Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Батнасан: Би тэнгэрт таван жил амьдарч, дэлхийг 600 удаа тойрсон хүн

“Онгоц оо, намайг аваад яваач.., онгоц оо, намайг аваад яваач...” хэмээн огторгуй тэнгэрийг зүсэн нисэх агаарын хөлгийн араас хүүхэд багачууд хөөрцөглөн гүйдэгсэн. Би ч гэсэн нисэх, тэнгэрт дүүлэх тэмүүлэл, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн онгоцны араас орилж гүйдэг байв. Ийм л гэнэн бодлоороо жигүүрлэн “Нисэгч ах намайг сонсч байгаа даа, удахгүй буцаад ирнэ” хэмээн уудам хөх тэнгэрийг удтал ширтдэгсэн.
Монгол Улсад нисэхийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн тэгш ой энэ онд тохиож байна. 90 жилийн их түүхийн тал илүүг бичилцэж, энэ салбарт амь амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат нисэгч Р.Батнасантай уулзаж нисэгч хүний ажил амьдрал болоод салбарын өнөөгийн байдлын тухай ярилцлаа.
           
-Хүн болгон нисч үзэхсэн гэж нэг удаа ч болов мөрөөдөж байсан биз. Таныг нисэгч болоход энэ мөрөөдөл хөтлөв үү эсвэл өөр юм нөлөөлөв үү?


-Хүүхэд байхаасаа л мөрөөдөлдөө хөтлөгдөж нисэгч болсон доо. Намайг багад манайх Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цамбагарав хайрханы бэлд нутагладаг байлаа. Далайн төвшнөөс дээш 4208 метр өндөр уулын энгэрт хонь хурга хариулж явахад тас, бүргэд гээд том том шувууд энгэр, бэлээр нь эргэлдэнэ. Мөн тэр үед Баян-Өлгий аймаг руу АН-2 гэгч ногоон онгоц нисдэг байсан юм. Хайрханы хажуугаар нисч өнгөрөхдөө бидний хонь хариулж явдгаас арай доохнуур зөрдөг байв. Салхи зүсэн нисэх шувуудыг мөн ногоон онгоцыг ч тэр харж, тэдэнтэй адил тэнгэрт дүүлэхсэн гэж мөрөөдсөөр нисэгч болсон доо.
Улмаар аймгийнхаа I арван жилд сурч байгаад дараа нь хотод ирж техникум төгссөн юм. Төгсөхөөсөө өмнө ЗХУ-д нисэхийн сургуульд явах өргөдөл бичиж өгтөл 50 хүүхдээс ес нь тэнцэж бусад нь холбоо, инженерийн гэх мэт сургуулиудад хуваарилагдсан юм.
Шалгарсан бид ес ч тэр үеийн ЗХУ-ын Сасу хотын нисэхийн сургуульд сурч, амжилттай төгсч ирээд бүгд салбартаа ажилласан. Манай курсийнхэн Монголын нисэх хүчний түүхэн дэх хамгийн мундаг төгсөгчид болсон доо. Есөн хүнээс гурван Гавьяат нисэгч, нэг Хөдөлмөрийн баатар төрснөөс дээрх хоёр цол тэмдгийг хоёуланг нь хүртсэн ганц хүн нь би болсон.

-Анхны нислэгээ дурсвал?

-Шуудан тээвэр, түргэн тусламж, ой, хээрийн түймрийн эргүүл, хор цацах зэргээс өгсүүлээд орон нутаг, олон улсад тоймгүй олон нислэг хийсэн. Анхны олон улсын нислэг гэвэл 1967 онд манайх ТУ-154 онгоц авахад дөрвөн экипажийн нэгийнх нь даргаар явж ирээд улмаар багш-нисэгч болсон юм. Одоо МИАТ-аас авахуулаад бүх л авиа компаниудад нисч буй нисэгч, багш нарын дийлэнх нь миний шавь нар байгаа юм.
Харин анхны бие даасан нислэг гэвэл 1968 онд ЯАК-18 гэдэг онгоцоор бие даан нисч байлаа. ЯАК-18 гэгч энэ онгоцоор л анх маяг хийж сурч байлаа. Маяг гэдэг нь нэг ёсны ур чадвараа сайжруулж буй хэрэг л дээ. Огцом эргэлт зэргийг хийж, турших жишээтэй. Дараа нь хойно сурч байгаад нутагтаа ирээд АН-2 онгоцоор шуудан тээврийн нислэг хийж байсан юм. Энэ хоёр тохиолдол сайхан, дурсамжтай санагддаг юм даа.

-40 гаруй жил нисэгчээр ажилласан хүн тэнгэрт багагүй хугацаа өнгөрүүлсэн байх. Таны нислэгийн цаг хэд вэ?

-Миний агаарт өнгөрүүлсэн цаг гэвэл их дээ, Монгол Улсдаа л хамгийн толгой нь байгаа болов уу. Нисэхийн салбарт 40 гаруй жил ажиллахдаа ойролцоогоор 35 мянган цаг буюу тэнгэрт таван жил гаруй амьдарсан хүн дээ. Дэлхийг бүслүүрээр нь 40 мянган км гэж үзвэл би цэнхэр гарагаа 600 орчим удаа тойрчихсон юм уу даа. /инээв/

-Нисэгч хүн зургаан мэдрэхүйтэй гэж ярьдаг шүү дээ. Хүнд байх таван мэдрэхүйгээс гадна зургаа дахийг нь “зөн” гэх юм билээ?

-Тийм, мэргэжил нь мэргэшиж, нэг ёсны гарт ороод ирмэгц онгоц нисэгч хоёр нэгэн цул болдог. Өөрөөр хэлбэл онгоц, нисэгч хоёр биесээ ойлгодог, мэдэрдэг болно гэсэн үг.

-Монгол Улсад нисэхийн салбар үүсч хөгжсөөр 90 дэх жилтэйгээ золгож байна. Ахмад нисэгчийн хувьд салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хөгжлийг харж, дүгнэж суугаа байх. Магадгүй, эдийн засгийн багагүй хувийг энэ салбар дангаар бүрдүүлж болмоор санагддаг?


-Манайх хэзээнээсээ л далайд гарцгүй орон. Гэвч геополитикийн хувьд маш зөв байрлалтай. Төв Азийн цээжинд, Ази, Европыг холбосон учир агаарын тээвэр онцгой чухал ач холбогдолтой. Нислэгийн ачаалал, агаарын зайн ашиглалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэний нисэхийн салбар боловсон хүчнээ гуравдагч  улс Тайланд, Швед, ОХУ, АНУ, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэж байгаа нь салбарт мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага их байгааг мөн тууштай хөгжиж буйг илтгэнэ.
Нисэх хөдөлгөөн, удирдлагын үйлчилгээнд олон улсын стандарт шаардлага нэг л байдаг. Энэ улс эдийн засгаараа жаахан тааруухан юм гээд бага шаардлага, босго тогтооно гэж үгүй. Бид энэ жишигт хүрч ажиллахын төлөө эрвийх дэрвийхээрээ л ажиллаж байна. Агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, нислэг, хөдөлгөөн удирдлагын үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх гэж бодлого төлөвлөлтийн олон ажил хийсний үр дүнд дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад агаарын зайн багтаамж арав дахин нэмэгдсэн. Үүнд хэвтээ, босоо зайчлалыг багасгалаа. Ингэснээр манай улсын агаарын орон зайд нислэг үйлдэж буй тээвэрлэгчдийн тоо өсөх боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ агаарын зайн багтаамж нэмэгдэх юм гэнэ лээ, нислэгийн тоо өсч, улс их мөнгө олно гэх мэтээр шууд ойлгож болохгүй.
Бидний харж буйгаар олон улсын тоотой хэдхэн онгоц “Чингис хаан” буудалд бууж байгаа. Үүгээр салбарын болоод нисэхийн үйл ажиллагааг дүгнэж болохгүй. Энэ бол Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгийн багахан хувь нь юм. Нөгөө дийлэнх буюу 90 гаруй хувь нь бидний нүдэнд тэр бүр харагдахгүйгээр Монгол Улсын агаарын зайг дамжин өнгөрдөг нислэгүүд байдаг. Энэ тоо тогтмол өсч байна. Үүнийг дагаад тэр олон нислэгийн аюулгүй байдлыг хангах нь бидний хүлээх үүрэг хариуцлага юм. Хүн болгон л уул уурхай, Оюутолгой, Тавантолгой гэж ярьж байгаа ч үнэхээр зөв менежмент, зохицуулалт, аргачлалаар нисэхийн салбарт онцгой ач холбогдол өгч чадвал магадгүй манайх тэргүүлэгч салбар болж, эдийн засагт шууд нөлөөлөх орлого бүрдүүлж чадна.

-Ер нь, манай нисэх хүчний үүслийг ямар үйл явдлаас үүдэлтэй гэж үздэг юм бол?

-Анх Төв аймгийн Алтанбулаг суманд ЗХУ-аас бэлэглэсэн Ю-13 гэдэг онгоц газардсанаар Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсан гэж үздэг. Энэ 90 жилийн түүхэнд манай салбар олон улсын нисэхийн байгууллагаас тавигдаж буй шаардлага, зорчигч, агаарын тээврийн аюулгүй байдал, хүсэн хүлээсэн үйлчилгээг үзүүлсэн том айл болж хөгжсөн байна. 1990 оны зах зээлийн шуурганд хүртэл тэсч үлдсэн хамт олон. Нисэх хүчин гэдэг нэг хүний бус нийтийн хүч хөдөлмөр, багийн ажиллагаа шаарддаг салбар. Дээр үед бидний ашиглаж байсан АН-24 онгоцны нислэгийн баг 4-5 хүнтэй байлаа. Гэтэл орчин үед техник технологи хөгжиж, зорчигч олшрох тусам багийн бүрэлдэхүүн багасч байна. Миний хамгийн сүүлд нисч байсан Боинг төрлийн онгоц гэхэд хоёр л нисэгчтэй байх жишээтэй.
Ер нь, 90 жилийн өндөрлөгөөс харахад хийсэн ажил их шүү. Боловсон хүчнээс аваад агаарын хүчний парк шинэчлэл гээд олон зүйл ярьж болно. Энэ жил л гэхэд манайд буусан зургаа, долоон гадны том онгоцонд засвар үйлчилгээ хийгээд буцаалаа. Мөн шинэ онгоцны буудал удахгүй ашиглалтад орох гэж байна, Монголоор дамжин өнгөрөх маш олон агаарын зам нээгдэж байна. Үүнийг дагаад манайд орчин үеийн агаарын навигацийн шинэчлэл, мөн агаарын хөлгийн засварын шинэчлэл гээд бүх л зүйл дэлхий нийтийн шаардлагад нийцсэн дээд шатанд хүрээд байна. Гагцхүү, байгаа боломжоо ашиглаж, зөв менежмент хийж чадвал эдийн засагт багагүй үр өгөөжтэй салбар.

-Мэдээж технологи хөгжихийн хэрээр хүний хөдөлмөр хөнгөвчлөгдөнө. Гэхдээ тэр чинээгээр нэг хүнд ногдох хариуцлага өндөрсөх байх. Нисэгчийн хариуцлага, ур чадварыг нэгдсэн байдлаар хянаж, хангадаг байгууллага бий юу?


-Тэгэлгүй яахав, хариуцлага хамгийн чухал. Одоо Боинг төрлийн онгоцоор нисч буй нисэгчдээс “БОИНГ”-оос зургаан сар тутам шалгалт авдаг. Асар үнэтэй онгоц, зуу зуун хүний амь насыг хэр найдвартай гарт атгуулж байгаагаа шалгаж байгаа нь тэр. Хэчнээн мундаг ур чадвар, гавьяа шагналтай нисэгч байх нь хамаагүй, тэр хүний сэтгэн бодох чадвар ямар түвшинд байна, сэтгэл санаа, бие махбодийн байдал хэвийн эсэхийг шалгадаг хэрэг. Гэхдээ бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад онгоц харьцангуй аваар осол багатай тээврийн хэрэгсэл юм шүү. Түүнчлэн, боловсон хүчинд онцгой анхаарах хэрэгтэй. Нисэхийн боловсон хүчин бэлтгэхэд маш өндөр өртөг шаарддаг. Дээр үед, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед биднийг улс сургадаг байлаа. Одоо бол огт өөр, нисэхийн анхан шатны мэдлэг, боловсрол эзэмшүүлэхэд нэг хүнд 80-90 мянган ам.доллар зарцуулдаг. Тэгэхээр нисэгч болно гэдэг жирийн нэг жолооны курс төгсөхтэй адил зүйл биш байгаа биз. Гарч ирээд нисэгч болтлоо шат шатны онол, практик эзэмшинэ. Гэвч тухай бүрийн сургалтад зориулагдсан онгоц ховор байна. Бусдаар бол Монголын нисэх хүчин гайхалтай байгаа шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан