Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн хүдэр дэх металын агуулга буурсан уу

Судлаачид манай улсын зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж эдийн засагт үзүүлэх хувь нэмэр нь өснө гэж тооцож байсан. Гэвч дан ганц “Эрдэнэт” үйлдвэр л эдийн засагт хувь нэмрээ оруулж буй гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, өнөө Оюутолгой хаана явна гэдэг асуулт гарч ирж буй юм. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд 573 мянган тонн зэсийн баяжмал, 4.4 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэсэн.  


Хэдийгээр “Эрдэнэтийн овоо” уурхайн хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа ч техникийн шинэчлэлт хийж ирсэн. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хэмжээ нь буураагүй, дахин 30 гаруй жил ашиглах боломж бүрдсэн билээ.  Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглаж буй “Эрдэнэтийн овоо” ордын нэг тонн хүдэрт зэсийн агуулга 0.51, молибдени 0.01 хувийн агуулгатай байгаа аж. Өнгөрсөн  онд тус үйлдвэр орлогын төлөвлөгөөг 200 тэрбум төгрөг буюу 18 хувиар давуулан биелүүлжээ. Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн үнэ өмнөх онтой харьцуулахад 467 ам.доллараар бага байсан ч нийт орлого өнгөрсөн онд 113.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тооцоо бий. Ингээд улсын болон орон нутгийн  462 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнээс гадна дотоодын компаниудаас 45.7 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн худалдан авсан байна. Товчхондоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн гэсэн үг. Өнөөдөр Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн байдал, амьдрах чадвар нь “Эрдэнэт” үйлдвэрээс шууд хамаардаг. Ийм ч учраас тус үйлдвэр 2015-2025 он хүртэл ажиллах төлөвлөгөө гаргаж хоёр улсын хувьцаа эзэмшигчдийн хамтарсан хурлаар удахгүй батлуулах гэж байгаа. Үүнд уул уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн асуудал тусгаж хэрхэн хийхээ товлоод буй юм. Тухайлбал, авто засварын газар байгуулах, төмөрлөгийн үйлдвэр, эмчилгээ оншилгоо­ны томоохон төв байгуулах эхлэлийг тавьсан.
Оюутолгой “Эрдэнэт”-ээс дөрөв дахин их нөөцтэй. Үйлдвэрлэлийн хүчин чадал нь өндөр. “Эрдэнэт” үйлдвэр жилд 30 орчим сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрч байна. Тэгвэл Оюутолгой жилд 150 орчим сая тонн хүдэр боловсруулах учиртай. Одоогоор жилд 100 сая тонн хүдэр боловсруулж байгаа. Улсын төсөвт төвлө­рүүлж буй орлого нь ч бага юм. Тухайлбал, өнгөрсөн онд Оюутолгой 149 тэрбум төгрөгийн татвар төсөвт төлжээ. Уг нь, Оюутолгой үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс жилд 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортлох тооцоо бий. Гэвч Оюутолгойн үйлд­вэрлэл энэ он гарснаас хойш буурч буй тул нэг сая тонн зэсийн баяжмал экспортлох тооцоо эдүүгээ гараад байна.

Оюутолгойн энэ оны нэгдүгээр улирлын тайлангаас үзвэл борлуулалтын орлого 36.4, баяжмалын борлуулалтын хэмжээ 36.2 хувиар буурсан аж. Үүнийг үйлдвэрлэсэн зэсийн баяжмалын нөөц багассан, хүдэр дэх металын агуулга буурсантай холбоотой хэмээн тайлбарлаж буй юм. Нөгөө талаар Цагаан сарын үеэр хил гааль амарсан, зэсийн үнэ унасан зэрэг шалтгаан тоочжээ.  Ийм хүчин зүйл нөлөөлсөн нь тодорхой. Гэвч ганц Оюутолгойд бус. Бусад үйлдвэрлэгч ийм шалтгаан тоочиж болох ч улсын төсөвт оруулах орлого нь хэвийн л байгаа. Дөнгөж ажил эхэлж буй, дор хаяж 30 жил ашиглах ёстой ил уурхай хүдэр дэх металын агуулга муудсан нь үйлдвэрлэл, орлогод нөлөөлж байна гэж ярих нь хэр зохистой вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Уг нь, өнгөрсөн онд зурагдугаар сараас хойш Оюутолгойн ил уурхайн олборлолт өндөр агуулгын хэсэг рүү шилжинэ. Иймд  хүдэр дэх металын агуулга нэмэгдэнэ хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэтэл өнөөдөр үүнийхээ эсрэг мэдээлэл өгч байгаа нь харчирхалтай юм.

Тухайн үед нэг тонн хүдэр дэх зэсийн дундаж агуулга 0.52 хувь,  алт 0.55 грамм, мөнгө  1.55 грамм байсан гэдэг. Харин өнөөдөр нэг тонн хүдэр дэх металын агуулга буурч хэдэн хувьтай болсон нь тодорхойгүй байна. 

Цаашид Оюутолгой энэ мэт элдэв шалтгаан тоочиж сорчлон олборлох замаа засч байгаа юм биш биз. Ингэх шалтгаан бий. Говийн газрын гүний усыг олон жил ашиглах боломж байхгүй гэж усны мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр одоо илрүүлээд байгаа Гүний хоолойн усаар алт, зэсийн агуулга өндөр хүдрийг нь боловсруулж ашгаа богино хугацаанд гар­гаж авахыг зорьж байж бо­лох юм. Оюутолгойн зэ­сийн баяжмалд молибдени байхгүй. Харин алт, мөнгө бий. Гэхдээ үйлдвэрлэсэн баяжмалаа борлуулах гэрээгээ үзүүлэхгүй байгаа нь иргэд болон эдийн засагчдад хардлага төрүүлдэг. Учир нь, нэг тонн зэсийн баяжмалд байгаа металын агуулга яг хэд хэдэн хувьтай байгаа нь тодорхойгүй. ТЭЗҮ-д тус­­га­сан ерөнхий тоогоор баг­цаалж байгаа гэдэг. Тухайлбал, Оюутолгой энэ онд 175-195 мянган тонн цэвэр зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Үүнийгээ бүрэн борлуулах  гэрээ байгуулсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй байгаа юм. Иймд хил гаалийн болон тэдний гаргаж өгсөн ерөнхий мэдээлэлд үндэслэн татвар хураамж авахаас өөр аргагүй ажээ.   
    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан