Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“УЛБАР ШАР ӨДӨР”-ИЙН ДЭМЖЛЭГ


Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд зарим гишүүн улбар шар өнгийн зангиа, алчуур ижилсүүлэн ирсэн байв. Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сар бүрийн 25-ныг “улбар шар өдөр” болгох уриалга гаргажээ. Энэхүү “улбар шар” өдөр нь эмэгтэйчүүд охидыг хүчирхийллээс ангид байлгаж, гэгээлэг сайхан ирээдүйг бэлгэдсэн томоохон кампанит ажлын нэг хэсэг юм. Unite  кампанит ажлыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын Хүн амын сан жил гаруйн /2014 оны хоёрдугаар сараас/ өмнөөс дэмжиж хэрэгжүүлсэн байна. Хэдийгээр өнгөрсөн баасан гараг 25-ны өмнөх өдөр байсан ч УИХ-аар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн учир “улбар шар өдөр” болгосон юм. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг УИХ-ын гишүүдэд улбар шар өнгөтэй зангиа бэлэглэж, “улбар шар өдөр”-т нэгдэхийг уриалав.
2004 онд батлагдсанаас хойш төдийлэн хангалтгүй хэрэг­жиж ирсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өөрчлөх шаардлага тулгараад байсан. Тиймээс багагүй хугацаанд судалгаа хийж, хэлэлцүүлэг явуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэм­цэх тухай хуулийн төслийн хэлэл­цэх эсэхийг чуулганы нэгд­сэн хуралдаанаар шийд­лээ. Ерөнхийлөгчөөс хуу­лийн төслийг өргөн барь­сан учир танилцуулгыг Ч.Өнөр­­баяр зөвлөх хийв. Төрөөс хүчир­ийлэлд өртсөн хохи­рогчдыг хамгаалан байрлуулах, гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг гэрээгээр мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэт­гүүлэх, нэг цэгийн үйл­чилгээний төвүүдийг бай­гуу­­лан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого, үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгдсэн ч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Зөвхөн сүүлийн гурав гаруй жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдэж, 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн гэмтжээ. Цагдаагийн бай­гуул­лагад бүртгэгдээгүй бо­лон захиргааны зөрчилд тооцог­дон арга хэмжээ авсан хүчир­хийллийн тоо үүнээс даруй тав дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг Төрийн бус байгууллагуудын судалгаа харуулж байгаа аж. 2004 оноос хойш хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй байна. 2010 онд Нийслэлийн хэмжээнд хуулийн байгууллагад ажиллаж байгаа нийт 400 хуульчаас авсан асуулгад дөнгөж 10 хувь нь л Хүчирхийллийн эсрэг хуу­лийг хэрэглэж үзсэн хэмээн хариулжээ.
Хуульзүйн байнгын хо­рооны хуралдаанаар уг хуу­лийн төслийг хэлэлцэж байхад гишүүд гэр бүлийн хүмүүж­лийг бага наснаас суулгах, энэ талд нь илүүтэй анхаарах хэрэгтэйг хөндөж байсан.  Тэгвэл чуулганы хуралдааны үеэр орхигдсон дутууг асуудлыг оруулахыг ярьсан юм.
УИХ-ын гишүүн А.Бакей “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэж нэрээр орж ирж. Урьдчилан сэргийлэх байдлаар нэрлэж болохгүй юу. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай гээд агуулга нь ч гэсэн ийм байж болохгүй юм уу. Урьдчилан сэргийлэх тухай асуудал хэр тусгасан бэ. Хариуцлагыг хуулийн төсөлд Эрүүгийн болоод Зөрчлийн тухай хуульд заасан байна. Энэ хоёр хуультай хэр зэрэг уялдуулсан бэ. Хүчирхийллийн талаархи мэдээллийг гэр бүлийн гишүүд, жирийн иргэд өгч болох уу” гэж асуув.
Үүнд Ерөнхийлөгчийн зөв­лөх Ч.Өнөрбаяр хуулийн төсөл бүхэлдээ урьдчилан сэргийлэх тал руу чиглэсэн гэлээ. Гэр бүлийн хүчирхийллийг илрүү­лэх, таслан зогсоох чиглэ­л­ээр заалтууд оруулж, хохирогчид үзүүлэх үйлчилгээг аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тус­ламж үйлчилгээ, нийгмийн халам­жийн үйлчил­гээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль зүйн туслалцаа гэсэн төрлүүдтэй байхаар тусга­сан. Мөн үйлчилгээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүү­жүүлэхээр хуулийн төсөлд багтаажээ. Хүчирхий­лэлд өртсөн гэр бүлийн гишүү­дээс гэмт хэргийн талаар гом­­дол гаргах, мэдээлэл өгөх эрх нь нээлттэй гэдгийг тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Л.Эрдэ­нэчимэг “Гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн үед улам ихэсч байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бидний зүгээс нэлээд хүч хөдөлмөр зарцуулж олон улсын байгууллагуудтай хамт­ран ажилласан. 11 жилийн хугацаанд гарсан нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, хуулийн цоор­хойг судалж, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслөө боловсруулсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд хөнгөн гэмтэл авбал торгууль төлж тэнсэх ял авдаг, эвлэрлийн гэрээгээ хэрэгсэхгүй болгодог. Зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оноодог. Хохирогч гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандахад эвлэрэх 2-6 сарын хугацаа олгоход энэ хооронд ч гэсэн хүчирхийлэгчийн дарамтад байсаар байгаа. Дагалдах хуулиуддаа өөрч­лөлт оруулаагүйгээс гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шийдэгдэхгүй явсаар ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төс­лийг дагалдуулж 16 хуульд өөрчлөлт оруулах шаард­лагатай байгаа. Одоо бол зур­гаан хуулийн төслийн дагал­даж орж ирсэн байна” гэсэн юм.  
Чуулганы үеэр УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд зарим саналыг тусгахыг улам­жилсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэр бүлийн хүчир­хийлэл үйлдэгчээр ний­гэмд тустай хөдөлмөр эрх­лүүлэх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар цаг­даа­гийн ажилтнуудын хүрэлцээ хангалтгүйг анхаарах хэрэгтэй гэж саналаа хэлэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүү­жин гэрч, хохирогчийг хамгаа­лах чиглэлийн төрийн бай­гуул­­лагын уялдаа холбоог сайжруулах, орон тоог мөн нэ­мэг­дүүлж, зохицуулалтын цогц байдлыг анхаарч ажиллах, УИХ төсөв хэлэлцэх­дээ төсөв мөн­-гийг нэмж тусгах хэрэгтэй гэлээ.
Өмнө нь нэг удаа буцаж байсан Гэр бүлийн хүчир­хийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг чуулганд оролц­сон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Ха­риуц­лагыг чангатгаж, хохи­рогчдыг хамгаалах асуудлыг тодор­хой тусгаж, хуулийг хэрэг­жүүлэгчдийн чиг үүргийг ойл­гомжтой болгон болвс­руулсан уг хуулийн төсөл ийнхүү дэмжлэг авснаар да­раа­­гийн хэлэлцүүлэгт шилжлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан