Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан хоёр “урвал”-д орж, М.Энхсайханыг үгүйсгэв

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэг Төрийн ордны “төв цэг” болов. Одоо түүнийг бүх зүйл тойрон эргэх болж. Тэр Засгийн газрын өргөн барьсан Тавантолгойн төслийг “гацааж”, Монгол Улсын мега төслийг хариуцаж буй М.Энхсайхан сайдыг шүүрэн шанага болтол нь шүүмжилж, 1072 хувьцаатай 2.1 сая иргэний эрх ашгийг хөндөн дуугарах хамгийн гол тоглогч боллоо. Гарын үсэг зурагдсан даруйд улсын сан хөмрөгт их хэмжээний валют орж ирэх том төслийн хянагчаар түүнийг ажиллаж байгаад зарим хүн бухимдаж, “хэн нэгний утсан хүүхэлдэй” гэж байгаа ч тэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмших ёстой хувийг нэмэгдүүлэх болоод иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнийг өсгөх талаар иргэдтэй адил бодолтой байгаа нэгэн.

Ингээд тэрээр ажлын хэсэг ахалсан даруйдаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн тодорхой хэсгүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд байна. Тэдгээрийн нэг нь 1072 хувьцаатай холбоотой асуудал юм.

Шинэ бүлэг нэмэх асуудлыг сөхөв

Үр шимийг нь өнөөг хэр нь үзээгүй, 1072 ширхэг хувьцаа байна. Харин энэ хувьцааг бид “Эрдэнэс Тавантолгой” компаниас эзэмшдэг. Нэг сая төгрөгийн үнэтэй гэдгээс өөр ямар ч үнэлэмжгүй энэ хувьцаа 2.1 сая иргэнд бий. Гэхдээ ойрын ирээдүйд Тавантолгойн гэрээний төслөөс хамааран хувьцаа цаас болох эсвэл нэгжийн үнэ нь тэнгэрт цойлж, хувьцаа эзэмшигч бүр жилд 300 ам.долларын ногдол ашиг хүртээд суух уу гэдэг нь шийдэгдэнэ. Хэдийгээр Засгийн газар энэ хувьцааг иргэн бүрт регистрээр нь тараагаад өгчихсөн ч М.Энхсайхан сайд саналын эрхгүй ээ, гэж хэлснээс болж багагүй маргаан дагуулсан. Учир нь, УИХ-ын дарга З.Энхболд 2.1 сая хувьцаа эзэмшигчээс санал аваагүй байна гэдэг шалтгаанаар Тавантолгойн төслийг чөдөрлөж, Засгийн газрыг чангалсан. Үүнээс болж, үнэхээр бидэнд байгаа хувьцаа ямар ч эрх мэдлийг илэрхийлэхгүй юу гэдэг асуудал өнөөдрийг хүртэл маргаантай байна. Харин үүнийг хамгийн их өлгөж ярьдаг гишүүд бол Л.Эрдэнчимэг, О.Баасанхүү, Ж.Батзандан. Тэдний нам эвслийн харьяалал үзэл бодол өөр ч, Тавантолгойн асуудалд нэгдсэн байр суурьтай хандаж байгаа. Энэ нь Тавантолгойн төсөлд 2.1 сая иргэний эзэмшдэг хувьцааны талаар үг, өгүүлбэр нэмэх асуудал. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч тал болох “Энержи Ресурс”, “ММС” нэгдэл нь иргэдийн эзэмшиж буй хувьцааг бидний асуудал биш гэж үзсэний улмаас хөрөнгө оруулалтын төсөлд хувьцааны талаар тусгаагүй. Учир нь нэгдэл, консерциум нь иргэдийн эзэмшиж байгаа хувьцаа нь “Эрдэнэс Тавантолгой” компанийнх учраас хувьцааг хариуцах үндэслэлгүй гэж үздэг. Энэ нь ч үнэний хувьтай. Гэхдээ хувьцааг үнэгүйдүүлэхээс сэргийлж, төсөлд ямар нэг хэлбэрээр хамгаалалтын чанартай нэмэлт өөрчлөлт оруулах боломж байгаа. Тусгайлан “1072” гэсэн бүлэг нэмэхгүйгээр Монголын эзэмших хувь буюу бидний хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн ордоос эзэмших хувийг 51 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж ч бий гэдгийг дээрх гишүүд хэлдэг.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тавантолгойн төслийн ажлын хэсгийн ахлагчийнх нь хувиар Л.Эрдэнэчимэг гишүүнд 11 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн санал хүсэлтийг нэгтгэсэн дүнг өглөө. Энэ нь М.Энхсайхан сайдын “санал авах боломжгүй” гэснийг үгүйсгэж, түүнийг харлуулав. Ингээд Ж.Батзандан гишүүний Чингисийн талбайг дайлаар мордож цуглуулсан иргэдийн саналыг Л.Эрдэнэчимэг гишүүн өлгөж аваад өөрийн үзэл бодолд тааруулан эмхэтгэх боломжтой боллоо. Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд анхнаасаа Тавантолгойн асуудалд анхаарал хандуулж, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны үнийг өсгөх боломжтой гэж удаа дараа мэдэгдэж байсан. Одоо ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд энэ үгээ үйлдэл болгохын тулд иргэдийн саналыг ашиглан Тавантолгойн төсөлд өөрчлөлт оруулах  санал гаргах бүрэн боломжтой болж байгаа юм.

Иргэд Тавантолгойн талаар юу гэв

М.Энхсайхан сайдын үл тоосон иргэдийн саналыг Ж.Батзандан гишүүнээс гадна “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”, “Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциац”, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” гэсэн төрийн бус байгууллагууд хамтран цуглуулжээ.
2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, нийт гаргасан хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын нийт иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан байдаг. Ингээд УИХ-ын дээрх тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2012 онд гаргасан 181 дүгээр тогтоолд Монгол Улсын иргэн бүрт нэг бүрийг нь 933 төгрөгөөр нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж  өгсөн юм. Үүнийг ягштал цээжилсэн М.Энхсайхан сайд 2.1 сая иргэний эсрэг тэмцсэн ч тэдний төлөөлөл болсон 11 мянга 526 иргэн түүний эсрэг гар өргөжээ.
Тухайлбал,
• Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг 11 мянга 460 иргэн буюу  99.4 хувь нь дэмжиж,  66 иргэн буюу  0.5 хувь нь дэмжээгүй байна.   
• Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг 11 мянга 421 иргэн  буюу 99  хувь нь дэмжиж, 105 иргэн буюу дөнгөж нэг хувь эсрэг санал гаргасан байна.
•  Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг 11 мянга 476 иргэн буюу 99.5 хувь нь дэмжиж, 50 иргэн буюу 0.4 хувь нь дэмжсэнгүй.
• 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд ч 11 мянга 485 байжээ. Харин 41 иргэн өөрт оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгох  шаардлагагүй гэж үзлээ.
Хэдийгээр энэ нь 2.1 сая иргэний бүгдийнх нь санал биш ч саналын дүнгээс иргэний масс Тавантолгойн гэрээний төсөлд өөрчлөлт оруулж, хувьцаагаа хамгаалахыг хүсч байгаа нь мэдрэгдэж байгаа юм. Тиймээс Ж.Батнзандан гишүүний олж ирсэн саналыг Л.Эрдэнэчимэг гишүүн үр өгөөжтэй ашиглан, Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой тусгах шаардлагатай. Энэ бол хамгийн багадаа 11 мянга гаруй иргэдийн чин хүсэл билээ.

0 Сэтгэгдэл
МОНГОЛ ИРГЭДЭД МАШ ИХ БУРУУ БАЙНА. УЧИР НЬ БУРУУ СЭТГЭГЧДИЙН САНАЛЫГ ТАСЛАН ЗОГСООЖ ЧАДААГҮЙ БАРАГ ДЭМЖСЭНЭЭС БОЛЖ 1072 ХУВЬЦАА НЬ ӨР 1,0 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ НЬ ӨРӨНД ОРЧИХСОН ИРГЭД БАТТУЛГА БОЛООД ТҮҮНИЙГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ ЭНХБОЛД ДАРГА ГАНСҮХ НАРЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ ТАСЛАН ЗОГСООЖ ЭРТХЭН ТӨМӨР ЗАМАА БАРИУЛСАН БОЛ ИНГЭЖ ИРГЭД ӨРӨНД ОРОХГҮЙ БАЙЛАА
Хамгийн их уншсан