Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Насан туршийн боловсролыг бичиг үсэг төдийхнөөр үнэлэх цаг ард үлджээ

Б.ЦЭДЭВСҮРЭН

2015 он гэхэд Боловсролыг бүх нийтэд олгох зорилтыг бодит байдал болгохоор 2001 оноос эхлэн жил бүр “Үйл ажиллагааны долоо хоногийг” дэлхий даяар ЮНЕСКО, Засгийн газрууд ба иргэний нийгмийн байгууллагууд хамтран тэмдэглэж ирсэн. Өнгөрсөн жилээс эхлэн Монгол улсад боловсролд хамаатай талууд  хамтран дэлхийн жишигт нийцүүлэн долоо хоногийн турш үйл ажиллагаа явуулдаг жишиг тогтсон билээ. Энэ жилийн дэлхийн үйл ажиллагааны долоо хоног Сурч боловсрох эрх ба 2000-2030 он: “Боловсролын төлөө санал өгцгөөе!” уриан дор зохион байгуулагдаж байна.

Үйл ажиллагааны долоо хоногийн үеэр “Боловсролыг бүх нийтэд” олон талын төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалтыг Насан туршийн боловсролын үндэсний төв болон ЮНЕСКО-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгууллаа.

Албан бус-Насан туршийн боловсрол

Насан туршийн боловсрол гэдэг нь хүний амьдралын мөчлөгүүдэд боловсролын гүйцэтгэх үүргийг бүхэлд нь авч үзсэн ойлголт бөгөөд хүн тасралтгүй сурч байдаг гэдгийг баталгаажуулж, амьдралын сорилтуудыг даван туулах чадвартай болоход оршдог байна. 1991 онд Боловсролын хүрээлэнгийн дэргэд бай­гуу­лагдсан “Албан бус боловс­ролын сектор” нь бичиг үсэг­гүй хүмүүст бичиг үсэг заах буюу албан бус боловсрол ол­гох ажлыг эхлүүлсэн ч боловсролын салбарын хөгж­лийн үед зорилго чиглэл нь өөрчлөгдөж, 2012 онд БШУЯ-ны харьяа “Насан туршийн боловсролын үндэсний төв” болж өргөжин үйл ажил­лагаагаа явуулж байна. Нэрээ шинэчилж, зорилго чиглэлээ өөрчилсний хэрээр тус төвийн үйл ажиллагаа ч өргөжсөн.

Монгол Улс 2015 он гэхэд бичиг үсэггүйдлийг үгүй хийх зорилт тавьсан ч өнөө хэр нь бичиг үсэг сураагүй насанд хүрсэн иргэн байсаар байна. Гэсэн хэдий ч насан туршийн боловсрол нь зөвхөн бичиг үсэг төдийхнөөр хэмжигдэх учиргүй аж. Тиймээс Насан туршийн боловсролын үндэсний төв нь Амьдрах ухааны боловсрол, Гэр бүлийн боловсрол, Иргэний боловсрол, Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол, Гоо зүй-мэдрэмжийн боловсрол гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах болсон юм. Өнгөрсөн онд л гэхэд дээрх таван чиглэлээр 182576 суралцагчид давхардсан тоогоор сургалт явуулсан бол дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг 10019 суралцагчид явуулжээ. Энэ нь ерөнхий боловсролын суурь хичээлүүдийн сургалт юм.

Монгол Улсад суурь боловсролын завсардалт их байгааг тус судалгааны дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдсан 10019 суралцагчийн 3585 нь бага, 4194 нь суурь, 2240 нь бүрэн дунд боловсролын хөтөлбөрт хамрагдсан байна. Мөн өнгөрсөн онд 10 болон түүнээс дээш насны 3413 суралцагчид бичиг үсгийн сургалт зохион байгуулсан байна. Тэдний 1152 нь огт бичиг үсэггүй байсан бөгөөд анхан шатны сургалтад хамрагджээ.

Хэдийгээр манай улсын бичиг үсгийн боловсролын түвшин өнгөрсөн онуудыг бодвол сайжирч олон улсын хэмжээнд сайшаагдаж байгаа ч эрэгтэй хүүхдүүд, Гандан хийдэд шавилан суугаа иргэд, малчин иргэдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх дээр анхаарлаа сулруулж болохгүй гэсэн зөвлөмжийг НҮБ болон ЮНЕСКО-гоос ирүүлсэн байна.

Бусдын жишиг

Манай улсад Насан туршийн боловсролын үн­дэсний хөтөлбөр боловс­руулагдаж байна. Тэгвэл гадаадын зарим оронд иргэдээ хэрхэн хөгжүүлдэг талаар цөөн жишээ байна. Австралид ажиллах хүч дутмаг, шинэ ур чадварын эрэлт хэрэгцээ их байгаа тул насан туршийн боловсролын сургалтаар дамжуулан ямар нэг түвшний боловсролтой хүмүүс шинээр ур чадвар эзэмших, ур чадвараа ахиулахад чиглүүлж, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч байна.
Харин Бангладеш улсад албан бус боловсролын бодлогын баримт бичигтээ нийгэм ба эрхэд суурилсан хандлагыг тусгажээ. Насан туршийн боловсролын зорилго нь хувь хүний нийгэм, сэтгэц, биеийн даван туулах механизм-чадавхийг хөгжүүлж, улмаар хүлээн зөвшөөрөгдсөн эрхээ эдлэхэд хэмээн томъёолсон байна.

Пакистанд манай улсын нэгэн адил насан туршийн боловсрол нь бичиг үсэгт тайлагдах, тоо тоолох болон нийгэм-сэтгэлзүйн ур чадвар зэрэг үндсэн чадваруудад сургахад анхаардаг байна. Ингээд харахаар тухайн орны хөгжил, эдийн засгийн байдлаас хамаарч насан туршийн боловсролын хөтөлбөр нь боловсруулагддаг аж.

Хоёр өөр ойлголтоо нэгтгэх шаардлагатай байна

Дэлхий нийтээрээ насан туршийн боловсролын ирэх 15 жилийн зорилтоо тодорхойлох гэж байна. Гэтэл манай улсын боловсролын салбарт гарч байгаа асуудлыг Засгийн газар болон иргэд, Иргэний нийгмийн байгууллагууд зөрүүтэйгээр харж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас хэт томруулж харж байгаа юм. Боловсролын салбарт ногдож буй хөрөнгө санхүү, боловсон хүчин зэргээр. Гэтэл иргэд, Иргэний нийгмийн байгууллагууд боловсролын үйлчилгээ авч буй иргэдийн өмнөөс асуудлыг харж байна.

Тиймээс Насан туршийн боловсролын үндэсний төвөөс дээрх зөрүүтэй ойлголтыг нэгтгэж үндсэн гурван зорилт дэвшүүлээд байгаа аж. Эхний зорилт нь Төрийн санхүүжилттэй боловсролын төлөө. Дэлхийн зарим оронд боловсролын хувьчлал хийснээр нийгмийн анги давхаргын зөрүү ихээр гарч байгаа. Тиймээс тэр алдааг бид давтах ёсгүй хэмээн үзэж байна.

Хоёрдахь зорилт бол Тэгш байдлыг баталгаажуулах, тэгш хамруулах боловсролын төлөө. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн эрүүл хүүхдүүд дунд сурч боловсрох эрх хүн бүрт бий. Тиймээс цаашид боловсролыг тэгш хүртээх нь чухал. аж.
Сүүлийн зорилт бол Чанартай боловсролын төлөө. Тоонд биш чанарт анхаарах цаг болсон гэдгийг боловсролын салбар ч харуулж байна.

Ингээд дээрхи зорилтуудын талаар болон боловсролын хувьчлалын талаар Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалагаас тодруулсан юм.

-Чанартай боловсролын төлөө гэсэн зорилт дэвшүүлсэн байна. Чанартай боловсролыг хэмжих хэмжүүр нь юу юм бэ?
-Одоо бол тестийн оноогоор чанартай, чанаргүй гэдгийг тодорхойлж байна. Гэтэл Иргэний нийгмийн байгууллагууд өөр санаа бодолтой байгаа. Тухайн хүүхдийн академик мэдлэгийг тестийн оноогоор шалгаж болно. Гэхдээ тэр хүүхдийн ямар төлөвшил, хандлага, үнэт зүйлтэй, юу чаддаг юм гэдгийг шалгаж чадахгүй. Тиймээс хүүхдийн боловсролыг илүү өргөн хүрээнд олон шалгуураар шалгадаг байгаач ээ гэсэн хүсэлт гаргадаг. Гэхдээ боловсролын чанарын тухай ярихдаа эцсийн үр дүнг ярьж болохгүй. Ямар орчинд, хэр зэрэг санхүүжилт хийгээд, ямар мэдлэгтэй багшаар хангасан юм, явц, хичээлийн процесс нь ямар байгаа юм гэдгийг үнэлэх ёстой.

-Зарим улс боловсролын хувьчлал хийж байна гэсэн. Үүний үр дагаврын талаар ярьж өгөөч?
-1980 аад оноос неолиберал эдийн засгийн бодлого дэлхий даяар түгсэн. Үүнээс үүдээд эдийн засгийн бодлогод төрийн оролцоо маш бага байх ёстой. Эдийн засагт хамгийн ашигтай салбар бол хувийн хэвшил гэж үзсэн. Үүнээс үүдээд боловсролын салбараа хүртэл хувьчилж эхэлсэн. Хамгийн том жишээ Чили улсад байна. Боловсролын салбараа 100 хувь хувьчилсан. Тухайн үед үр дагаврыг нь хэн ч хэлж чадахгүй байсан. Одоо 30 жилийн дараа эргээд харсан чинь тухайн нийгэм гурав хуваагдсан.Ёроолын хэсэг, дунд, дээд гээд. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүн нь хүссэн сургуульдаа суралцах, дунд орлоготой нь таарсан өртөгтэй сургуульд сурах, мөнгөгүй хэсэг нь боловсролгүй үлд гэсэн тогтолцоонд шилжчихсэн. Нийгмийн эв эе хамгийн чухал асуудал байтал үүнийг нурааж болохоор буруу алхам бол боловсрол, эрүүл мэндийн хувьчлал юм.

-Монголд байхгүй биш байгаа...
-Үүн дээр буруу ойлголт явдаг. Монголд хувийн хэвшлийнхэн сургууль байгуулж байгаа нь нэг өөр хэрэг. Тэд байгуулж л байг. Харин төр өөрийн мэдлээ хувьчлаад эхэлбэл тэр боловсролын хувьчлал болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан