Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.БОЛДСАЙХАН: 570 төгсөгч ЭЕШ өгөх боломжгүй

-Уран зохиолын энгийн өгүүллэгийг уншаад ойлгох чадваргүй байна билээ-

Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах, хэлний дүрмийн асуудлыг цэгцлэх үүднээс Засгийн газраас 37 дугаар тогтоол гаргаж, ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч бүрийг монгол хэл, бичгийн шалгалт заавал өгүүлдэг болсон. Энэ шалгалт өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд болж шалгуулагчдын 84,7 хувь нь босго оноог давснаар ЭЕШ-д орох эрхээ өвөртөлсөн. Харин хангалтгүй үнэлгээ авсан шалгуулагчид дөрөвдүгээр сарын 25-нд дахин монгол хэл бичгийн шалгалт өгсөн байгаа. ЭЕШ өгөхийн тулд монгол хэл бичгийн шалгалтаас 400 оноо авах босгыг хэчнээн шалгуулагч давсан талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

-Монгол хэл бичгийн дахин шалгалтад хэчнээн шалгуулагч хамрагдав. Дүн мэдээ нь гарсан уу?

-Монгол хэл бичгийн дахин шалгалтад орох шалгуулагчдыг өнгөрсөн сарын 7-14 хүртэл бүртгэсэн. Өмнөх шалгалтаас хоцорсон, хангалтгүй дүн авсан, бүртгүүлсэн боловч өгөөгүй гэх шалтгаантай 6500 орчим шалгуулагч дахин бүртгэлд хамрагдсан байгаа. Өнгөрсөн сарын 25-нд дахин шалгалт зохион байгуулахад 3703 хүүхэд шалгалтад орсон. Бусад нь ямар нэгэн шалтгаангүйгээр шалгалтаас хоцорсон бас ирээгүй.  Эхний шалгалтын улсын дундаж үнэлгээ нь 31 байсан. Тиймээс гүйцэтгэл нь 62 хувьтай гарсан байгаа. Харин дахин шалгалтын улсын дундаж үнэлгээ нь 25 болж, гүйцэтгэл нь 50 хувь болж буурсан.

-Яагаад ийн буурах болов?

-Өмнөх шалгалтаас хангалтгүй оноо авсан шалгуу­лагчид хамрагдсан болохоор улсын дундаж үнэлгээ ийнхүү буурсан хэрэг. Гэхдээ өмнөх болон дахин шалгалт хоёрын даалгаврын агуулга нь ижилхэн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Нийтдээ 3703 шалгуулагч шалгалтад орсноос яамнаас тогтоосон босго болох 400 оноог 570 хүүхэд авч чадсангүй. Тэд элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхгүй болж байгаа юм.

-Шалгалтын явцад ямар зөрчил их гарсан бэ?

-Шалгалттай холбоотой зөрчил бол бий. Бичиг баримтын зөрчилтэй, дутуу авч ирсэн хүүхдүүд нэлээд байсан.  Гэхдээ энэ асуудал дээр манай төв их уян хатан хандсан л даа. Иргэний үнэмлэхээ аваагүй хүүхдүүдийг тодорхойлолтоор, сурагчийн үнэмлэхээр, Иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг нь харж байгаад шалгалтад нь оруулсан.

-6500 шалгуулагч дахин шалгалтад бүртгүүлсэн хэрнээ 3703 нь шалгалт өгч. Энэ нь ямар учиртай юм бэ. Ийм олон шалгуулагч ямар ч шалтгаангүйгээр шалгалт өгөөгүй гэж үү?

-Эхний шалгалтад унасан хүүхдүүдийг манай төв автоматаар дахин бүртгэсэн. Мөн албан бус сургалт гэж бий. Хөдөө мал дээр байж байгаад ирээд шалгалтаа өгчихөөд явдаг. Тэр сургалтад хамрагдсан хүүхдүүдийн тоо нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь манай төвөөс шалтгаалсан зүйл биш шүү.  Хүүхдүүдийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас болсон хэрэг.

-Казах хүүхдүүд шалгалтад их муу үнэлгээ авсан гэх юм. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Баян-Өлгий аймгаас өмнөх шалгалтад 470 хүүхэд хамрагдсан. Тэдний 350 нь шалгалтаас хангалтгүй үнэлгээ авсан. Харин дахин шалгалтад 294 хүүхэд хамрагдаж 75 хувь нь шалгалтдаа тэнцсэн. Энэ нь дахин шалгалт явуулсан учраас хүүхдүүд сайн бэлдсэнийг харуулж байна л даа.

-Тэгэхээр ЭЕШ-д нийтдээ хэчнээн шалгуулагч орох боломжгүй болчихов?

-Унасан хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхгүй гэсэн үг. Мөн дахин шалгалтад орно гэж бүртгүүлчихээд ямар ч шалтгаангүйгээр ирээгүй хүүхдүүд ЭЕШ өгөх боломжгүй болж байгаа юм. Их, дээд сургуульд элсэхийн тулд заавал монгол хэл бичгийн шалгалт өгч тэнцсэн байх ёстой. Тиймээс эхний шалгалтаа давж чадаагүй болохоор тэдэнд ямар ч боломж байхгүй.

-Шалгуулагчид шалгал­тын талаар юу гэж байх юм. Өнгөрсөн жил туршилт маягаар авсан. Энэ жилийн хувьд унасан хүүхдүүд их, дээд сургуульд орох боломжгүй болчихлоо?

-Энэ үнэлгээг багш нар, шалгуулагчид нь илүүтэй өгөх болов уу. Миний хувьд багш нартай ярьж байхад энэ их зөв шийдвэр болсон гээд ам сайтай байсан. Тухайлбал, дахин шалгалтад унасан 570 хүүхдийн шалгалтын материалтай танилцаж байхад унших чадвар маш муутай хүүхдүүд их байсан нь ажиглагдлаа. Мөн уран зохиолын энгийн өгүүллэгийг уншаад ойлгох чадваргүй байсан.
Эх зохиол найруулал, өөрийгөө илэрхийлэх эссэ бичих чадвар муутай. Монгол бичгээр бүр ч уншиж чадахгүй байна билээ. Зөв бичгийн дүрмийн талаар ярих ч хэрэггүй. Их, дээд сургуульд элсэн суралцах гэж байгаа хүүхдүүдийн хувьд маш зөв шалгалт авсан гэж хувьдаа бодож байна. Ийм хүүхдүүд их, дээд сургуульд орохгүй байсан нь дээр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан