Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЯЛАЛТ”-Д МОНГОЛЧУУД ЮУГААР ТУСЛАВ” ҮЗЭСГЭЛЭН ЭРХҮҮД ГАРНА

Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг ирэх сарын 9-ний өдөр Орос орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Тус баярыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтран ирэх сарын 5-10-нд Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалт-д Монголчууд юугаар туслав” сэдэвт 50 гаруй баримтат гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн гаргах гэж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүхнийг ялалтын төлөө” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн цомог, мөн “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киног Оросын ард түмэнд толилуулах юм. 73 жилийн өмнө Монголын ард түмнээс фронтод бэлэг хүргэсэн төлөөлөгчдийн нэг Дундговийн иргэн “Фронт” хэмээх С.Цэгмэд гуай мөн Эрхүү хотноо зохиогдох энэ үзэсгэлэнг нээж, баярын хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд урилгаар оролцох юм. Мөн ялалтын баяраар Эрхүү хотноо явагдах баярын парадад тус хотноо суралцдаг монгол оюутнууд жагсахаар бэлтгэлээ базааж байна.
Эх орны дайны жилүүдэд монголчууд Зөвлөлтийн улаан армид 53 танк бүхий “Хувьсгалт Монгол”, 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилыг бэлэглэсэн. Мөн Монголын ард түмнээс фронтод 500 мянган агт, 300 орчим кг цэвэр алт зэргийг бэлгэнд хүргэсэн түүх бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан