Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэнзэн байснаа Давидев болж байлдсан сонсогч

Тэр л түүхэн он цагийн тэртээ буу мөрлөж, харь орны төлөө байлдаж халуун цус, бүлээн амиа үл хайрлан тэмцсэн монгол дайчдын нэг бол Дагвын Дэнзэн. Булган аймгийн Хутаг-Өндөрийн малчин ард Дагвынд 1921 онд нэгэн хүү мэндлэхэд Дэнзэн гэх нэрийг ламаас хайрлажээ. 1930 онд Хутаг-Өндөрийн бага сургууль, 1940 онд Хөвсгөл аймагт дунд сургууль төгссөн Дэнзэн сайн дураараа цэргийн албанд мордсон байна. Тухай үедээ өндөр боловсролтойд тооцогдох түүнийг их бууны шилт хэрэглэлийн засварын мастерын курст суралцуулан улмаар 1941 онд ЗХУ-д Ленинградын Артиллерийн сургуульд суралцуулахаар илгээжээ. Түүнтэй хамт Говь-Алтай аймгийн харьяат Гончигийн Лутаа мордсон байна. Тэднийг Орос оронд очихтой зэрэгцэн Эх орны дайн эхэлж, Ленинград хотын хамгаалалтын шуудуу ухах ажлыг өдрөөр хийж, шөнө нь хичээл сургуульд хамрагдаж байтал дайны нөхцөл хүндэрсэн тул дээд командлалын шийдвэрээр сургуулиа түр зогсоож, сонсогчдыг хотын хамгаалалтад оролцуулах болжээ. Оросууд дуудахад амар хэмээн Д.Дэнзэнд Давидев, Г.Лутаад Гончеров гэсэн орос нэр өгч дайнд оролцуулжээ. 1943 онд Г.Лутаа их бууны суманд хүнд шархтаж, эмнэлэгт хэвтлээ. Д.Дэнзэн эвдэрсэн их буу засах, сум, галт хэрэглэл галын шугаманд хүргэх, эвдэрсэн зэвсэг, шархтанг ар тал руу татах албанд орос цэргүүдийн хамт томилогдож, унтах нойр, идэх хоолоо умартан зүтгэж байв. Тэднийг Урал руу шилжүүлж, сум, галт хэрэглэл үйлдвэрлэх ажил хийлгэж байгаад 1944 оны дөрөвдүгээр сард Ленинград хот чөлөөлөгдөхөд тус хотод нь буцааж дайны байдлаас болж хойшлогдсон хичээл сургуулийг нь үргэлжлүүлэв. Харамсалтай нь, түүний найз Г.Лутаагийн шарх хүндэрсээр нас баржээ. Хүний нутагт ханилж явсан нөхрөө нутаглуулж зогсох л хамгийн хүнд байсан гэж тэрээр дурсав.
Д.Дэнзэн 1944 оны арванхоёрдугаар сард сургуулиа төгсч, эх орны зүг хүлгийн жолоо залав. Тэр өвөл Монголд цас ихтэй байжээ. Хил дээр унаагүй сар шахам саатсан аж. Аз таарч Москва руу ажлаар явсан даргын унаа буцахад дайгдаж, удаан хүсэн хүлээсэн эх орондоо хөл тавьснаа Д.Дэнзэн гуай дурсан ярих дуртай. Энэ бол Зөвлөлт эх орны  төлөө амиа хайрлахгүй тэмцсэн гадаадын олон дайчны зөвхөн нэгийнх нь л дурсамж юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан