Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Цэрэндолгор: Монголын их говийг тэмээгээр туулж Шиньжян, Уйгар орохыг мөрөөддөг

Б.ЦЭДЭВ

Цэнхэр үст Цэрэнтэй уулзлаа. Уг нь эцэг, эхээс хайрласан нэр нь Цэрэндолгор ч гэсэн цэнхэр үсээр имижээ хийж, “Цэрэн турс” компаниар овоглосон түүнийг өдгөө Цэнхэр үст Цэрэн гэдэг нэрээр нь олон хүн таньдаг болж. Тэрээр хойд туйлд зохиогдсон нохойтой чарганы аялалд оролцоод эх орондоо ирсэн билээ. Сошиал санал асуулгаар уралдаанд орохоор бүртгүүлсэн 900 гаруй хүнийг нийт 38500 гаруй саналаар түрүүлж монголчуудын эв нэгдэл, итгэлийг өвөртлөөд явсан түүний аяллын сонин сайхныг манай сонин хамгийн түрүүлж уншигчиддаа хүргэж байна.

Болзсон цагтаа Цэнхэр үстээр овоглодог “Кафе Амсдардам”-д очлоо. Тэрээр биднийг угтаж уулзаад сүүлийн үеийн сонингоосоо хуваалцсан юм. Өнчирсөн Палестин хүүхдүүдэд туслах, хорт хавдартай хүүхдийн эмнэлэг босгох зорилго өвөртлөн дэлхийгээр моторт дугуйгаар аялж байгаа найз Виссамын тухай ярилаа. Виссамын эхнэр Цэрэн рүү Дубайгаас мэйл бичжээ. Учир нь, Виссам Баянхонгорын нутгаар аялж явахад моторт дугуй нь эвдэрч төөрчээ. Үүний дагуу Цэрэн нутгийн иргэдтэй холбогдож аялагч залууг аварсан гэнэ. Энэ сонинг дуулаад “Та ер тайван байхгүй хүн юм аа. Үргэлж адал явдалтай учирч байх юм” гэтэл урдаас “Би нэг юм эхэлсэн л бол ажил болгох дуртай. Бусад хүмүүс шиг заавал гурав, дөрвөн хуудас төлөвлөгөө бичээд суудаггүй. Хэдэн утас цохиод, жаахан бодоход л ажил бүтчихдэг” хэмээн ярив. Гэхдээ энэ сонинг жаахан хойш тавиад бидний аяллын сонин сайхныг хуваалцах ярилцлага эхэлсэн юм.

-Нохойтой чарганы аял­лыг түүхэнд байгаагүй­гээр нь өрсөлдөөнтэй бол­гож бусад орон гэдэг төрөлд сошиал санал асуулгаар та ялагч болж аялаад монгол хүний тэсвэр хатуужлыг харуулаад ирлээ. Баяр хүргэе?
-Санал асуулгыг өрсөл­дөөн­тэй болгосон нь үнэн. Би нэг ном авч ирэх гээд мартсан байна. Биднийг очиход бүгдэд нь зориулсан “Fjällräven Polar” гэсэн ном гаргаад бэлдчихсэн байсан. Би чамд өгөх ёстой байлаа. Тэр номонд аяллын түүхэнд өрнөсөн сонин содон зүйлийг бичсэн байсан. Тэр дундаа өнгөрсөн жил бусад орон гэдэг төрлөөс хамгийн их санал буюу 28 мянган хандалт авсан Эстони улсын иргэн Катрина Сок гэж бүсгүй надад бууж өгөөд санал асуулгаас нэрээ татсан миний найзын тухай бичсэн байсан. Тэгэхээр 2016 оны түүхэнд Цэрэн Энэбиш-Монгол гээд бичигдэх нь л дээ. Энэ ном маань энэ тэнд цөөхөн тараагдах болохоор Монгол гэсэн нэр жижигхэн зүйл дээр ч гэсэн гарах юм. Би ямар олимпын медаль авсан биш. Дэлхий ертөнцөд нэрээ дурсгасан биш. Гэлээ гэхдээ л тэрүүхэн тэр аяллын ертөнцөд Монгол гэсэн нэрийг гаргачихаж байгаа юм.

-Аялал зохион байгуулагдсан 14 жилийн түүхэнд анх удаа Монгол гэдэг улсаас хамгийн олон сошиал санал авсан хүн нь гээд ийм жижигхэн хүүхэн яваад очихоор зохион байгуулагчид хэрхэн хүлээж авсан бэ?
-Надад дэндүү сайхан хүндэтгэлтэй хандсан. Онцгойлж харилцсан. Юм болгон дээр эхлээд Швед, Польш гэж ярихгүйгээр Монголоос ирсэн гээд л ярина. Зохион байгуулагчид сонин дээр ярилцлага өгөхдөө заавал Монголоос анх удаа оролцож байна гэх жишээний. Тийм хүндлэл нь гоё байсан.
Миний бие хааг ч голсонгүй. Аялалд явсан хүмүүсээс ганцаараа таван нохойтой. Бусад нь дандаа зургаан нохойтой байсан. Нохой нь хүчтэй болохоор миний жин багадаад хөтөчөөсөө түрүүлж явах гээд л. Эхний өдөр зургаа байсан ч дараа өдрөөс нь тав болгосон. Манай хөтөч Норвеги улсын нэртэй аялагч байлаа. 30 жил нохой чаргаар уралдаад бүр гаршчихсан юм билээ. Хөтөч маань надтай хэдхэн үг солиод л “Цэрэн би чамд ямар нохой өгөхөө мэдэж байна” гээд “Би чамд дайчин, эм нохой өгнө” гэсэн. Нохой бүр маань өөр өөрийн зан аягтай. Хоёр нь манлайлагч дайчин байхад голын нэг нь бусдыгаа харсан, сүүлийн хоёр нь ичимхий.

-Анх очиход чинь 210 нохой та бүхнийг угтсан талаар фейсбүүк хуудсаараа мэдээлсэн. Тэр нохдыг хаана хэн бэлтгэдэг юм бэ?
-Ер нь, нохой чарганы аялал Норвеги, Швед, Финлянд улсад илүү хөгжсөн. Өвлийн спорт болсон учраас нохойгоо хайрлаж, үржүүлдэг юм билээ. Мөн үүнийг дагаад өвлийн аялал жуулчлал их хурдацтай хөгжиж байна. Тэдгээр нохойгоо хэд хэдэн хоршоодоос татсан юм билээ. Хамгийн олон нь 65 нохойтой хүн бий гэж байсан.

-Ноход хоорондоо ойлголцож байж урагшлана. Мөн таны оролцоо ч энд чухал. Анхан шатны сургалтад хамрагдсан гэсэн. Тэр сургалтын талаар?
-Нохой чарга бол морьтой адил биш. Ноход зэрэгцээд уралдах боломжгүй. Зэрэгцэхээрээ уралцаад байдаг юм билээ. Хөтөч урд замчлаад явж байгаа. Ноход ч өөрсдөө замаа сайн мэдэх юм. Тэдний үүрэг бол хэлээ унжуулаад л хурдлах. Ядрана ч гэж байдаггүй бололтой. Миний хувьд тэднийг баруун, зүүн гэж командлаад, тоормос барих үүрэгтэй. Хөтөчдөө хоёр метрээс дотогш ойртохгүй ч гэх зэрэг жижигхэн заавруудтай л явсан. Би багийнхаа цувааг үргэлж ахалж явсан. Миний өмнө хөтөч явна.

-Та бүхнийг дөрөв дөрвөөр нь баг болгосон гэсэн. Танай багийнхан хамгийн сонирхолтой хүмүүс байсан юм шиг санагдсан. Багийнхныхаа тухай яриач?
-Манай багт Шведийн хоёр иргэн, Польшийн нэг эмэгтэй багтсан. Польш эмэгтэйн хувьд их сонирхолтой. 25 настай бүсгүй. Олон жилийн өмнө асар том осолд ороод сонсголын бэрхшээлтэй бол­сон ч тархиндаа суури­луул­сан аппаратны тусламжтайгаар сонсдог. Тэгсэн мөртлөө бурх­наас өгөгдсөн гайхалтай авьяастай. Зураг зурах, уран сэтгэмж нь гайхалтай. Гэхдээ хүмүүсээс айдаг, ойртож чаддаггүй.
Бид дөрвийг нэг багт оруулсан нь Шведийн телевизийнхэн энэ удаагийн аялалд оролцсон 28 хүнээс бид дөрвийг сонгосонтой учраас тэр. Хүн тус бүрийн хөрөг нэвтрүүлгийг хийхээр бичлэг хийсэн.

-Тэгвэл танай багт багтсан нөгөө хоёр гишүүн ч гэсэн их сонирхолтой хүмүүс байж ээ?
-Дөрвөн тэс өөр хүн сонгосон байсан. Нэг нь зочид буудлын эзэн. 52 настай маш нямбай, няхуур, цэвэрч хүн. Тэрний хамтрагч буюу майхнаа хамт босгоод хамт унтах хүн нь хөгжимчин. Уран бүтээлчид ямар байдаг билээ. Хойшоо суусан, залхуу ч юм шиг, унтаа ч юм шиг, орой болохоор амьдрал нь идэвхиждэг, байгаль дээр гарч байгаагүй тийм л хүн байсан. Гэхдээ маш хөгжилтэй. Дандаа онигоо ярина. Инээлгэнэ.
Польш охин бид хоёрын хувьд харилцаан дээр жаахан асуудалтай байлаа. Хэдийгээр зураач, гэрэл зурагчин гээд олон талын авьяастай ч гэлээ хүмүүстэй хаалттай харилцдаг учраас майхан босгох гэсэн ч Цэрэн ганцаараа, цасан дунд нүх ухаад унтах бол бас л Цэрэн ганцаараа ухдаг. Хоолоо идээд суусан ч Цэрэн ганцаараа. Энэ удаагийн нэвтрүүлэг нь их сонин зохиомжтой болох байх. Уг нь нэвтрүүлгийнхний зүгээс баг болж, нэгэндээ тусалж аялах талаар үзэгчдэд мессэж өгөх зорилготой. Гэхдээ одоо нэвтрүүлгийн продюсер, найруулагч нь хэрхэн хийж гаргах юм бүү мэд.

-Ямар ч байсан хүйтэн газар байна. Нохойтой чаргаар аялна гэсэн төсөөлөл байсан. Эхний өдрийн аялал хамгийн тод мэдрэмжийг өгсөн байх?
-Сектуна гээд Шведийн эртний нийслэл болох түүхт хотоос аялал эхэлсэн. Маш жижиг хот. Төрийн ордон нь л гэхэд чи бидний сууж байгаа “Кафе Амсдардам”-ын тал шиг. Тэндээ дээр үед хууль зөрчсөн хүнийг хорьдог шорон нь ч байсан ч гэх. Тийм хөөрхөн жижигхэн хотод очсон. Тэнд хоёр өдрийн эрчимтэй сургалт хийлээ. Нохойтой харьцах болон хамгийн гол нь хүйтэнд хэрхэн тэсвэртэй байх талаар зааж зөвлөв. Хүйтэнд оюун бодлоо залж чадвал даардаггүй. Гэсэн ч төлөвлөөгүй олон зүйл болж байгаа юм. Нэн ялангуяа туйлын цаг агаарыг таамаглах аргагүй. Цас орно гэж байтал шуурчихсан. Тэр шуурган дундуур нохой чаргатайгаа явах нь аймшигтай ч гэмээр, сонин ч гэмээр үзэгдэл. Эхний өдөр миний амьдралд хэзээ ч мартагдахгүй үлдсэн. Сааралтсан  шуурган дундуур чарган дээрээ зогсоод явахад хамгийн ард талын нохой л харагдаж байгаа юм. Тийм шуурган дундуур явахаар нохойнууд маань уурлаад ч юм уу, догдлоод хаа хамаагүй зүтгэнэ. Зүг чигээ алдана. Тэд давхиж л байгаагаас миний ард хүн сууж байгаа гэж мэдэхгүй. Чулуун дээр үсрэхэд хийсээд л явчихаж байгаа юм. Чарга машин биш учраас айхтар гэмтэх нь бага. Нохойнууд маань Цэрэн уналаа гэдгийг мэдэхгүй учраас би гэдэг хүн унасан ч чарганаасаа хүчтэй зуурсан. Чирэгдээд явж байтал намайг хэн нэгэн зогсоолоо. Хэн юм бүү мэд. Хэн байсныг нь би дараа нь ч ойлгоогүй. Хөтөчүүдийн нэг л байсан байх. Мэргэшсэн хүн л санагдсан.

-Эхний өдрөөс л ийм хүнд бэрхтэй тулгараад ирэхээр шантарч байв уу?
-Явахаас өмнө зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл сайн өгсөн. Аяллаа зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй байна. Энэ бол эхний өдөр. Эрсдэлтэй гээд анхааруулсан учраас сэтгэл санааны бэлтгэлтэй байлаа. Эхний өдөр ингэж бүтэлгүйтээд майхандаа хонох байсан ч больсон. Хоёр цаг гаруй автобусаар яваад урцан буудалд очиж хонолоо. Эхний өдөр үхэл, аюулын тухай бодоогүй хүн байгаагүй юм билээ.

-Маргааш нь цаг агаар дээрдсэн үү?
-Үгүй. Эхний өдрөөс арай гайгүй болсон ч нэг өдөр алдсан учраас хамгийн эрсдэлтэй замаа хасахаар ярилцсан. Хоёр дахь өдрөө автобусаар гурван цаг яваад аяллаа үргэлжлүүлнэ гэсэн ч Норвеги, Шведийн хил хаагдаад арван цаг хүлээсэн. Цас их ороод, унаа явах боломжгүй гэж үзвэл хилээ хаачихдаг юм билээ. Ганц бид ч биш явсан хүн бүр хилээ нээгдэхийг тэвчээртэй хүлээдэг. Тэр өдрөө дахиад алдчихсан учраас шөнө явах шаардлагатай болсон. Шөнийн нэг цагт майхнаа бариад, нохойгоо хооллоод, унтчихаад үүрээр таван цагт босоод л цааш явсан даа.

-Буудаллах үедээ өөр өөрсдийн нохойгоо маллах юм уу?
-Тэгнэ. Аяллын турш авсан юм бүхэндээ эзэн болно. Цангах уу, цангахгүй юу, өлсөх үү миний өөрийн л асуудал. Нохойгоо хооллох уу, үгүй юу  бас л миний асуудал. Гэхдээ нохойгоо сайн давхиулах юм бол сайн хоол өгөх шаардлагатай. Нохой өөрөө хичнээн хүчтэй ч хунгар цасанд явж чаддаггүй юм билээ. Тэр үед Цэрэн өөрөө чарган дээрээсээ буугаад түрээд гүйнэ.

-Тэгж нэг Шведээс аялал эхэлсэн байна...
-Шведээс шөнө нь аялал эхлээд маргааш, нөгөөдөр өдөржин явсан. Яг явах ёстой зайндаа явж чадаагүй. Гэсэн ч үзэх юмаа бүгдийг нь л үзсэн. Сүүлээсээ хоёрдахь шөнө туйлын туяаг харсан. Солонго шиг. Их сонин. Сөөлжилсөн олон туяа гараад л. Байгалийн нэг сонин л үзэгдэл юм билээ.

-Аяллын турш сэтгэлд үлдсэн зүйл юу байсан бэ?
-Цэрэн өөрөө их харил­цаанд дуртай. Хүн байгаль, хүн амьтан, хүн хүний харилцаа гээд. Тэнд олон сонирхолтой хүмүүстэй танилцсан. Норвеги, Шведийн аяллын том фермүүдийн захирал, мөн нохойтой чарганы аяллын түүхэнд домог болж үлдсэн хүмүүстэй уулзсан. Энэ нь надад маш сайхан байлаа. Мөн аялалд явна гэсэн үеэс эхлээд л хаски нохой гэж ямар амьтан байдаг юм бол гэж бодох болсон юм. Намайг харахад монгол маягийн үүлдрийнх хэрнээ яг тийм гэж тодорхойлох аргагүй. Бүгд өөр өөр. Би өөрөө ч яг ямар төрлийн нохой гэдгийг нь ойлгоогүй. Ер нь бол гүйх дуртай. Гүйхээрээ аз жаргалтай болдог, хүйтэнд тэсвэртэй л нохой юм байна.
Орой бүр нохойнуудаа зэллээд уяж хоноод өглөө чаргандаа хөлөглөнө. Чарганд хөлөглөхөөр л үсэрч дэвхрээд баярлаад, дагуулж хараад, их хөөрхөн. Өглөө бол аваад л давхичихна. Эхэндээ гэнэдээд нохойнуудаа алдчих гээд эвгүй л юм билээ.

-Аялал өндөрлөөд Швед дэх монголчуудтай уулзалт хийсэн. Тэнд амьдарч бай­гаа монголчуудын талаар яриач. Тэд бол таниар маш их бахархаж, таны амжилтыг хамгийн ойроос мэдэрч байгаа монголчууд гэдэг нь сошиалиар сэтгэгд­лээ илэрхийлж байгаагаас нь харагдсан?
-Манайхан голцуу орой­гоор ажилладаг юм байна. Зар тавьсан ч цөөн хүн ирэх байх аа гэж надад хэлсэн л дээ. Миний хувьд сэтгэл хангалуун л байна. Зуу гаруй хүн ирсэн. Швед дэх монголчуудын амьдрал дажгүй сайхан байна. Хууль тогтоомж нь зөв явж байгаа газар манайхан өрсөлдөх, амьдрах чадвартай гэдгээ харуулж байна. Энэ жишээг сүши ресторануудаас нь харж болно. Монголчууд “атгачихаж”. Тэнд оршин суух эрхээ зүй зохисоор нь авсан учраас их сайхан амьдрах юм билээ. Тэд “Та энэ удаагийн уралдаанд орж, сошиал санал асуулгаар тэргүүлсэн нь бидний байдлыг маш сайхнаар харуулж өглөө. Монгол гэж ийм дайчин улс байдаг шүү гэдгийг таниулж өгсөн учраас бид таниар бахархаж байна” гэсэн. Энэ бол уралдаанд явна гэж төлөвлөснөөс хойш сонссон хамгийн том урмын үг байлаа. Харь оронд амьдарч байгаа элэг нэгтнүүддээ энэ аяллаар дамжуулан итгэл өгч чадсандаа баяртай байна.

-Норвеги, Шведийн өвлийн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа талаар дээр ярьсан. Тэд хүний сонирхлыг татаж чадаж байх шиг. Тухайлбал мөсөн буудал их сонирхолтой санагдсан. Манайд өвлийн аялал жуулчлал хөгжих нь хэр хол юм шиг харагдсан бэ?
-Швед хүмүүс харахад хөндий, харилцааг эрхэм­лэдэггүй юм шиг харагддаг мөртлөө улс орны бодлого, үйл ажиллагаа гайхалтай байна. Тухайлбал, Шведэд сурч байгаа монгол хүүхдүүдэд өнөөдөр эх хэлээ сурах ёстой гээд тусгайлан монгол хэл зааж байна. Энэ зардлыг Шведийн Засгийн газраас гаргадаг гэнэ. Би энэ тухай сонсоод их атаархсан. Монгол хүүхдүүдийг Монголд нь гадаад хэлтэй сургуульд өгчихөөр монгол хэлээ мартчих гээд байдаг. Би энэ байдлыг өөрийн жишээн дээр харж байгаа. Гэтэл тэнд эх хэл хамгийн чухал. Бид алдсан ч засахын аргагүй болтол нь явах юм. Тэнд Эрүүл амьдрах ухаанаа манайхан олжээ. Шведэд гадаад, дотоод гэлгүй иргэдийнхээ өвчнийг үнэгүй эмчилдэг учраас эрүүл мэндийн шалтгаанаар үүднээс амьдардаг хүмүүс ч байна.
Өвлийн аялал жуулчлалыг манайхтай харьцуулах юм биш. Манайд зун аялахад ч хэцүү. Чиний хэлсэн мөсөн буудал 25 жилийн өмнө баригдсан юм билээ. Жил бүр дахиад л барьдаг. Намайг очиход хайлаад эхэлсэн байсан. Монголоос сийлбэрчин хүртэл тэр буудлыг барихад оролцсон байна. Африкийн оронд аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохдоо хүртэл мөсөөр баримал хийж үзүүлсэн гэхээр төсөөлөх аргагүй. Зүгээр голын мөсөө хүртэл экспортлодог. Би аялал жуулчлалын салбарт хичнээн жил явж байгаа билээ. Олон жил явахаар залхах юм. Шведэд бол мөсөн зочид буудал барих шиг том төсөл санаачиллаа гэхэд асар бага хүүтэй зээл өгдөг. Хамгийн гол нь улсаас бодлогоороо сайн дэмждэг. Одоо тэр Тэрэлжид байгаа нохой чаргатай залуу байна. 60 гаруй нохойтой болсон гэж байна. Энэ жил олон хүн үйлчлүүлсэн л гэсэн. Гэхдээ л энэ залуу нуруугаа автлаа битгий яваасай. Тэр мөсөн буудал барих санаа шиг Монголд нохойтой чарга хөгжүүлэх “галзуу” санаа төрж чадсан. Үүнийг анхаардаг төр засаг байгаасай. Банкууд аялал жуулчлалынханд зээл өгөх дургүй. Учир нь бид чинь хоосон хүмүүс. Тэр нохойг ямаатай адилхан үнэлээд зээл олгох уу, үгүй юу би мэдэхгүй байна. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бас нэг чухал зүйл бол хувцас хэрэглэл. Тухайлбал миний оролцсон шиг аялал Монголд хийе гэхэд тийм чанартай хувцас, хэрэглэл хаанаас олох юм бүү мэд гэх мэт шийдэх олон асуудал харагдсан. Манай аялал жуулчлал хүнд байна. Над шиг 20 жил явчихаад эргээд харахад юунд явснаа ч ойлгодоггүй хүмүүс цөөнгүй байна шүү.
 
-Түрүүн та эхний өдөр үхэл бодоогүй хүн байгаагүй гэсэн. Маш олон хүний итгэл даагаад явсан учраас үхэж болохгүй гэж бодогдох юм уу?
-Тийм гүн агуулгатай зүйл бодохоосоо илүү нисчихгүй юмсан л гэж бодсон. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн дэргэд хүн гэдэг ямар өчүүхэн юм бэ гэдэг нь л харагдаж байгаа юм. Хамаг булчин шөрмөсөө чангалаад чарганаасаа зүүгдээд л уначихгүйг хичээгээд...
Ийн ярилцаж суутал Цэрэнгийн утас дуугарлаа. Орон нутгийн дугаараас ярьж байгаа аж. Баянхонгороос ирж байгаа тээврийн жолооч. Тэрээр моторт дугуйгаар аялагч залууг нийслэлд авчирж яваа гэнэ. Цэрэнг Виссамтай холбож өглөө. Виссамтай Цэрэн хэсэг яриад “KTM загварын мотоциклийнх нь нэг боолт хугарсан гэнэ. Мань эр энэ сарын 27-нд Владивосток орох ёстой учраас их бухимдалтай яваа гэнэ” хэмээн тайлбарлав. Аяллын сонин сонссон учраас аялагч Виссамын талаар түүнээс жаахан сонирхсон юм.

-Виссам мотоциклоор аялаад ямар замаар мөнгө босгож эмнэлэг барих гэж байгаа юм бэ?
-Виссам өөрөө Арабын иргэн ч гэсэн Палестин гаралтай залуу. Тэрээр Палестинд дайнд нэрвэгдсэн өнчин өрөөсөн, хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмчилгээний төв байгуулах зорилго тавьсан юм. Хөрөнгө босгохын тулд бооцоо тавьсан. Хүмүүс сайн ойлгодоггүй л дээ. Зарим нь Монголоос ирээд мөнгө гуйх гэж байгаа юм шиг ойлгох нь ч байна. Гэтэл үгүй. Арабын баячууд дунд би тэндээс тэд хоногийн хугацаанд тэнд хүрчихвэл тэдэн төгрөг өг. Чадахгүй бол манайх чамд тийм мөнгө өгье гээд тохирчиж байгаа юм.

-Нэг ёсондоо баячуудын зугаагаар хөрөнгө босгож байна гэж ойлгож болох уу?
-Олон нийтийн төлөө л тэрийгээ зарцуулж байгаа шүү дээ.

-Таны хувьд тэр эмнэлгийг босгох зардалд гар бие оролцчихлоо...
-Миний оролцоо юу байхав. Манай улсаар ийм залуу өнгөрч байхад хэвлэлийнхэн ярилцлага аваад ийм санаа байж болох юм гэдгийг мэдрээд үлдэх нь чухал. Магадгүй манайхаас ч ийм залуу гараад ирэх юм билүү. Би ч гэсэн заримдаа боддог л доо. Монголын говь цөлийг тэмээгээр гатлаад Шиньжян, Уйгар орохсон гэж. Ганцхан бэрхшээл бол цаг агаарын хүнд байдал биш, эрсдэл ч биш. Тэнэг хүн тэг дундуур нь гэдэг шиг эрсдэлийг тооцохгүй явж болохгүй л дээ. Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь би тэмээгээ тэнд орхиод буцах уу гэдэг л байна. Тэмээ маань хайран санагдаад, тэмээгээ унаад буцах гэхээр бас хүнд. Ийм том аялал хийх нь миний мөрөөдөл. Монголчууд хэлмэгдүүлэлтийн үед Говь-Алтайгаас тэмээгээр Өвөр Монгол руу овог, аймгаараа дүрвэж байсан. Тэр их говийг гатлаад үхэх нь үхээд явж байсан юм билээ. Хоол тэжээл маань өөрчлөгдсөн энэ үед тийм зориг гаргаж чадах хүн байхгүй л дээ. Хэрэв би энэ аяллыг хийж чадвал хоёр хүүдээ хийж өгч байгаа хамгийн том зүйл болно. Тэдэнд байгаль дээр хүн хэрхэн шалгарч үлддэг вэ гэдгийг заахсан гэж мөрөөддөг. Олон жил мөрөөдөж байна. Тэгээд яг явна гэхээр ээж маань байна. Нөхөр бол хорьж дийлэхгүй. Ач байна. Ганцаараа байсан бол ч өөр л дөө.

АРДЧИЛАЛ сонин

0 Сэтгэгдэл
chamaas l teneg baiv gej....ataarhaad shees n goojloo yu
Teneg awgai shde. Tsalingaa ugduggui hydalch hunii huls huchiig muljigch
chamaas l teneg baiv gej....ataarhaad shees n goojloo yu
Хамгийн их уншсан