Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

И.К. Азизов: Их ялалтад монголын ард түмний оруулсан хувь нэмрийг хэзээ ч мартахгүй


Аугаа их эх орны дайны ялалтын баярын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын арга хэмжээ ОХУ-ын ЭСЯ-нд  өнгөрсөн баасан гарагт боллоо. Арга хэмжээнд  УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ОХУ, Беларусь улсын Элчин сайд болон ахмад дайчид оролцлоо. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж ОХУ-ын Элчин сайд И.К. Азизов үг хэлэв. Тэрбээр “Дайны үед тусламжийн гараа харамгүй сунгасан Монголын ард түмний гавьяаг Оросын ард түмэн хэзээ ч мартахгүй. Дайны хүнд жилүүдэд Монгол Улс манай найдвартай түшиг, анд нөхөр болсон. Монголын ард түмний хөрөнгөөр бүтэж, Берлин хүрсэн “Хувьсгалт монгол” танк, “Монгол ард” эскадрилийн сөнөөгч онгоц, 500 мянган монгол морьдыг ч мартахгүй. Нацист германыг бут ниргэсэн нь ОХУ-ын хувьд түүхэн ялалт байлаа. Энэ ялалт нь дэлхий дахиныг нацизмаас аварсан түүх юм” гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд “70 жилийн өмнө дэлхийн түүхэнд хамгийн аймшигтай, хамгийн олон сая хүний амийг авч одсон Аугаа их эх орны дайн Зөвлөлтийн ард түмний гайхамшигт ялалтаар дууссан билээ. Дайны эхний өдрүүдээс дуусан дуустал БНМАУ-д “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” хэмээх уриан дор монголчууд бид Зөвлөлтийн ард түмэнд байгаа бүх хүчээ дайчлан оюун санаа, эд хөрөнгө, санхүүгийн туслалцааг сэтгэл харамгүй үзүүлж байсан” гэлээ. Түүнчлэн энх тунх амьдралын төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан фронтод баатарлаг гавьяа байгуулсан ахмад дайчид, ар талын хүнд хэцүүг үүрч гарсан ахмадуудад чин сэтгэлийн гүн талархал илэрхийлээд “Бидний найрамдал, хамтын ажиллагаа үеийн үед хөгжин бадартугай” хэмээн ерөөлөө.
Мөн тэрээр энэ үеэр ОХУ-ын Элчин сайдын яаманд Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд  Монгол Улс фашизмын эсрэг зөвлөлтийн ард түмэнтэй мөр зэрэгцэн тулалдана гэсэн “МАХН-ын Төв Хороо ба БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлын тогтоолын хуулбар”-ыг дурсгалаа. Тэгээд  “Энэхүү түүхэн баримт нь Монгол Улс дайны эхний өдөр, дэлхийн бусад орнуудаас хамгийн түрүүнд өөрийн байр сууриа илэрхийлж, ЗХУ-ыг дэмжиж, фашизмын эсрэг зөвлөлтийн ард түмэнтэй мөр зэрэгцэн тэмцэнэ гэдгээ зарлан тунхагласан баримт юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан