Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуванцар саванд ихэвчлэн химийн хортой бодис хадгалдаг

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар (МХЕГ), Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт сарын аян зарлалаа.  Эрх чөлөөний талбайд энэ аянаа эхлүүлсэн тэд сарын турш Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт, зөвлөн туслах, сургалт сурталчилгааг зохион байгуулж, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөөгөө өгөх юм байна.
Нээлтийн үйл ажиллагаанд МХЕГ-ын харьяа салбар байгууллагууд болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Явуулын лаборатори зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан юм.
НМХГ-ын Явуулын лаборатори нь онцгой байдал буюу хордлого, голомтот өвчин гарсан үед, богино хугацаанд газар дээр нь очиж, хурдавчилсан тестээр шинжилгээ хийх зориулалттай аж. Мөн ямар шинжилгээ хийж байгаагаасаа хамаараад хариуг нь 30 минутаас зургаан цагийн дотор гаргадаг юм байна. Түүнчлэн тус лаборатори ажлын байрны агаар тодорхойлох, хүнсний ногоонд нитрит, цацраг идэвхт бодис байгаа эсэх, сүү сүүн бүтээгдэхүүний хүчиллэгийн хэмжээ, хольц, нягт, мах махан бүтээгдэхүүн, өндөгний уураглаг байдал, мөн гадаргын усны уусгах чанар  зэрэг шинжилгээ авдаг аж.
Мөн сүүлийн үед  уул уурхай, газар тариалан, барилга, үйлдвэржилт хөгжиж байгаатай холбоотойгоор химийн хорт бодис агуулсан хуванцар сав ихээр орж ирэх болжээ. Ихэвчлэн гэр хороолол, болон хөдөөний иргэдийн хэрэглэдэг хуванцар сав нь химийн хорт бодис агуулах үндсэн зориулалттай байдаг байна. Харин дотооддоо үйлдвэрлэдэггүй, эрэлт ихтэй энэ бүтээгдэхүүнийг  “Монвеком” гэх компани хүний биед сөрөг нөлөөгүй, эрүүл мэндийн шаардлагад нийцсэн байдлаар үйлдвэрлэж эхэлсэн нь хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа аж. Тус компанийн ажилтан гадаад харилцааны ажилтан А.Өлзиймаа “Иргэд хүнсний зориулалтын бус, техникийн зориулалтын саванд ундны ус хийж ашигласнаар шууд үхэлд хүрэхгүй ч 5-10 жилийн дараа хавдрын эх үүсвэр болох магадлалтай. Монголд хэрэглэж байгаа савыг дахин боловсруулсан хаягдал түүхий эдээр хийдэг учраас хар тугалгын хэмжээ нь хэвийн хэмжээнээс 64-800 дахин их байна гэж судалгаагаар тогтоогдсон. Манай компани 2014  оноос эхлэн хүнсний зориулалтаар үйлдвэрлээд 20 мянган ширхгийг Сонгино хайрхан дүүрэгт борлуулсан” гэв. Тэд түүхий эдээ БНСУ-аас оруулж ирдэг бөгөөд 25 литрийн багтаамжтай хуванцар сав үйлдвэрлэж байгаа юм байна.

        Тус аяныг зохион байгуулж, удирдлагаар ханган ажиллаж байгаа         МХЕГ-ын Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга                     Л.Гэрэлмаагаас дараах асуултад хариулт авлаа.

-“Эрүүл хөрс-эрүүл хүнс” сэдэвт аяныг ямар шаардлагаар яагаад зохион байгуулах болов?

-Монгол улсад хүнсний аюулгүй байдлыг хангах хууль батлагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Гэтэл хуулийг бүрэн хэрэгжүүлж шаардлага хангасан, зах зээл дээр гарал үүсэл нь тодорхой, шошгын зөрчилгүй бараа бүтээгдэхүүн байна уу гэвэл, үгүй. Хууль хэрэгжээд хоёр жил болсон, төрийн байгууллагууд холбогдох дүрэм, журмаа гаргаад, хууль хэрэгжүүлэх талаар сургалт сурталчилгаа хийж байгаа ч зөрчлүүд төдийлэн буурахгүй байна. Үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа эрхлэгч, хэрэглэгч нар маань бүтээгдэхүүнээ яаж зөв сонгох вэ, яаж зөв хадгалж хэрэглэх вэ гэдэг энэ бүх оролцогч талуудын үүрэг оролцоо хамтын ажиллагааны хүчинд хүнсний аюулгүй байдлыг хангана. Ялангуяа шошгын зөрчилтэй импортолж  байгаа бараа бүтээгдэхүүн нь үйлдвэрийн дамжлагын үед зөрчилтэй гараад байна уу, худалдаанд гараад зөрчил дагуулж байна гэдгийг шалгаж, арга хэмжээ авч, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нарт зөвлөгөө өгөх, арилгах талаар далайцтай арга хэмжээ авахаар сарын аян зохион байгуулж байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд бүх орон нутгийн түвшинд нээлт хийгдэж байна. Бүтэн сарын туршид аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөх, зөрчлийг арилгуулах талаар зааж зааварлах ажлыг түлхүү хийнэ.

-Сарын аяны дараа ямар бодит үр дүн гарна гэж бодож байгаа вэ?

-Эцсийн үр дүнд хэд, хэдэн шийдэгдэхгүй байгаа асуудалд ахиц гарна гэж бодож байна. Нэгдүгээрт, малын гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа махны гарал үүслийн асуудал. Зах дээр зарж байгаа мах гэхэд л аль аймгийн хэн гэдэг малчны хотноос ирсэн гэдэг нь тодорхойгүй байдаг. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж байна
Хоёрдугаарт, хуванцар савны асуудал байна. Хүнсний зориулалтын бус хуванцар сав хөдөө орон нутагт айл болгонд байж байдаг. Эхний ээлжид энэ хуванцар сав Монгол Улсад ямар зориулалтаар орж ирж байна вэ гэдгийг судална. Уг нь бол хуванцар савнууд нь ихэвчлэн арьс ширний үйлдвэрт хэрэглэдэг угаалга цэвэрлэгээний бодис агуулсан байдаг юм. Бодисоо сулрахаар нь угааж цэвэрлээд хоол ундандаа хэрэглэдэг явдлыг таслан зогсооно гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан