлбэрээс татгалзаад сайн засаглалыг бий болгож, тухайн асуудлыг хот дангаараа шийдвэрлэхээс илүүтэй хувийн хэвшлийнхэнтэй хамтран саналаа хэлэлцээд шүүж боловсруулаад хамтдаа ажиллах юм. Хувийн хэвшлийнхний ажил төрийнхөөс яагаад хурдан явдаг вэ гэхээр асуудлыг олон талаас нь судлаад хурдан уян хатан шийдвэр гаргадагт учир нь бий. Тэр шийдвэр нь алдаатай бол тухайн үед нь асуудлаа шийддэг. Нийслэл иймэрхүү байдлаар ажиллая гэж байгаа. Бусад хотыг хараад байхад хот өөрөө том корпорацийн бүтэц дээр ажилладаг юм билээ. Бид олон орны нийслэлийн өөрөө удирдах байгууллага болох НИТХ, хотын менежерийн ажиллах зарчим бүтцийн зохион байгуулалтыг ажиглахад томоохон корпорациудын бүтэц, зохион байгуулалттай адил байсан. Үүнд, цалин урамшууллын систем, ажилтан сонгон шалгаруулалт, ажилчдынхаа ажлын үр дүнг үнэлэх гэх мэт нь адил байсан. Хот бүтцээ энэ чигт чиглүүлье гээд Хөгжлийн корпорацийг байгуулахаар болсон. Нэг талд ЗДТГ нөгөө талд нь зэрэгцээд Хөгжлийн корпораци байна. Хөгжлийн корпораци нь бүх төсвийн болон төсвийн бус хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран боловсруулна, батлуулна. Хөрөнгөө ч босгоно түүний эрсдлийг ч гэсэн хамтдаа үүрнэ.

-Нийслэлд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татна гээд яриад эхлэхээр төсөв хүндэрсэндээ л гэсэн хардлага явах байх?
-Хотын төсөв ерөнхийдөө тогтвортой хэлбэлзэлт багатай, тасалдалгүй байдаг. Учир нь, хотын орлогыг нийт хүн амын 70 хувь нь бүрдүүлдэг. Одоогоор нийслэлд 650 мянга орчим татвар төлөгч бий гэсэн статистик байна. Эд тогтвортой байх юм бол хотын орлого тасалдахгүй гэсэн үг. Мөн бид энэ жилээс хотын орлого тасарч магадгүй гэж үзээд хотын мэдлийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар зарахаар шийдсэн. Ер нь хот цаашдаа өөрийн их хэмжээний үхмэл буюу эргэлтэд ордоггүй эргэлтийн бус үл хөдлөх хөрөнгөнөөсөө татгалзах хэрэгтэй. Үүнийгээ зарж борлуулаад хотын төсөвт нэн шаардлагатай байгаа салбартаа чиглүүлэх юм. Мөн хот өөрийнхөө захиргааны зардлыг багасгах шаардлага бол бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан