Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ГАНБОЛД: ХУУЛИЙН ХУГАЦААНДАА ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧ НАРТ “ШИРҮҮХЭН” ХАНДАНА

Автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх хуулийн хугацаа тавдугаар сарын 31-нд дуусгавар болно. Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Б.Ганболдтой ярилцлаа.


-Энэ жилээс автотээв­рийн хэрэгслийн тат­вар хураах ажлыг шинэ систе­мээр явуулах болсон. Энэ аж­лын үр дүн хэрхэн гарч бай­на вэ. Өнөөдрийн байдлаар нийт төвлөрүүлэх ёстой мөнгөнийхөө хэдэн хувийг төвлөрүүлээд байна вэ?
-НИТХ-ын тогтоол гарч энэ жилээс автомашины улсын дугаарын сүүлийн орон тооноос хамаарч татвар төлөхөөр болсон. Энэ нь хэт ачааллыг бууруулах үүднээс зохион байгуулсан ажил. Өмнө нь манай жолооч нар татвараа төлөхгүй явсаар тавдугаар сарын сүүл болоход төлөх гэж бөөн дараалал, чирэгдэл үүсгэдэг байсан. Шинэ тогтоол хэрэгжиж эхэлснээр үр дүнгээ өгч байгаа гэж харж байна. Учир нь, манай татварын газар нийт төвлөрүүлэх ёстой татварынхаа 20 гаруй хувийг төвлөрүүлсэн.  
Жолооч нар ухамсартай болсон байна. Өмнө нь дандаа цагийг нь тулгаж бөөн чирэгдэл болгодог байсан. Манай газар ч жолооч нарт чирэгдэл багатай үйлчлэхийн тулд өөр газруудад салбар гаргаж ажилчдаа илүү цагаар ажиллуулдаг байсан шүү дээ. Тогтоолын нэг эерэг тал нь нэгдүгээр сард татвараа төлөх ёстой байсан жолооч одоо хүртэл төлөөгүй байвал ямар нэгэн торгууль  шийтгэл байх­гүй. Ха­рин ирэх жи­лээс тор­гууль ногдуулах юм.

-Энэ жил нийт хэдэн төгрөг төвлөрүүлэх зорилт­той вэ. Мөн жолооч нар бидний татварын мөнгөөр юу хийгээд байна вэ хэмээн шүүмжилдэг. Энэ тухайд?

-Одоо дулаарч зам барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнийг замын санд төвлөрсөн мөнгөөр гүйцэтгэдэг. Энэ санд мөнгө эрт орж ирвэл нийслэлийн зам засварын ажил эрт эхэлж жолооч нар зассан сайхан замаар явна гэсэн үг. Тиймээс ч татвар төлөх хуулийн хугацааг зургадугаар сарын 1 гэж тогтоосон.
Энэ хугацаанаас хойшилбол нийслэлийн зам засварын ажил удааширна. 2015 онд замын санд 22 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гарсан. Шинэ тогтоол гарснаар өмнөх  жилүүдтэй харьцуулахад замын санд эрт мөнгө төвлөрч байна.

-Нийт төвлөрүүлэх ёстой мөнгөний 20 гаруй ху­вийг төвлөрүүлсэн гэлээ. Тэгэ­хээр сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байхад 80 гаруй ху­вийг төвлөрүүлнэ гэхээр бас л бөөн да­раалал болох вий дээ. Ер нь, хуу­лийн хуга­цаандаа татвараа төлөөгүй жо­лооч нарт ямар хариуц­лага тооцох вэ?


-Энэ жилийн хувьд таван сарын хугацаанд жолооч нарт татвараа төлөх талаар сануулсан. Иймээс хуулийн хугацаа хэтрүүлэх юм бол хатуу хариуцлага тооцно. Замын цагдаагийн газраас хяналт тавьж  татвараа төлөөгүй жо­лооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн мөнгөн тор­гууль ногдуулна. Энэ жил хуулийн хугацаандаа татва­раа төлөөгүй жолооч нарт  “ши­рүүхэн” хандана гэдгийг сануулъя.

-Зарим жолооч миний машин хэдэн жил за­мын хөдөлгөөнд орол­цоогүй юм чинь татвар төлөхгүй гэдэг. Ер нь, автомашиныг тат­ва­­раас чөлөөлөх заалт байдаг уу?

-Тээврийн хэрэгсэл эзэм­шигч иргэн бүр татвараа төлөх үүрэгтэй. Энэ бол өмчийн татвар. Та тээврийн хэрэгсэлтэй учир татвар төлж байгаа гэсэн үг. Гурван жолооч байна гэхэд хоёр нь татвараа төлсөн, нэг нь төлөөгүй замын хөдөлгөөнд оролцоод байвал энэ нь иргэдээ ялгаварлан гадуурхсан хэрэг болно. Адилхан замын хөдөлгөөнд оролцож зам ашиглан эвдрэл үүсгэж байгаа л бол жолооч нар бүгд татвараа төлөх үүрэгтэй.
Жолооч нар ч одоо бие биедээ шаардлага тавьдаг болсон байна билээ. Бүгд татвараа төлөөд арвин мөнгө цуглах юм бол хотын зам аятайхан болно гэдгийг иргэд ойлгодог болж. Нөгөө талаас зам ашиглалтын төлбөр гэж авдаг. Хэрэв зам ашиглахгүй автомашин нь ямар нэг банкны барьцаанд эсвэл яваагүй бол түүнийгээ нотолж авто зам ашигласны төлбөрийг төлөхгүй байж болно. Жолооч нар албан татвар, зам ашигласны төлбөр гэдэг нь хоёр өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өмнөх жилүүдэд татвар хураалтыг салбар цэг  гаргаж илүү цагаар ажиллуулдаг байсан. Энэ жилийн хувьд ингэж ажиллуулах уу?

-Үгүй ээ. Ямар ч нэгдсэн төв ажиллуулахгүй. Тиймээс жо­лооч нарыг хуулийн хуга­цаандаа  авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын, авто зам ашигласны төлбөрөө төлөөрэй гэдгийг хэлье.
Одоо бол бүх оношлогооны бо­лон бүртгэлийн цэгүүдэд манай ажилчид ажиллаж татва­раа хурааж байна. Мөн бүх дүүргийн нэг цэгийн үйл­чилгээгээр дамжуулан хэрэг­лэгчдэд хүрч үйлчилж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан