Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч. Энхбат: Наадмаас өмнө нэмж 50 автобус үйлчилгээнд гаргана

Сүүлийн үед нийтийн тээврийг тойрсон гомдол ихээр гарах болсон. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Ч. Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн автобуснууд ямар түвшинд байна вэ. Паркаа хэр  шинэчилж  байгаа вэ?

-Паркаа ер нь гайгүй шинэчилж байгаа шүү. Дөрөвдүгээр сарын 30-нд анхны арван ширхэг урт автобус төмөр замаар ачигдаад наашаа гарсан гэсэн. Бидний авсан мэдээллээр тавдугаар сарын 20 гэхэд ороод ирэх байх. Ирэнгүүт нь бид аль болох хурдан үйлчилгээнд гаргана. Мөн дунд оврын 30 автобус эхнээсээ ачигдсан гэсэн. Үндэсний их баяр наадмын өмнө үйлчилгээнд гаргах зорилт тавиад байгаа.

-Микро автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй хэмээн ярьж байгаа. Энэ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Мөн оронд нь ямар автобус үйлчилгээнд гаргах вэ?

-Энэ бол төвөгтэй асуудал. 12 жил явсан автобусыг манай улс нийтийн тээвэрт явуулахыг хориглодог. Ерөнхийдөө 2015 оны сүүлч гэхэд одоо үйлчилгээнд явж байгаа микро автобусны 90 хувь нь стандартад нийцэхгүй тул хасагдана. Гэхдээ бид стандартад нийцсэн бага оврын автобусыг үйлчилгээнд явуулах нь нээлттэй. Энэ дээр санхүүгийн асуудал байнга яригдаж байдаг. Бид бодлогын хэмжээнд дэмжинэ. Хувийн компаниудад чиглэл нь  тодорхой байгаа тул өөрсдөө санхүүжилтээ шийдээд дунд бага оврын автобуснуудаа явуулна. 

-Автобус 1,2,3-ийг нэгтгэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-болгосноор зарим жолооч нарыг үндэслэлгүйгээр ажлаас хэлж байна гэсэн гомдол гарсан. Энэ талаар танайхаас хяналт шалгалт хийсэн үү?

-Манай байгууллага аж ахуйн нэгжүүдтэй үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулж ажилладаг. Мөн нийслэлийн тээврийн бодлогын чанартай асуудлыг манайх шийддэг. Хүн томилох, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Энэ бол дотоод асуудал нь.

-Сүүлийн үед нийтийн тээврийн салбарт хийгдэж байгаа өөрчлөлтүүд үр дүнгээ хэрхэн өгч байгаа вэ?

-Энэ жилээс хяналтын системээ сайжруулж, бүртгэлийн санд бүртгэгдсэн бүх автобусуудыг GPS системд холбож, камер¬жуулна. 2013 оноос  автобусуудыг нэгдүгээр эгнээгээр явуулж эхэлснээр түгжрэл тодорхой хэмжээгээр багассан. Тухайлбал, хотын төвөөр дунджаар цагт 10 километр  явж байсан автобус, нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр цагт 20 гаруй километрын хурдтай явдаг болсон. Үүний үр дүнд зорчигчид нийтийн тээврээр үйлчлүүлэх урсгал нэмэгдсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан