Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэжиглэж болно. Гэхдээ сэжигтэн гэж байхгүй болох нь

-Эрүүлжүүлэхүүд хуучин тогтолцоогоороо ажиллана-


Б.ШИРНЭН

Монгол Улс Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас “татгалзаж”, шүүх эрх мэдлийг хараат бус илүү нээлттэй болгох эрх зүйн шинэчлэлд эргэлт буцалтгүй орсон. Ингэхдээ, байцаан шийтгэх гэсэн “социалист” үгийг шалган шийдвэрлэх болгож, эрүүгийн гэдгийг гэмт хэргийн зэргээр зөөлрүүлж, эрх зүйн шинэчлэлийн суурь хуулийн төслүүдийг боловсруулж дуусаад байна. Ингэснээр эрүүгийн хууль тогтоомж нь цаашид Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулиас бүрдэхээр болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Гэмт хэргийн тухай хуулиар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож ял, албадлагын арга хэмжээг тогтоох бол Зөрчлийн тухай хуулиар үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг зөрчилд тооцож шийтгэлийн төрөл, хэмжээг тогтоохоор болж байгаа юм. Үүнээс гадна, дээрх хуулиудыг хэрэглэдэг байгууллагуудын хуульд өөрчлөлт орж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай, Тахарын албаны тухай хуулиуд шинэчлэгдэж байна. Эрүүгээс Гэмт хэргийн болж өөрчлөгдсөн хуулиар жишээлэхэд л, энэ хуулийн зорилт хүнийг хорьж шийтгэхээс аль болох зайлсхийсэн агуулгатай болж байгаа. Зөвхөн эдийн засгийн хохиролтой гэмт хэргийн тухай өнгөцхөн хөндөхөд л, гэмт этгээд хохирлоо барагдуулсан эсвэл хохирол барагдуулахаа хүлээн зөвшөөрч, төлж эхэлсэн бол түүнийг хорьж шийтгэхгүй байхаар зохицуулагдаж байгаа юм. Энэ нь хохирол барагдуулж байгаа бол хүний эрх чөлөөг шүүхээр шууд хасахаас зайлсхийж, шоронд оруулахгүй байх ялын бодлого. Тэгвэл Хууль зүйн сайдаар томилогдоод удаагүй байгаа Д.Дорлигжав “Сайдын цаг” уулзалтад оролцож, эрх зүйн шинэчлэлийн талаар зарим мэдээллийг өглөө.

Эмнэлэг, эрүүлжүүлэх хоёрыг салгана

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэг Архины хяналтын тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ хуульд, 5-10 мянган хүний дунд нэг байхаар тооцож архи борлуулах зөвшөөрөл дэлгүүрт олгох, 18 цагаас хойш цөөн тооны архины дэлгүүр ажиллах зэргээр өөрчлөлт оруулах тухай мэдээлэл бий. Тэгвэл Хууль зүйн сайд эрх зүйн шинэчлэлийн олон том хуулийн дунд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга багтаж байгааг онцоллоо. Энэ хуулиар “согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах (үйлчлэх), хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд энэ хуульд зарим нэг өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн бариад байгаа аж.
Тухайлбал, хуульд согтууруулах ундааг зарж борлуулах цэгийг тогтоохдоо иргэдийн тоонд харгалзан тогтоодог байсныг орон нутгийн иргэдийн хуралд хариуцуулж, тэд согтууруулах ундаа борлуулах цэгийн тоог тогтоох зарчмын өөрчлөлт оруулсан байна. Мөн 00.00 цаг хүртэл согтууруулах ундаа борлуулах цэгүүд ажилладаг байсныг ялгамжтайгаар тогтоох санал ирсний дагуу 00.00 цаг хүртэл ажиллах болоод оройн цагаар хаах зэрэг шалгуурыг иргэдийн хуралд хариуцуулах талаар тусгаад байгаа аж. Түүнчлэн спиртийн агууламж өндөртэй, согтолт ихтэй согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд татвар өндөр ногдуулж, спиртийн агууламж бага бол татвар тэр хэмжээгээр бага байхаар хуулийн зохицуулалт оруулжээ.

Харин Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд 2013 оны долдугаар сард “Эрүүлжүүлэх байр нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд ажиллана” зэрэг нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хуулийн үзэл баримтлал нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ согтууран, бусдад гэм хор учруулсан бол цагдаагийн газрын харьяа эрүүлжүүлэх байранд оруулна. Харин биеэ авч явах чадваргүй болсон бол иргэнийг эмнэлэгт хүргэж, хор тайлах эмчилгээ хийж, эрүүл болсных нь дараа төлбөрийг нь авах энгийн зохицуулалттай. Гэвч эрүүл мэндийн салбарт хүргэгдэн ирсэн этгээд агсам согтуу тавьдаг, ажил төрөл хийлгэдэггүй зэрэг шалтгаанаар эрүүлжүүлэгдэж байгаа иргэдийг тээр шаах үзэгдэл сүүлийн саруудад тасраагүй. Уг нь тус хуульд, эрүүлжүүлэх байр нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгаарлах өрөөтэй байна гэж заасан байдаг ч Эрүүл мэндийн яамнаас энэ хүрээнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдаг. Мөн хуульд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн болон түүнийг хамгаалах хүний хүсэлтээр, эсхүл цагдаагийн алба хаагч өөрөө санаачлан тухайн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэхгүйгээр хамгаалах хүнд хүлээлгэн өгч болно гэдэг ч хуулийн энэ заалтыг хэрэгжүүлдэггүй. Эдгээр шалтгаанаас үүдээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг хэн хариуцах вэ гэдэгт цагдаа болон эмнэлгийн ажилчид санал зөрөлдөж байгаа юм.

Тэгвэл Хууль зүйн сайдаар томилогдсон Д.Дорлигжав согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бүх хүнийг цагдаагийн байгууллагын харьяа эрүүлжүүлэх байранд шууд хүргэж, бүх хувцсыг нь тайлаад бүтээлэг нөмрүүлдэг байдлыг хэвээр хадгалахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байгаа юм.
Хуулийн байгууллагын буруугаас болж иргэдэд хохирол учирвал түүнийг жилийн дотор барагдуулна

Төрийн зүгээс иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах механизмын нэг хэлбэр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэх, арилгах буюу нөхөн төлүүлэх асуудал байдаг. Гэвч Эрүүгийн байцаан шийтгэх хууль 2002 онд батлагдсанаас хойш гэмт хэргийн хохирогчид хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд болон шүүн таслах үйл ажиллагааны явцад хохирол барагдуулах ажил хийгдэж байгаа ч хохирогчийн эрхийг бүхэлд нь хамгаалж, хуулийн байгууллагын алба хаагчийн буруутай үйл ажиллагаанд хариуцлага тооцох тогтолцоо бүрдээгүй гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав үзэж байна. Иргэдийн хувьд ч ялгаагүй хуулийн байгууллагын буруугаас болж өөрт учирсан хохирлыг төлүүлэхэд чирэгдэл үүсч, нэг жил эсвэл түүнээс урт хугацаанд хүлээх шаардлагатай болдог байна. Тиймээс эрх зүйн шинэчлэлийн багц хуульд Хохирлын сангийн тухай хуулийн төслийг багтааж, харилцан хариуцлагын асуудлыг зохицуулахаар тусгаад байгаа аж.
Нэн түрүүнд энэ хуулийн зорилт нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус, буруутай үйлдлээс болж иргэд, байгууллагыг хохироосон нь шүүхээр тогтоогдсон бол нэг жилийн дотор багтаан учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болж. Харин хоёрдугаарт, хуулийн байгууллагын ажилтныг хариуцлагатай болгоход энэхүү хуулийн нөлөө их байх аж. Жишээлбэл, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч ажлын хариуцлага алдан алдаа гаргаж, жилдээ гурван удаа Хохирлын сангаас мөнгө гаргуулсан бол буруутны албан тушаалыг буруулах, чөлөөлөх эсвэл мэргэжлийн шалгалтад хамруулах зэргээр хариуцлага тооцох механизм үйлчлэх юм байна.

Газар өмч юм бол түүнийг барьцаалдаг болно

Иргэд өөрийнхөө хувийн өмчийн газраа банкинд барьцаалан зээл авч, түүн дээрээ барилга байшин барих боломжтой болох юм байна. Энэ процессыг Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр боломжтой болгоно гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн хүрээнд газар барьцаалан, түүн дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй юм байна.
Тиймээс дээрх хуулийг зөв хэрэгжүүлж чадвал эдийн засагт эргэлтийн чадамжийг нэмэгдүүлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзээд байна. Өөрөөр хэлбэл, хувийн өмчлөлийн газар жинхэнэ утгаараа барьцаанд тавьж болдог хамгийн үнэтэй үл хөдлөх болох нь. Тус хуулийн төсөл Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн Хууль зүйн яаманд тавьсан хүсэлтийн дагуу боловсруулагдаж байгаа юм.
 
“Дотоодын цэрэг төрд байх нэг эртхэн мөн”

Өнгөрсөн оны гуравдугаар сард Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр өмнө нь мөрдөгдөж байсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болж, дотоодын цэргийн ангиудыг татан буулгаж, алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлсэн байдаг. Харин энэ асуудлыг Үндэсний аюулгүйн зөвлөл хэлэлцэж, Дотоодын цэрэг байх ёстой гэж үзсэн байна. Гэхдээ өмнөх шигээ Цагдаагийн харьяанд бус Хилийн цэргийн дэргэд Дотоодын цэргийг байгуулахаар болжээ.

Сэжигтэн гэж байхгүй

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулдаг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэсэн салшгүй гурван үг байдаг. Харин Эрүүгийн байцаан шийтгэх процессоос сэжигтэн гэдэг үгийг авч хаяад, зөвхөн яллагдагч, шүүгдэгч гэсэн нэр томьёог хэрэглэхээр болжээ. Ингэснээр мөрдөн байцаагч аливаа хэргийг шалгахдаа хүнийг урьдчилан сэжиглэж, дуртай цагтаа өрөөнийхөө үүдэнд дууддаг үзэгдэл мөн арилах юм. Тиймээс мөрдөн байцаагч тухайн хүнийг нотлох баримтад үндэслэн гарцаагүй яллагдагчаар татах хүртэл хугацаанд тухайн хүнийг сэжиглэн эрхэнд нь халдах боломжгүй болох нь. Харин мөрдөн байцаагч дотроо сэжиглэж байгаа хүнтэйгээ уулзаж, нотлох баримт хайх ажлаа хийж болох юм байна. Гэхдээ хойшлуулшгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүйгээр хүнийг баривчилж, дараа нь баривчлан саатуулах болсон шалтгаанаа шүүхээр нотлуулах ажиллагаа хэвээр үлдэх юм байна.

0 Сэтгэгдэл
mordon baitsaagch sul tsagaa oor hunee shalgaj bolno gej todorhoi tusga
Луйварчид хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар сайхан өөрчилж байна даа.Дорлигжхв өөрөө луйварчин шүү дээ.
Хамгийн их уншсан