Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Хаш-Эрдэнэ: Биднийг “День победы”-г дуулахад оросуудын сэтгэл хөөрч байсан


Улаан талбай дээр улсаа төлөөлж алхах гэж байхад хариуцлага л хамгийн эхэнд бодогдож байлаа

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ жил тохиож. Москвагийн  Улаан талбайд болсон ёслолын парадад Монгол Улсын  цэргийн баг анх удаа алхсан билээ. Энэ цэргийн багийн салааны захирагч ЗХЖШ-ын ХНХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэтэй ярилцаа.

-Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад улсаа төлөөлөн оролцоод ирлээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол цэргийн сүр жавхааг харуулаад ирсэнд тань баяр хүргэе.


-Баярлалаа. Аугаа их эх орны дайны ялалтын парадад оролцсондоо маш их баяртай байна. Монгол түмэндээ дахин баяр хүргэе. Бид хэдийгээр тэнд жагсаалд оролцож байсан ч энд төв талбай дээр жагсаал болж байгаа даа, цэргийн хоолыг иргэдэд тараана гэсэн гээд л хоорондоо ярилцаж байлаа. Гэхдээ мэдээж монголчууд телевизээр шууд үзнэ, эх орны минь нэр гарна гээд бодохоор агуу их хариуцлага ирж байгаа юм. Алдаа мадаг гэж ярих ч эрхгүй. Сүр хүчээ харуулахын тулд хүмүүсийнхээ алхаа гишгээ, царай төрхөнд хүртэл анхаарсан.

-Хоёр сарын хугацаанд жагсаалын бэлтгэл хийсэн. Сүүлийн өдрүүдэд ОХУ-д очиж бэлдсэн. ОХУ-д хийсэн бэлтгэлийн талаар ярьж өгөөч?

-Сүүлийн 20 гаруй хоног ОХУ-ын Москва хотын Алабино гэдэг газар хоёр удаа нэгдсэн бэлтгэл хийсэн. Улаан талбай дээр хоёр удаа шөнийн бэлтгэл хийсэн. 7-ны өдөр хамгийн сүүлийн бэлтгэлийн нэгдсэн парадыг Улаан талбай дээр хийсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Путинээс бусад нь тэр бэлтгэл дээр ирсэн.

-Энэ удаагийн цэргийн багийн онцлог Зэвсэгт хүчний анги, ангийн төлөөлөл оролцсон. Гэтэл бусад орны хувьд хүндэт харуулын ангийнхан нь жагссан гэж сонслоо. Олон талаас цугласан хүмүүсийг нэг баг болгож, нэг хүн шиг алхах хүндтэй бас хэцүүхэн үүргийг та хүлээсэн байна...

-Би жагсаалын бэлтгэл ажлыг хариуцаж хийсэн. Монгол Улсын ЗХ-ний бүх анги нэгтгэл, Хилийн цэргийн ангиудаас төлөөлөл оролцуулсан. Хоёр шатны шалгуур явуулсан. Эхний шатны шалгуурыг анги байгууллага нь өөрсдөө зохион байгуулсан. Хоёр дахь шалгаруулалтыг нь хоёрдугаар сарын 21-ний өдрийн ЗХЖШ-ын даргын тушаалаар байгуулагдсан комисс ажиллаад шалгаруулсан. Хоёрдугаар шатанд 180 гаруй залуу ирсэн. 75-ыг нь сонгож авсан. Царай нүүр, өндөр, эрүүл мэнд гээд бүх л зүйлийг нь харсан. Яахав анх цэргийн эрдэм сурсан байдлаараа төлөвшсөн хүмүүсийг нэг баг болгож, нэг хэмнэлд оруулах ажлыг гардсан. Дажгүй ээ. Манай багийнхан бүгд л чин хүсэл эрмэлзлээр нэгдсэн залуус байсан учраас бэлтгэл сургуулилт шат шатандаа маш сайн явагдсан.

-Яг парадад алхсан бусад орны цэргийн багийнхантай өөрийн багаа харьцуулбал...

-Манайхан шал өөр байсан. Бидний амжилт ЗХЖШ болон БХЯ-ны удирдлагууд маань бэлтгэл сургуулилтад анхаарал хандуулж, байнга зааж зөвлөж байсантай холбоотой. Ерөнхийлөгчийн Тамгын газраас хоёр ч удаа шалгасан. Энхийг дэмжих амжиллагаа болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан залуус олонхи нь байсан. Тэд чинь олон улсын цэргүүдтэй харилцаад, хамт олноо болгоод сурчихсан учраас ажиллахад ч гэсэн хялбар байлаа.

-Яагаад бусад орны жишгээр парадад алхах үүргийг хүндэт харуулын ангид даатгаж өгөөгүй юм бэ?

-Манай хүндэт харуулын албыг хугацаат цэргүүд хашдаг. Гэхдээ цэргүүд гэдэг утгаар нь тэднийг явуулаагүй юм биш. Офицер, ахлагч нарын хайрцаг зохион байгуулсан нь ажилласан туршлага зэргээс нь хамаарсан болов уу. Нэг жил алба хааж байгаа цэргүүд, цэргийн анги салбарт насаараа ажилласан албан хаагч хоёр ялгаатай. Сая явсан цэргийн багт дээд тал нь 20 жил цэргийн албанд хүчин зүтгэсэн хүн ч явсан. Бэлтгэл сургууль хийхэд, хэлсэн зүйлийг хүлээн авалт хүртэл нь өөр.

-Та бүхэн маань ОХУ-д өнгөрүүлсэн 20 хоногийн хугацаандаа урлаг, спортын олон арга хэмжээнд оролцсон гэсэн. Амжилтаасаа хуваалцаач?


-Воллейболын тэмцээнд нэгдүгээр байрт шалгарсан. Урлагийн наадам болсон. Манай орны цэргийн баг шиг цомхон чадварлаг бэлдсэн газар байгаагүй. Өөрсдийгөө магтаж байгаа юм биш шүү. Тэнд цугласан орны цэргүүд хүлээн зөвшөөртөл авьяасаа дэлгэж чадсан. Энэтхэг улсад зориулж энэтхэг дуу дуулаад, хятадуудад зориулж алдартай аяыг нь лимбэ, аман хуураар тоглоод, оросуудад зориулж эх хэлээр нь дуулсан. Зааланд байсан хүмүүс “Монгол”, “Монгол” гээд л алга ташиж хүлээж авсан. Тэднийг доргиож чадсан. Бусад орны цэргийн багийн хувьд жаахан баригдмал. Тайзан дээр гараад номхон зогсч байгаад цэргийн хоёр дуу дуулаад буучих жишээтэй. Манайх бол ирсэн орон бүрийн цэргүүдэд хандсан үзүүлбэр бэлтгэж очсон.

-Жагсаалын бэлтгэлийн үеэр орос дуу дуулсан нь Оросын ард түмний сэтгэлийг хөдөлгөж чадсан байна билээ. Бичлэг үзсэн. Энэ хэний санаа байсан юм бэ?

-Өнгөрсөн жил би ОХУ-ын Ерөнхий цэргийн Фрунзийн нэрэмжит сургуулийг төгссөн. Тэнд сурч байх хугацаандаа харж байхад Оросын ард түмэн ялалтын баяраа маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Үргэлж дайны үеийн дуундуудаа дуулж, сэтгэлээсээ баярлаж байгааг нь харсан. Тиймээс цэргүүддээ “День победы”, “Катюша”, “Смуглянка” дууг зааж өгсөн. Залуучууддаа үгийг нь өгөөд л хэдэн хоногт сурсан байгаарай. Жагсаалын дуунд оруул гээд л үүрэг өгсөн. ОХУ-д соёлын арга хэмжээнд олон удаа оролцсон. Ард түмний дунд жагсч байх үедээ жагсаалаас орос дуу гаргахаар хөгшчүүл уйлаад зарим хүн цэцэг бэлгэлээд л, алга ташаад их сайхан хүлээж авч байсан. Цирк үзээд дөрвөн орны цэргийн баг жагсаалаар гараад явахад манайхан “День победы”-г дуулахаар хүмүүс цирк үзсэнээсээ өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байсан. Огшоод л явчихаж байгаа юм. Шөнийн парадын бичлэгийг би өөрийнхөө утсаа хийсэн юм. Техникийн цуваа явж байхад наана нь манайхан цаг гаруй хугацаанд хүлээж зогсдог. Дайны үед Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зургаан орон, гадаадын дөрвөн орны цэргийн баг энэ удаа жагссан. Бүх хайрцаг жагсаад хүлээж байхад бид жагсаалын дуу гаргахаар бусад орны цэргүүд “Монгол” гээд л орилсон.

-Манай цэргийн багт алхсан 75 хүний тав нь хугацаат цэргийн албан хаагч байсан гэсэн. Тэдний хувьд амьдралд нь тохиолдсон хамгийн сайхан үйл явдлын нэг энэ удаагийн парад байж чадсан болов уу?

-Бид бүгдийн хувьд л сайхан үйл явдал. Монгол Улсын нэрийн өмнөөс алхсан болохоор. Яг жагсаалд 70 хүн алхсан. Нөөцтэйгөө нийлээд 75 болж байгаа юм. Хугацаат цэрэг, офицер, ахлагч гэж ялгасан зүйл байхгүй. Нэг жагсаалд ороод л алхаж байгаа бол тэд нэг л команданд орно. Багаа нэг хамт олон болгохын тулд өглөө мэндлэхээс эхлээд л бэлтгэл маш сайн хийсэн. Хөлдөө таван кг-ийн жинтэй хүндрүүлэгч хийгээд олон өдөр алхахаар хөл тавилт нь өөрчлөгдөөд л ирдэг.

-Шууд дамжуулалтаар харж байхад улс орон бүрийн цэргүүдийн алхаа өөр юм аа. Хятад цэргүүд л гэхэд усны урсгал шиг харагддаг юм билээ. Манай улсын цэргийн багийн алхалтын онцлог нь юу байсан бэ?

-Тухайн улс орон бүрийн жагсаалын онцлог өөр. Манайхан хараа гаргалт, алхалт дээрээ илүү анхаардаг. Энэтхэг гэхэд л гарны савалт дээрээ анхаардаг, Серб болохоор зөвхөн өвдөг өндөр алхаад явчихдаг. Хятадууд болохоор цээжээрээ хөдлөхгүй, ердийн өвдөг нугарч алхдаг юм билээ. Манайхан бүтэн нүүр гаргаж алхдаг.

-Төрийн тэргүүнүүд суусан индрийн урдуур өнгөрөхдөө хэдэн секундэд хэдэн алхалт хийх нь хүртэл нарийн тооцоотой байдаг юм билээ. Ер нь парадад алхаж байгаа замын нийт урт нь хэдэн метр юм бэ?

-310 гаруй метр. 284 метр нь цэвэр хөл тавих талбай. Өөрөөр хэлбэл, ёслолын жагсаалаар алхах талбай гэсэн үг л дээ. Хоёр сарын хугацаанд бэлтгэл хийгээд 284 метр талбайд хөл тавьж алхахдаа эх орныхоо нүүр царайг харуулж байгаа юм л даа. Тэгэхдээ нүүр дүүрэн цог жавхааг бүрдүүлнэ гэдэг өөр хэрэг. Чи парадад алхсан цэргийн нүүр царайг хараад үзээрэй. Хүний нүүрнээс олон зүйл уншигддаг.

-Нүүр царайны хувирал юунаас хамаардаг юм бэ?


-Олон зүйл байна. Улс орон бүрийн онцлог юм уу даа. Манайхан бол хиймэл царай гаргаагүй. Гарч байгаа эмоци нь нүүр царайны байдлаар дамжин гарч байгаа юм.

-Цэргийн хүний амжилтыг энгэр дээрх тэмдгээс нь харж болдог. Энэ удаа монгол цэргүүдийн энгэр дээр бас нэгэн медаль нэмэгджээ...

-ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын гарын үсэгтэй медаль. Парадад алхсан бүх цэргийн багийнханд гардуулан өгсөн.

-Та хэзээнээс Зэвсэгт хүчинд алба хааж  эхэлсэн бэ. Таны энгэр дээр “Спортын мастер”-ын тэмдэг байна. Ямар спортын төрлөөр хичээллэдэг юм бэ?

-Цэргэжлийн буудлагын спортын мастер. 1994 онд Зэвсэгт хүчинд орж ирсэн. Сургуулиа төгсөөд хүндэт харуулын ангид төрийн удирдлагын даргаар томилогдож ирсэн. Энд долоон жил ажилласан. БНСУ-ын цэргийн академи, ОХУ-ын Фрунзийн академийг төгссөн. Афганистанд дөрөвдүгээр ээлжийн цэргийн багийн захирагчаар явсан. Серра-Леоны наймдугаар ээлжийн цэргийн багийн орлогч даргаар, есдүгээр ээлжийн багийн ахлагчаар явж ажиллаж байлаа.

-Олон хоног бэлтгэл хийчихээд яг зорьсон зүйл чинь өмнө байхад, Улаан талбайд алхахад 22 жил ЗХ-д ажилласан, цэргийн хүний хувьд сэтгэгдэл ямар байсан бэ?

-Үгээр хэлэхийн аргагүй л дээ. Яг алхаад ороход айна. Урлагийнхан хүртэл тайзан дээр анх гарахдаа сандардаг. Москвагийн Улаан талбай дээр Монгол Улсыг төлөөлж алхах гэж байхад Монгол Улс бидний хойно явж байхад хариуцлага л хамгийн эхэнд бодогдоно. Улаан талбай чинь өөрөө гялайсан сайхан талбай биш. Жижиг жижиг чулуу суулгаад хийчихсэн. Ийм талбай дээгүүр алхахад нэг нь бүдэрчих вий гээд л бодож байгаа юм.

-Алхаад дуусах мөчид сэтгэл санаа тавираад л явчихна биз дээ?

-Олон орны төрийн тэргүүн суучихсан индэр рүү орж ирж байхад шугамчны зай аваад, командаа өгөөд л жигдэрчихээр жаахан тайвширч байгаа юм. Нөгөө хөл тавилт гэдгийг чинь утгаар нь хийнэ. Чөлөөтэй хөл тавина. Ард хөл тавьж байгаа хүмүүсийн алхалт, зай барилт бүгд л чихэнд сонсогдоно.

-Та урд алхаж байхад ардаа яваа багийн хөлийн чимээг сонсоод хэн алдаж байгааг нь мэдэж чаддаг хэрэг үү?

-Хамгийн урд багийн Батболд алхана. Би тугны ард алхана. Олон жил цэргийн бэлтгэл хийхээр мэддэг болчихдог юм байна. Бэлтгэлийн үеэр сонсч байгаад л тэр эгнээний тэд дэх хүн гээд л хэлэхэд яг л байдаг.

-Индэр өнгөрөөд л цаашаа бол айж, сандрах тухай бодогдох ч үгүй юу?

-Индэр өнгөрөөд хайрцагны дарга маань салаад явчихна. Цаашаа би урагшаа гараад багаа командлаад явна. Яг тэр үед манай багийнхан уриагаа хэлсэн. Зөв хөд дээрээ тааруулаад л “Монгол Улсын төлөө зүтгэе” гээд л багийнхан маань хэлээд л гарна. Улаан талбайд Монгол Улсын цэргийн баг алхаж байна. Тэгээд л цаашаа булан тойроод ард иргэдийн дундуур гарахдаа “Дуу гарга” гээд команд өгөхөд манайхан “День победы”-г дуулаад явахад хүмүүс орилж, шүгэлдээд л. За тэгж жагсаалаа дуусгачихаад утас хүлээнэ. Өөрөө жагсаал дунд алхсан болохоор хэр байснаа мэдэхгүй. Утас дугарлаа. Яасан, яасан гээд л “Гайгүй” гэсэн үгийг сонсч байж л сэтгэл тайвширч байгаа юм даа.

-Дараа нь жагсаалаа бичлэгээс үзээд ямар санагдсан бэ?


-Дажгүй. Залуучуудынхаа царайг харахад л сайхан. Нүднээс нь бүх зүйл харагддаг. Хөл бол анхаарал татахгүй л дээ.

0 Сэтгэгдэл
ЗАРИМ нь Ч энэ хїнйи ярианы эсэргээр нэг их хиймэл баригдмал царайтай нєхєр УРД нь Алхаж байсан.
ЗАРИМ нь Ч энэ хїнйи ярианы эсэргээр нэг их хиймэл баригдмал царайтай нєхєр УРД нь Алхаж байсан.
ЗАРИМ нь Ч энэ хїнйи ярианы эсэргээр нэг их хиймэл баригдмал царайтай нєхєр УРД нь Алхаж байсан.
Баяр хүргэе. Та нар сайхан харагдаж байсан шүү. Мундаг залуу бна чамаар бахархаж байна. Залуучууд бүгд ийм сэтгэлтэй байвал Монгол улс маань хөгжинөө.
Ажлын амжилт хүсье
Хамгийн их уншсан