Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алсын удирдлагатай автомат зөрлөг нэгээр нэмэгдлээ

УБТЗ-ын гол замын 795 дугаар км-т буюу Алтганы гол-Улхын-Овоо хоорондын замд микропроцессорын төв­лөрүүлэлт бүхий алсын удирд­лагатай 31 дүгээр зөр­лөгийг өнгөрсөн долоо хо­но­гийн Пүрэв гаригт ашиг­лал­тад хүлээлгэн өглөө. Ши­нэ зөрлөгийн нээлтэд УБТЗ-ын ерөнхий инженер Г.Сэрээ­нэн­дорж, Тээвэр эрхэлсэн ор­логч дарга Ш.Эрдэнэбулган, До­хиолол холбоо, мэдээлэл эрчим хүчний албаны дарга Л.Гунгаажанцан, Хяналтын ал­баны орлогч дарга Н.Адъяа на­рын албаны хүмүүс болон Алт­ганы гол зөрлөгийн тө­мөр замчид оролцов. За­мын ерөнхий инженер Г.Сэрээ­нэндорж шинэ зөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Зөрлөг 1.5 км урт замтай байдаг.

Энэ удаагийн зөрлөг бол 3.5 км урт замтай, цуваа гэдгээрээ онцлогтой. Цуваа зөрлөг гэдэг нь хоёр талаас ирж байгаа галт тэрэг зогсохгүй зөрөх боломжтой. Зогсохгүй зөрөх боломж бүрдсэнээр хэсгийн хурд сайжирдаг. Түүнийг дагаад техникийн хурд нэмэгдэж, үргүй зардал багасдаг гээд олон давуу талтай. Ялангуяа, ундны ус гаргахаас эхлээд хүн амьдрахад хүнд нөхцөлтэй говийн бүст энгийн зөрлөг байгуула хөндөр зардалтай байдаг тул ийм зөрлөг байгуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

Түүнчлэн энэхүү зөрлөгт гол тоологч тавьж өгснөөрөө өмнөх алсын удирдлагатай зөрлөгөөс илүү дэвшилттэй болсон. Нэгдүгээр хэлбэл, энгийн зөрлөгийн жижүүр галт тэрэгний сүүлийн дохиог харж, бүрэн бүрэлдэхүүнээрээ явж буйг нь шалгадаг байсныг техникийн дэвшилтэт аргаар хялбаршуулж,  илүү боловсронгуй болгосон гэсэн үг. Энэхүү орчин цагийн дэв­шилтэт технологийг нэвт­рүүлэхэд Дохиолол хол­боо­ныхон, инженер техникийн ажилтнууд,  замчид,  хөдөл­гөөнчид гээд хүн  бүхний сэтгэл зүрх, хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг нэн түрүүнд дурдах нь зүйтэй. Ер нь,  дэлхий дахинд ийм контенерийн технологи руу шилжиж байгаа. Уул уурхайн салбарт ч  ийм систем ашиглагддаг. Тиймээс цаашид бид зөрлөгүүдээ энэ системд шилжүүлж Улаан-Уул өртөөнд төвлөрүүлсэн  “Мини ДЦ”  барих төлөвлөгөө бий. Орчин цагийн хөгжилтэй хөл нийлэн алхахад гар бие оролцож буй та бүхэндээ баярлалаа”  гэв.

УБТЗ-ын техникийн ши­нэчлэлийн хөтөлбөрийн хү­рээнд 2014-2015 он хүртэлх хугацаанд ийм төрлийн гурван зөрлөг нээхээр төлөвлөсөн бөгөөд ийнхүү анхных нь ашиглалтад орлоо.

Одоогийн байдлаар Улхын-Овоо-Алтганы гол, Сайншанд-Түшлэг, Түшлэг-Өргөн хоорондын замуудын нэвтрүүлэх чадвар тэгш чиглэлд 13 хос галт тэрэг, сондгой чиглэлд 12 хос галт тэрэг бөгөөд төмөр замчид энэ онд багтаан 894, 916 дугаар км-т дараагийн хоёр зөрлөгийг ашиглалтад оруулснаар Айраг-Сайншанд-Замын-Үүд хэсэглэлд тэгш чиглэлд 20 хос галт тэрэг, сондгой чиглэлд 19 хос галт тэрэг болж, нэвтрүүлэх чадвар 54 хувиар нэмэгдэх юм. Нэг үгээр хэлбэл,  тээх чадвар тухайн хэсгүүдэд тэгш чиглэлд  8754.3 мянган тонн,  сондгой чиглэлд 5049.32 мянган тонноор нэмэгдэнэ гэсэн үг. Дээр дурдсанчлан,  гол тоологч тавьснаа галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй өнгөрсөн эсэхийг хянах, зэргэлдээ өртөөнд галт тэрэгний мэдээлэл урьдчилсан байдлаар очих боломжийг тус тус бүрдүүлж өгчээ. Мөн 31, 41 дүгээр зөрлөгийг цувраа байрлалтай байгуулснаар урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг зогсолтгүй зөрөх,  эдгээртэй холбогдуулан нэвтрүүлэх чадварт эерэгээр нөлөөлж, түлш хэмнэгдэх гээд олон давуу тал гарч буй. Эдгээр ажил нь цаашлаад хос замтай болохын бэлтгэл ажил болохоороо онцлогтой.

Мөн энэ үеэр Замын тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган “Энгийн зөрлөг нээхэд зөрлөгийн дарга, дөрвөн жижүүр, холбооны механик, замын мастер гээд хамгийн наад зах нь 8-10 хүн ажиллана. Тэдгээрийн байр, орон сууцны асуудлыг шийдэх хэрэгтэй гээд одоогоос дөрвөн жилийн өмнөх тооцоогоор таван тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Мөн урсгал зардал гарна. Ингээд бодохоор алсын удирдлагатай зөрлөг нь асар их зардал хэмнэж байгаа. Алтганы гол зөрлөг хуучин тавдугаар зэргээр ангилагддаг байсан бол шинээр ашиглалтад орсон зөрлөгийг давхар удирдан ажиллах үүрэгтэй болж байгаа учраас гуравдугаар зэрэгтэй болсон.

Үүнийг дагаад тухайн ажилтнуудын хөдөлмөрийн хөлс ч тодорхой хувиар нэмэгдэж байгаа. Өмнө нь ашиглалтад оруулсан алсын удирдлагатай зөрлөгтэй харьцуулахад өнөөдөр манай залуус ийм хэлбэрийн зөрлөг дээр ажиллаад, дадлага, туршлага суусан байна. Зөрлөгийн дохиолол холбоог хариуцаж байгаа инженер техникийн ажилтнууд ч харьцангуй туршлагатай болж.

Анх мэдэхгүй, чадахгүй зүйл мэр сэр гарч байсан бол одоо тийм зүйлгүй болсон байна. Түүнчлэн, энэхүү зөрлөг нь өмнөхөөсөө мэдээлэл, аюулгүй байдлынхаа тухайд илүү боловсронгуй болсон.

Энэ бүгдээс харахад алсын удирдлагатай зөрлөг УБТЗ-ын хэмжээнд нутагшиж буйн илрэл юм” хэмээв.

Алтганы гол зөрлөгийн дарга Н.Чулуунчимэг “31 дүгээр зөрлөг нь манайхаас 16 км-ын зайд байрладаг. Алсын удирдлагатай зөрлөгийн гол онцлог нь гэвэл тухайн зөрлөг дээр аюулгүй ажиллагааг хангах зорилго бүхий нэг ажилтнаас өөр хүн байх шаардлагагүй.

Нэг үгээр хэлбэл, уг зөр­лөгийн бүхүй л ажиллагааг ма­най зөрлөгөөс хянаж, нэг цэгээс хоёр зөрлөгийн үйл ажиллагааг удирдаж болд­гоороо давуу талтай. Зөрлөгийн бүх үйлдлийг комьпютерээр гүйцэтгэж байгаа нь ирээдүйд хос замтай болохын эхлэл юм гэж ойлгож болно” хэмээн ярилаа. Түүнчлэн, орчин цагийн дэвшилтэт технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй залуу үеэрээ бахархаж буйгаа тус зөрлөгийн ахмад ажилтнууд дурдаж байлаа.

Микропроцессорын төвлө­рүү­лэлтэй алсын удирдлагатай зөрлөгийн замыг Замын ан­гийн замчид барьж, до­хио­лол холбооны тоног тө­­хөөрөмж суурилуулах аж­лыг Дохиолол холбооны ангийн ажилтнууд ОХУ-ын “Бомбардьер Транспортейшн” компанитай хамтран гүйцэтгэсэн байна.

Энэ тухайд тус компанийн бригадын ахлагч Н.В.Шуткин “2013 онд алсын удирдлагатай  857 дугаар зөрлөгийг анх ашиглалтад өгсөн. Харин энэ онд дээрх ажлынхаа үргэлжлэл болгож 31 дүгээр зөрлөгийг ашиглалтад өгч байна. Энэ онд үргэлжлүүлээд  39, 41 дүгээр зөрлөгийг ашиглалтад оруулна” гэв.

Б.Дэлгэрхишиг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан