Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарендра Моди: Энэтхэг монгол хоёр оюун санааны хөрш, хөгжил дэвшлийн түншүүд

Тун удахгүй Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди дараах өгүүллийг бичиж ирүүлжээ.

Би Монголд очихыг чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ бол манай дэлхийн гоо үзэсгэлэн, зах хязгааргүйг жинхэнэ утгаар нь мэдрэх гайхамшигт улс үндэстэн юм. Аугаа Монгол үндэстэн хүн төрөлхтний түүхэн хувь заяанд гүн гүнзгий ул мөрөө үлдээж, хүмүүсийн оюун бодолд өвөрмөц орон зай эзлэн оршдог.

Бидний цугтаа бишрэн шүтдэг оюун санааны өвдөө мөргөн залбирах, бидний хооронд тогтсон харилцаа, хамтын ажиллагааг хамтдаа тэмдэглэх гэж би Монгол оронд ирж байна. Мөн Монгол улстай тогтоосон харилцаагаа гүнээ хүндэтгэдэг, энэ харилцаагаа хөхүүлэн дэмжих, хөгжүүлэн бэхжүүлэхийн тулд бүхнийг бид хийх болно гэж Монголын ард түмэнд хэлэхээр ирж байна. Монголын Ардчиллын 25 жил, бидний дипломат харилцааны 60 жилийн ойн жил Монгол улсад айлчилж байгаа нь ч онцгой нэр төрийн хэрэг юм.

Энэтхэг, Монголын хоорондох харилцаа газар зүйн саадыг давж, түүхийн он дарааллын олон  зуун жилийг ардаа орхижээ. Мянга гаруй жилийн туршид үе үеийн лам нар болон мөргөлчид, энэ газар нутагт бурхан багшийн сургаалыг тараахаар хүнд бэрх урт замыг туулж ирсэн. Хүний үзэл санаа, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан олон зууны тэртээ Монголчууд Ази, Европыг хооронд нь холбосон.  Энэхүү үйл явцад бидний түүх хоорондоо хэрэн хэлхэлдсэн хэдий ч баялаг, өвөрмөц Энэтхэг өнгө төрх тод үлджээ.

Монголчууд маань Энэтхэгчүүд биднийг өнөөдөр “Оюун санааны хөрш”-өө гэж нэрлэдэг. Үүнээс илүү хөршийн өндөр харилцааны хэлбэр гэж үгүй; энэ үнэт харилцааг бид гүнээ хүндэтгэдэг.

Энэ харилцаа нь жил бүр Энэтхэгт суралцаж, дадлага хийдэг 200 Монгол оюутан залуус, оюун бодлын эрэлд морддог хэдэн зуун буддын лам нараар дамжин хэрэгждэг. Энэ нь одоо ардчиллын ах дүүгийн харилцаагаар улам эрч хүчээ авч байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагад Монгол Улсыг гишүүнээр элсүүлэхэд Энэтхэг Улс дэмжсэн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүнээр Энэтхэг Улсыг Монгол Улс хугацаанаас нь өмнө дэмжсэн зэрэг НҮБ-ын болон олон улсын арга хэмжээнд эв санал нэг байж, бие биеэ дэмжиж ирснээр бидний дээрх харилцаа бас илэрдэг.

Мөн бидний хамтын идэвх чармайлт нь эдийн засгийн түншлэл, энхийн зорилгоор цөмийн энергийг ашиглах тухай гэрээ байгуулах, аюулгүйн хамтын ажиллагаа тогтоох зэрэг төрөл бүрийн салбарт өргөжин бэхжиж байна. 2009 онд Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэг улсыг сонгон анхны гадаад айлчлалаа хийсэн нь бидний хувьд их нэр төрийн хэрэг төдийгүй, манай хоёр орны хооронд тогтсон онцгой, өвөрмөц харилцааны баталгаа болсон.  

Энэтхэг, Монгол хоёр орны хооронд  тогтсон  зүрх сэтгэл, оюун санааны харилцаа нь хөрш зэргэлдээ орших эсвэл худалдааны хэлхээ холбооноос ч илүү урт удаан оршин тогтнодог гүүр байж чадна гэдгийг харууллаа. Гэхдээ бид ирээдүйд эдийн засгийн хүчтэй түншлэлийг тогтоохын төлөө бас итгэл төгс байна.

1.25 тэрбум хүн амтай манай орон нэг жилийн өмнө хүн төрөлхтний түүхэнд хамгийн том ардчилсан сонгуульд тогтвортой байдал, өөрчлөлтийн төлөө саналаа итгэл төгс өгсөн. Энэхүү сонгууль нь мөрөөдлөө биелүүлэх, мөрөөдөлдөө хүрэх чадвартай 35-аас доош насны 800 сая залуус бүхий улам бүр залуужиж буй Энэтхэгчүүдийн хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болсон.

Манай Засгийн газар амласандаа хүрэхийн тулд эдийн засаг дахь их хэмжээний хязгааргүй боломж, шинэ үйлдвэрлэл, нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, хурдтай, шийдвэртэй, зорилготой ажиллаж байна. Сүүлчийн хэдэн сарын үзүүлэлтээр 7.5%-иас дээш эдийн засгийн өсөлт бүхий бодит чадавхтай, дэлхийн том эдийн засагтай орнуудаас Энэтхэг нь хамгийн хурдан хөгжиж байгаа орон болж хувирлаа.

Дэлхий бол нэгэн гэр бүл гэж үздэг эртний үзэлтэй адил манай хөгжил дэвшил нь дэлхийтэй тогтоох бидний түншлэлийг хөхүүлэн дэмжих боломж, даян дэлхийн сайн сайхны тусын тулд оруулж буй бидний хувь нэмэр гэж бурхан багшийн төрсөн нутаг Энэтхэг оронд үздэг. Ингээд бид Энэтхэгийн хүн амын амьдралыг өөрчлөхийн хэрээр дэлхийд боломж нээж, найз нөхөддөө туслах чадавхтай болж байна.

Монгол улс бол асар их нөөц баялаг, шинэ бизнесийн орон. Тиймээс ч эдийн засаг нь гайхалтай өсөлтийг харуулж байна. Танай орон бол идэвхтэй хөгжиж буй Ази Номхон далайн бүс нутгийн нэг хэсэг. Иймээс байршлаас үл хамаарах кибер эдийн засаг хурдтай өргөжин хөгжих боломжтой.  

Бидний түншлэлийн боломж хязгааргүй, энэ нь олон салбарт холбоотой байж болно. Манай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа өргөжин тэлнэ. Энэтхэг бол Монголын эрдэс баялгийн асар том зах зээл юм. Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч Энэтхэг орон нь Монголын тал нутагт цагаан хувьсгал хийхэд тусалж, зөвлөж чадна. Бид бас хурдтай өргөжин тэлж байгаа дижитал ертөнцөд Монголын залуучуудыг амжилт олоход нь болон кибер аюул заналаас тэднийг хамгаалахад тусалж чадна. Боломжийн үнэтэй орчин үеийн эмнэлгийн үйлчилгээг Монгол оронд бий болгоход бид хамтран ажиллаж чадах ба манай уламжлалт эмнэлгийн давуу талыг хамтдаа дахин нээж чадна.

Монгол улстай тогтоосон манай хөгжлийн түншлэлийн зүрх нь хүний нөөцийн чадавх, байгуулагыг бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт юм. Энэ нь үндэстний бие даасан сонголт хийх, хөгжил дэвшлийн төлөө хариуцлага хүлээх чадварыг бэхжүүлдэг хэмээх үзэл болно. Энэхүү түншлэлийг улам өргөжүүлэхийн төлөө нэн тууштай байх болно. Айлчлалын үеэр миний бие түншлэлийг бүх салбарт судлан хөгжүүлэхийн төлөө байна.

Манай харилцааны бодит давуу тал нь ард түмний хоорондох сайн сэтгэл, орон зайн хязгааргүйд биднийг нэгтгэгч итгэл үнэмшил юм.

Энэ бол тус хоёр орныг зүгээр нэг хооронд нь ойртуулахаас ч илүү ихийг хийж чадах нэн чухал давуу тал юм. Энэ бол Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг бэхжүүлэхэд тусалж чадна.

Буддизмын үнэт зүйлс, ардчиллын үзэл санаа нь бие биетэйгээ зохицон нийцэж байдаг. Хамтдаа оршин тогтнох, харилцан үзэл бодлоо солилцох, бусдын зовлонг чин сэтгэлээсээ хуваалцах, хүний эрхийг хүндэтгэх, тэнгэрийн дор зөвхөн хуульд захирагдах, ялгаатай байдлыг энхийн арга замаар шийдвэрлэх, энэ дэлхий бүхэлдээ бие биеэсээ уг үндсээрээ хамааралтайг хүлээн зөвшөөрөхийг тэдгээр нь биежүүлэн шингээсэн байдаг.

Бурханы элч нар нэгэн цаг үед хайр энэрэл, бусдын зовлонг хуваалцах бурханы үзэл санаагаар Ази тивийг холбосон байлаа. Тэдний үлдээсэн ул мөр, тэдний дамжуулсан үзэл санаа цаг хугацааны шалгуурыг даван гарчээ. Бид ердийн үзэл бодлоо ардаа орхиж, бид хамтын ирээдүйнхээ тусын тулд олон янз хэлбэр бүхий манай тивийг нэгтгэхэд өнөөдөр харин бидэнд эртний дээрх мэргэн санаа хэрэгтэй байна.

Санаа нэгтэй анд нөхөдтэйгээ алсын аянд дөрөө нийлүүлэх тааламжтай байдаг.  Алсын хараа нэгтэй анд нөхөдтэйгээ түншлэн шинэ ажил эхлүүлэх нь  илүү амжилттай болдог. Энхийг эрхэмлэгч Энэтхэг, Монголын ард түмэн хөгжил дэвшлийн төлөө тэмцэлдээ нэгдмэл нэгэн хичээл зүтгэлээр байгалиас заяасан түншлэлийн харилцаатай байж чадна.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан