Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тохижилт нэрийдлээр түйвээж орхижээ


Цагтаа эргээ халин урсч,  долгилон урсах урсгалаараа  нийслэлчүүдийн алжаалыг тайлдаг байсан Сэлбэ өнөөдөр үгүй болох дээрээ тулаад байна. Тухайлбал, Сэлбэ голын олон жилийн дундаж урсац нь 10-15 метр куб секунд байсан бол  өнөөдөр  0,2 метр куб секунд орчим болсон нь үүнийг илтгэнэ. Уг нь, дэлхийн томоохон хотууд хот дундуур урсах голоо түшиглэн амралт зугаалгын төв болгосон жишээ олон байдаг. Тэгвэл нийслэлчүүдийн хувьд ч хот дундуур урсах Сэлбэ голыг амралт зугаалгын төв болгоно хэмээн тохижилтын ажил эхлүүлж байсан нь саяхан. 2011 онд Ерөнхий сайд байсан Сү.Батболд санаачлан гишүүний тойргийн тэрбум төгрөгийг/тухайн үеийн/ зарцуулж,  тохижилтын ажлыг эхлүүлж нийслэлчүүдийн амралт зугаалгын бүс болгоно. Чухам л эндээс их хотын тохижилт ногоон байгууламжийг бүрдүүлсэн орчинг харж болно  гэж тууз хайчилж билээ.

Үүний хэрээр ч Сэлбэ голыг даган сүндэрлэх ба­рилга байгууламж орон сууцны үнэ тэнгэрт ха­даж эргэн тойрон битүү барилгажиж хөл хөдөлгөөнд дарагдаж эхэлсэн. Ойр орчмын  сөөм газар ч үнэд орж эхэлсэн цаг. Иргэд энд бусад хотын адил амралт зугаалгын төв бий болно, энэ үед хүүгээ, охиноо дагуулаад голын эргээр сайхан зугаална гэсэн бодол өвөртлөх болсон. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хонодгийн адилаар хог шороондоо дарагдсан  эргэн тойронд нь хог түүсэн, архичид цугласан өнөө л хуучин дүр төрх өнөөдөр биднийг угтах нь тэр. Уг нь, Сэлбэ голын урсацыг нь сайжруулахаас гадна орчныг цогцоор нь тохижуулж 1,5 га-д явган хүний зам талбай, 1,14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламжийн ажил хийнэ. Мөн далангийн доод хэсгийг буулган цэвэрлэж шинээр түшиц хана босгож далангаас гурван метрийн урттай орчин үеийн шийдэл бүхий чулуун баганууд бо­лон үндэсний онцлогийг харуул­сан хээ угалз бүхий төмөр хашлага хийнэ хэмээж байсан.

Харин тооцоо судал­гаагаар нийт найман тэрбум орчим төгрөг зарцуулагдана гэсэн тоо  гарч байжээ. Иймээс нийслэлийн төсвөөс хоёр тэрбум төгрөг хүртэл зарцуулсан ч Сэлбэ голын тохижилтын ажил дорвитой урагшилж өгсөнгүй. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл 2011-2013 онд өнгө төрхөө бүрэн өөрчилнө гэж хэрэгжсэн. Гэвч Ерөнхий сайд Сү.Батболдын санаачилгаар хэрэгжсэн гэдэг утгаараа засаг солигдоход эзэнгүйдсэн. Төсөл хариуцсан нэгж нь ч татан буугдсан. Энэ жилийн хувьд нийслэлээс төсөв тавиагүй” гэдгийг хэлсэн юм. Ингээд бодохоор Сэлбэ гол нийслэлчүүдийн амралт зугаалгын бүс буюу БНСУ-ын Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг болгоно гэж мөрөөдсөн  хүсэл талаар боллоо. Дээр нь дайны хажуугаар дажин гэгчээр урсгал нь алдрахад хүртэл хүрээд байна. Учир нь, усны толио үүсгэх зорилгоор  най­ман ширхэг халиагуур хийнэ хэмээж урсгалынх голдиролыг өөрчилж баахан ухаж төнхсөн тул нэг хэсэг газар голдирол нь өөрчлөгдөж усны түвшин буураад байгаа. Мөн энд тэндгүй ухаж овоолсон шороо нь усыг өөртөө татан усны түвшинг мөн л бууруулсаар. Голын эрэг дагуу ургадаг байсан зүлэг ногоо бүтээн байгуулалтын ажил хийж байна хэмээж байсан машин тракторын дугуйнд гишгэгдэж Сэлбэ голыг урсгалыг сэргээх бус сийчиж хаяжээ. Өнөөдөр Сэлбэ аав, ээжгүй айлын өнчин хүүхэд шиг л өрөвдмөөр харагдах болсон.

Уг нь,  аливаа ус гол мөр­ний болон түүний ойр орч­мыг сэргээн сайхан бол­гоё гэвэл усны эхээс нь эхлэх ёстой. Гэтэл яг дундаас нь гүүрний доороос энэхүү төслийг эхлүүлсэн. Энэ  амийг нь голоос нь тасалчихаж бай­гаа­тай адил гэдгийг салба­рын мэргэжилтнүүд хэлж байна. Мөн Сэлбийн урса­цыг нэмэгдүүлэх нэрээр сэлбийн эхэнд газрын гүнээс усыг нь насосоор өвөлжин та­таж гарган хөлдөөсөн. Ин­гэж газрын гүний усыг юүлэн гаргаж урсгаж байгаа нь  байгалиа мөхөөж байгаа хэрэг гэдгийг ч хэлж байсан удаатай. Сэлбэ гол нь гурван ч дүүр­гийн нутаг дэвсгэрээр урсдаг. Гэтэл эхээс нь эхлүүлээд адаг хүртэл нь эрх мэдэлтэй нэг нь  дур мэдэн ашиглаж байгаа нь Сэлбийг мөхлийн ирмэг рүү түлхэж байна.  Ер нь, тохижилт нэрийдлээр эргэн тойрныг нь түйвээж орхисон гэхэд хилсдэхгүй.
Энэ талаар Усны газрын дарга асан З.Батбаяр  “Нийслэл хотын голоор урсдаг Сэлбэ голыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч аврахаас өөр гарц үлдээгүй. Тиймээс Нийслэлийн ИТХ-д өргөн барих тогтоолын төслийг ч боловсруулсан” гэдгийг хэлж байсан. Сал­барын мэргэжилтнүүд аргаа барахдаа ийн хэлсэн хэрэг биз ээ. Яруу найрагч Ч.Чимид­дорж гуай 1987 онд Сэлбэ голын талаар “Чулуун Арслан­гаас өөр зүйлгүй болчих вий дээ”... хэмээн халаглан шүлэглэж байсан нь өнөөдөр биеллээ олж байх шиг.

Гэтэл Сэлбэ голын тохи­жилтын ажил хэмээн хэдэн жил дуншиж байх хооронд нийслэлчүүдийн амралт зугаалгын бүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,  Туулын эрэг дагуу гээд олон газар аль хэдийнэ бий болж иргэд ч тэр зүг рүү тэмүүлэх болж.

Өмнө нь, улстөрчид байшин барина эмнэлэг барина гээд шав тавих төдийгөөр сонгуулийн шоу хийдэг байсан бол одоо даанч харамсалтай нь голоор тэр дундаа бидний угаасан усаар шоу хийдэг болжээ. Гэтэл хамгийн сүүлд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Нарны замаас Хандгайт хүртэл Сэлбэ голын эрэг дагуулан тавих хурдны замын ажлыг наадмын дараа эхлүүлнэ гэж мэдэгдэж  байсан. Н.Батбаяр гишүүн сайдын суудлаасаа буусан тул энд зам тавигдахгүй ч байж мэднэ.

Одоогийн байдлаар “Сэлбэ гол” төсөлд хэдэн төгрөг зарцуулсан хэн хэн ямар ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй хэвээр. Үүнээс хойш Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх тохижилтыг нь сайжруулж сайн хүн болох нэрийдлээр олон газар ингэж бүү онгичоосой. Хэрэв үнэхээр хийх гэж байгаа бол давс хийвэл уустал ажил хийвэл дуустал гэдэгчлэн ажил эхлүүлсэн бол дуусгаасай. Хоёрын хооронд үлгэн салган ийм ажил битгий эхлүүлээсэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан