Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Хөсөгтөн” хамтлагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь филиппинчүүд


“Asia’s Got Talent” буюу Авьяаслаг Азиуд шоуны энэ оны хоёрдугаар улирлын шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлагийнхан өнгөрсөн пүрэв гарагт аваргын төлөөх тоглолтоо үзүүллээ. Сүүлийн шатанд үлдсэн есөн шилдэг оролцогчийн хэн нь 100 мянган ам.доллар болон бусад шагналын эзэн болох нь санал асуулгын дүнгээр өнөө оройн 23:59 /Монголын цагаар/ тодорно. Сүү­лийн шатны тоглолтын дараа шил­дэг оролцогчид Авьяаслаг Азиуд тэм­цээ­ний шууд сувгаар үзэгчдийн хүссэн асуул­тад хариулсан юм. Энэ үеэр “Хөсөгтөн” хамтлагийнханд бусад ор­ны үзэгчид олон асуулт тавив. Хамт­ла­гийн нэрний учир, хамтлагийн уран бүтээлийн төрөл жанр зэргийг сонирх­сон асуулт олныг тавьсан бол цаашид хамтран ажиллах санал тавих нь ч байлаа. Харин хамтлагийнхан асуулт бүрт ха­риулж, байгуулагдаад зур­гаан жил болж байгаа болон хөөмэй, хар­хираа зэргийн учрыг тайлбарлаж өгсөн.
Мөн тэд өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Asias Got Talent шоу уралдааны аваргын төлөө тоглолт сайхан болж өнгөрлөө. Бүгд л шилдэг болохын тулд дор бүртээ хичээцгээж байна. Одоогоор бидний хамгийн хүчтэй өрсөлдөгчид филиппинчүүд байна. Шилдэг есөн хамтлагийн дөрөв нь Филиппин. Хүн ам нь 90 сая гэнэ. Гэхдээ дэмжигчдийнх нь хүч дөрөв хувааг­даж байгаа. Бас биднийг ч Фи­лип­пинээс олон хүн дэмжиж бай­гаа­гаа илэрхийлсэн. Аваргыг энэ сарын 14-нд болох шилдэг есөн хамт­­лагийн хамтарсан гала тоглолтын үеэр зарлана. Нэг ёсондоо хамгийн олон санал авсан тэр аварга хэн байх вэ…
...Монгол ардын минь сайхан урлаг байхыг үгүйсгэхгүй. Монголчууд хүчтэй өрсөлдөгчдөд зүй ёсоор тооцогдож байгаа. Бидэнд маш их боломж байна. Иймд бидэнд хүн бүрийн санал чухал. Хичээгээрэй найзуудаа. Баярлалаа” хэмээн дэмжигчдэдээ хандан бичсэн байна.
Монгол ардын урлагийн нэгэн гайхамшигт өв нь хөөмэй. Тэгвэл энэ өв соёлыг тээж, хөгжүүлэхийн төлөө уран бүтээлээ зориулж буй “Хөсөгтөн” хамтлагийн зургаан гишүүн хоолой салгаж хөөмэйлдгөөрөө бусдаас содон. Мөн уламжлалт урлагийг жааз, рок-поп, хип-хоп зэрэг олон хөгжмийн урсгалтай хослуулан дуугаргаж орчин үеийн цоо шинэ, сонирхолтой хэв маягийг бүрдүүлсэн нь олон мянган сонсогчийн сонирхлыг татаж чадаж байна. Тэд нэгдэж хөдөлмөрлөсөн зургаан жилийн хөдөлмөрөөрөө олон амжилтыг эх орондоо авч ирсэн. Тухайлбал, 2009 онд “Хөөмэйн олон улсын симпозиум” наадмаас гран-при шагнал, мөн оны есдүгээр сард БНСУ-ын Чежү аралд зохиогдсон “Урлагийн олимп”-оос акапелла төрлөөр алтан медаль, 2009 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд “Газар дэлхийн амьсгаа” олон улсын ардын хөөмэйчдийн их наадмаас гран-при шагнал хүртсэн. Мөн 2010 оны намар Английн “BBC” телевизийн урилгаар Англи, Швед, Европын орнуудаар аялан тоглож,  БНСУ-ын Сөүл хотод тоглолтоо хийсэн. Хамгийн сүүлд ОХУ-ын Красноярск хотноо болсон “Мир Сибири -2014” олон улсын ардын урлагийн наадмаас гран-при шагнал хүртсэн гээд тоочиж болмоор. Энэ удаа Авьяаслаг Азиуд шоуны ялагч Монгол Улсаас төрнө гэдэгт элэг нэгтнүүд нь эргэлзэлгүй тэднийхээ захыг мушгиж сууна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан