Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 16 дугаар байрыг нураах эсэхийг шийднэ

Б.МЯГМАР


 Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны 50 айлын 244 оршин суугчийг Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 22-нд зочид буудлууд руу нүүлгэн шилжүүлээд байгаа. Учир нь 16 дугаар байрны зүүн талд  “БИ ЖИ БИ ЖИ” ХХК барилга барихаар газар ухаж, үүнээс үүдэн хөрсний нуралт үүсч, тус байр нурах аюулд хүрээд байгаа. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо уг асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. “БИ ЖИ БИ ЖИ” компани анх  2008 оны нийслэлийн Засаг даргын 565 тоот захирамжаар 3000 ам.метр газрыг эзэмшсэн байна. 2014 оны хоёрдугаар сард газар эзэмших эрхийг нь нийслэлийн захиргааны зүгээс сунгажээ. Ингээд 2014 оны долдугаар сарын 22-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас үйлчилгээний зориулалттай 18 давхар орон сууц барих зөвшөөрөл олгосон байдаг аж. Энэ зөвшөөрлийг 16 дугаар байрны иргэд, дүүргийн газрын алба, дүүргийн ЗДТГ, төлөөлөгчид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн аж. Гэсэн ч тэдний шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд барилга барих гэж удаа дараа оролджээ. Тиймээс тухайн цаг бүрт барилгын ажлыг нь зогсоож байсан гэнэ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2014 оны есдүгээр сараас энэ газарт барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлагыг удаа дараа холбогдох яам тамгын газарт явуулсан ч тоймтой хариу өгөхгүй, эсвэл хэн нэгэн рүүгээ асуудлыг шилжүүлсээр өдийг хүрчээ. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард явуулсан албан тоотод хариу ирүүлээгүй байна. Холбогдох газрууд асуудлыг ийн өөр хоорондоо шидэж явснаас болж өнөөдөр олон айл аюулд учраад байгааг дүүргийн Засаг дарга хэллээ. Мөн 2008 онд газар эзэмших гэрчилгээ, 2014 онд сунгасан шийдвэр, 18 давхар барилга барих зөвшөөрөл олгосон зэрэг холбогдох шийдвэр гаргасан байгууллагын албан тушаалтнуудыг хуулийн дагуу шалгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргалаа.

 “БИ ЖИ БИ ЖИ” ХХК нь өнөөдрийн байдлаар иргэдийг нүүлгэн шилжүүлэх, зочид буудалд байрлуулах зардлыг шийдэх ямар ч боломжгүй гэдгийг тус компанийн ерөнхий менежер Ганбат гэгч баталсан гэнэ.  Тиймээс Засаг даргын нөөц хөрөнгөөс түр гаргаж, тус компаниар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын комиссын ээлжит хурлаар өчигдөр энэ асуудлыг хэлэлцсэн юм. Хурлыг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулсан. Хурлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын дөрөвдүгээр сарын 22-ны өдөр өгсөн үүргийн дагуу холбогдох албаныхан хэрхэн ажилласан талаар мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий нийслэлийн Онцгой байдлын комиссын тушаал гаргахаар шийдвэрлэв. Уг тушаалаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түр гаргахаар болж, ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан