Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Махны экспортоос жилд 600 тэрбум төгрөг олох боломжтой


Мах махан бүтээгдэхүүн гаргах чиглэлээр ХХААЯ, Махны холбоо болон бүтээгдэхүүнээ гадагш гаргахад бэлтгэж байгаа 20 гаруй аж ахуйн нэгж, байгуулллагын төлөөлөл цуглан санал бодлоо солилцлоо. Тэд хүнд суртлыг арилгах,  бүтээгдэхүүн экспортлох нэгдсэн ойлголттой болох, ХХААЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх үүргийг зааглах, тодорхой болгох талаар голлон ярилцав.  Энэ үеэр малыг амьдаар нь экспортлох  явдал мэр сэр гарсаар байгааг үйлдвэрлэгчид баримт дурдан хэлж байлаа. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор нутгийн ченжүүд нэг адууг нэг сая төгрөгөөр худалдан авч Хятад руу гаргаж байгаа гэнэ.  Иймд  мах экспортлогчид “Энэ явдлыг нэн даруй зогсоох хэрэгтэй” гэхэд МХЕГ-ын удирдлага ”Ийм зүйл байх ёсгүй. Хэрэв үнэн бол шалгаж үзье” гэсэн хариу өгөв. Тэгээд МХЕГ-ын удирдлага ”Мэргэжлийн хяналтын байгууллага нь цаашд урьдынх шиг шалгах, торгох, хаах зэрэг арга барилаас аль болох татгалзаж, зөвлөх, хамтран ажиллах чиглэл баримтална.  Бидэнд мах экпортлох боломж их бий. Махны экпортыг нэмэгдүүлэх нь нэг талдаа үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа юм. Нөгөө талдаа үйлдвэрлэлийн технологийн чанарын асуудал  хөндөгдөж байна”гэлээ. “Махны холбоо”-ны Гүйцэтгэх захирал М.Жадамбаа “Махыг олон улсын болон монголын стандарт, шаардлагын дагуу бэлтгэн гаргах ёстой. Нийт экспортод адууны мах 80 орчим хувийг эзэлж байгаа. Үлдсэн 20 хувийг үхрийн мах эзэлж байна. Цаашдаа үхрийн махны экспортыг бууруулж  хонь, ямааны махыг түлхүү нийлүүлэх бодлого барих хэрэгтэй” гэж байлаа.
Манай улс  мах, махан бүтээгдэхүүнийг  хоёр хөршдөө л голчлон нийлүүлдэг. Өнгөрсөн онд ОХУ-д 2217, БНХАУ-д 779  тонн мах, махан бүтээгдэхүүн гаргажээ. Одоогоор ОХУ-д “Преком”, “Эрдэм мийт”, “Завхан хүнс”, “Монтува”ХХК, БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко мийт”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан хүнс”, зэрэг компаниуд мах экспортлох эрх аваад байна.  Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар адууны мах БНХАУ-д 225, ОХУ-д 720, үхрийн мах 100 тонн болон дайвар бүтээгдэхүүн  тус тус нийлүүлжээ.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор жилд 100 мянган тонн  мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэдэг. Үүнийг зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлбэл 600 тэрбум төгрөг болно.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд  нийтдээ 8415 тонн мах экспортолсон нь боломжит хэмжээнийхээ 10 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм.
Манай талаас багагүй санал санаачлага гаргасны хүчинд энэ сарын 20-30-ны өдрүүдэд БНСВУ-ын Мал эмнэлгийн гарын мэргэжилтнүүд ирж, манай үйлдвэрүүдэд  бүтээгдэхүүн нийлүүлэх магадлагаа олгохоор болжээ. Вьетнамын талын тавигдах шаардлагыг хангавал  20 гаруй аж ахуйн нэгж мах экспортлох эрхтэй болох нь. Ингэвэл бид гадаадын дөрвөн улсад махаа нийлүүлж, тэр хэмжээгээр валютын эх үүсвэр нэмэгдэнэ гэсэн үг. Манай махны үйлдвэрүүдийн гол дутагдалтай тал нь худалдан авагч орны хяналтын байгууллагуудын тавигдах шаардлага, стандартын талаар мэдлэг, мэдээлэл муутай байгаа явдал юм. Иймд төрийн байгууллагууд  үүргээ биелүүлж үйлдвэрүүдээ хэрэгтэй мэдээ, мэдээлэлээр хангах хэрэгтэй байгааг хэн хэн нь хүлээн зөвшөөрч байна.

Х.Баасандорж: ОХУ-д энэ онд нийлүүлэх махны үнээ тохирч чадаагүй
Сүүлийн 10 гаруй жил ОХУ, БНХАУ-д махан бүтээгдэхүүн нийлүүлж байгаа  “Монтува” ХХК- ний гүйцэтгэх захирал  Х.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Махан бүтээгдэхүүн экспортлоод хичнээн жил болж байна?


-2006 оноос эхлэн экспортлосон. Өнгөрсөн  жил 800 тонн мах ОХУ-д нийлүүлсэний 80 хувь нь адууны үлдсэн 20 хувь нь үхрийн мах. БНХАУ-д 400 орчим тонн мах нийлүүлсэний дийлэнх нь мөн л адууны мах юм. Мөн арабын орнуудад хурганы мах нийлүүлэх боломж байгаа.

-Мах нийлүүлэхэд гарах хүндрэл бэрхшээл юу байна. Манай талаас болон импортлогчдын зүгээс?

-Оросууд өөрсдөө ирээд бүтээгдэхүүнээ сонгоод авдаг. Манай үйлдвэрүүд хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй. Зээл олддоггүй. Банкны шаардлага өндөр. Экспортод үйлдвэрийн аргаар нядалсан мах гаргадаг. Үйлдвэрүүдийг дэмжих төр засгийн бодлого байхгүй байгаа юм. Энэ он гарснаар ОХУ-д мах нийлүүлж чадаагүй байна. Учир нь үнээ тохирч чадаагүй байгаа.  Манай зах зээлийн үнээс доогуур авах санал тавьсан. Ингээд бид бэлтгэсэн махаа дотооддоо борлуулах болсон.

-Танай үйлдвэр бүрэн хүчин чадлаа ашиглаж чадаж байгаа юу?

-Ашиглаж чадахгүй байгаа. Хоногт 500 бог, 100 бод мал нядлах хүчин чадалтай. Үүнийхээ 10-20 хувийг ашиглаж байна гэв.

 Мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх төрийн бодлого үгүйлэгдэж байна. Бодлогоо оновчтой тодорхойлон, экспортлогчидоо дэмжиж чадвал ихээхэн хэмжээний валютыг мал аж ахуйн үйлдвэрлэлээс олох боломжтой. Уул уурхайн салбарыг бодвол, газар тариалан, мал аж ахуйн салбар нь эргэж нөхөн сэргээгдэх  онцлогтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан