Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ч үндсэн зарчмыг өөрчлөхгүй”

“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хурал өчигдөр болж өнгөрлөө. Энэхүү хуралдааны зорилго нь Үндсэн хууль болон нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг олон нийтийн төлөөлөл, оролцоотойгоор шийдвэрлэх, зөвлөлдөх ардчиллын үндэслэлийг Монгол Улсад бий болгоход чиглэгдэж байгаа юм байна. Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл, хэрэгжилт, шийдэл” сэдвээр, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Монгол Улс дахь парламентын засаглалыг боловсронгуй болгох шаардлага” сэдвээр илтгэл тавьжээ. Мөн дотоод гадаадын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд оролцон илтгэл тавьж, асуудлыг нээлттэй хэлэлцсэн аж. Харин хуралдааныг УИХ-ын Тамгын газар, Швейцарийн ЭСЯ-ны хамтын ажиллагааны газар, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Нэг Монгол” төрийн бус байгууллага, Стратеги академи, Улаанбаатар бодлогын судалгааны төв хамран зохион байгуулж байгаа талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Хуралд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун нар оролцож үг хэлсэн байна.

УИХ-ын дарга З.Энхболд: 2013 оны хоёрдугаар сард УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэхүү Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн 2015 оны нэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинээр томилон ажиллуулж байна. Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулахад иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, боловсруулалтын шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай гэж үздэг. Өнөөдөр “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулж Үндсэн хуулийг боловсронгуй болгох талаар эрдэмтэн судлаачдын санал бодлыг онол практикийн үүднээс сонсч, шүүн хэлэлцэж байгаа нь тулгамдсан асуудлыг бодитой шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хурлын явцад гарсан санал дүгнэлт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ажилд ч үнэтэй зөвлөмж болно гэдэгт итгэж байна. …Өнөөдөр ч Үндсэн хуулийг боловсронгуй болгох санал, санаачилга ард иргэдээс ч, хууль тогтоогчдын зүгээс ч гарсаар байна. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн санал, санаачилга бүрийг хүлээн авч үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд байх нь тийм ч хүсээд байх зүйл биш. Тийм учраас Улсын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс болсон үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, зарчмыг өөрчлөхийг хязгаарласан.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд: Зөвлөлдөх ардчиллын онол, арга зүйн үндсийг зөв таньж мэдэх, түүнийг нийгэм, улс төрийн амьдралын тулгамдсан асуудлаар оновчтой шийдэл олоход зохистой ашиглах боломжийг бүрдүүлэх, монгол хүний уламжлалт сэтгэлгээ, нийгмийн хөрсөнд буулган тодорхойлоход өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан үйл явц нь бүхэлдээ зөвлөлдөх ардчиллын нэгэн тод жишээ үлгэр дуурайлал байсан гэж үзэж болох юм. Энэ туршлагыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ч бид зайлшгүй харгалзан үзэх ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлэг Монголын ардчилалд тулгарч буй бэрхшээл сорилтыг даван туулах арга зам, эх орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдсан нэг биш хүндрэлтэй асуудлыг оновчтой шийдвэрлэхэд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва: Монгол улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа хэлэлцэн баталснаас хойш 23 жил өнгөрчээ. Хэдийгээр 23 жил богинохон хугацаа мэт боловч энэ нь та бид хамтдаа эдийн засаг нийгмийн бүхий л салбарыг хамарсан өөрчлөлтийг даван туулсан, одоо ч дуусаагүй байгаа шилжилтийн он жилүүд байлаа. Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд гүйцэтгэж буй үүрэг рольд байнга дүн шинжилгээ хийж, эрдэмтдийн үгийг сонсч байх нь зайлшгүй хийгдэх ёстой ажил төдийгүй Монголын төрийн удирдлагын арга барилд үнэлэлт дүгнэлт өгөх нэгэн арга механизм мөн.

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун: Ардын Их Хурлын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад бүгдээрээ хэлэлцэж асуудлыг шийдвэрлэдэг парламентын засаглалыг бид олж авсан. Энэ нь ч зөв байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хамгийн халуун сэдвийн нэг болоод байна. Нэмэлт өөрчлөлт оруулах зорилго нь ардчиллыг илүү боловсронгуй болгох улс орны хөгжлийг урагшлуулахад чухал алхам болох учиртай. Хууль тогтоох эрх мэдэл нь нийгмийн олон төлөөлөлтэй бие биенээ шүүмжилдэг боловч зөвлөлдөж шийдэж чаддаг гүйцэтгэх эрх мэдэл нь асуудлаа шийдсэн шиг шийдэж, хариуцсан шиг хариуцдаг байгаасай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан