Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Баярсайхан: Орос цэргүүдтэй хөл нийлүүлэх гэж паарнаас хөлөө дүүжилдэг байлаа

Б.СОНОР

Аугаа их эх орны ялалтын 70 жилийн ой таван өдрийн дараа болох гэж байна. Түүхэн ойн парадад алхахаар Монголын зэвсэгт хүчний 80 гаруй алба хаагч эх орноосоо мордсон. Тэгвэл 1973 онд ялалтын парадад алхаж байсан Ш.Баярсайхан манай сонинд хандаж, ярилцлага өгсөн юм.

-Одоогоос 42 жилийн тэртээ Аугаа их эх орны ялалтын парадад алхсан анхны монгол хүн болох боломжийг хэрхэн олж авсан бэ?
-Би 1971 онд Зөвлөлт Орос улсын Хилийн цэргийн дунд сургуульд элссэн юм. Ховдод цэргийн алба хаагаад Орос руу сургуульд явсан юм л даа. Орост курсант байхдаа 1973 онд парадад алхах ховор боломжийг олж авсан хэрэг. Сургуулийн захиргаанаас авсан үүргийн дагуу нэг сарын хугацаанд бэлтгэл хийсэн. Орос цэргүүд хөл урттай болохоор тэдэнтэй хөлөө нийлүүлэх гэж паарнаас хөлөө дүүжилж уячихдаг байж билээ. Өдөр бүр л тэгж хөлөө дүүжилж байж оросуудтай хөл нийлсэн. Үүнийхээ ачаар Москвагийн Улаан талбайд ялалтын парадад алхсан. Намайг хамт сурсан монголчуудаасаа өндөр, царай төрх  маань ч гэсэн оросуудтай төстэй байсан болохоор сонгосон байх.

-Тухайн үед тантай хамт сурч байсан монгол найзууд тань таныг парадад алхаж байсныг баталсан байна...
-Ах нь 1969 онд Ховдын хязгаарын цэрэгт татагдаад нэг жилийн хугацаанд алба хаагаад сургуульд явсан. Тухайн үед хил хамгаалах албанд офицер бэлтгэх хэрэгцээ шаардлага их байсан учраас цэргийн эрдэмд гарамгай суралцаж байгаа залуучуудыг дэмжиж сургуульд явуулдаг байсан хэрэг л дээ. Тиймээс тэр үед хамт сурч байсан нөхөд маань намайг парадад алхсаныг маань баталж, гарын үсгээ зурж бичиг хийж өгч байсан юм. Тухайн үед манай хязгаарын цэргийн дарга хошууч генерал Арвай “Энэ хүн парадад алхаж байсан нь үнэн” гээд гарын үсгээ зурж өгсөн. Сүүлд дэслэгч генерал болсон хүн л дээ.

-ОХУ-д цэргийн эрдэмд суралцаад нутагтаа ирээд хаана ажилласан бэ?
-Бид таван жил сурах ёстой байсан ч гурван жилээр төгссөн. Би Дорноговь аймгийн Рашаантын заставт орлогч, дарга хийж байгаад жил ажиллаад бие муудсан. Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй гэсэн учраас албанаасаа халагдсан даа. Тэр цагаас хойш парадад алхсан гэдгээ ер сөхөөгүй юм байна шүү.

-Таныг ялалтын парадад алхсанаас хойш 42 жилийн дараа монгол цэргүүд Улаан талбайд хөл тавих нь...
-Уг нь би Батлан хамгаа­лахын сайдаар уламж­луулаад Ерөнхийлөг­чийн тамгын газрын дарга Цагаан гуайд өргөдлөө өгсөн юм. Тэгсэн Батлан хамгаалах яамны хэвлэлийн газрынхан миний өргөдлийг сайддаа танилцуулаагүй байна билээ. Саяхан парадад жагсахаар бэлтгэлээ хангасан цэргүүдийг сайд нар хүлээн авсан. Тэгэхэд салбарын сайд нь Монгол Улсаас анх удаа парадад оролцож байгаа цэргүүд гэж хэлэхэд нь л нулимс асгарч байсныг нуугаад яахав. Миний хөдөлмөрийг үнэлэхгүй байгаад гомдож байна. Улаан талбайд парадад алхах чинь цэрэг хүний хувьд хувь заяаны л асуудал байхгүй юу. Орост сурч байгаа монгол курсантад олдох нь байтугай орос офицеруудад ч бараг олдохгүй хувь заяа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан