Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн одоогийн төслийг АН хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой боллоо


    “Ардчилсан нам (АН)-ын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Тавантолгойн ордын ашиглалтын асуудлаар намынхаа байр суурийг илэрхийлсэн шийдвэрээ гаргалаа” гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдлээ. Тус намын гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрын болоод УИХ-ын гишүүдээс гадна аймгийн Засаг дарга зэрэг албан тушаалтнууд багтдаг юм. Ингээд тэд өчигдөр хуралдаж, Тавантолгойн ордыг ашиглах тухай дараах тогтоолыг үйлдээд байна. Үүнийг ардчилсан намын хөдөлбөргүй байр суурь гэж ойлгож болох юм байна.  
 
1.    Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд болох Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар байгуулагдах Төслийн компанийн 51 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэмшүүлэх нь зүйтэй.
(Энэ заалтын талаарх АН-ын тайлбар: “Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн уул уурхайн ордуудын эзэмшлийн 51 хувь нь Монгол Улсын өмчлөлд байх ёстой гэсэн заалт Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан байдаг. Мөн АН-ын 2012 оны сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэж тусгасан байдаг.)

2.    Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар гаргасан УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн хүрээнд Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг дэмжиж ажиллах нь зүйтэй.

3.    Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар Ардчилсан намын байр суурийг илэрхийлсэн мэдэгдэл олон нийтэд гаргахыг Ардчилсан намын дарга (З.Энхболд)-д даалгасугай.

4.    Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа Ардчилсан намын гишүүдэд үүрэг болгосугай гэсэн тогтоол гаргаад байгаа юм.

Харин Тавантолгойн асуудлаар АН-ын бүлэг байр сууриа нэгтгэхээр өчигдөр үргэлжлүүлэн хуралдаж байсан юм. Намын бүлгээс Тавантолгойн ордын талаар өөр шийдвэр гаргаж бодох ч АН-ын дээрх шийдвэр өөрчлөгдөхгүй гэж байгаа юм.   

Энэ талаар АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Тавантолгой компанийн 51 хувь нь төрийн эзэмшилд байгаад үлдсэн хувийг нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид олгосон тохиолдолд иргэдэд олгосон 1072 хувьцааны үнэ цэнэ өсөх боломж бүрдэж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын ашиг сонирхлыг хангасан Монгол Улсын төрийн бодлогыг оролцуулж, төр өөрийн бодлогоор асуудалд хандах боломж нь түлхүү тавигдаж байгаа гэж үзсэн” гэж АН-ын байр суурийг дамжууллаа.

“Төр 51 хувийг эзэмших гэрээг өмнө боловсруулсан байсан”

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг АН-ын гүйцэтгэх зөвлөл тогтоол гаргахаас өмнө өөрийн  байр суурийг илэрхийлээд байсан юм.

Тэрээр “Тавантолгой бол Монгол Улсын 2.1 сая иргэн хувьцаа эзэмшдэг цорын ганц орд. Хэдийгээр “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг томоохон орд, үйлдвэр байгаа ч тэдгээр нь ард түмний хувьцаа эзэмшдэг орд биш. Өөрөөр хэлбэл, Тавантолгой нь бүх иргэдэд хувьцаа тарааж өгсөн анхны орд. Дахин бидэнд ийм их баялагтай том орд олдох хувь байгаа эсэхийг бид мэдэхгүй. Тиймээс Тавантолгойн ордын эзэн болоод сууж байгаа 2.1 сая иргэн энэ гэрээг анхааралтай ажиглах ёстой юм. 2012 оны сонгуулийн өмнө Чалко компанитай хийсэн гэрээний урьдчилгаагаар өр тавиад сонгуульд маш их бэлэн мөнгө тараасан. Ингээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Чалкод тавьсан өрийг дарахад Эрдэнэс Тавантолгойн бүх олборлолтын орлого зарцуулагдаж байгаа. Түүнээс Тавантолгой ашиггүй ажиллаж байгаагаагүй. Үүнийг өчигдөр Ардчилсан намын бүлэг дээр Эрдэнэс Тавантолгой компанийн хуучин захирал Я.Батсуурь, одоогийн захирал болоод санхүүгийн алба нь тайлангаар үүнийг баталсан” гэлээ.
Тэгвэл 2015 оны эхний улиралд Эрдэнэс Тавантолгой 1.8 сая тонн нүүрс гаргаснаар эхний улиралд Монгол Улсын хамгийн том экспортлогч болж бичигдээд байгаа юм байна. Харин бүх зардлаа хассаны дараагаар нэг тонн нүүрс тутамдаа 5.8 ам.долларын ашигтай ажиллаж байгаа аж. Мөн сүүлийн гурван жилд 5-6 мянган тонн нүүрс экспортолжээ.

Харин Эрдэнэс Тавантолгойн оронд оруулах гэж байгаа “Энержи Ресурс” компани нь олборлосон нэг тонн нүүрс тутамдаа 9.8 ам.долларын алдагдалтай байгаа юм байна. Тиймээс Л.Эрдэнэчимэг гишүүн “Ашигтай ажиллаж байгаа компанийг ашиггүй ажилладаг компаниар солих гээд байгаа”-д эсрэг байр суурьтай байгаа аж. Түүнчлэн “Энержи Ресурс компанийн санхүүгийн бодит байдлын талаар өнгөрсөн долоо хоногт “Блүүмбэрг” олон улсын сайт мэдээлэл гаргасан. Үүнд, өндөр зардал, нүүрсний үнийн уналтаас шалтгаалан “Энержи Ресурс” бэлэн мөнгөний дутагдалд гүн гүнзгий орох нь гэсэн анализ хийсэн байна лээ. Үүнээс гадна, тус компани “Шинхуа”-тай хамтран Тавантолгойн төсөлд амжилттай оролцож чадвал санхүүгийн хямралаас гарна гэж бичсэн байсан” гэж хэлсэн юм. Өөрөр хэлбэл, Л.Эрдэнэчимэг гишүүн “Тавантолгой гэдэг том ордоо санхүүгийн хямралд орсон нэг компанийг аврахад золиослох гэж байна” гэж үзээд байна.

Харин гэрээний талаар “Эрдэнэс Тавантолгой компани хоёр хувийн түрээсийн ашиг буюу тусгай рояалти авна. Үлдсэн 98 хувь нь Энержи болоод Шинхуагийн нэгдэлд очих юм. Ингээд бидэнд ногдох хоёр хувиа өнөөдрийн ханшаар үржүүлбэл, 25 сая ам.доллар болж байна. Төгрөгөөр бол 50 тэрбум төгрөг чинь юу ч биш шүү дээ, улсын хэмжээнд” гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг байр сууриа илэрхийллээ. Хэрвээ Эрдэнэс Тавантолгой түүний хэлснээр нэг тонн нүүрс тутамдаа 5.8 ам.доллар олж, жилдээ 30 сая тонн нүүрс олборлох хэмжээнд ажиллуулж чадвал энэ ордыг хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголчууд жилд 150 сая ам.доллар олох боломжтой аж. Үүнийг Л.Эрдэнэчимэг гишүүн “150 сая ам.доллароо 25 сая ам.доллароор солих гэж байна” гэж үзсэн юм.
Үүнээс гадна, “2014 онд Эрдэнэс Тавантолгой компани Шинхуа болон Пибоди компаниудтай хэлэлцээрт орж, Эрдэнэс Тавантолгой дангаараа 51 хувь, Шинхуа Пибоди түншлэл 49 хувийг эзэмшиж, түншлэл 100 хувь хөрөнгө оруулалтаа шийдэхээр тохиролцоонд хүрээд байсан. Ингээд төслийг Засгийн газарт оруулахад 20 хоног дутуу байхад Ч.Сайханбилэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа үүнийг зогсоосон гэдгийг Эрдэнэс Тавантолгойн захирал асан Я.Батсуурь мэдэгдсэн” гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тодотгосон юм. Харин энэ явдлаас хойш Я.Батсуурь захирал цагдан хоригдож, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод Энержи Ресурсыг оруулж ирсэн гэж байлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан