Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэгт “Хөршийн хяналт” хөтөлбөр хэрэгжиж байна

Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг. Хэдий хана, хашаагаар тусгаарлагдсан ч хөрш зэргэлдээ айл өрх амь нэгтэй байх тухай энэ үг сургамжилна. Гэвч хүний мөс чанар улам бүр муудаж буй өнөө үед айл хөршөөрөө амь нэгтэй байхаас илүү харин ч хувиа хичээн довоо шарлуулах хүмүүс их болж. Тиймдээ ч амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэх үзлээр хандаж, ахуйн хүрээний гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийг “өөгшүүлж”, мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрөөдөг тохиолдол их байна. Нэг үгээр иргэний үүргээ ухамсарлах хүн цөөн болж.

Сүүлийн үед бяцхан үрс хүчирхийлэлд өртөж эцэг эх, гэр бүлийнхнийхээ гарт амь үрэгдсэн тохиолдлын жишээг цөөнгүй дурдаж болохоор. Хэдий хууль хүчний байгууллага эл байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй ч айл өрх бүрт хүрч үйлчлэх хүчин мөхөс байна. Түүнчлэн, олгой хагаравч тогоондоо хэмээн хажуу айл, хамар хашаанд нь өдөр тутам хүчирхийлэл үйлдэгдэж байхад нүдэн балай чихэн дүлий өнгөрөөх хүмүүс олширчээ. Айл хөршөө танихгүй, холбоо харилцаа муутайгаас орон байранд хулгай ороход тэр бүр мэдэх нь ховор байна. Жилээс жилд өсч буй дээрх гэмт хэргийн тохиолдлыг бууруулахад иргэдийн оролцоог идэвжүүлэх нь чухал хэмээн үзэж “Хөршийн хяналт” хөтөлбөр туршилтаар хэрэгжиж эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэрэг, орон байрны хулгайгаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн идэвх оролцоо, санаачилгад суурилсан “Хөршийн хамгаалалт” амгалан тайван байдлын тогтолцоо бий болгохоор тусгагдсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас холбогдох алба, хороо, дүүргийн удирдлага, иргэдтэй хамтран “Хөршийн хяналт” хөтөлбөрийг туршилтын журмаар нийслэлийн 30 хороонд энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж буй хороодын төлөөлөл болгож Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс, туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй XII, XIII хорооны иргэд хэрхэн хамтран ажиллаж байгааг сонирхлоо.

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран Сүхбаатар дүүргийн XII, XIII хорооны иргэдэд “Хөршийн хамгаалалт” уулзалт, өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Өдөрлөг, сургалтад хамрагдсан 100 гаруй оршин суугч, иргэн, Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлд хөршийн хамгаалалтын үйл ажиллагааны журмын тухай ойлголт өгч, гадаад улс орнуудын хөршийн хяналтын үйл ажиллагааны сайн туршлагыг жишээ болгон танилцуулсан юм. Түүнчлэн, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангахад цаашид юунд анхаарах тухай орон нутгийн удирдлага, Хорооны Засаг дарга санал, хүсэлт хүлээн авсан. Энэ үеэр “Хөршийн хяналт” хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн VII, VIII хорооны иргэд, цагдаагийн хэлтсийн төлөөлөлтэй уулзсан юм.


Б.Ууганбаяр: Хөрш хөршөө хамгаалах нь хоёр айлын бус хувь хүнтэй ч холбоотой асуудал

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын тасгийн дарга Б.Ууганбаяр.

-Хөршийн хамгаалалт, хяналт гэх ойлголтыг товчоор тайлбарлавал?
-Их энгийн, нэг ёсны иргэн өөрийгөө болоод өрөөлийг буюу хөршөө хамгаалах үйл ажиллагаанд оролцох тухай юм. Мэдээж хажуу хаалганд тань ямар хүмүүс оршин суудаг нь танд хамаагүй мэт боловч тэр айлд халдсан аюул дараагийн удаа танай хаалгыг тогшино гэж ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас хөршүүд байнгын харилцаа холбоотой байх нь чухал. Магадгүй хажуу айл нь хаа нэгтээ аялал зугаалгаар явсан, гэр нь эзгүй үеийг хулгайч анддаггүй. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байвч “Надад хамаагүй” гэх үзлээр ханддаг нь гэмт хэргийг өөгшүүлсэн цаашлаад хүний амь настай холбоотой асуудал болон хувирдаг. Тиймээс хөрш хөршөө хамгаалах нь хоёр айлын бус хувь хүнтэй ч холбоотой асуудал. Тиймээс л бид дүүргийнхээ VII, VIII хороог сонгон авч сургалт зохион байгуулж байна.

-VII, VIII хороог онцлох болсон шалтгаан нь?
-Ер нь, манай нэгдүгээр хэлтэс I-IX хороог хариуцдаг. Иргэд сайн мэднэ дээ. XI хороолол гэж нэрлэдэг орон сууцны хороолол бол дээрх хоёр хороонд оршдог. Хүн ам ихээр төвлөрсөн, хотын төвийн хэсэг болоод ч тэр үү гэмт хэргийн гаралт их байдаг хэсэг. Тиймдээ ч дээрх хоёр хороог сонгон авч хөршийн хамгаалалтын тогтолцоо бий болгохоор дүүрэг, иргэдийн хурал, ард иргэдтэйгээ хамтран ажиллаж эхэлж байна.
Сүүлийн үеийн статистик мэдээгээр нийт гэмт хэргийн тохиолдлын 40-60 хувийг орон байрны хулгай эзэлж  байгаа юм. Энэ нь тухайн байрны орцны жижүүр, кодтой эсэхээс, түүнчлэн айл хөршүүдийн харилцаа холбоо муу байгаатай ч шууд холбоотой. Тиймээс хөршийн хамгаалалт бий болгох нь энэ төрлийн гэмт хэрэг болоод гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлыг бууруулах сайн талтай. Ийм сайн туршлага гадны орнуудад түгээмэл дэлгэрсэн байдаг.

-Иргэдийн харилцаа холбоог хэрхэн зохицуулах вэ?
-Өнөөдөр анхан шатны сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Цаашид цагдаагийн байгууллага ямар оролцоотой хандах юм, иргэдийн оролцоог хэрхэн зохицуулах вэ гэх зэргээр илүү боловсронгуй, нэгдсэн зохион байгуулалтад оруулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан