Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын бүх ажил УИХ-д уяатай байна

УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрын боловсруулж, бэлтгэсэн Тавантолгойн төслийг гардаж аваад тас гэдийчихсэн. Түүнийг нуруу тэнийлгэтэл Засгийн газрын ажил урагшлахгүй нь бараг тодорхой гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд хийсэн мэдэгдлийнхээ үеэр цухуйлгав. Үнэндээ Шийдлийн Засгийн газарт Тавантолгой, Оюутолгой гэдгээс өөр эдийн засагт нэмэр болох хувилбар байхгүй. Төсөв танаад, Эдийн засгийн өршөөлийн хууль батлаад, төрийн өмчийг хувьд шилжүүлсэн ч 2017, 2018 оны төсөвт ирэх өрийн дарамтыг давж чадахгүй, өвдөг дээрээ сөхөрнө. Тиймээс Ч.Сайханбилэг УИХ-ын даргатай эв зүйгээ ололцож байж Тавантолгойн төслийг хөдөлгөнө гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн нь түүний мэдэгдлийн цөм байв. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэх шатандаа яваа нийтдээ 44 хувийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулж, цаг алдалгүй шийдвэрлэж өгөхийг гүйцэтгэх засаглалын тэргүүн хүслээ.

Төрийн өмчийн компаниудыг хувьчилбал 172,9 тэрбум төгрөгтэй болно

Юутай ч, тэрээр мэдээллийнхээ эхэнд төрийн өмчийн компаниудыг хувьчлах талаар ярилаа. Шийдлийн Засгийн газар төрийн өмчийн компаниудыг хувьчилснаар 172.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх тооцоо, судалгаа хийж түүнийгээ УИХ-д хэдийнэ танилцуулсан. Гэхдээ төрийн өмчийг хувьд шилжүүлэх эсэх асуудалд УИХ таатай хандаагүйгээс болж, Ерөнхий сайдын товлосон хугацаанд 172.9 тэрбум төгрөг орж ирэхгүй нь тодорхой болоод байгаа юм. Гэхдээ үүнээс илүү Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын санааг зовоож байгаа асуудал нь УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдийг дэмжих эсэх. Учир нь, сүүлийн үед төр муу менежер биш гэсэн уриатай лобби бүлэг түүний эсрэг ажиллаж, Сингапурын Темасек, Казахстаны Самурук-Казына зэрэг байгууллагыг жишээлэн ярих болсон. Эдгээр байгууллага нь төрийн өмчийн компаниудыг нэгдсэн удирдлагаар хангадаг бөгөөд үр ашгийг нь хэд дахин өсгөж чадсан нь өнөөгийн Сингапур болоод Казахстан улсын хөгжлийн жишээгээр илэрдэг юм. Тиймээс төрийн өмчийг шууд хувьчлаад байх биш бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, үр ашгийг нь үзвэл нэг удаа цугларах 172.9 тэрбум төгрөгөөр зогсохгүй боломж байгаа гэдгийг ярих болсон. Харин иргэдийн хувьд өмч хувьчлалаас болж баян ядуугийн ялгаа гаарсан гэж үздэг учраас төрийн өмчийг хувьчлах нэрийдлээр эзэнгүйдүүлэх, үйл ажиллагааны горимыг нь алдагдуулах вий хэмээн эмээж байна.

Харин эдийн засгийн үнэн зөв тоон мэдээлэлтэй болохын тулд, далд хөрөнгийг ил болгож, хөрөнгийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулахын тулд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Мөн энэ хуулийн төсөлтэй салшгүй холбоотой Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг баталж өгөхийг Ерөнхий сайд УИХ-аас хүсэв. Тэрээр үүний шалтгааныг нийгэмд маш их хүлээлт үүссэн учраас гэж тайлбарлаж байлаа. Өмнө нь 2008 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Татварын өршөөлийн тухай хууль зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой батлагдаж байсан. Хуулиудын дагуу 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлсэн бөгөөд татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна. Гэхдээ тухайн үед нэг удаагийн хууль хэрэгжиж дууссанаар эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх болно гэж байсан юм. Тиймээс өмнөх хуулийн үр дүн гараагүй гэж дүгнэж болно. Гэсэн ч УИХ дахь нам, эвслийн бүлгүүд Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа.  Засгийн газар энэ удаад дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хүртэлх хэмжээний хөрөнгийг ил болгож, татвар ногдуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Үүнээс гадна тэрээр Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлэн болгосон гэдгээ УИХ-д тайлагнасан юм. Дээрх хуулийн зохицуулалтууд хэрэгжиж эхэлснээр “Орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны баримтыг цахим хэлбэрээр хийх, татварын хяналт, шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломж олгох. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болох нь ойлгомжтой” гэж Ерөнхий сайд үргэлжлүүлэн мэдээлэл өгсөн.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Сайдын цаг” уулзалтад оролцох үеэрээ онцолж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ерөнхий сайд мөн дурдлаа. Энэ хуулийн төсөл нь арилжааны банкууд газар барьцаалж, зээл өгөхгүй гэдэг хуучинсаг харилцааг зогсооно гэсэн зорилготой. Үүнээс гадна Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-ын ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг нэмж тусган Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм.

Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын иргэн өмчлөлийн газраа барьцаалах эрх зүйн зохицуулалт бий болоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч ялангуяа гэр хорооллын газрын харилцаатай холбоотой асуудлууд маргаан хүндрэл дагуулсан хэвээр байна. Газраа барьцаалсан иргэдийн хувьд гэрээний үүргээ хангаагүй тохиолдолд гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудад газар барьцаалж зээл олгох сонирхлыг бууруулж байна. Энэхүү хуулийн төслийг даруй хэлэлцүүлж шийдвэрлэснээр гэр хорооллын газрыг барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах, барилга, орон сууц барих сонирхол нэмэгдэнэ. Мөн манай улсад хөдлөх эд хөрөнгө, бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ төрлийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг практик амь бөхтэй байгаа нь манай эдийн засгийн 70 гаруй хувийг эзэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгөгүй иргэд зээл, санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүргэж санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чадахгүй байна. Энэхүү хуулийн төслөөр бизнесийн арилжаа, гэрээний гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх иргэдэд үүсч буй тул ихээхэн ач холбогдолтой  юм. Манай нийгмийн дундаж давхаргыг бэхжүүлэх, иргэдийн хувьцааны соёлыг бий болгоход алсдаа энэ хуулийн эдийн засгийн үр дүн мэдрэгдэнэ” гэж үзэж байгаа хэлсэн. Энэ хуулийн төслийг явуулахгүй, батлуулахгүй гэж үзсэн гишүүн одоогоор байхгүй. Тиймээс яваандаа зээлийн барьцаанд өөрийн өмчлөлд байгаа хөдлөх, үл хөдлөх, оюуны гээд олон төрлийн зүйлийг барьцаалж болох эрх зүйн орчинтой болох нь.

Засгийн газар 20 хувийн баталгаа гаргахыг судалж байна

Харин иргэдэд илүү хэрэгтэй байгаа ипотекийн зээлийн асуудлыг УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хөндсөн. Тэрээр Ерөнхий сайдад хандан “Барилгын салбар ямар байна вэ. Орон сууцны ипотекийн зээл, урьдчилгааг 10 хувь болгох асуудал ямар шатанд яваа вэ” гэж тодруулсан юм. Үүнд, Барилга, хот байгуулалтын сайд  Д.Цогтбаатар “Барилгын салбар маш хүнд байгаа.  Хэд хэдэн чиглэлээр ажиллаж  байна. Нийлүүлэлт тал дээр биш эрэлт талд  дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Холбоотой ажиллаж байгаа бүх салбар энэ  цаг үед ипотекийн зээл зогсоод байна гэдэг саналыг гаргаж  байна. Урьдчилгаан дээр Засгийн газар 20 хувийн баталгаа гаргах чиглэлээр ажиллаж байна” гэж хариулсан. Үнэхээр түүний хэлсэнчлэн орон сууцны 30 хувийн урьдчилгаа өгч, орон сууцанд орох иргэдийн тоо ханасан учраас Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж байгаа орон сууц борлуулагдахгүй байгаа юм. Энэ нь барилгын салбарыг уналтад оруулж байгаа учраас компаниуд орон сууц гэхээс илүү үйлчилгээний барилга барих сонирхолтой болсон. Үүнээс гадна, барилгын салбараас үзүүлж байгаа нэг шахалт нь ипотекийн зээлийг уян хатан болгож, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал юм. Арилжааны банкууд урьдчилгааг 10 хувь болгох саналыг хүлээн зөвшөөрөхгүй учраас Засгийн газар иргэдэд 20 хувийн баталгаа гаргаж өгөх зарчмаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Гэхдээ хэрэгжүүлж эхлэх тодорхой хугацааг хэн нь ч хэлж чадахгүй байна.

“Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхгүй

“Стэнд бай” буюу улс орон модоо барьсан цагт хэрэгжүүлдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргаагүйг Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр хэлэв. Гэхдээ хөтөлбөр хэрэгжүүлдэг баг ирж ажилласан юм байна. Энэ талаар Ерөнхий сайд “Баг ирж ажилласан. Ирэх зургадугаар сард дахин ирж  ажиллана. “Стэнд бай” хөтөлбөр 18 сар орчим хугацаагаар хэрэгждэг. Монгол Улс таван удаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Нэг нь амжилттай болсон. Ер нь, бид энэ хөтөлбөрийн талаархи ойлголтуудаа нэг болгох ёстой. Буруу  ойлголт явж байгаа. Энэ хөтөлбөрийг авах санал албан ёсоор гараагүй. УИХ-аас гарсан төлөвлөгөө бол хөтөлбөрийг авахгүйгээр хүндрэлээс гарна гэсэн. Тиймээс Засгийн газар энэ хүрээнд ажиллана” гэсэн юм.

“Стэнд бай” нь эдийн засаг нь элгээрээ мөлхөж, дотоод зах зээлээс мөнгө босгох ямар ч боломжгүй болсон үед Олон улсын валютын сангаас авдаг зээл юм. Манай улсын Засгийн газар Тавантолгой, Оюутолгой зэрэг төслөөр мөнгө босгож, эдийн засгийн хүндрэлээс гарах хувилбартай учраас “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж үзэж байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Ene bol UIH-n ajil unagana ch bas ya ni ch
ЗӨВ ШҮҮ
Ene bol UIH-n ajil unagana ch bas ya ni ch
Хамгийн их уншсан