Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажил дээрээ бухимдсаар л байх уу

Анагаахын шинжлэх ухаан хүний  өвдөх шалтгааны  60-80 хувь нь сэтгэл зүйн үндэслэлтэй  гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Орчин үед бид эрхэлж буй ажил, эзэмшсэн мэргэжлээсээ болоод стресст орох нь олонтаа. Уурлах, бухимдах, тавгүйтэх нь бидний сэтгэл зүйн болоод биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Ажлын байран дахь стресс гэх тусдаа ойлголт бий болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Ийм стресст өртсөн хүмүүсийн тавны нэг нь өвчилдөг, гуравны нэг нь ажлын байраа орхидог, 50 хувийнх  нь хөдөлмөрийн бүтээмж буурдаг гэсэн судалгаа бий. Ажлын байрны стрессийг үүсгэх гурван хүчин зүйл байдгийг судлаачид тогтоожээ.

Нэгдүгээрт,
байгууллагын зүгээс нөлөөлөх хүчин зүйлс. Үүнд юу хамаарах вэ гэвэл, удирдлагын бодлого, стратеги,зохион байгуулалтын бүтэц, хөдөлмөрийн нөхцөл байдал орно. Түүнчлэн ажлын байран дахь дуу чимээ, халуун бүгчим агаар зэрэг нөлөөлж байдаг.

Хоёрдугаарт, бүлэг хамт олны хүчин зүйлс. Хувь хүний амжилт, алдаа гаргахад хөдөлмөрийн хамт олон их нөлөөтэй. Хувь хүнд хамт ажиллагчид нь стресст ороход ч стрессээс ангижрахад ч нөлөөлж байдаг

Гуравдугаарт хувь хүний хүчин зүйлс. Ямар нэгэн амжилт, эерэг үйл явц нь хүний хортой сөрөг стрессийг бууруулдаг байхад харин чадвар сул байдал, ядуу дорой амьдрал стрессийн түвшинг нэмэгдүүлдэг. Ажлын туршлага дутуу, мэргэжлийн чадвар хангалтгүй хүнд стресс их байдаг. Хувийн зан араншин ч бас нөлөөтэй. Тухайлбал, тайван дөлгөөн ааштай хүн стрессийг мэдрэх нь бага байхад ширүүн тогтворгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн хурдан мэдэрч түүнтэй зохицохдоо төвөгтэй байдалд ордог. Ажлын байрны стресс ужгиран даамжирвал "ажлаас халшрах шинж буюу /burn out/” болдог. Энэ нь дан ганц ажлын байран дээр бус найз нөхөд, гэр бүлийн харилцаанд асуудал үүсгэнэ. Эмч, сувилагч нарын дунд хийсэн судалгаанаас харахад, эмч нар сувилагчдаас илүү ихээр ажлын байрны стресст өртдөг байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд эмч сувилагч нар ялангуяа эмч нарыг нарийн мэргэшлийн  дагуу ялгаатай авч үзэн материаллаг дэмжлэг, хангамж үзүүлэх нь чухал. Түүний зэрэгцээ материаллаг бус буюу янз бүрийн эерэг дадал зуршлыг олгох арга, сэтгэл зүйн тусламж зөвлөгөө өгч  асуудлыг шийдвэрлэх, стрессийн сөрөг шинж тэмдгүүдийг бууруулах шаардлагатай юм.

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, хүний нөөцийн бодлого боловсруулж буй хүмүүст зөвлөхөд юун түрүү Удирдлагын зохион байгуулалтын бүтцийг тодорхой болгох ёстой. Ингэснээр албан нэгж хэсгүүдийн харилцаа холбоо, ажил үүргийн хуваарь нарийн зааг ялгаатай болж ажил хэргийн улмаас зөрөлдөх нь багасна. Ажлын ачаалал, нягтралыг нарийн судлан боловсруулах, хөдөлмөрийг зөв хуваарилан, зөв зохион байгуулж оюуны ба биеийн хөдөлмөрийн ачааллыг тохируулах нь ажлын байрны стрeссийг бууруулахад чухал нөлөөтэй.
Ажилтнуудынхаа ажлын үр дүн, гүйцэтгэлийг хянах, дүгнэх боловсронгуй механизмыг бодож сонгон хэрэгжүүлнэ. Ажилтны мэргэжил, ур чадвар, ажлынх нь үр дүнг шударгаар үнэлж, ажил албыг нь дэвшүүлэн ажиллуулах, бууруулах зэрэгт үнэн зөв хандаж, шударга уур амьсгалыг бүрдүүлж тэднийг идэвхжүүлэх орчинг бүрдүүлэх нь зүйтэй.

Ажлын байрны нөхцлийг сайжруулахад анхаар. Ажлын шаардлагад бүрэн нийцсэн тоног төхөөрөмжөөр хангаж чадвал ажлын бүтээмж нэмэгдэн амжилт гаргах боломж бүрдэнэ.Ажилтан тохилог эрүүл орчинд хөдөлмөрлөвөл стресст өртөх магадлал багасч байдаг.

Хүний нөөцийг хөгжүүлэх сургалтыг байнга зохион байгуулах хэрэгтэй.Ур чадвар, мэдлэг туршлага байнга өсөн нэмэгдэх  нь ажилтны хувьд стрессийг даван туулах хэр баргийн ачааллыг үл ажран  гарах боломжтой болгоно. Түүнчлэн ажлын цагийг зөв ашиглах, ажил  зохион байгуулалтыг сайтар бодож боловсруулах хэрэгтэй.

Амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх тал дээр байгууллагын зүгээс анхаарал тавих чухал. Наад  зах нь ажлын завсарлагаар амрах өрөөтэй болгох, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Уг өрөөг жинхэнэ утгаар нь алжаал, стресс тайлдаг өрөө болгон тусгай хэрэгслүүдээр тоногловол илүү сайн нөхцөл бүрдэнэ. Жишээ нь, янз бүрийн массажны техник хэрэгсэл суурилуулах, голын ус шоржигнох, шувуудын жиргээтэй  хуурцаг, сонгодог хөгжим, сэтгэл тайвшруулдаг лекц яриа сонсгож байх нь их үр дүнтэй. Байгууллага дээр хамт олонч нөхөрсөг, нээлттэй харилцаа бүхий уур амьсгал бүрдүүлэхийг удирдлагын зүгээс дэмжиж ажиллах нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх,хамт олон сэтгэл ханамжтай, идэвхи санаачлагатай ажиллахад чухал ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан