Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.ЭРДЭНЭЧИМЭГ: ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУГАА ИРҮҮЛСЭН ЦАГТ ТАВАНТОЛГОЙН ДҮГНЭЛТ БЭЛЭН БОЛНО

Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагатай уулзаж зарим мэдээллийг сонссон байна.  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгчээ. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон. Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 265 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны тавдугаар сард БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанитай байгуулж, “Чингис” бондын 200 сая ам.долларын санхүүжилтээр ажлаа эхэлж, өнөөдрийн байдлаар нийт ажлын 52 хувийг гүйцэтгээд байна.
Тус төсөл дээр Санхүүгийн зөвлөх “BNP Paribas” компанийн боловсруулсан санхүүгийн загварт Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэх нэг тн.км-ийн тарифыг 3.3 цент буюу 64 төгрөгөөр тооцож, төслийн хөрөнгө оруулалтыг 12 жилийн хугацаанд нөхөхөөр тооцсон. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон жилээсээ улсын төсөвт татвар төвлөрүүлэх ба татвар, зээл, зээлийн хүүгээс гадна 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.долларын ногдол ашиг өгөхөөр байгаа аж. Жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж үзвэл ийм тооцоо гарч байгаа төдийгүй тус замаар 50 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой юм байна.
Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд дотоод санхүүжилтээр “Чин­гис” бондоос 40 хувь буюу 400 сая, гадаадын банк санхүүгийн байгууллагын урт хугацааны зээлээр 60 хувь буюу 600 сая, нийт 970 сая ам.долларын өртгөөр барихаар төлөвлөсөн байна. 60 хувийн санхүүжилтийг хийх боломжтой гэдгээ Корея ЭКСИМ, Корея хөгжлийн банk, Европын сэргээн босголтын банк, PNB Paribas банк тус тус илэрхийлжээ. Мөн Япон улсын “Nippon Koei” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцсан ТТ-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын зураг төслийг боловсруулж хүлээлгэн өгөөд байгааг танилцуулав.
Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын асуудлаа бүрэн хариуцаад ажлаа эхлүүлсэн байтал дээрх санхүүжилтийг зогсоож, Тавантолгойн тендерт шалгарсан хөрөнгө оруулагч нарт Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 30 жилээр яагаад өгөхөөр гэрээнд тусгасан нь тодорхойгүй байна. Өөрсдийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулаад 25 жилийн хугацаанд 1,2 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох боломжтой төмөр замыг тендерийн шалгуурт оруулахаар болсныг Засгийн газраас тодруулах хэрэгтэй гэв. Тавантолгойн гэрээний тендерийн урилгад “Хөрөнгө оруулагчид эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, ашиглалтад оруулснаас хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд өгөх” хэмээн заасан байгаа аж.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-М.Энхсайхан сайд “Энержи ресурс” компаниас барьцаанд тавьсан хөрөнгийнхөө талаар ямар нэг тайлбар өгсөн үү?


-Засгийн газарт илгээсэн албан бичгийн хариунууд эхнээсээ ирж байгаа. 2014 оны есдүгээр сард зарласан маш их материал хүлээн аваад байна.
Харин “Энержи ресурс” компанийн санхүүгийн талаарх мэдээлэл болон өр зээлийн асуудлаар хариу ирүүлээгүй байна.

-Ажлын хэсэг дээр УИХ-д суудалтай намууд зөвшилцөлд хүрч, Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцээд явах тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?


-Ажлын хэсгийн хуралдаан хоёр удаа болсон. Эхний хуралдаанаар дэд хэсэгт үүрэг даалгавар өгсөн. Хоёр дахь хуралдаанаар дэд хэсгийн ажлын явцыг сонссон. Гишүүдийн зүгээс зарим нэг нэмэлт материал хүссэнийг дахин албан бичгээр хүсэлт тавьсан. Жишээлбэл, Бакей гишүүн Эрдэс баялгийн зөвлөлийн саналыг авах хэрэгтэй гэсэн бол Баасанхүү болон Ганбаатар гишүүн бие даасан санхүүгийн болон хуулийн шинжээч зөвлөх баг авч ажиллуулах санал гаргасан. Түүнээс ямар нэг намын бүлгүүдийн зөвшилц­лийн асуудал яриагүй.

-Тавантолгойн гэрээг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хэзээ танилцуулах вэ?

-Одоогоор ажлын хэсэгт өгсөн удирдамжид заасан 14 асуудлын ихэнхэд нь дүгнэлт бэлтгээд 35 гаруй хуудас материал бэлэн болсон байгаа. Гэхдээ 4-5 заалтад хариу ирээгүй байна. Засгийн газраас хэзээ хариугаа ирүүлнэ тэр цагт дүгнэлт бэлэн болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан