Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Төмөрбаатар: Төр заавал муу менежменттэй байх албагүй


УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар “Ирээдүйн өв сан”-гийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөн­хийлөгчийн иргэний орол­цоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж танилцуулсан. Түүний хэлснээр анх Кувейтэд ашигт малтмалын орлогын тодорхой хувиас бүрдэх “кувейтийн хөрөнгө оруулалтын зөвлөл” нэртэй санг 1953 онд байгуулсан аж. Өдгөө 50 гаруй улсад 70 орчим “Баялгийн сан” үйл ажиллагаа явуулдаг. УИХ-д танилцуулж буй хуулийн төсөлд “Баялгийн сан нь нийт ард түмний өмч байна. 2030 он хүртэл хуримтлал үүсгэнэ. Хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, хуримтлал бий болох зэрэг олон сайн талтай” гэж бичсэн байгаа юм. Гэхдээ баялгийн санг дан ганц ашигт малтмалын орлогоор бий болгодог гэвэл өрөөсгөл. Үүний тод жишээ нь Сингапурын баялгийн сан буюу “Тэмасек” корпорац.

Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатартай энэ талаар ярилцлаа.
    
-Ерөнхий сайд Ч.Сай­хан­билэг олон түмэнд хан­даж саяхан хэлсэн үгэн­дээ Төрийн өмчит ком­па­ниудыг Сингапурын “Тэ­масек” корпорацийн заг­вараар хөгжүүлнэ гэж тэм­дэглэсэн.  “Тэмасек” бол өнөөдөр УИХ-аар хэлэлцээд байгаа “Баялгийн сан” юм. Тэгэхээр Ерөнхий сайдын хэлснээр манай төрийн өмчит компаниуд цаашид энэ зохион байгуулалтад орох зайлшгүй шаардлага, хэрэгцээ байгаа юм уу ?
-Манай төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа гайхамшигтай сайн биш ч өнөөг хүртэл хэвийн хэмжээнд ажиллаж ирсэн. Гэхдээ одоогийнхоос илүү үр өгөөжтэйгээр эдгээр компанийг ажиллуулах боломж байна уу гэсэн эрэл хайгуул, судалгаа байнга хийгдэж байдаг. Гадаад орнуудын туршлагаас харахад төрийн өмчит компаниудын өмчлөлийг хувьд шилжүүлэх, эсвэл хувийн менежментээр удирдуулах тохиолдол элбэг байдаг. Ингэснээр илүү үр ашигтай ажилладаг практик бий. Үүнээс болоод төр муу менежер гэсэн ойлголт түгээмэл болсон. Гэхдээ энэ нь цор ганц арга биш юм гэдгийг Сингапурын жишээ харуулдаг. 1970-аад оны үед Сингапур төрийн өмчийн оролцоотой томоохон компаниудыг төрийн 100 хувь өмчлөлтэй нэг толгой компанийн дор нэгтгэж, нэгдсэн удирдлагатай болгож хөгжүүлсэн байдаг. Энэхүү толгой компанийг “Тэмасек холдинг” буюу Сингапурын “баялгийн сан” гэж нэрлээд байгаа юм. 1974 онд Тэмасек 54 сая сингапур долларын хөрөнгөтэй байгуулагдаж байсан бол 2014 он гэхэд 223 тэрбум сингапур доллар буюу 177 тэрбум ам.доллар болж, 600 дахин өссөн байгаа юм. Энэ нь төр дандаа муу менежер байх албагүй гэдгийн нотолгоо. Өөр нэг нотолгоо нь “Тэмасек”-ийн удирдлагад байдаг төрийн өмчийн оролцоотой компаниуд компанийн засаглалын индексээр хувийн компанийнхаас хоёр дахин өндөр үзүүлэлттэй байдаг. Ийм учраас л төрийн өмчит компаниудыг заавал хэсэг бүлэг хүмүүст хувьчлахгүйгээр төрийн өмчит буюу ард түмний өмч хэвээр байлгаж, “Тэмасек”-ийн загвараар хөгжүүлье гэж Ерөнхий сайд хэлсэн болов уу.

-Үнэхээр ингээд төрийн компаниуд ашигтай ажил­ладаг болчихвол сайн л байна. “Тэмасек”-ийн заг­варын талаар та бага зэ­рэг дэлгэрүүлж тайл­бар­лаж өгөөч. Манайд шууд хэрэг­жүүлэх боломж бий юу?
-Манайд төрийн өмчийн оролцоотой 100 гаруй компани бий. Гэхдээ тэр бүгдийг нэг дээвэр дор оруулах шаардлагатай эсэх нь дараагийн асуудал байх. Сингапурын хувьд төрийн эзэмшил 20 буюу түүнээс дээш хувьтай компаниуд, түүн дотроо стратегийн буюу улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлаа хангахад зайлшгүйд тооцогдох зам тээвэр, харилцаа холбооны салбарын компаниудын 50- с дээш хувийг “Тэмасек”-ийн эзэмшилд байлгадаг. “Тэмасек” компани нь өөрөө төрийн эзэмшлийн компани боловч түүний хараат болон охин компаниудыг шууд төрийн өмчит “Тэмасек”-ийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зарим чухал шийдвэр гаргахад нь хяналт тавьж, зөвшөөрөл олгох тохиолдол байдаг. Тухайлбал, “Тэмасек” Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хуримтлуулсан ашгаасаа жилийн үйл ажиллагаанд зарцуулах төсвөө бүрдүүлдэг ба өмнөх Засгийн газрын үед хуримтлагдсан нөөцөөс ашиглах эрхгүй юм. Өмнө хуримтлагдсан хаалт­тай нөөцөөс зөвхөн Ерөн­хийлөгчийн зөвшөөрлөөр л хэрэглэх цөөн тохиолдол байж болдог. “Тэмасек”-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирлыг Сангийн сайд Засгийн газрын кабинеттэй зөвшилцсөнөөр томилох, чөлөөлөх, дахин томилох санал гаргах эрхтэй боловч, үүнийг нь Ерөнхийлөгч батламжилдаг. Энэ нь мэргэжлийн, чадварлаг, хараат бус этгээдийг сангийн удирдлагад шударгаар томилж, чөлөөлж байгаа эсэхэд Засгийн газарт тавьж буй Ерөнхийлөгчийн хяналт. “Тэмасек”-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал нар компанийнхаа аудит хийлгэсэн тайланд гарын үсэг зуран баталгаажуулж, хагас жил тутам Ерөнхийлөгчид хүргүүлэх үүрэгтэй байдаг. Энэ бүгдээс харахад ирээдүй хойчдоо үлдээх баялгийн сангийн хуримтлал, зарцуу­лалтад ард түмний хяналт тө­рөөрөө дамжин хатуу хэрэгждэг юм байна гэсэн ойлголт төрж байгаа байх.

-Баялгийн санг Норвеги, Голланд, Арабын орнууд гэх мэт байгалийн баялаг ихтэй орнуудад л түлхүү хөгжсөн гэх ойлголт нийтлэг байдаг. Гэтэл байгалийн баялаггүй ч баялгийн санг хэрхэн үүсгэж, хөгжиж болдог жишээ нь Сингапур мөн юм байна гэж санагдлаа. Манай улсад байгалийн баялаг нь ч байна, төрийн өмчит компаниуд нь ч байна. Баялгийн сан харин алга. Цаашид яах ёстой вэ?
-Та зөв дүгнэж байна. Үнэхээр бид байгалийн баялгаа ашигласнаас олох орлогоо зөв удирдан хуримтлуулах, төрийн өмчит компаниудын удирдлага, зохион байгуулалт, бизнесийн үйл ажиллагааг шинэ хэлбэрт оруулах замаар Тэмасек шиг, магадгүй түүнээс ч том баялгийн санг богино хугацаанд үүсгэх боломжтой л гэж бодож байна. Манайд шаардлагатай хууль эрх зүйн орчин харьцангуй бүрдсэн гэж болно. Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд саяхан шинэчлэгдэн батлагдсан. Зарим төрийн өмчит компаниудыг олон нийтийн компани болгох Засгийн газрын шийдвэр ч гарсан. Мөн Хөрөнгийн бирж маань орчин үеийн шаардлага хангахуйц хүчин чадалтай арилжааны систем суурилуулсан байгаа. Одоо УИХ дээр Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан