Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгой төслийн хувь заяа ажлын хэсэгт шилжлээ

 
   УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд, Засгийн газар Тавантолгойн асуудлаар нэгдсэн байр суурьт хүрэхгүй байна. Үүнээс болж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Зүүн Цанхийн уурхай (Тавантолгойн нүүрсний ордын талбай)-д ажиллаж байгаа оператор, мастерууд хүртэл Монгол Улсын сайд М.Энхсайханыг огцруулна гээд хэвлэлийн бага хурал зохион байгуулж УИХ-ын гишүүдэд хүсэлт уламжилжээ. Хэрвээ түүнээс мега төсөл хариуцах ажлыг нь “булаахгүй” бол уурхайн ажилчид “М.Энхсайханыг огцруулах хөдөлгөөн”-өө өргөжүүлэн Засгийн газрыг огцруулна гэж хүртэл ярьжээ. Энэ мэт иргэд төрийн ордонд Тавантолгойн ордтой холбоотойгоор өрнөсөн үйл явдалд чих тавих боллоо. Зарим улстөрч хүртэл хувийн амбици гаргаж, дээрх сэдэвтэй холбогдолтой үл ялигх зүйлд дөрөөлөв үү гэмээр үйлдэл гаргах болж.

Харин өчигдөр төрийн ордонд Тавантолгойн ордтой холбоотой хоёр үйл явдал болж өнгөрлөө.

•    Нэг нь, өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга З.Энхболдын хүсэлтээр хойшлуулсан гэлээ.
•    Нөгөө нь, Засгийн газрыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын өргөн мэдүүлсэн дээрх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх “эрхийг” Л.Эрдэнчимэг гишүүн атгасан явдал байв.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийн хэлж буйгаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдах болсонтой холбоотойгоор Байнгын хорооны хурал хойшилсон юм байна. Ингээд ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэг гишүүн ахалж, А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гишүүд бүрэлдэхүүнд нь багтан ажиллахаар болжээ. Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын дарга З.Энхболд захирамжаар байгуулсан. Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар, О.Баасанхүү нар Засгийн газрын боловсруулсан Тавантолгойн төслийг эрс шүүмжилсэн байр сууринаас ханддаг төдийгүй өргөн баригдаад байгаа Тавантолгойн төсөлд өөрчлөлт оруулах ёстой гэдэг. Дээрээс нь уржигдар Тавантолгойн 51 хувийг төр эзэмших ёстой гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл үзсэнийг УИХ дахь намын бүлэг нь авч хэлэлцээд шийдэлд хүрч чадахгүй байсаар ажлын хэсэг байгуулагдахаар санал нэгджээ. Тиймээс дээрх ажлын хэсэг “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд зарим нэг өөрчлөлт оруулсны дараагаар Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхээр болж байна.

“Эрдэнэс Тавантолгой ашигтай ажилласан”

Уул уурхайн яам өчигдөр Ил тод уул уурхай уулзалтыг зохион байгуулаад “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Чалко”-д 140 орчим сая ам.долларын өртэй гэсэн ч өнгөрсөн онд тус компани 28.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэлээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Д.Чулуунбат мөн л өнгөрсөн онд 28.5 тэрбум, 2013 онд 28.8 тэрбум төгрөгийн ашиг олсон гэжээ. Гэвч тус компани өнгөрсөн сонгуулийн үеэр “Хүний хөгжил сан”-д 416 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийн тулд Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авснаас өнөөдрийн байдлаар өрийн үлдэгдэл 142 сая ам.доллар байна. Мөн тус компани тухайн үед арилжааны банкуудаас нэмж 90 сая ам.долларын зээл авч, 416 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Энэ талаар Д.Чулуунбат “2012 оны сүүл гэхэд Хятадын “Чалко” компани болон арилжааны банкуудад төлөх зээл хугацаа хэтэрч, алданги торгууль ногдож эхэлсэн. Тиймээс алданги, торгуулийг арилгахын тулд манайх Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авсан. Үүгээр арилжааны банкны зээлийг алдангитай нь төлөхөд 123 сая ам.доллар хүрсэн байв. Мөн туслан гүйцэтгэгч компаниудад 70 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсныгаа барагдуулсан. Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгө манай компанийн үндсэн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй. Тухайн үеийн 200 сая ам.долларыг одоогийн ханшид хөрвүүлэхээр 76.5 тэрбум төгрөгийн алдагдал ханшийн зөрүүнээс манай компани хүлээгээд байгааг тайланд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, 2014 онд манай компани үндсэн үйл ажиллагаанаасаа ашигтай ажилласан ч ханшийн зөрүүнээс үүссэн бодит бус буюу хэрэгжээгүй ханшнаас 64,4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм” гэжээ.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-д 142 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө оруулалтын гэрээнд бичигдсэн. Хэрвээ Тавантолгойн гэрээ байгуулагдан ажиллаж эхэлбэл, 10 хоногийн дотор 200 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Засгийн газар болон Эрдэнэс Тавантолгойд төлнө гэж “Энержи Ресурс”, “Чайна Шенхуа” нэгдэл үзэж байгаа юм. Мөн урьдчилгаа төлбөр Засгийн газарт өгсөн өдрөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н өмнөөс 142 сая ам.долларын өрийг нь бүтээгдэхүүн нийлүүлэх замаар эсвэл бэлэн мөнгөөр нэг жилийн хугацаанд багтаан барагдуулах тухай заалт бий.

Нүүрсний үнэ тооцох аргад өөрчлөлт оруулах уу

Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Энержи Ресурс”, “Чайна Шенхуа” нэгдлийн хооронд байгуулагдах гээд байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ нь дөрвөн хувь боловсруулагдсан гэж УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх үзэж, дөрвөн гэрээг олон нийтэд ил болгосон. Харин ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн Тавантолгой харин ч ашигтай ажиллаж байгаа, төслийг буцаах бүрийд манайд ашигтайгаар эргэж, бидний олох мөнгө нэмэгдэж байгаа учраас гэрээг олон хувилбараар боловсруулсан байж болзошгүй гэж байгаа юм. Тухайлбал, тэрээр “Тавантолгойн төслийн гэрээг анхны удаа УИХ-д танилцуулахад манай улс тусгай рояалтийн хоёр хувь гэж авахаар тусгаад байсан ч жинхэнэ гэрээ биш байна гэж буцаасны үндсэнд гэрээг дахин оруулж ирэхдээ рояалтийг 2.5 хувь болгосон байсан гэдэг мэдээллийг өгсөн. Энэ гэрээ чинь болохгүй байна гэх бүрийд нөгөө тал гэрээгээ янзлаад манай талд ирэх мөнгөний хэмжээг нэмээд байсан. Нэг ёсондоо, гэрээнд засвар хийгээд байсан. Үүнээс харахад нэг удаагийн гэрээний буцаалтаар гэхэд 750 сая ам.долларын ашигтай болж ирсэн. Тэгэхээр энэ гэрээ маш олон хувилбараар хийгдсэн байх магадлалтай” гэж байлаа.
Харин манай улсад ногдох гээд байгаа тусгай рояалти буюу 2.5 хувь нь цаашдаа нүүрсний үнээс шалтгаалан хэлбэлзэх юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ 80 ам.доллараас дээш өсвөл бидний авах мөнгө түүнийгээ дагж өсөхөөр байгаа. Үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.1-д заасны дагуу дотоодод борлуулсан нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байхаар заасан байдаг. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболд болоод Л.Эрдэнэчимэг гишүүн “Өнгөрсөн 70 болоод дараагийн 70 жилийн хугацаан дахь нүүрсний дундаж үнийг олж тооцох ёстой” гэсэн байр, суурьтай байна. Одоогор нэг тонн нүүрс 80 ам.доллар байгаа нь зах зээлд байж болох хамгийн бага үнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа бол дээд үнийг 240 ам.доллар гэж тооцоолоод байгаа юм. Тиймээс хамгийн бага болоод хамгийн өндөр байсан хоёр үнийг шууд тооцохгүйгээр Оюутолгойн гэрээнд ашигласан шиг дундаж үнийг тооцож олох аргыг хэрэглэж нүүрсний дундаж үнийг тооцох өөрчлөлтийг оруулж магадгүй юм.

Харин  Төрийн өмчийн хорооны дарга Ж.Төмөрбаатар “Компанийн тухай хуульд компанид хөрөнгө оруулалт хийхэд тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн тохиолдолд, эсвэл хувьцаа эзэмшигчдийн  хурлаар санал хураалгаж шийдүүлэхээр тусгасан байдаг” учраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхдээ нийт хувьцаа эзэмшигчдээс санал асуух ёстой гэж үзжээ. Засгийн газар “Тавантолгойн хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй. Анхнаасаа хувьцааг иргэдэд тарааж өгөөгүй байсан. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгэх шаардлагагүй” гэж байгаа ч Ж.Төмөрбаатар дарга хувьцаа эзэмшигчид дансаа нээлгээгүй ч хувьцаа эзэмших эрх нь нээгдсэн учраас хуулийн санал авах ёстой гэж байр сууриа илэрхийлжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан