Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨР


Нэг. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа, зарчим

1.1. Хөтөлбөрийн зорилго
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагад тусгагдсаны дагуу нийслэл хотыг Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын зангилаа, Монгол туургатны соёлын аялал жуулчлалын төв, 2020 онд 2 сая, 2030 онд 5 сая гадаадын жуулчин хүлээн авах хүчин чадал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

1.2. Хөтөлбөрийн зорилтууд
Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор дараах зорилтуудыг тавьж ажиллана.
а/ Аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгоно.
б/ Гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ.
в/ Гадаад, дотоодын жуулчид, иргэдэд зориулсан амралт, аялал жуулчлалын төвүүдийг байгуулж, алжаал тайлах тав тухын орчныг бий болгоно.
г/ Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гадаадад сурталчилна.  
д/ Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлнэ.
е/ Жуулчдыг татах урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулна.
ё/ Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлнэ.

1.3. Хэрэгжүүлэх хугацаа
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг дараах 3 үе шаттай байхаар тодорхойлж байна. Үүнд:

I ҮЕ ШАТ /2014-2016 он/-нд хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж одоогийн аялал жуулчлалын суурь бүтэц, бүтээгдэхүүн үзмэр, үйлчилгээ, соёл, урлаг, спортын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, нийт ажлын 30-аас доошгүй хувийг хэрэгжүүлнэ;

II ҮЕ ШАТ /2016-2018 он/-нд эхний үе шатны үйл ажиллагааны явц, байдалд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулан бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлтийн ажлыг бүрэн гүйцэтгэх замаар нийт ажлын 30-аас доошгүй хувийг хэрэгжүүлж, үр дүнг сайжруулна.

III ҮЕ ШАТ /2018-2020 он/-нд эхний хоёр үе шатны үйл ажиллагааны явц, байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг идэвхжүүлэн  нийт ажлын 40-өөс доошгүй хувийг гүйцэтгэнэ.  

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат бүрд хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хүрэх үр дүн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлан сурталчлах, сургалт зохион байгуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь тэргүүн зэргийн асуудал байна.

1.4. Баримтлах зарчим

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан зарчмыг баримтална. Үүнд:
-Хувийн хэвшлийн оролцоог бүх талаар хангах, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах,
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадамж, чадавх бүхий бүтцийг бий болгох,
-Хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг тэргүүлэх чиглэл, эрэлт хэрэгцээнд суурилан хуваарилах,
-Гадаад дотоод хүчин зүйлсийг харгалзан өөрчлөлт, сайжруулалтыг тухай бүрд нь хийж байх.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.
2.1.Нэгдүгээр зорилт буюу аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Дээд шатны эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх асуудлууд
2.1.1.Цахим виз, бүлэг жуулчны виз, хилийн боомт дээр виз олгох зэрэг дэвшилтэт арга замуудыг ашиглан гол зах зээлийн орны жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулж эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
2.1.2.Энтертайнмент бизнес, казино жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор автомат машин, лото зэрэг бооцоот тоглоом бүхий цэнгээний газар ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх санал боловсруулж шийдвэрлүүлэх;
2.1.3.Төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулах олон улсын  уулзалт, хурал, зөвлөгөөн, арга хэмжээг аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулж байх тухай зөвлөмж, шийдвэрийн төсөл боловсруулж шийдвэрлүүлэх;
2.1.4.Улаанбаатар хотын төрийн өмчийн музей, үзэсгэлэнгийн гол үзмэрүүдийг аялал жуулчлалын улиралд гадаад,  дотоодын үзэсгэлэнд явуулдаггүй байх зохицуулалтын саналыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
2.1.5.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор урамшууллын болон зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх асуудлууд
2.1.6.Аялал жуулчлалын тэргүүлэх ач холбогдолтой төслүүд, маркетинг сурталчилгааны ажлыг санхүүжүүлэх зорилготой “Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сан”-г байгуулж хөрөнгийн эх үүсвэрийг олон улсын жишгийн дагуу жуулчны үйлчилгээний байгууллагуудын хураамжийн орлогоос бүрдүүлэх;
2.1.7.Хувийн хэвшлийн оролцоо бүхий нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийг байгуулж, салбар дундын зохицуулалтыг хэрэгжүүлэх;
2.1.8.Баар, цэнгээний газруудад стандартын дагуу зэрэглэл тогтоох, зэрэглэлээс болон  үйлчилж буй согтууруулах ундааны хатуулгийн хэмжээнээс хамаарсан  ялгавартай үйлчилгээний цагийн хуваарь мөрдүүлэх санал боловсруулж хэрэгжүүлэх, согтууруулах ундааны зохистой хэрэглээнд иргэдийг уриалсан нийгмийн аяныг  зохион байгуулах;
2.1.9.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадаад валютаар төлбөр тооцоо хийх, бүтээгдэхүүн борлуулах явдлыг таслан зогсоох, түүнд тавих хяналтыг сайжруулах;
2.1.10.Улаанбаатар хотын аялал жуулчлалын томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулах чиглэлийг баримталж, тодорхой болзол хангасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд төслөө хэрэгжүүлэхэд нь урамшуулал олгох, мөнгөн дэмжлэг үзүүлэх журам боловсруулж хэрэгжүүлэх;
2.1.11. Нийслэл бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгох зээл тусламжид аялал жуулчлал, соёл урлаг, спортын салбарын төсөл хөтөлбөрүүдийг түлхүү хамруулах;
2.1.12.Нийслэл хотын дэд бүтцийг сайжруулах төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хэрэгцээг нийслэлийн хүн амын тооноос гадна жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын хэрэгцээтэй уялдуулан тооцож байх;
2.1.13.Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой үзэсгэлэн яармагийн цогцолбор, 1000-с дээш хүний багтаамж бүхий хурлын танхимтай дээд зэрэглэлийн зочид буудал байгуулах төслүүдийг газар олголтын бодлогоор дэмжих;
2.1.14.Орчин үеийн жуулчдын сэтгэлгээнд гарч буй өөрчлөлт, байгаль орчинд хор хөнөөлгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг илүүд үзэх болсон хандлагад нийцүүлэн байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхой шалгуурын дагуу ногоон гэрчилгээжүүлэлтэд хамруулах, сурталчлах;
2.1.15.Нийслэлийн эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлд үзүүлж буй аялал жуулчлалын нөлөөллийн судалгааг хоёр жил тутамд явуулж, үр дүнг харгалзан сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх;
2.1.16.Орон нутгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлэх явдлыг нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хөрөнгө зээлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх замаар дэмжих;
2.1.17.Хотын аялал жуулчлалын болон соёлын биет үзмэрүүдийг шинжлэх ухаан, эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан үнэлж, зэрэглэл тогтоон засварлах, хамгаалах, тохижуулах асуудлыг шийдвэрлэх;
2.1.18.Томоохон худалдааны төвүүд, жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, олон үндэстний хоолны болон бар, цэнгээний газрууд төвлөрсөн үйлчилгээний газруудыг нэмэлт цагийн хуваариар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
2.1.19.Нисэх буудал, төмөр замын буудал, авто буудлууд болон жуулчдад үйлчилгээ үзүүлдэг өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудын орчны тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээнд нийслэл хотын нутгийн захиргааны байгууллагууд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шаардлага тавьж ажиллах;
2.1.20.Мэдээлэх тэмдгийн нэгдсэн стандартыг гарган үйлчилгээнд нэвтрүүлж аль ч орны жуулчид хэлний бэрхшээлгүй аялах, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх;
2.1.21.Бизнесийн, хурал зөвлөгөөний аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зочид буудлын үнэ, нислэгийн тийзэд улирлын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх аргыг нэвтрүүлэх;
2.1.22.Аялал жуулчлалын бааз, цогцолборуудыг цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны асуудлаа байгаль орчинд ээлтэй техник технологи ашиглан шийдвэрлэсэн тохиолдолд газрын төлбөрийн тухай хууль болон бусад хууль журмаар хөнгөлөлтийг эдлүүлэх
2.2.Хоёрдугаар зорилт буюу гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.2.1.Жуулчдын гомдлыг шуурхай шалгах, шийдвэрлэх, шийдвэрлэлтийн талаар эргэж мэдээлэх, халаасны хулгай, танхайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Жуулчны цагдаагийн нэгжийг нийслэлийн Цагдаагийн газрын бүтцэд  байгуулах;
2.2.2.Нийтийг хамарсан үймээн, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг онцгой нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчидтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө бүхий Улаанбаатар хотын аялал жуулчлалын эрсдлийн менежментийн стратегийг боловсруулж хэрэгжүүлэх;
2.2.3.Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг иргэний харьяалал харгалзахгүй үзүүлэх нөхцөлийг нийслэл, дүүргийн эмнэлгүүдэд бүрдүүлэх, энэ чиглэлээр холбогдох эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах;
2.2.4.Жуулчдыг төрөл бүрийн аргаар залилдаг ялангуяа валют солиулах, такси хөлслөх, гар дээрээс худалдаа хийх үед түгээмэл тохиолддог зөрчлийг гадаад орнуудын туршлагын дагуу арилгах, бууруулах арга хэмжээ авах;
2.2.5.Нийслэлийн иргэдийн гадаадын иргэдэд хандах хандлага, ойлголтыг эерэг болгон өөрчлөхөд чиглэсэн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулж байх;
2.2.6.Гадаадын иргэдийн санал гомдлыг хүлээн авах, мэдээлэл, зөвлөгөө өгөх жуулчны мэдээллийн төвүүдийн сүлжээг өргөтгөх, жуулчны мэдээллийн лавлах утас ажиллуулах;
2.2.7.Нийтийн эзэмшлийн гудамж талбай, үйлчилгээний газруудын хаяг, байршил заасан тэмдэг, мэдээллийн байгууламж, анхааруулга, санамж, зөвлөмж зэргийг монгол, англи хэл дээр хийж байх чиглэлээр холбогдох стандарт, журамд өөрчлөлт оруулах.
2.3.Гуравдугаар зорилт буюу гадаад, дотоодын жуулчид, иргэдэд зориулсан амралт, аялал жуулчлалын төвүүдийг байгуулж, алжаал тайлах тав тухын орчныг бий болгох  чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.3.1.Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Монгол наадам” цогцолбор, “Амьд ертөнц” бичил парк, “Туулын шугуй” цогцолбор, Монголын их хаадын музей, Үлэг гүрвэлийн музей, Урт цагааны аялал жуулчлалын мэдээллийн төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Монгол ахуйн хотхон, Усан парк болон амьтны хүрээлэн болон Буддын шашны музей, Улаанбаатар Арена соёлын ордон, Монголын язгуур урлагийн төвийг улс, орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, эдгээр төслүүдийн зураг төслийн төсөв болон санхүүжилтийн тодорхой хэсгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх;
2.3.2.Одоо хэрэгжиж байгаа хувийн хэвшлийн аялал жуулчлалын төслүүдийг гадаад сурталчилгаагаар дэмжих, хөтөлбөрт тусгагдсан шинээр хэрэгжих төслүүдийг газар олголтын болон хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих;
2.3.3.Гандангийн дэнжийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн болон бэлэг дурсгалын дэлгүүр, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгож хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны бүсийн дүрмийг боловсруулах, “Гандан” аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх;
2.3.4.Нийслэлийн иргэд гэр бүлээрээ, хамт олон, найз нөхдөөрөө идэвхтэй амрах орчныг бүрдүүлэх, үүний тулд нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлийн иргэд чөлөө цагаа тав тухтай өнгөрүүлэх амралтын төв, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг дүүрэг бүрд байгуулах;
2.3.5.Богдхан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх ууланд аялах чиглэлүүдийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэгүүдийг тохижуулах;
2.3.6.Нийслэл хотод хийгдэх аялал жуулчлалын чиглэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг тодорхойлсон мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
2.3.7.Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборыг түшиглэсэн аялал жуулчлалын хотхон,  элсний баримлын үзмэр бүхий байгалийн аялал жуулчлалын цогцолборыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, жуулчны идэвхтэй улиралд шашин, соёл урлаг, спортын тоглолтуудыг зохион байгуулж байх;
2.3.8.Улаанбаатар хотын орчимд монгол адууны соёлыг харуулсан музей, сургалт, морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслийг газар олголтын бодлогоор дэмжих;
2.3.9.Дэлхийд алдартай брендүүдийн оёмол нэхмэл бүтээгдэхүүн, бэлэн хувцсыг үйлдвэрийн үнээр худалдан авах боломж бүхий төрөлжсөн худалдааны цогцолборыг  Хүй долоон худагт байгуулж, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
2.3.10.Улаанбаатар хотын батлагдсан аяллын маршрутуудаас тэргүүлэх ач холбогдолтойг нь сонгож жилд нэгээс доошгүй чиглэлийн тохижилт, гэрэлтүүлэг, чимэглэл, нийтийн бие засах газар байгуулах асуудлыг шийдвэрлэж байх;
2.3.11.Богдхан уул, Горхи-Тэрэлж зэрэг хот орчмын аялал жуулчлалын бүсүүдийн үзмэр, дурсгалуудыг зөвшөөрөгдсөн хэлбэрээр тохижуулах, тайлбар танилцуулгыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутагт морь, тэмээ унуулах зэргээр аялал жуулчлалд оролцогч иргэд, орон нутгийн хөтчүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, үйлчилгээний зөвлөмж гарган мөрдүүлэх, отоглох цэгүүдийг тогтоон тэмдэгжүүлэх;
2.3.12.Чойжин ламын сүм музей, Богд хааны өвлийн ордон, Дамбадаржаалин хийд, Гандантэгчинлэн хийдийн жуулчны менежментийг сайжруулах бичил төслүүдийг хэрэгжүүлэх, Богд хааны сэрүүн ордны зарим барилгыг нийслэлийн хамгаалалтад авч сэргээн засварлан музей, орчин үеийн галерей, үндэсний урлагийн сургалтын төв зэргээр ашиглах;
2.3.13.Их тэнгэрийн амны хадны сүг зураг, Мэргэн Тоньюкукийн хөшөө болон хотын түүхтэй холбогдсон дурсгалт газруудыг тохижуулж, аялал жуулчлалын үзмэр болгох ажлыг Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх;
2.3.14.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан танин мэдэхүйн тойрон аялал, ахмад настнуудад зориулсан эрүүл мэндийн аяллын чиглэлийг тогтоож, тохижуулах;
2.3.15.Улаанбаатар хотын түүхийн судалгаанд үндэслэн худалдаа, наймааны төв байсан дурсгалт газарт Цайны замын музей байгуулах;
2.3.16.Дэлхийд хамгийн олон удаа нүүдэллэж байсан нийслэл хотын түүхийн талаарх ³Хүрээ нүүдэл´, шашны аяллын ³Мөргөлийн зам´, хот орчмын морин, дугуйн, явган болон тусгай сонирхлын аяллын маршрутуудыг тогтоон, тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх;
2.3.17.Улаан баатар хотын орчимд  адал явдалт спортын төв, спорт амралт сэргээлтийн төв  байгуулах;
2.3.18.Улаанбаатар хотын Туул, Сэлбэ голын эрэг далангийн  дагуу болон  Хүй долоон худгийн орчимд олон улсын томоохон дугуйн уралдаан, марафон гүйлтийг зохион байгуулахад тохиромжтой зам харгуйг байгуулах;
2.4.Дөрөвдүгээр зорилт буюу Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гадаадад сурталчлах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.4.1.Улаанбаатар хотыг Өрлөг түүхт Улаанбаатар, Сэтгэл татам Улаанбаатар, Найрсаг зочломтгой Улаанбаатар гэсэн уриа, түүнд тохирсон билэгдэлтэйгээр гадаадад сурталчлах;
2.4.2.Улаанбаатар хотын сурталчилгааны “Asia’s next hUB” аяныг маркетингийн мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж 2016, 2020 оныг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх жил болгон зарлах;
2.4.3.Зүүн хойд Азийн бүс нутгийн шууд нислэгтэй, хүн ам олонтой, харилцаат хотуудад Улаанбаатар хотын аялал жуулчлал, соёл урлагийн өдрүүдийг төмөр зам, агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулах;
2.4.4.Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад зохиогддог аялал жуулчлалын үзэсгэлэн яармагуудад Монгол улсаа төлөөлөн оролцох, аялал жуулчлалын маркетинг сурталчилгаанд интернет, нийгмийн сүлжээ, мэдээллийн технологийн дэвшлийг түлхүү ашиглах;
2.4.5.Гол зах зээлийн орны иж бүрэн судалгааг хоёр жил тутамд явуулж, судалгааны дүн, жуулчдын шийдвэр гаргалтад гол нөлөө үзүүлдэг мэдээллийн эх сурвалжууд дахь Улаанбаатар хотын мэдээлэлд тогтмол хяналт-шинжилгээ хийн сурталчилгааны арга замуудыг тодорхойлж байх;
2.4.6.Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон үзмэр, соёлын үзвэр, сор бүтээгдэхүүнүүдийг тодорхойлж түлхүү сурталчлах;
2.4.7.Монгол ахуй, гэр хэлбэрийн буудал, үндэсний сор бүтээгдэхүүн болох ноос ноолуур, нэхий, арьс ширэн эдлэл, архи, байгалийн гаралтай органик хүнсний болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний ач тус, давуу талыг шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.4.8.Интернет дэх Улаанбаатар хотын мэдээллийг шинэчлэх, хайлтын системийн оновчлол, хөгжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
2.4.9.Дэлхийд алдартай аяллын зөвлөгөө өгөх болон захиалга авах цахим хуудсууд дахь Улаанбаатар хотын мэдээллийг тогтмол шинэчилж, сайжруулж байх;
2.4.10.Гадаад хэл дээр тогтмол гардаг сонин, сэтгүүл, олон улсад нэвтрүүлгээ цацдаг телевиз, радиотой хамтран Улаанбаатарын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үзмэрүүд, сонгодог урлаг, үндэсний спортыг сурталчлах;
2.4.11.Жуулчдад зориулсан сурталчилгааны видео кино, танилцуулга, нугалбар, газрын зураг, хөтөч ном зэргийг жил бүр шинэчлэн гаргаж байх;  
2.4.12.Монголд ажиллаж амьдарч байсан гадаадын иргэдтэй холбоо тогтоох, эргэн зочлох сонирхлыг төрүүлэх зорилготой аяллын хөтөлбөрүүдийг гаргаж интернетээр сурталчлах;
2.4.13.Улаанбаатар хотын онцлогтой бэлэг, дурсгалын зүйлсийн үйлдвэрлэлийг хөрөнгө, зээлийн бодлогоор дэмжин хөгжүүлэх;
2.5.Тавдугаар зорилт буюу Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.5.1.Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ, дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой ухаалаг гар утасны аппликейшн, цахим захиалга хийх боломжтой Улаанбаатар хотын аялал жуулчлалын албан ёсны портал сайтыг англи, орос, хятад, япон, солонгос хэл дээр ажиллуулах;
2.5.2.Улаанбаатар хотын музей, үзвэрийн газруудыг аудио болон видео хөтөчтэй болгох санхүүжилтийн саналыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
2.5.3.Такси үйлчилгээний стандартыг шинэчлэн боловсруулж такси үйлчилгээ эрхлэгч нь баталгаажсан тоолуур, төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмж бүхий автомашинтай байх, жолооч нь англи хэлний анхан шатны мэдлэгтэй, харилцааны ур чадвар эзэмшсэн байх зэрэг шаардлагыг тусгах;
2.5.4.Улаанбаатар хотод жуулчилж байгаа, түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд үйлчлүүлэхүйц боловсон үйлчилгээ, тохилог нөхцөл бүхий нийтийн тээврийн үйлчилгээг бий болгох;
2.5.5.Хүрэлтогоот дахь Одон орон судлалын төв, Монгол банкны Эрдэнэсийн сан, Үндэсний төв номын сангийн Үнэт, ховор номын музей, Гэрлэх ёслолын ордон зэрэг газруудыг аялал жуулчлалын эргэлтэд оруулж, хөтөлбөр, цагийн хуваарь гарган ажиллуулах асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх;
2.5.6.Түүх, соёлын үзмэр, дурсгал бүхий газруудыг тайлбар, танилцуулгатай болгож, ойр орчмыг утасгүй интернетийн сүлжээнд хамруулах;
2.5.7. “Улаанбаатарт үйлдвэрлэв” нийслэл хотын нэрийн бүтээгдэхүүний чанар, сав, баглаа боодол, загвар дизайн, тайлбар танилцуулгыг сайжруулах сургалтуудыг тогтмол явуулж, бүтээгдэхүүнд тавигдах стандартыг боловсруулах;
2.5.8.Хот орчмын бүсүүдийн аялал жуулчлалын нөөцөд тулгуурлан тусгай сонирхлын, байгалийн болон соёл түүхийн аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх;
2.5.9.Уламжлалт эмчилгээ, бариа заслын үйлчилгээ бүхий амралт, сувиллын газруудад тавигдах стандартын шаардлагыг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн аяллаар, амралтын зорилгоор гадаадад зорчиж буй иргэдийн урсгалыг бууруулах, хөрш орны жуулчдыг татах;
2.5.10. Чөлөөт уран бүтээлчид, урчуудын бүтээлийг газар дээрээс нь шууд худалдан авах боломж бүхий соёлын бүтээгдэхүүний ил худалдааг Жуулчны гудамжийн дагуу буюу Барилгачдын талбайд  тогтмол ажиллуулах;
2.5.11.Хотын аяллын хуваарьт автобус, хотын төв ба нисэх буудлын хооронд үйлчилдэг  тусгай шугамын автобус, тогтсон тариф бүхий такси, жуулчдад зориулсан хөнгөлөлтийн карт, цахим мэдээллийн цэг зэрэг жуулчдад нэн шаардлагатай үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх;
2.5.12. Бүс нутгийн хотууд руу хямд үнэтэй агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Улаанбаатар Эйрлайнз” компанийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах;
2.6.Зургаадугаар зорилт буюу жуулчдыг татах урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.6.1.Жилд хоёроос доошгүй удаа урлаг, соёлын дэлхийн одод оролцсон томоохон хэмжээний шоу тоглолтыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж бүс нутгийн орны жуулчдыг татах сурталчилгаа болгон ашиглах;
2.6.2.Азид тэргүүлэх байр суурьтай Монголын сонгодог урлагийг идэвхтэй сурталчлах, аялал жуулчлалын байгууллагуудын аяллын хөтөлбөрт тусгах замаар нийслэлийн аялал жуулчлалын нэг гол брэнд болгох;
2.6.3.Нийслэл хотын урлаг, соёлын газруудын үзвэрийн хуваарийг хагас жилээс доошгүй хугацааны өмнө зарлуулж, жуулчид тасалбарыг цахимаар худалдан авах, эрт захиалгын хөнгөлөлт эдлэх нөхцөлийг бүрдүүлэх;
2.6.4.Үндэсний их баяр наадмыг жуулчдын сонирхлыг татахуйц дахин давтагдашгүй аялал жуулчлалын арга хэмжээнүүдээр баяжуулж, Улаанбаатар хотод аялах хугацааг нь уртасгах;
2.6.5.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах спортын ордон, төвүүдэд олимп, дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулах байгууламжийн стандартыг шаардлага болгон тавихын зэрэгцээ олимпийн төрлийн спортоор тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах санаачлага гарган ажиллах;
2.6.6. Айрагны баяр, Монгол цамын ёслол, Улаанбаатарын загварын долоо хоног, Улаанбаатарын хямдралын долоо хоног зэрэг арга хэмжээнүүдийг шинээр, Улаанбаатарын өвлийн наадам, Улаанбаатар марафон, Дээлтэй Монгол наадам,  Улаанбаатарын олон үндэстний хоолны өдөрлөг, ³Хүүхдийн найрал дууны наадам´, ³Үндэсний урлагийн наадам´, ‘УБ арт фэйр’ дүрслэх урлагийн үзэсгэлэн зэрэг урлаг, спортын арга хэмжээнүүдийг өргөжүүлэн зохион байгуулах;
2.6.7.Их талын жазз, Плэйтайм, Коке’н Бийт зэрэг жуулчид, гадаадын иргэд олноор оролцдог соёлын арга хэмжээг зохион байгуулахад сурталчилгаа, зохион байгуулалтыг санхүүгийн дэмжлэг үзүүлэх хангах;
2.7.Долоодугаар зорилт буюу бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.7.1.Төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, төрийн албан хаагчдаар дамжуулан нийслэлийн иргэдэд эерэг дуурайл үзүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар” нийгмийн аяныг зохион байгуулах;
2.7.2.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх ажилтны ёс зүй, харилцааны нийтлэг дүрмийг боловсруулж мөрдүүлэх;
2.7.3.Үйлчилгээний ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийг дадлагад суурилсан байдлаар шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;
2.7.4.Бүтээгдэхүүн, үйлчилгээ­гээрээ олонд танигдсан, жуулчид болон жуулчны компаниудаас өндөр үнэлгээ авсан, стандартын шаардлага хангасан үйлчилгээний газруудад ³hUB-ХАБ´ итгэмжлэлийн гэрчилгээ олгох хөтөлбөр хэрэгжүүлэх;
2.7.5.Улаанбаатар хотын нийтийн болон жуулчны үйлчилгээний газрын ажилтнуудад зориулсан англи хэл, боловсон харилцаа, үйлчилгээний соёлын зайны сургалтыг тогтмол зохион байгуулах, соёл, урлагийн үйлчилгээний нэгдсэн стандартыг нэвтрүүлэх;
2.7.6.Хотын аяллын хөтөч-тайлбарлагч, жуулчин тээврийн жолооч нарыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх;
2.7.7.Жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, тэдний дахин ирэх хүсэл сонирхлыг төрүүлэх зорилгоор зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны бааз, жуулчин тээврийн стандартуудыг шинэчлэн, гэр буудал, гэст хаус, үйлчилгээний таних тэмдгийн, соёлын төлбөрт үйлчилгээний газрын стандартыг шинээр боловсруулж мөрдүүлэх.

Гурав. Удирдлага, хяналт шинжилгээ, шалгуур үзүүлэлт, санхүүжилт

3.1. Удирдлага, хяналт шинжилгээ

Хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг тухайн асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллага, дүүргүүд хэрэгжүүлнэ.Салбар хоорондын уялдааг Нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулагдах Аялал жуулчлалын зөвлөл хангана.
Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлөөр хэлэлцүүлж батална.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ хийж, тайланг жил бүр Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж байна.
3.2.Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн дараах шалгуур үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ. Үүнд:
а/ Улаанбаатар хотод аялсан жуулчдын тоо 2020 онд 2 саяд хүрсэн байна.
б/ Нийслэлийн хэмжээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо 35 мянгад хүрч одоогийн төвшнөөс 2 дахин нэмэгдсэн байна.
в/ Жуулчдын аюулгүй байдал хангагдаж 100 мянган жуулчинд ноогдох гэмт хэрэг, зөрчлийн тоо 3 дахин буурсан байна.
г/ Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн өгөөж нэмэгдэж шүүрэлтийн хэмжээ одоогийнхоос 30 хувиар буурсан байна.
д/ Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээ 9,8 хувиас 20 хүртэл нэмэгдсэн байна.
3.3. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах санхүүгийн эх үүсвэрийг ашиглана. Үүнд:
а/ Улс, нийслэл, дүүргийн төсөв;
б/ Олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл хөтөлбөр;
в/ Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дэмжлэг, хандив;
г/ Гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт;
д/ Бусад эх үүсвэр  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан