Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Болорчулуун: Тариаланчид цөөрөөгүй санаа зоволтгүй

Хаврын тариалалт эхэлж тариаланчид борви бохисхийлгүй ажиллах цаг айсуй. Тэд  энэ жил хэр хэмжээний буудай тарихаас та бид хэдэн төгрөгийн үнэтэй талх идэх нь хамаарна. Иймээс хаврын тариалалтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар ХХААЯ-ны Газар тарилангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

-Манай улс энэ жил хэчнээн га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна вэ. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

-Өнгөрсөн жил улсын хэмжээнд 337.1  мянган га-д уринш бэлтгэсэн. Үүнээс 300 мянган га-д улаанбуудай тариалхаар болсон. Тариалалтад 1190 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа. Хаврын тариалалтын бэлтгэл ажил хангагдаж тариалалт энэ сарын 5-наас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үр тарианы тариалалт 17 хувьтай явж байгаа бол нийт тариалалт 16.6 хувьтай байна. Үүнээс 57 мянган  га-д үр тариа 56 мянган га-д улаанбуудай 7000 га-т тосны ургамал гээд  66,3 мянган га-д тариалалт хийгээд байна.

-2015 онд хүн амын хэрэгцээнд талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай 180.6 мянган тонн гурилыг дотоодоос хангах боломжгүй. Иймээс хойд хөршөөс буудай импортлох тухай асуудал сөхөгдөж байсан. Үүнийг тариланчид  эсэргүүцэж  “Ер нь бид тариа тарьж алдагдал хүлээгээд байхад дээр нь төр нь дарамталлаа.  Хавраас тариа тарихгүй хэмээн бөөн хэл болгож байсан.  Энэ жил 1190 аж ахуйн нэгж тариа тарина гэсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр  үзүүлэлт вэ?

-Энэ хавьцаа л байдаг. Буурсан үзүүлэлт бол байхгүй. Тиймээс иргэд тариа тарих аж ахуйн нэгж иргэн цөөрлөө хэмээн айх хэрэггүй.

-Энэ онд хэдий хэмжээний буудай импортоор авахаар болсон бэ. Мөн буудайн нөөц хэр байгаа юм бэ?

-Энэ онд 20 мянган тонн улаанбуудай импортлох квот олгосон. Үүнээс 12,7 мянган тонн улаанбуудай орж ирсэн. Хавар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж орон нутагт ажилласан. Энэ үеэр улсын хэмжээнд байгаа буудай гурилын үлдэгдлийг тоолж нийт хүн амын хэрэгцээнд тооцож үзэхэд дотооддоо байгаа гурилын болон буудайн нөөцөөрөө аравдугаар сарын 20 хүртэл хангах боломжтой гэсэн тооцоо гарсан. 

-Сайн ургац авах эсэх нь ямар сортын үр тарьж байгаагаас хамаардаг. Үрийн хангалтыг хэрхэн хийж байна вэ?

-Өнгөрсөн жил тариаланчид 45 мянга орчим тонн үр нөөцөлсөн. ТЭДС-гаас 3,5 мянган тонн үрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0-30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр олгосон.

-Энэ жилийн хувьд тариаланчдад төрийн зүгээс ямар хөнгөлөлт үзүүлж байгаа вэ. Уламжлал ёсоор шатахуун, үр бордоо гээд олгож байгаа байх?

- Тийм ээ. Жил бүр ТЭДС-гаар дамжуулан уламжлал болгон олгодог хөнгөлөлтүүдийг олгосон. Тухайлбал, тариалалтад хэрэглэх түлшийг орон нутагт салбартай хоёр компани нийлүүлэхээр шалгарсан. Өнөөдрийн байдлаар 1500 орчим тонн түлшийг тариаланчид гэрээ байгуулан аваад байгаа.  Энэ жил тариалалтад яамнаас барьж байгаа онцлог гэвэл ТЭДС-тай харьцдаг  аж ахуйн нэгж иргэн  тэр дотроо цаг тухайд нь тооцоогоо  хийдэг бол тэдгээрийг дэмжиж сайн харилцагчийн түүх гэж үүсгээд дотоодоос нийлүүлж байгаа үрийг урьдчилгаа төлбөргүй олгох мөн бусад ургамал хамгааллын бодисыг зэргийг бусдаас хөнгөлөлттэй үнээр олгосон. 

-Тариалалтад хэрэглэх машин техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байгаа вэ. Манай тариаланчдыг хүчтэй техник хэрэгсэлгүй гэдэг. Энэ жил шинээр газар тариалангийн тоног төхөөрөмж оруулж ирэх үү?


-Техник тоног төхөөрөмжийн хувьд тариалалтад гарахад бэлэн болсон. Үр тарианы тариалалтыг тавдугаар сарын 5-25-ны дотор тариалахаар төлөвлөсөн. Яаман дээр ургацын штаб байгуулж аймаг бүрээс өдөр тутмынх нь мэдээг авч нэгтгэж байгаа. Мөн энэ онд БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн тусламжаар 12 сая ам.долларын техник орж ирэх ёстой. Үүнээс эхний ээлжинд хаврын тариалалтад хэрэглэх 125 болон 165 морины хүчтэй тракторуудыг оруулж ирэхээр хил дээр ирсэн. Ер нь тариаланчдадаа гар хоосон зүтгүүлэхгүй гэсэн үүднээс аль болох  хөнгөлттэй, таатай  нөхцөлөөр бусад тоног төхөөрөмжийг олгохоор ажиллаж байна.

-Намар тариа хураахад агуулах савны асуудал хөндөгддөг. Саалиа бэлэдэхээр саваа бэлд гэдэг дээ. Манай улс саваа хэр бэлдээд байна вэ?

-Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хотод 36 мянган тонны багтаамжтай агуулах хүлээн авсан. Дарханд ТЭДС-гийн Дархан салбар гэж байгуулж байгаа. Энд буудай хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр ТЭДС нийт зургаан байршилд 182 мянган тонн улаанбуудайг хадгалах агуулахтай болно байна гэсэн үг. Мөн бусад тариаланчид болон гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайгаа нөөцлөх агуулах хангалттай байгаа гэж ойлгож болно.

-Өнгөрсөн жилийн буудайн болон урамшууллын мөнгийг тарианланчид гар дээрээ авч дуусан уу. Гурилын үйлдвэрүүд буудайн мөнгөө өгөхгүй байна гэж байсан?

-2014 оны буудайн урамшууллын мөнгийг олгож дууссан. Харин хаврын тариалалтад тулгарч байгаа бэрхшээл бол өнгөрсөн жил гурилын үйлдвэрүүдэд тариаланчид буудайгаа нийлүүлэн төлбөрийн үлдэгдлийг өнөөг хүртэл аваагүй. Долоон үйлдвэр дээр 18 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Яамны зүгээс гурилын үйлдвэрүүдтэй уулзаж буудайн мөнгийг төлүүлэх талаар ярилцаж байна. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс гурилын борлуулалт муу иргэдийн худалдан авах чадвар буурснаас  цаг хугацаа алдаж байна гэсэн тайлбар хэлж байгаа.  

-Гурилын үйлдвэрүүд манайд тарьсан буудай цавуулаг багатай гэж голдог. Тэгэхээр буудайн цавуулагын чанарыг нэмэгдүүлэх талаар тариаланчид болон яамны зүгээс ямар ажил хийж байна вэ?

-Буудайн цавуулаг бол олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Сүүлийн үед тариаланчид хөрсний үржил шим доротойж байна.  Иймээс  хөрсний үржил шимийг авсан бол буцааж нөхөж өгөх ёстой гэж хэлэх болсон. Энэ үүднээс хөрсний үржим шим, бордоог нэмэгдүүлэх тал дээр анхаардаг болсон байна билээ. Энэ  оны өмнөх тариалалтаас ТЭДС-гаар 1000 тонн эрдэс бордоо оруулж ирсэн. Энэ бордоог аж ахуйн нэгжүүд  хөнгөлөлттэй үнээр авсан. Цавуулаг өндөртэй сайн буудай авахын тулд нэгдүгээрт хөрсөө бордох хэрэгтэй. Хоёрдугаарт сайн чанарын үрээр тариагаа тарих ёстой. Энэ тал дээр яам болон тариаланчдын зүгээс аль аль нь анхаарч байгаа. Ер ньбол тариланчид тариандаа хэдий хэмжээний мөнгө зарна тэр хэмжээгээр сайн буудай хурааж авна шүү дээ.

-Энэ оноос улаанбуудайг биржээр арилжаалах шинэ систем нэвтрүүлж эхэлсэн. Үүний үр дүн хэр гарч байна вэ?

-Цаашдаа улаанбуудайг биржээр арилжаалах нөхцөл боломжийг бий болгох үүднээс энэ жилээс бэлтгэл ажлыг хангаж биржийн арилжааг зохион байгуулсан. Одоогоор 500 тонн буудайг ТЭДС-гийн гурван цэгээс  арилжаалсан. Буудайг гурван аж ахуйн нэгж тонныг нь 565 мянган төгрөгөөр худалдан авсан. Намраас улаанбуудайг биржээр арилжаалахдаа фючерсийн арилжаагаар арилжаална. Фючерс гэдэг нь намар арилжаалах буудайгаа одооноос  арилжиж  эхлэх нөхцөлөөр хангахыг хэлж буй хэрэг.  Энэ ажлыг  “Хөдөө аж ахуйн бирж” ХХК зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. Биржээр арилжана гэдэг нь бүх буудайг биржээр арилжаална гэсэн үг биш. Өмнөх шигээ агуулахнаасаа  борлуулах нь  ч нээллттэй байна гэсэн үг. Энэ жил буудайн үнийг төрөөс зарлаагүй. Буудайг биржээр арилжаална гэдэг  нь төрөөс үнэ зарлахгүй бирж дээрх тухайн үеийн буюу зах зээлийн дундаж ханшаар буудайгаа борлуулах нөхцөлийг үүсгэж байгаа юм.

-Тариа тарихад цаг агаарын байдал ихээхэн нөлөөлдөг. Энэ жилийн хувьд цаг агаарын байдал  өмнөх жилүүдээс ямар онцлогтой байна гэсэн мэдээ ирүүлж байгаа вэ?

-Тавдугаар сар чийглэг байна гэсэн. Энэ сарын чийглэгийг ашиглаад тариаланчид дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сан дөнгөж эхлэнгүүт тариагаа тарья гэсэн боловч шөнөдөө хүйтэн байсан учир тариагаа эрт тарьж амжаагүй. Харин зургадугаар сарын олон жилийн дунджаас илүү халалттай гэсэн төлөв гарсан.

-Буудайн мөнгөө аваагүй тариаланчид хэцүү байгаа байх. Тариа тарих үе нь болоод байдаг. Үр, шатахуун гээд хэрэглээний зардлын мөнгөгүй халаас хоосон?

-Өнгөрсөн жил тариланчид гурилын үйлдвэрүүдэд 170 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Одоогийн байдлаар 19 тэрбум төгрөгийг нь аваагүй байгаа. Иймээс санхүүгийн эх үүсвэрээ бусад арилжааны банк болон банк бус байгууллагуудаас шийдэж байгаа байх. ТЭДС-гаас бол ургамал хамгаалал, шатахуун, бордоо, үрийн дэмжлэгийг зохих хэмжээндээ өгсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан