Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон сууцны үнэ буурч байна

Орон сууцны үнийн дөрөвдүгээр сарын индекс гарлаа. Энэ судалгаанд зах зээлд шинээр нийлүүлэгдсэн 4414 орон сууцны үнэ ханшийг тооцон үзжээ. Сүүлийн жил гаруй хугацаанд орон сууцны үнэ буурсаар ирсэн. Уг судалгаанд дурдсанаар мөн л үнийн уналт үргэлжилж байна. Тухайлбал, гуравдугаар сарын үнийн дунджаас 0.7 хувиар буурчээ. Сүүлийн есөн сарын хугацаанд 6.9 хувиар буурсан тооцоо гарлаа.  Харин өнгөрсөн оны гуравдугаар сард өмнөх жилийнхээсээ 23.7 хувиар өсч байсан судалгаа бий. Эндээс үзвэл орон сууцны үнэ буурч байгаа ч өсөлтийн хурдаасаа хэд дахин доогуур хэвээр байгаа юм.
Хэдийгээр орон сууцны үнэ хямдарч байгаа ч өнгөрсөн сард бага зэргийн өсөлт ажиглагджээ. Гэхдээ зөвхөн шинэ орон сууцных. Учир нь дөрөвдүгээр сард зах зээлд өндөр үнэтэй шинэ орон сууцнууд борлуулах болсонтой холбоотой. Иймд шинэ орон сууцны үнэ 0.3 хувиар өссөн дүн гарсан аж.  Тэгвэл хуучин орон сууцны үнэ гуравдугаар сарынхаас 4.7 хувиар буурав.  Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан үзвэл хуучин орон сууц 11.6 хувиар хямдарсан тооцоо гарлаа. Хуучин орон сууцны үнийн энэ огцом уналт шинэ орон сууц хямдархад шууд нөлөөлсөнийг судлаачид онцолж буй юм. Өөрөөр хэлбэл хуучин орон сууцны үнэ хямдарсан тул шинэ нь дагаад буурсан гэсэн үг.
Жишээ нь “Алтай хотхонд” өнгөрсөн жилийн долдугаар сард орон сууцны нэг ам метр талбайн үнэ 2.1 сая төгрөг байж. Гэтэл өнгөрсөн сард 1.8 сая төгрөг болж буурсан байна. Энэ нь 11.3 хувиар буурсан үзүүлэлт билээ. Монголбанк, үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хийсэн судалгаанаас үзвэл шинэ орон сууцны нэг ам метр талбайн үнэ өнгөрсөн сард дунджаар 2.1 сая төгрөг болжээ.
Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хямд байгаа юм. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг ам метр талбайн үнэ 3.1 сая төгрөг бол Сонгинохайрхан дүүрэгт 1.6 сая төгрөг байна.
Улаанбаатарт хуучны хоёр өрөө орон сууцны дундаж үнэ 96.3 сая төгрөг байгаа нь 5.4 хувиар буурсан дүн юм.
Сүүлийн үед шинээр ашиглалтад орж буй орон сууцны борлуулалт буурч барилгын салбарт оруулсан хөрөнгө царцаж эхэлсэн. Үүнд дараах хоёр хүчин нөлөөлж буй гэдэг. Тухайлбал, ипотекийн зээлийн 30 хувийг төлөх чадвартай иргэд алга. Орон сууцанд орох хүсэл зорилоготой иргэд олон бий.  Гэвч түүнийг худалдаж авах санхүүгийн чадвартай иргэд цөөрч борлуулалт ханасан гэж байгаа билээ. Мөн эдийн засгийн хүндрэл иргэдийн худалдан авах чадварыг буурууллаа хэмээн тайлбарлаж буй юм.  Иймд барилгын салбарт түгжигдсэн хөрөнгийг чөлөөлөхийн тулд төр засгаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулах гарц хайх болсон.   Хэрэв ипотекийн зээлийн урьдчилгаа 10-15 хувь болж буурвал орон сууц худалдан авах иргэд олон байх нь гарцаагүй. Гэвч иргэд авсан зээлээ найдвартай төлөх нөхцөл бололцоо ямар байгааг холбогдох яам, тамгийн газрууд судлаж буй билээ.
Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзоригоос Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр буурах нь хэр зохистой талаар асуухад “Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа. Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулж 30 жилийн хугацаатай зээл олгоход арилжааны банкууд болон МИК дургүй байгаа. Учир нь банкууд чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлнө гэж үздэг. МИК орон сууцны бонд гаргаж байгаа тул ханшид нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлол бий” гэв.  
Энэ онд Улаанбаатарт 47 мянган айлын орон сууц ашиглалтад орох төлөв бий. Одоогоор үүний 35 хувь нь ашиглалтад орж борлуулах зар түгээгээд байгаа аж. Үүн дээр худалдах зар өгсөн хуучин орон сууцнууд нэмэгдэх учиртай. Ингэж байж зах зээл дээр нийт хэдэн орон сууц борлуулах нь тодорхой болно. Гэвч хуучин орон сууцны тоог гаргахад хүндрэлтэй. Яагаад гэвэл хэн хэзээ өөрийн үл хөдлөх хөрөнгөө зарахыг таашгүй юм. Эцэст нь хэлэхэд орон сууцны нийлүүлэлт хангалттай байгаа ч эрэлт хэвээр. Хамгийн гол нь худалдан авагчийн санхүүгийн чадвахи сул байгаа тул үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр борлуулах зар өгсөн орон сууцны тоо буурах бус өсөх хандлагатай байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан